Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01793

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01793

 

 

Гацуурт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01413 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Гацуурт ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шижир Аранжин ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах, зээл, түрээсийн гэрээний үүрэг болон алдангид нийт 694 303 503 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Урангоо

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Баасандорж

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Даариймаа

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Өнөрзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шижир-Аранжин ХХК нь Гацуурт ХХК-аас 2013-2016 оны хооронд 503 035 677 төгрөгийн, мөн 26 760 ам.долларын үнэ бүхий бэлэн мөнгө, валют, техник хэрэгсэл, шатахуун авсан байдаг. Тодруулбал 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 26,760 ам.долларын үнэ бүхий жижиг генератор, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 80 000 000 төгрөгийн үнэ бүхий том генератор авсан, төлбөрийн тухай тооцоо нийлсэн актад тусгагдсан, төлбөрийг Д.Даариймаа хүлээн зөвшөөрсөн байдаг ч өдийг хүртэл төлөөгүй.

Эс Ар Эн ХХК-аас манай компанид төлөх ёстой 189 162 257 төгрөгийг хариуцагч уг компанийн өмнөөс хариуцан төлж барагдуулах үүргийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15/16 тоот албан бичгээр хүлээсэн боловч мөн л төлөөгүй. Эс Ар Эн ХХК нь 2013 онд 54 934 007 төгрөгийн, 2014 онд 134 228 250 төгрөгийн үнэ бүхий шатахууныг тус тус Шижир-Аранжин ХХК-д нийлүүлсний төлбөр нь нийт 189 162 257 төгрөг болсон байдаг. Манай компанид Эс Ар Эн ХХК-аас 189 162 257 төгрөг төлөх үүргийг Шижир-Аранжин ХХК өөрийн хүсэлт, манай зөвшөөрлийн дагуу шилжүүлж авсан, энэ дагуу төлбөрийн талаар мөн л тооцоо нийлсэн актад он тус бүрээр тусгаад хариуцагч компани зөвшөөрсөн байдаг.

Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ӨХШ16/30 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь 41 616 000 төгрөгийн шатахуун болон 161 069 260 төгрөгийг бэлнээр зээлсэн байдаг. Бэлэн мөнгийг хэрэгтэй гэсэн үед нь хүсэлтийнх нь дагуу тухай бүр өгч байсан. Гэрээгээр зээлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сарын 1,9 хувийн хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр талууд тохирсон.

Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй тул зээлсэн шатахууны үнэд 41 616 000 төгрөг, түүний хүүд 2 635 680 төгрөг, алдангид 20 808 000 төгрөгийг, бэлэн мөнгөөр олгосон зээл 161 069 260 төгрөг, зээлийн хүүд 7 625 842 төгрөг, алдангид 80 534 630 төгрөг буюу нийт 314 289 412 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Талууд мөн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ЭАХШ/16/09 тоот техник, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд гинжит эксковаторыг сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Манай компани заасан хугацаандаа түрээсийн зүйлийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь 5 сар ашиглаад буцаан өгсөн. Ингэхдээ 1 сарын түрээсийн төлбөр төлсөн, үлдэх саруудын төлбөрийг төлөөгүй. Гэрээ ёсоор манайх түрээсийн зүйлийг 3 188 160 төгрөгийн шатахуунтай хүлээлгэн өгсөн тул хариуцагч энэ төлбөрийг түрээсийн төлбөр дээр нэмж төлөх үүрэгтэй. Гэвч 4 сарын түрээсийн төлбөр, шатахууны үнэ 3 188 160 төгрөг, нийт 31 188 160 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул алданги 15 594 080 төгрөгийн хамт нийт 46 782 240 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

Иймд Шижир Аранжин ХХК-аас Гацуурт ХХК-д гэрээний дагуу төлөх бэлэн мөнгө, валют, техник хэрэгсэл, шатахуун, түрээсийн үнэ, хүү, алданги зэрэгт нийт 694 303 503 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 26,760 ам.долларын үнэ бүхий жижиг, 80 000 000 төгрөгийн үнэ бүхий том генератор зэргийг нэхэмжлэгчээс хүлээж аваагүй учир үнийг төлөхгүй. Харин Л.Чинбатаас бол авсан нь үнэн. Зохигчдын хооронд тооцоо нийлсэн акт хийгдээгүй.

2013, 2014 онд шатахууныг Эс Ар Эн ХХК-аас авсан. Шатахууны үнийг тэр компанидаа төлсөн. Гацуурт ХХК нь Эс Ар Эн ХХК-ийн өмнөөс шатахууны үнэ шаардах эрхгүй.

2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ӨХШ 16/30 зээлийн гэрээнд шатахууны талаар зохицуулалт байхгүй. Шатахуун аваагүй тул үнэ төлөх асуудал яригдахгүй. Харин бэлэн мөнгө 161 069 260 төгрөгийг хүлээн авсан тул төлөхийг зөвшөөрнө. Үүнээс 30 000 000 төгрөг нь төлөгдсөн. Гэрээгээр хүү тохирсон тул зохих хүүг төлнө. Харин алданги төлөхгүй. Нэхэмжлэгч нь хугацаандаа хөрөнгө оруулалт хийгээгүйгээс хариуцагч алдагдал хүлээсэн. Иймд алданги төлөхгүй.

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЭАХШ16/09 тоот техникийн түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн зүйлийг 5 сар ашигласан нь үнэн, төлбөрт 14 000 000 төгрөгийг төлсөн байгаа, үлдэх 21 000 000 төгрөгийг төлнө. Харин 3 188 160 төгрөгийн шатахуунтай аваагүй тул энэ мөнгийг төлөхгүй. Алданги төлөхөөр тохирсон тул гэрээний дагуу алданги төлнө.

Шижир-Аранжин ХХК-аас 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хөргөлтийн тоног төхөөрөмж хүлээлцсэн актаар Гацуурт ХХК-д 170,000 ам.долларын үнэтэй хөргөлтийн системийг шилжүүлж өгсөн бөгөөд үнийг нь аваагүй, түүний үнийг хоорондын өглөг авлагад тооцохоор тохирсон тул дээр дурдсанаар хүлээн зөвшөөрсөн төлбөрүүдийг суутгуулж тооцуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Шижир-Аранжин ХХК-аас 590 756 731 төгрөгийг гаргуулж Гацуурт ХХК-д олгож, Гацуурт ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 103 546 772 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 629 470 төгрөгөөс 3 629 468 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 2 төгрөгийг, хариуцагчаас 3 111 734 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хэргийн оролцогчийн нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Нэхэмжлэгч Гацуурт ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 26 760 ам.долларын үнэтэй жижиг генератор, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 80 000 000 төгрөгийн үнэтэй том генераторыг хариуцагч "Шижир-Аранжин" ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь 2015 оны 10 дугаар сарын 15, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрүүдийн Л.Чинбат болон Д.Даариймаа нарын хоорондын тооцоо нийлсэн акт гэх баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ" гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Хариуцагчийн хувьд уг генераторуудыг "Гацуурт" ХХК-аас хүлээн аваагүй харин иргэн Л.Чинбатаас хүлээж авсан тул нэхэмжлэгч байгууллагыг нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх "Уг актууд нь иргэн Л.Чинбат болон Д.Даариймаа нарын хоорондын тооцоо нийлсэн акт гэсэн нэртэй боловч актуудад Гацуурт" ХХК-ийг нягтлан бодогч А.Даваадорж, "Шижир-Аранжин" ХХК-ийг захирал Д.Даариймаа нар төлөөлж гарын үсэг зурж, баталгаажуулсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай төдийгүй нягтлан бодогч А.Даваадорж гэх хүн уг актын тооцоог гаргасан гэж гарын үсэг зурсан байхад Шүүх нэхэмжлэгч компанийг төлөөлж зурж, баталгаажуулсан байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Нэгэнт шүүх эдгээр актуудыг үндэслэж талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн тул нягтлан бодогч А.Даваадоржийг "Гацуурт" ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй этгээд гэж үзсэн мэт ойлгогдож байна. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байхад ийм хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Дээрх том, жижиг хоёр генераторыг Гацуурт" ХХК хариуцагч байгууллагад хүлээлгэж өгсөн болохоо нотлоогүй, шаардах эрхгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, дээрх харилцааг дүгнэхдээ хэн хэнээс юуг авав гэдгийг анхаарч үзээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч байгууллагын Хаан банк дахь 503-801-1004 тоот дансанд 30 000 000 орчим төгрөгийг төлсөн. Энэ мөнгийг хариуцагч байгууллага шууд өөрийн данснаас төлж байгаагүй учраас нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй байгаагаа тайлбарлаж "Шижир-Аранжин" ХХК-аас зээл, төлбөр төлөв" гэсэн гүйлгээний утгатай орлогыг Хаан банкнаас гаргуулах хүсэлтийг гаргасан. Ийнхүү хүсэлт гаргахдаа жишээ болгож хариуцагч компанийн ажилтнаар тушаалгасан баримтыг шүүхэд гарган өгч энэ мэтчилэн хүнээр дамжуулж төлсөн мөнгө байгаа учраас шүүхийн журмаар гаргуулах хүсэлт тавьсан болно. Гэтэл шүүх уг баримтыг үзээд "төлбөрөө хэн ч хамаагүй хүнээр дамжуулуулж төлдөг болж таарч байна уу" гээд хүсэлтийг хангахаас татгалзсан. Энэ нь талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, боломж олгохгүй атлаа 30 000 000 төгрөг төлсөн гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээр хуудсанд Зохигчид жижиг генераторын үнийг ам.доллараар тооцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд нийцээгүй тул шүүх 26.760 ам долларыг 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1 ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшид шилжүүлж, хариуцагчаас жижиг генератаорын үнэд 38 364 742 төгрөгийг нэхэмжлэгчид олгов" гэж шийдвэрлэжээ. Гэтэл шүүх хэргийн материалд ханшийн лавлагааны талаарх баримт байхгүй, нэхэмжлэгч тал нотлоогүй байхад ийнхүү шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Гацуурт" ХХК-д төлбөртөө тооцон 170.000 ам.долларын үнэ бүхий уурхайн цооногийн хөргөлтийн тоног төхөөрөмжийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлж, хүлээлгэн өгсөн талаарх баримтыг гаргаж өгсөн. Энэхүү хөргөлтийн тоног төхөөрөмжийг Гацуурт" ХХК-нь хүнсний ногооны зоориндоо хөргүүр болгож ашиглахаар хүсэлт тавьж, үнийг хоорондын өглөг, авлагадаа тооцуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр манай уурхайгаас тээвэрлүүлэн авчруулж, албан ёсоор акт үйлдэн хүлээн авсан байдаг. Гэтэл шүүх энэхүү баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй төдийгүй зохигчдын хоорондын тохиролцоог нотлох баримтгүй тул хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн нь туйлын ойлгомжгүй дүгнэлт болжээ. Нэхэмжлэгч байгууллагын үндсэн хөрөнгийн нярав хүлээгээд авсан тус баримтыг өөр төрлийн төлбөр тооцоонд авсан болохоо нэхэмжлэгч тал нотлоогүй байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байгаа нь "хэргийн бодит үнэнийг тогтоох" хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна.

Мөн Гацуурт ХХК-нь манай хөргөлтийн тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш талуудын хооронд тооцоо нийлсэн акт хийгдээгүй байхад шүүх ямар баримтыг үндэслэж "хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй" гэж үзсэн нь тодорхойгүй байгаа болно. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч уг тоног төхөөрөмжийг хүлээлцсэн акт хэрэгт байсаар атал "манай компани ийм тоног төхөөрөмж хүлээж аваагүй" гэж тайлбарласанд үндэслэж буюу зөвхөн нэг талын тайлбараар хэргийг шийдсэн нь үндэслэлгүй төдийгүй тухайн тоног төхөөрөмжийг хулээж авсан Гацуурт" ХХК-ийн үндсэн хөрөнгийн нярав Т.Сүхбаатар, эдийн засагч Б.Жавхлан нараас дээрх үйл баримтыг тодруулсан баримт хэрэгт байхгүй байхад буюу нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Гацуурт ХХК нь хариуцагч Шижир-Аранжин ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ, зээлийн гэрээний үүрэг болон алдангийн хамт 694 303 503 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Гацуурт ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 26,760 ам.долларын үнэтэй жижиг генератор, 2014 ны 03 дугаар сарын 14-ний өдөр 80 000 000 төгрөгийн үнэтэй том генераторыг хариуцагч Шижир-Аранжин ХХК-д шилжүүлэн өгсөн гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоожээ. 2015 оны 10 дугаар сарын 15, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн акт гэх баримтад Гацуурт ХХК-ийн ажилтан А.Даваадорж болон Шижир-Аранжин ХХК-ийн захирал Д.Даариймаа нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 199 дүгээр зүйлийн 199.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Худалдан авагч буюу Шижир-Аранжин ХХК нь гэрээний зүйл болох 2 генераторыг шилжүүлэн авсан нь тогтоогдож байх тул худалдагч буюу Гацуурт ХХК нь эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээгээр үнэ төлөх хугацааг тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар талуудын тооцоо нийлсэн өдөр болох 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг үнэ шаардсан өдөр гэж үзэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг 10 хоногийн дотор худалдан авсан эд хөрөнгийн үнийг Шижир-Аранжин ХХК төлөх үүрэгтэй байсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Анхан шатны шүүх ам.долларын ханшийг нийтэд илэрхий, Монголбанкны 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1 ам.долларыг 1 433,66 төгрөгт тэнцэх ханшид хөрвүүлж жижиг генераторын үнийг 38 364 742 төгрөгөөр тооцсон нь хариуцагч талд ашигтай байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн энэ дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Шижир-Аранжин ХХК 2013, 2014 онуудад Эс Ар Эн ХХК-иас 189 162 257 төгрөгийн шатахууныг худалдан авсан ба үнийг төлөөгүй, Шижир-Аранжин ХХК нь энэ өрөө Гацуурт ХХК-д төлөх гэсэн агуулгаар хэлцэл бичгээр байгуулж Шижир аранжин ХХК, Гацуурт ХХК, Эс Ар Эн ХХК-ийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан, анхан шатны шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Эс Ар Эн ХХК нь шатахууны үнэ шаардах эрхээ Гацуурт ХХК-д шилжүүлсэн гэж дүгнэсэн нь зөв болжээ. Хариуцагч Шижир-Аранжин ХХК нь төлбөрийн хувьд маргаагүй тул анхан шатны шүүх 189 162 257 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гацуурт ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Зохигчид 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч Гацуурт ХХК нь 213 857 467 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч Шижир Аранжин ХХК-ийн хүсэлтийг үндэслэн хэсэгчлэн олгох, зээлдэгч Шижир Аранжин ХХК нь сарын 1,9 хувийн хүү төлөх, хоног тутам 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 41 616 000 төгрөгийн үнэ бүхий шатахуун, 161 069 260 төгрөгийг тус тус зээлдүүлсэн гэж, хариуцагч шатахууныг аваагүй, харин зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үнийн дүнгийн талаар маргаагүй тул нотолгооны хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь 41 616 000 төгрөгийн шатахууныг хариуцагчид хүлээлгэн өгснөө нотлох юм.

 

Ачааны автомашины хуудас /хх 36 дахь тал/ гэх баримтаас хариуцагч байгууллага шатахуун хүлээж авсан гэх мэдээлэл байхгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд талуудын хооронд 161 069 260 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээнд зээлийн хүү, алдангийн талаар тохиролцсон, энэхүү тохиролцоо нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1. 282.3, 232 дугаар зүйлийн 232.3. 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн үүргийг гэрээний үндсэн төлбөр 161 069 260 төгрөг, зээлийн хүү 7 625 842 төгрөг, алдангийг 80 534 630 төгрөгөөр тогтоож, төлсөн 8 000 000 төгрөгийг хасч, нийт 241 229 732 төгрөг гэж тодорхойлж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 65 059 680 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч 30 000 000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа нотлоогүйгээс гадна алданги төлөхгүй байх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Талууд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Техник, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээгээр Гацуурт ХХК нь өөрийн өмчлөлийн Гинжит экскаваторыг сарын 7 000 000 төгрөгийн төлбөртэйгөөр, 6 сарын хугацаатай ашиглуулах, Шижир Аранжин ХХК нь түрээсийн зүйлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ашигласны төлбөрийг төлөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж төлөх үүргийг харилцан тохиролцсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

Шижир-Аранжин ХХК нь түрээсийн зүйлийг 5 сар ашигласан талаар зохигч маргаагүй, нэхэмжлэгч 1 сарын түрээсийн төлбөрт 7 000 000 төгрөг төлөгдсөн гэж хасч нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрт 35 000 000 /7 000 0005 сар/ төгрөг шаардах эрхтэйгээс анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн 7 000 000 төгрөгийг хасч хариуцагчийн үүргийг 28 000 000 төгрөгөөр тодорхойлсон нь зөв байна.

 

Хариуцагч нь түрээсийн төлбөрт 14 000 000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр төлөгдсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн түрээсийн зүйлийг 3 188 160 төгрөгийн шатахууны хамт хариуцагчид шилжүүлсэн гэх үндэслэлээр шатахууны үнийг гаргуулахыг шаардлсан боловч уг шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Түрээсийн гэрээний 8.3 дахь хэсэгт талууд алдангийн талаар тохиролцсон, алдангийн тохиролцоо хуульд нийцсэн үндэслэлээр, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас алдангид 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, нийт түрээсийн үүрэг 42 000 000 /28 000 000+ 14 000 000/төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хариуцагчийн тухайд 170 000 ам.долларын үнэ бүхий уурхайн цооногийн хөргөлтийн тоног төхөөрөмжийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төлбөртөө тооцож нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Шижир Аранжин ХХК-аас нийт 590 756 731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гацуурт ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 103 546 772 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3 111 734 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА