Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01780

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01780

 

 

 

 

Р.Гүлстаны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01250 дугаар шийдвэртэй, Р.Гүлстаны нэхэмжлэлтэй Хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд холбогдох бололцооны дагуу өөр ажил олгоогүйгээс учирсан хохиролд 4 113 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Р.Гүлстан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Р.Гулстан нь Хөдөлмөрийн сайдын 2013 оны 02 дугаар сарны 28-ны өдрийн Б/12 тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилогдон ажилласан. Тус төвийн захирлаар өмнө нь ажиллаж байсан И.Жанболатыг Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 244 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/196 тушаалаар Р.Гүлстаныг ажлаас чөлөөлсөн. Улмаар шүүхэд бололцооны дагуу өөр ажилд томилох, ажилгүй байсан хугацаанд нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүхэд гаргасан.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1450 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрт хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гомдол гаргахад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус магадлал, шийдвэрт хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хяналтын журмаар гомдол гаргахад Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Гүлстанд бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалтын яаманд даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл өнөөг хүртэл бололцооны ажилд томилоогүй байна. Тиймээс ажлаас чөлөөлөгдсөн буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх бололцооны дагуу боломжтой ажил хийж чадаагүй учирсан хохирлыг нэхэмжилж байна. Учирсан хохирлыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 сар 4 хоног* 192 000=409 600 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 15 сар 13 хоног*240 000=3 704 000 төгрөг нийт 4 113 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбараа: Бид хяналтын журмаар гомдол гаргасны дагуу Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаас хохирол нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон үйл баримтыг нэгэнт шүүхээс эцэслэн дүгнэсэн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болом арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу.

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар н.Жанболатыг эгүүлэн тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ дагуу нэхэмжлэгчийг анх Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн. Шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийх нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгч нь түр орлон гүйцэтгэгч" байсан бөгөөд байгууллагын үндсэн ажилтан биш учраас бид тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа нэхэмжлэгчийг сул орон тоонд томилж байж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын байраар хангах боломж нөхцөл үүсэхээр байсан. Ажлаас чөлөөлөх үед бүтэц, орон тооны хязгаарын хувьд Р.Гүлстаныг ажлын байраар хангах боломжгүй байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэг, түүнийг тайлбарласан дээд шүүхийн тайлбар, уг хуулийн заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд, судлаачдын тайлбараас үзвэл уг хуулийн зохицуулалт нь ажил олгогч, хуулийн этгээдэд бүтэц зохион байгуулалт орон тооны хувьд боломжтой, сул орон тоо байгаа төрийн албаны хувьд ажилтан тухайн сул ажлын байрны шаардлагад тэнцэхүйц байсан тохиолдолд л үйлчлэх урьдчилсан нөхцөл бүхий хуулийн зохицуулалт юм. Мөн харин нэхэмжлэгчийг тухайн МСҮТ-д ажилд томилох шийдвэрийг сургуулийн захирал шийдэх бөгөөд сургуулийн захирлаас санал болгосон ажлын байранд нэхэмжлэгч ажиллахаас удаа дараа татгалзаж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг хэрэгжүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний тухай хуулийн 9 дүгэээр зүйлийн 9.4.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 4 113 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Гүлстанд олгож, нэхэмжлэгч Р.Гүлстанаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 80 770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 80 770 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Гүлстанд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан "Бололцооны дагуу өөр ажил олгоогүйгээс учирсан хохиролд 4 113 600 төгрөг гаргуулах" нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өмнө нь нэхэмжлэгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгож, бололцооны дагуу ажлын байраар хангуулах, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай" нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхээс шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговортой холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Дахин нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад ирэхэд нь хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах заалтыг зөрчсөн.

Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсний дараа бүтэц, орон тооны хязгаарын хувьд Р.Гүлстаныг ажлын байраар хангах боломжгүй байсан. Дараа нь нэхэмжлэгчид байрны багш, мөн 2018 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллах боломжтой багшийн ажлын байр тус тус санал болгосон. Нэхэмжлэгч уг ажлын байранд ажиллахаас татгалзсан. Р.Гүлстаны нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00026 дугаар тогтоолд энэ хэрэгт хамааралтай хэд хэдэн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн байтал анхан шатны шүүх уг асуудлыг анхаарсангүй.

Тухайлбал: Уг тогтоолд "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "бололцооны дагуу өөр ажил олж өгнө" гэсэн нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ гэж дүгнэсэн юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв оновчтой сонгон хэрэглэж чадаагүйг зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Гүлстан нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан бололцооны дагуу өөр ажил олгоогүйгээс учирсан хохиролд 4 113 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Р.Гулстан нь Хөдөлмөрийн сайдын 2013 оны 02 дугаар сарны 28-ны өдрийн Б/12 тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад тус төвийн захирлаар түүний өмнө ажиллаж байсан И.Жанболотыг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр эргүүлэн томилсноор Хөдөлмөрийн сайдын 2016 оны 10 дугаар сарны 27-ны өдрийн Б/196 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1450 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01902 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 00026 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг бололцооны дагуу өөр ажлын байраар хангахыг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгасан тул хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүнийг ажлын байраар хангах үүрэгтэй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т үндэслэгдсэн./хх-ийн 8-29 дүгээр тал/

Хариуцагч байгууллага нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид байрны багшийн ажлыг санал болгосон ба нэхэмжлэгч зөвшөөрөөгүй хэдий ч хариуцагч талаас 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дахин ажлын байр санал болгосон үйл баримт тогтоогдсон. 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ажлын байр санал болгох хуралд нэхэмжлэгч Р.Гүлстан оролцсон бөгөөд тэрээр гарын үсэг зурахаас татгалзсаныг анхан шатны шүүх буруу дүгнэснийг залруулах боломжтой.

Дээрхи баримтуудыг дүгнэвэл хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр биелүүлсэн, нэхэмжлэгч нь санал болгосон ажлын байрнаас татгалзсан.

Нэхэмжлэлийн агуулга нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр хүртэл шүүхийн шийдвэр биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардсан ба энэ хохирлыг шаардах эрх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт үндэслэгдэнэ. Энэ хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан тул эрх зөрчигдсөн хугацааг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөр тодорхойлж, хохиролд 4 113 600 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болно.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь шаардах эрхийг тодорхойлоогүй тул шийдвэрийн тогтоох хэсгээс хасч өөрлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ