Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1413

 

  

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр           Дугаар 181/ШШ2018/01413           Улаанбаатар хот

                                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г ХХК /:/-ийн нэхэмжлэлтэй,     

Хариуцагч: “Ш-А” ХХК /РД: /-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах, зээл, түрээсийн гэрээний үүрэг болон алдангид нийт 694,303,503 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Ш-А” ХХК нь Г ХХК-аас 2013-2016 оны хооронд 503,035,677 төгрөгийн, мөн 26,760 долларын үнэ бүхий бэлэн мөнгө, валют, техник хэрэгсэл, шатахуун авсан байдаг.

Тодруулбал,

1.2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 26,760 ам.долларын үнэ бүхий жижиг генератор, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 80,000,000 төгрөгийн үнэ бүхий том генератор авсан, төлбөрийн тухай тооцоо нийлсэн актад тусгагдсан, төлбөрийг Д.Даариймаа хүлээн зөвшөөрсөн байдаг ч өдийг хүртэл төлөөгүйг гаргуулахаар шаардаж байна.

2.“Эс Ар Эн” ХХК-аас манай компанид төлөх ёстой 189,162,257 төгрөгийг хариуцагч нь уг компанийн өмнөөс хариуцан төлж барагдуулах үүргийг 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 15/16 тоот албан бичгээр хүлээсэн боловч мөн л төлөөгүй. “Эс Ар Эн” ХХК нь 2013 онд 54,934,007 төгрөгийн, 2014 онд 134,228,250 төгрөгийн үнэ бүхий шатахууныг тус тус “Ш-А” ХХК-д нийлүүлсний төлбөр нь нийт 189,162,257 төгрөг болсон байдаг. Манай компанид “Эс Ар Эн” ХХК-аас 189,162,257 төгрөг төлөх үүргийг “Ш-А” ХХК өөрийн хүсэлт, манай зөвшөөрлийн дагуу шилжүүлж авсан, энэ дагуу төлбөрийн талаар мөн л тооцоо нийлсэн актад он тус бүрээр тусгаад хариуцагч компани зөвшөөрсөн байдаг тул дээрх төлбөрийг гаргуулна.

3.Зохигчдын хооронд 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ӨХШ16/30 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь 41,616,000 төгрөгийн шатахуун болон 161,069,260 төгрөгийг бэлнээр зээлсэн байдаг. Бэлэн мөнгийг хэрэгтэй гэсэн үед нь хүсэлтийнх нь дагуу тухай бүр өгч байсан. Гэрээгээр зээлийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сарын 1,9 хувийн хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр талууд тохирсон.

Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй тул зээлсэн шатахууны үнэд 41,616,000 төгрөг, түүний хүүд 2,635,680 төгрөг, алдангид 20,808,000 төгрөгийг, бэлэн мөнгөөр олгосон зээл 161,069,260 төгрөг, зээлийн хүүд 7,625,842 төгрөг, алдангид 80,534,630 төгрөг буюу нийт 314,289,412 төгрөг гаргуулахыг хүсэж байна.

4.Талууд мөн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ЭАХШ/16/09 тоот техник, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд гинжит эксковаторыг сарын 7,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Манай компани заасан хугацаандаа түрээсийн зүйлийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь 5 сар ашиглаад буцаан өгсөн. Ингэхдээ 1 сарын түрээсийн төлбөр төлсөн, үлдэх саруудын төлбөрийг төлөөгүй.

Гэрээ ёсоор манайх түрээсийн зүйлийг 3,188,160 төгрөгийн шатахуунтай хүлээлгэн өгсөн тул хариуцагч энэ төлбөрийг түрээсийн төлбөр дээр нэмж төлөх үүрэгтэй. Гэвч 4 сарын түрээсийн төлбөр, шатахууны үнэ 3,188,160 төгрөг, нийт 31,188,160 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул алданги 15,594,080 төгрөгийн хамт нийт 46,782,240 төгрөгийг шаардаж байгаа.

Иймд “Ш А” ХХК-аас Г ХХК-д гэрээний дагуу төлөх бэлэн мөнгө, валют, техник хэрэгсэл, шатахуун, түрээсийн үнэ, хүү, алданги зэрэгт нийт 694,303,503 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Бидний хооронд өр авлага харилцан тооцох талаар яригдсан, тохиролцсон зүйл огт байхгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас:

1. 26,760 ам.долларын үнэ бүхий жижиг, 80,000,000 төгрөгийн үнэ бүхий том генератор зэргийг нэхэмжлэгчээс хүлээж аваагүй учир үнийг төлөхгүй. Харин Л.Чинбатаас бол авсан нь үнэн. Тооцоо нийлсэн акт нь зохигчдын хооронд хийгдээгүйг анхаарахыг хүсэж байна.

2.   2013, 2014 онд шатахууныг “Эс Ар Эн” ХХК-аас авсан. Шатахууны үнийг тэр компанидаа төлсөн. Г ХХК нь “Эс Ар Эн” ХХК-ийн өмнөөс шатахууны үнэ шаардах эрхгүй.

3. 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ӨХШ 16/30 зээлийн гэрээнд шатахууны талаар зохицуулалт байхгүй. Шатахуун аваагүй тул үнэ төлөх асуудал яригдахгүй. Харин бэлэн мөнгө 161,069,260 төгрөгийг хүлээн авсан тул төлөхийг зөвшөөрнө. Үүнээс 30,000,000 төгрөг нь төлөгдсөн байгааг хасуулна. Өөр төлбөр төлөөгүй. Гэрээгээр хүү тохирсон тул зохих хүүг төлнө. Харин алданги төлөхгүй. Нэхэмжлэгч нь хугацаандаа хөрөнгө оруулалт хийгээгүйгээс хариуцагч алдагдал хүлээсэн. Иймд алданги төлөхгүй.

4. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ЭАХШ16/09 тоот техникийн түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн зүйлийг 5 сар ашигласан нь үнэн, төлбөрт 14,000,000 төгрөгийг төлсөн байгаа, үлдэх 21,000,000 төгрөгийг төлнө. Харин 3,188,160 төгрөгийн шатахуунтай аваагүй тул энэ мөнгийг төлөхгүй. Алданги төлөхөөр тохирсон тул гэрээний дагуу алданги төлнө.

“Ш-А” ХХК-аас 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хөргөлтийн тоног төхөөрөмж хүлээлцсэн актаар Г ХХК-д 170,000 ам.долларын үнэтэй хөргөлтийн системийг шилжүүлж өгсөн бөгөөд үнийг нь аваагүй, түүний үнийг хоорондын өглөг авлагад тооцохоор тохирсон тул дээр дурдсанаар хүлээн зөвшөөрсөн төлбөрүүдийг суутгуулж тооцуулна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч “Ш-А” ХХК-аас худалдах, худалдан авах, зээл, түрээсийн гэрээний үүрэг болон алдангид бүгд 694,303,503 төгрөг гаргуулахаар шаардсан. 

 

Хариуцагч нь бэлэн мөнгөөр 161,069,260 төгрөгийн зээл авсан, 30,000,000 төгрөг төлсөн, үлдэх 131,009,260 төгрөгийг хүүгийн хамт төлнө, зээл олгохгүй удаасны улмаас алдагдалд орсон тул алданги төлөхгүй, түрээсийн төлбөрт 21,000,000 төгрөгийг алдангийн хамт төлнө, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг үндэслэлгүй гэж маргав.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэлт хийж, шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 26,760 ам.долларын үнэтэй жижиг генератор, 2014 ны 3 дугаар сарын 14-ний өдөр 80,000,000 төгрөгийн үнэтэй том генераторыг хариуцагч “Ш-А” ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь 2015 оны 10 дугаар сарын 15, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрүүдийн “Л.Чинбат болон Д.Даариймаа нарын хоорондын тооцоо нийлсэн акт” гэх баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. /хх-ийн 36, 37 хуу/

 

Уг актууд нь иргэн Л.Чинбат болон Д.Даариймаа нарын хоорондын тооцоо нийлсэн акт гэсэн нэртэй байх боловч актуудад Г ХХК-ийг нягтлан бодогч А.Даваадорж, “Ш-А” ХХК-ийг захирал Д.Даариймаа нар төлөөлж гарын үсэг зурж, баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 199 дүгээр зүйлийн 199.1-т заасныг тус тус үндэслэн зохигчдын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч хөрөнгө шилжүүлэн авсан нь нотлогдсон тул үнийг төлөх үүрэгтэй.

 

Зохигчид худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүйн улмаас худалдан авагч буюу хариуцагч нь шилжүүлэн авсан хөрөнгийн үнийг хэдийд төлөх үүрэгтэй байсанд шүүх дүгнэлт өгөх боломжгүй тул өрийг хүлээн зөвшөөрсөн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг худалдагч буюу нэхэмжлэгчийн үнэ шаардсан өдөр гэж үзэх нь хуульд нийцнэ.

 

Үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасны дагуу ийнхүү шаардсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийг нэн даруй биелүүлэх үүрэгтэй.

 

Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад үнэ төлөх хугацааны талаар тусгайлсан зохицуулалт байхгүй учир шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т заасан 10 хоногийн дотор буюу 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байсан гэж үзэхээр байна.

 

Гэтэл хариуцагч нь шилжүүлэн авсан хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь төлбөр төлөх дээрх хугацааг өнгөрснөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Зохигчид жижиг генераторын үнийг ам.доллараар тооцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд нийцээгүй тул шүүх 26,760 ам.долларыг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1 ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшид шилжүүлж, хариуцагчаас жижиг генераторын үнэд 38,364,742 төгрөг /1ам.доллар=1,433.66 төгрөг/, том генераторын үнэд 80,000,000 төгрөг буюу нийт 118,364,742 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

2. “Ш-А” ХХК нь 2013, 2014 онуудад “Эс Ар Эн” ХХК-аас нийт 189,162,257 төгрөгийн шатахуун худалдан авсан талаар талууд маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй.

 

Харин хариуцагч нь “Эс Ар Эн” ХХК-д төлөх ёстой дээрх төлбөрийг Г ХХК шаардах эрхгүй гэж маргасан.

 

Хэрэгт “Ш А” ХХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 15/16 тоот “Төлбөр тооцоо хариуцах тухай” албан бичиг авагдсан байх ба түүнд “...“Эс Ар Эн” ХХК-ийн Г ХХК-д төлөх 189,162,257 төгрөгийн өглөгийг тус компанийн нэрийн өмнөөс “Ш А” ХХК бүрэн хариуцан Г ХХК-д төлж барагдуулахыг энэхүү баримт бичгээр харилцан баталгаажуулав” гээд хариуцагч компанийг төлөөлж захирал Д.Даариймаа, нэхэмжлэгч компанийг төлөөлж Ерөнхий ня-бо Д.Нэргүй, “Эс Ар Эн” ХХК-ийг төлөөлж захирал Г.Сүх-Эрдэнэ нар гарын үсэг зурж, компанийн тамга даржээ. /хх-ийн 8 хуу/

 

Ийнхүү Г ХХК нь “Ш А” ХХК-аас шатахууны үнэ шаардан авах “Эс Ар Эн” ХХК-ийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан, шаардах эрх шилжүүлсний дагуу “Эс Ар Эн” ХХК-д төлөх ёстой төлбөрийг нэхэмжлэгчид төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч, энэ тухай 2015 оны 10 дугаар сарын 15, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрүүдийн “Л.Чинбат болон Д.Даариймаа нарын хоорондын тооцоо нийлсэн акт” гэх баримтуудад тусгасан байх тул шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ. /хх-ийн 36, 27 хуу/

 

Хариуцагчийн хувьд төлбөрийн хэмжээнд маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагчаас 189,162,257 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ӨХШ 16/30 тоот зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч Г ХХК нь 213,857,467 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч “Ш А” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн хэсэгчлэн олгох, зээлдэгч “Ш А” ХХК нь гэрээний хугацаа дуусахад авсан зээлийг сарын 1,9 хувийн хүүгийн хамт буцаан төлөх, зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээл төлөгдөх ёстой байсан дараагийн өдрөөс эхлэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6, 7 хуу/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба энэ гэрээнд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь энэ гэрээний үндсэн дээр хариуцагчид 41,616,000 төгрөгийн үнэ бүхий шатахуун, бэлэн мөнгөөр 161,069,260 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж тайлбарлаж, хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 314,289,412 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч 41,616,000 төгрөгийн үнэ бүхий шатахуун аваагүй, харин 161,069,260 төгрөгийг хүлээн авсан, үндсэн зээлээс 30,000,000 төгрөгийг төлснийг хасуулж, үлдэх хэсгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үндэслэлтэй гэж маргасан.

 

Зээлийн гэрээгээр зохигчид шатахуун шилжүүлэх талаар тохиролцоогүй, хэргийн баримтуудаар энэ гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нь 41,616,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгчийн хувьд шатахуун нийлүүлсэн байдлаа “Ачааны автомашины замын хуудас” гэх баримт нотлоно гэх боловч энэ баримт хангалтгүй, гэрээгээр тохиролцоогүй энэ үйл баримтыг нотлох өөр баримт байхгүй тул шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэх 41,616,000 төгрөгийн шатахууны үнэ, түүний хүү 2,635,680 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 20,808,000 төгрөг буюу нийт 65,059,680 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэв. /хх-ийн 38 хуу/

 

Харин зээл 161,069,260 төгрөгийг бэлэн мөнгөөр шилжүүлэн авсан талаар хариуцагч маргаагүй, хэргийн баримтуудаар энэ үйл баримт нотлогдсон тул үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна. /хх-ийн 12-16, 19-21, 23, 25-26, 28-33 хуу/

 

Талуудын тохиролцсон гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дууссан боловч хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг төлсөн гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй, харин “Ш-А” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөгийг Г ХХК-ийн ХААН банк дахь 5038011004 тоот дансаар шилжүүлэн төлсөн болох нь мөн өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул энэ дүнг төлөгдсөн гэж үзэв.

 

Хүү, анз тогтоосон зээлийн гэрээг талууд бичгээр байгуулсан учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар гэрээний хугацаан дахь тохирсон хүү, мөн хоног тутамд хугацаа хэтрүүлсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч зээлийг хэсэгчлэн шилжүүлсэн байх тул шүүх зээл шилжүүлсэн хоног тус бүрээс гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусах хүртэлх хоногийг гаргаж, тухайн зээлд ногдох сарын 1,9%-ийн хүүг тооцож үзвэл:

2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 12,227,920 төгрөгийн хүү   1,006,766 /4 сар 10 хон/ төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр шилжүүлсэн 14,207,540 төгрөгийн хүү 926,805 /3 сар 13 хон/ төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн хүү 1,190,666 /3 сар 4 хон/ төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн хүү 589,000 /3 сар 3 хон/ төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөгийн хүү 103,867 /2 сар 22 хон/ төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 9,000,000 төгрөгийн хүү 461,700 /2 сар 21 хон/ төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөгийн хүү 247,000 /2 сар 18 хон/ төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр шилжүүлсэн 20,023,800 төгрөгийн хүү 951,131 /2 сар 15 хон/ төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 1,510,000 төгрөгийн хүү 66,943 /2 сар 10 хон/ төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийн хүү 1,292,000 /2 сар 8 хон/ төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн хүү 291,333 /1 сар 16 хон/ төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн хүү 272,333 /1 сар 13 хон/ төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн хүү 259,666 /1 сар 11 хон/ төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 7,100,000 төгрөгийн хүү 134,900 /1 сар/ төгрөг буюу нийт зээлийн хүү 7,794,110 төгрөг гарч байгаагаас нэхэмжлэгч 7,625,842 төгрөг шаардсан тул зээлийн хүүгийн хэмжээг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр тооцох үндэслэлтэй.

 

Гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусахад хариуцагч үндсэн зээлд 161,069,260 төгрөг, зээлийн хүүд 7,625,842 төгрөг буюу нийт 168,695,103 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөг төлөх хүртэл огт төлбөр төлөөгүй, мөн өдрийн байдлаар дээрх төлбөр дээр гэрээний 6.3-т заасны дагуу бодогдсон алданги 80,534,630 /алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул ИХ-ийн 232.4-т нийцүүлэв/ төгрөг нэмэгдэж, нийт 249,229,732 төгрөг төлөх байснаас 8,000,000 төгрөг төлснийг хасвал хариуцагч одоо 241,229,732 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагчийн зүгээс зээлийг хугацаандаа шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч гүйцэтгээгүйн улмаас алдагдалд орсон гэх үндэслэлээр алданги төлөхөөс татгалзсан боловч хэргийн баримтаар нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэх үйл баримт нотлогдоогүй, мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 241,229,732 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 65,059,680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

4. Талууд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ЭАХШ16/09 дугаартай “Техник, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ”-гээр Г ХХК нь өөрийн өмчлөлийн “John Deere Hitachi Zx210” маркийн Гинжит экскаваторыг сарын 7,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр, 6 сарын хугацаатай ашиглуулах, “Ш А” ХХК нь түрээсийн зүйлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ашигласны төлбөрийг төлөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0,5%-тай тэнцэх алданги нэмж төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /хх-ийн 56-58 хуу/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд бичгээр байгуулсан гэрээ нь хуулийн энэ зохицуулалт болон 232 дугаар зүйлийн 232.3 дахь зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд түрээсийн зүйлийг харилцан шилжүүлсэн болон хариуцагч 5 сар ашигласан байдалд маргаагүй боловч нэхэмжлэгч 1 сарын түрээсийн төлбөр 7,000,000 төгрөг авсан гэж, хариуцагч 2 сарын түрээсийн төлбөр 14,000,000 төгрөг төлсөн гэж маргасан.  /хх-ийн 59 хуу/

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 7,000,000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн түрээсийн зүйлийг 3,188,160 төгрөгийн шатахууны хамт хариуцагчид шилжүүлсэн үндэслэлээр түрээсийн төлбөр дээр мөн төгрөгийг нэмж гаргуулахаар шаардсан боловч хэргийн баримтаар түрээсийн зүйлийг 3,188,160 төгрөгийн шатахуунтай хүлээлгэн өгсөн байдал нотлогдохгүй байх тул энэхүү шаардлагаа баримтаар нотлоогүй нэхэмжлэгчийг 3,188,160 төгрөг шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

Иймд 5 сарын түрээсийн төлбөр 35,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 28,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь түрээсийн гэрээний 8.3 дахь заалтаар төлбөр төлөх хугацаа хоцроосон тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж төлөх үүрэг хүлээсэн тул түрээсийн төлбөр 28,000,000 төгрөг дээр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи хугацааны алдангид 14,000,000 төгрөг /ИХ-ийн 232.4-т нийцүүлэв/-ийг нэхэмжлэгчид нэмж төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр түрээсийн гэрээний үүрэгт хариуцагчаас 42,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,782,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн тухайд 170,000 ам.долларын үнэ бүхий уурхайн цооногийн хөргөлтийн тоног төхөөрөмжийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлбөртөө тооцож нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх боловч энэ талаарх тохиролцоо зохигчдын хооронд хийгдсэнийг нотлох баримтгүй тул шүүх тайлбарыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна. /хх-ийн 80 хуу/

 

Иймд хариуцагч “Ш А” ХХК-аас нийт 590,756,731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 103,546,772 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан “Ш-А” ХХК-аас 590,756,731 төгрөгийг гаргуулж  Г ХХК-д олгож, Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 103,546,772 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,629,470 төгрөгөөс 3,629,468 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 2 төгрөгийг, хариуцагчаас 3,111,734 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Ө.УЯНГА