Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00080

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01413 дугаар шийдвэр,

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1793 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Г” ХХК

          Хариуцагч: “Ш-Аранжин” ХХК-д холбогдох

          Нийт 694.303.503 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо, хариуцагчийн төлөөлөгч Д.Даариймаа, хариуцагчийн өмгөөлөгч С.Өнөрзаяа, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “Ш-Аранжин” ХХК нь “Г” ХХК-иас 2013-2016 оны хооронд 503,035,677 төгрөгийн, мөн 26 760 ам.долларын үнэ бүхий бэлэн мөнгө, валют, техник хэрэгсэл, шатахуун авсан байдаг. Тодруулбал 2013-05-06-ны өдөр 26,760 ам.долларын үнэ бүхий жижиг генератор, 2014-03-14-ний өдөр 80 сая төгрөгийн үнэ бүхий том генератор авсан, төлбөрийн талаар тооцоо нийлсэн актад тусгагдсан, төлбөрийг Д.Даариймаа хүлээн зөвшөөрсөн ч төлөөгүй. “Эс Ар Эн” ХХК-иас манай компанид төлөх ёстой 189 162 257 төгрөгийг хариуцагч уг компанийн өмнөөс хариуцан төлж барагдуулах үүргийг 2015-02-27-ны өдрийн 15/16 дугаар албан бичгээр хүлээсэн ч мөн л төлөөгүй. “Эс Ар Эн” ХХК нь 2013 онд 54,934,007 төгрөгийн, 2014 онд 134,228,250 төгрөгийн үнэ бүхий шатахууныг “Ш-Аранжин” ХХК-д нийлүүлсний төлбөр нь нийт 189 162 257 төгрөг болсон. Манай компанид “Эс Ар Эн” ХХК-иас 189,162,257 төгрөг төлөх үүргийг “Ш-Аранжин” ХХК-д өөрийн хүсэлт, манай зөвшөөрлийн дагуу шилжүүлж авсан, энэ дагуу төлбөрийн талаар мөн л тооцоо нийлсэн актад он тус бүрээр тусгаад хариуцагч компани зөвшөөрсөн байдаг. 2016-02-24-ний өдөр ӨХШ16/30 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь 41 616 000 төгрөгийн шатахуун болон 161 069 260 төгрөгийг бэлнээр зээлсэн. Гэрээгээр зээлийг 2016-06-15-ны өдрийг хүртэл сарын 1,9 хувийн хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр талууд тохирсон. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй тул зээлсэн шатахууны үнэд 41 616 000 төгрөг, түүний хүүд 2635 680 төгрөг, алдангид 20 808 000 төгрөгийг, бэлэн мөнгөөр олгосон зээл 161 069 260 төгрөг, зээлийн хүүд 7 625 842 төгрөг, алдангид 80 534 630 төгрөг буюу нийт 314 289 412 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 2016-04-11-ний өдөр ЭАХШ/16/09 тоот техник, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, 2016-10-11-ний өдрийг хүртэлх хугацаанд гинжит эксковаторыг сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Манай компани заасан хугацаандаа түрээсийн зүйлийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч 5 сар ашиглаад буцаан өгсөн. Ингэхдээ 1 сарын түрээсийн төлбөр төлсөн, үлдэх саруудын төлбөрийг төлөөгүй. Гэрээ ёсоор манайх түрээсийн зүйлийг 3,188,160 төгрөгийн шатахуунтай хүлээлгэн өгсөн тул хариуцагч энэ төлбөрийг түрээсийн төлбөр дээр нэмж төлөх үүрэгтэй. Гэвч 4 сарын түрээсийн төлбөр, шатахууны үнэ 3 188 160 төгрөг, нийт 31 188 160 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул алданги 15 594 080 төгрөгийн хамт нийт 46 782 240 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй. Иймд “Ш-Аранжин” ХХК-иас “Г” ХХК-д гэрээний дагуу төлөх бэлэн мөнгө, валют, техник хэрэгсэл, шатахуун, түрээсийн үнэ, хүү, алданги зэрэгт нийт 694 303 503 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “26,760 ам.долларын жижиг, 80 сая төгрөгийн том генератор зэргийг нэхэмжлэгчээс хүлээж аваагүй тул үнийг төлөхгүй. Харин Л.Чинбатаас бол авсан нь үнэн. Зохигчдын хооронд тооцоо нийлсэн акт хийгдээгүй. 2013, 2014 онд шатахууныг “Эс Ар Эн” ХХК-иас авсан. Шатахууны үнийг тэр компанидаа төлсөн. “Г” ХХК нь “Эс Ар Эн” ХХК-ийн өмнөөс шатахууны үнэ шаардах эрхгүй. 2016-02-24-ний өдрийн ӨХШ 16/30 зээлийн гэрээнд шатахууны талаар зохицуулалт байхгүй. Харин бэлэн мөнгө 161,069,260 төгрөгийг авсан тул зөвшөөрнө. Үүнээс 30 сая төгрөг төлөгдсөн. Гэрээгээр хүү тохирсон тул зохих хүүг төлнө. Харин алданги төлөхгүй. Нэхэмжлэгч нь хугацаандаа хөрөнгө оруулалт хийгээгүйгээс хариуцагч алдагдал хүлээсэн. Иймд алданги төлөхгүй. 2016-04-11-ний өдрийн ЭАХШ16/09 тоот техникийн түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн зүйлийг 5 сар ашигласан нь үнэн, төлбөрт 14 сая төгрөгийг төлсөн байгаа, үлдэх 21 сая төгрөгийг төлнө. Харин 3 188 160 төгрөгийн шатахуунтай аваагүй тул энэ мөнгийг төлөхгүй. Алданги төлөхөөр тохирсон тул гэрээний дагуу алданги төлнө. “Ш-Аранжин” ХХК-иас 2016-03-29-ний өдөр хөргөлтийн тоног төхөөрөмж хүлээлцсэн актаар “Г” ХХК-д 170,000 ам.долларын үнэтэй хөргөлтийн системийг шилжүүлж өгсөн бөгөөд үнийг нь аваагүй, түүний үнийг хоорондын өглөг авлагад тооцохоор тохирсон тул дээр дурдсанаар хүлээн зөвшөөрсөн төлбөрүүдийг суутгуулж тооцуулна.” гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01413 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Ш-Аранжин” ХХК-иас 590 756 731 төгрөгийг гаргуулж “Г” ХХК-д олгож, “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 103 546 772 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1793 дугаар магадлал магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон байна.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо: “...Магадлалд шүүх ам.долларын ханшийг нийтэд илэрхий, Монгол банкны 2013-05-06-ны өдрийн 1 ам.долларыг 1433.66 төгрөгт тэнцэх ханшид хөрвүүлж жижиг генераторын үнийг 38 364 742 төгрөгөөр тооцсон нь хариуцагч талд ашигтай...,” гэжээ. Гэтэл аль сайт сүлжээ, мэдээллийн аль хэрэгсэлд нийтэд илэрхий тавигдсан байгаа нь тодорхойгүй, хариуцагч тал одоог болтол уг ханш хаана тавигдсан байгааг олж үзээгүй байна. Иймд нотлох баримтад тулгуурлаагүй, мэдээллийн эх сурвалжаа тодорхой заагаагүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй. Шүүх “хариуцагч 30 сая төгрөг төлсөн нь нотлогдоогүй .... байна” гэжээ. ИХШХШТухай хуулийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхэд үзүүлж /хх119/ энэ мэтчилэн хариуцагч өөрийн данснаас шууд шилжүүлээгүй тул өөрөө олж авах боломжгүй 30 орчим сая төгрөгийн баримтыг нэхэмжлэгч байгууллагын данснаас Шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хуулийн дагуу тавьсан.Гэтэл хариуцагчийн гаргасан дээрх хууль ёсны хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан хирнээ хариуцагчийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт нь эх баримт эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр “манайд энэ 8сая төгрөг төлөгдөөгүй” гэж тайлбарлаж байхад нэхэмжлэгчийн дансанд төлөгдсөн эсэхийг Шүүхийн журмаар тогтоох нь шийдвэр үндэслэл бүхий болоход чухал ач холбогдолтой байсан. Хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтийг “өөрөө олж авах боломжтой” гэдэг үндэслэлээр хангахаас татгалзсан нь ИХШХШТХ-н 38.9-ийг зөрчсөн. Учир нь “Г” ХХК-ийн дансны хуулгыг хариуцагч олж авах боломжгүй юм. Давж заалдах шатны шүүх  170 000 ам.долларын үнэ бүхий уурхайн цооногийн хөргөлтийн тоног төхөөрөмжийг 2016-03-29-ний өдөр төлбөртөө тооцож нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй гэж үзсэн.Гэтэл бид баримтаа гарган өгч,энэ нь хэрэгт / хх 68-80/ байгаа болно. Ийм баримт байхад шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй төдийгүй  нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь хэргийн 68-80-р талд буй баримтыг “ийм тоног төхөөрөмж хүлээж аваагүй” гэж тайлбарласан. Хэрэв шүүх уг баримтыг хангалтгүй гэж дүгнэх байсан бол гарын үсэг зурсан нэхэмжлэгчийн нярав Т.Сүхбаатар, эдийн засагч Б.Жавхлан нар яагаад гарын үсэг зурсан байгааг тодруулах байсан. Давж заалдах шатны шүүх хариуцагчийг дээрх хүнийг гэрчээр оролцуулах хүсэлт тавиагүй буюу татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.Гэтэл нэхэмжлэгч уг баримтын талаар шүүх хуралдаанаас өмнө тайлбар бичгээр өгөөгүй ба хуралдааны явцад “Ийм тоног төхөөрөмж хүлээж аваагүй” гэх тайлбарыг амаар гаргасан. Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан дээрх тайлбар нь нотлох баримтад үндэслээгүй, өөр төрлийн эрх зүйн харилцааг үндэслэж авсан болохоо тайлбарлаагүй байхад “...шүүх энэ баримтыг үнэлэхгүй...” гэж хийсвэрээр ойлгож хүсэлт тавих боломжгүй. Шүүх хөргөлтийн тоног төхөөрөмж хүлээлцсэн баримтыг гэрээний үүрэгт шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэхээсээ өмнө тухайн баримтад гарын үсэг зурсан ажилтнуудыг оролцуулж тодруулсны дараа дүгнэлтээ хийх нь ИХШХШТХ-н 38.9-д нийцэх байв. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож,хэргийг буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         “Г” ХХК 2018-03-02-ны өдөр “Ш-Аранжин” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 694,303,504 төгрөг шаардахдаа “...бэлэн мөнгө шатахуун түрээсийн үнэ 503,035,677 төгрөг, хүү алданги 116,936,710 төгрөг, 26,760 ам.доллар буюу 64,069,594 төгрөг ...” гэсэн үндэслэл заажээ. 

     Анхан шатны шүүх хариуцагчаас хоёр генераторын үнэ 118,364,742 төгрөг, “Эс Ар Эн” ХХК-ийн төлөх төлбөрт 189,162,257 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 241,229,732 төгрөг, түрээсийн төлбөрт 42,000,000 төгрөг нийт 590,756,731 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...170,000 ам.долларын хөргөлтийн төхөөрөмжийг төлбөрт тооцохоор нэхэмжлэгч албан ёсоор хүлээн авсан...” /хх 66-67/ гэсэн тайлбар өгч, “Г” ХХК-ийг төлөөлж нярав Т.Сүхбаатар, эдийн засагч Б.Жавхлан нар гарын үсэг зурсан гэх 2016-03-29-ний өдрийн “Хөргөлтийн тоног төхөөрөмж хүлээлцсэн акт” /хх 80/-г шүүхэд гаргаж өгсөн, үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх нотлогдоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.    

       Нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Тодруулбал,  хэргийн оролцогч нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан, уг хүсэлтийг хангахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байвал шүүх хүсэлтийг хангаж, холбогдох ажиллагааг явуулна. 

         “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 161,069,260 төгрөг, хүү 7,625,842 төгрөг, алданги 80,534,630 төгрөг шаардсан бөгөөд хариуцагч төлбөрөөс 30,000,000 төгрөг төлсөн гэж маргаж, энэ талаарх баримтыг бүрдүүлэх талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэж шүүх үзлээ.    

         Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1793 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 3,111,734 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ