Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02138

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02138

 

 

 

Л.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01994 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Б хариуцагч Х.Нхолбогдуулан гаргасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Э, шүүх хуралдааны нарын бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Л.Баярмаа нь 2016 оны 06 сарын 06-ны өдөр иргэн Э.Этой 20 000 000 төгрөгийг сарын 5.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэн авахаар зээлийн гэрээг байгуулсан.  Мөн 2016 оны 06 сарын 27-ны өдөр дахин 25 000 000 төгрөгийг 5.8 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлдэн авсан. Улмаар Л.Баярмаа зээлээ төлөөгүй. Нэхэмжлэлд хавсаргаагүй зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтыг өгсөн байх бөгөөд уг баримтыг Хан-Уул дүүргийн 101 дугаартай нотариатч Х.Навчаа хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулжээ. Тус зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтыг хийгээгүй, тийм гэрээ хийх хүсэл зориг байхгүй байхад зээлдүүлэгч тухайн үед хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авснаа дур мэдэн бөглөж уншиж танилцууллаа гэх мэтээр нөхөн бичиж 2018 оны 12 сарын 29 ний нотариатаар баталгаажуулсан байна. Тус гэрээ хэлцлийг нотариатаар баталгаажуулах үед миний бие байгаагүй бөгөөд энэ сунгалтыг огт мэдэхгүй байсан. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3-т заасан үүргээ зөрчсөн үзэж байна. Дээрх гэрээний сунгалтаас болж Л.Баярмаа нь  зээлдүүлэгчид хүү төлөх болоод байна. Иймд миний эзгүйд хийсэн 2016 оны 10 сарын 27, 2016 оны 09 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтуудыг хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нотариатч Х.Навчаагийн үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Баярмаа нь Э.Э гэдэг хүнээс 2016 оны 06 сарын 06-ны өдөр 20 000 000 төгрөг, 06 сарын 27-ны өдөр дахин 25 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг зээлдэн авч, зээлийн гэрээ байгуулсан. Л.Баярмаа зээлийн төлбөрөө огт төлөөгүй, зээлийн хүү гэж цөөн хэдэн төгрөгийг зээлдүүлэгч Э.Эод төлсөн гэсэн. Нотариатч зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтын хуулбарыг баталсан нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д заасан нотариатчийн хийдэг үйлдлийн нэг төрөл. Тухайн үйлдлийг хийхэд гэрчлэх гэж буй баримт бичгийн эх хувийг өөрийн нүдээр харж, эх хувьтай тулгаж шалгасны дараа тухайн хуулбар хувийг үнэн хэмээн баталгаажуулж, нотариатын гэрчлэх үйлдлийг хийсэн. Ийнхүү баримт бичгийн хуулбарыг батлах гэрчлэх тохиолдолд тухайн баримт бичгийг анх үйлдэхэд оролцсон этгээдүүдийг албан өрөөндөө дуудан авчрах, өөрсдийг нь байлцуулах ямар ч шаардлагагүй бөгөөд тийм хуулийн зохицуулалт байхгүй. Баярмаа нь иргэн Э.Эоос зээлж авсан 45 000 000 төгрөгөө төлөхгүйн тул зориуд санаатайгаар шүүхийн байгууллагад удаа дараа нэхэмжлэл гаргасан тул иргэн Э.Э нь дээрх маргаан бүхий бичиг баримт буюу зээлийн гэрээний сунгалтыг эх хувиар нь шүүхийн байгууллагад гаргаж өгсөн байна. Э.Э нь Баярмаад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл дахин гаргасан. Уг хэргийн нэхэмжлэгч Э.Э нь зээлийн гэрээний сунгалт гэсэн баримт бичгийн эх хувь дээр бичигдсэн Уншиж танилцсан гэсэн бичвэрийг Баярмаа гэгч этгээд бичсэн эсэхийг тогтоолгох хүсэлтийн дагуу Криминалистикийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтэд зээлийн гэрээний сунгалт гэсэн баримт бичгийн эх хувь дээр бичигдсэн Уншиж танилцсан гэсэн бичвэрийг Баярмаа гэгч этгээд бичсэн болох нь албан ёсоор тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Э: Шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.  

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт  зааснаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны болон 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтуудыг хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нотариатч Х.Навчаагийн үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Х.Навчаагаас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Эын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан. Тодруулбал, шүүхэд бичмэл нотлох баримтаа эх хувиар өгсөн бөгөөд зээлийн гэрээний сунгалт 1 хувь байсан тул нотариатаар хуулбар үнэн гэсэн тамга даруулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд баримтыг гаргаж өгдөг бөгөөд хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Э.Э нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Л.Баярмаа болон Э.Э нарын байгуулсан зээлийн гэрээний шаардлагаа нотлох үүднээс нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгсөн. Харин зээлийн гэрээг 2016 онд байгуулаад зээлийн хугацаа 4 сарын дараа дуусахад гэрээний сунгалтыг Л.Баярмаа нь өөрөө биечлэн очиж гарын үсэг зурсан бөгөөд энэ тухай шүүх хуралдааны явцад үгүйсгэдэггүй. 2016 онд зээлийн гэрээг сунгахад Э.Э болон Л.Баярмаа нар хамт байсан бөгөөд Л.Баярмаа зээлээ 2 жил төлөөгүйн улмаас 2018 онд иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Э нэхэмжлэл гаргахаар болж сунгалтын гэрээний эх хувыг 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 101 дугаартай нотариатч дээр авч очиж хуулбар үнэн гэсэн тэмдэг даруулж шүүхэд нэхэмжлэлийн хамт хавсаргаж өгсөн. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нотариатчийн тус сунгалтуудыг бичиг баримт хэмээн үзэж баталсан үйлдэл нь хууль бус үйлдэл биш юм. Хан-Уул дүүргийн нотариатч Х.Навчаа нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 1950, 1951 дугаартай баримт бичигт хуулбар үнэн гэсэн тэмдэг дарсан болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Баярмаа нь хариуцагч Х.Нхолбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрүүдийн зээлийн гэрээний сунгалтуудад хуулбар үнэн тэмдэг дарж гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээг сунгах хүсэл зориггүй байхад хоосон цаасан дээр гарын үсэг зуруулан авсан зээлийн гэрээний сунгалтыг нотариатч өөрийг нь байлцуулахгүйгээр гэрчилж хууль зөрчсөн гэх агуулгаар маргаж байна.

Хэргийн 8-9 дүгээр талд гуравдагч этгээд Э.Э, нэхэмжлэгч Л.Баярмаа нарын хооронд хийгдсэн 2016 оны 10 дугаар сарын 27, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалтууд гэх баримт бичгийн хуулбар авагдсан байна. Уг сунгалт гэх талуудын гарын үсэг зурагдсан баримтад хариуцагч, нотариатч Х.Навчаа нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нотариатын хуулбар үнэн тэмдэг дарж гэрчилсэн болох нь хэрэгт авагдсан нотариатын бүртгэлийн дэвтэр, Э.Эын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Баярмаад холбогдох 102/2019/00192/И индексийн дугаартай иргэний хэргийн 8, 12 дугаар талд авагдсан зээлийн гэрээний сунгалт гэх баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх76-78, 148-149/

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.13-т нотариатын үйлдэл хийх төрлүүдийг тодорхойсон бөгөөд 25.1.9-д нотариатч нь баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчилнэ гэж заасан.

Бичгээр байгуулсан гэрээг баримт бичиг биш гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хууль буруу хэрэглэсэн буюу Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т бичгээр байгуулсан гэрээ нь баримт бичиг болох талаар заасныг анхаараагүй байна.

2016 оны 10 дугаар сарын 27, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтуудад хариуцагч нотариатч нь нотариатын хуулбар үнэн тэмдэг дарж гэрчилснийг хууль бус үйлдэл гэж үзэхгүй. Учир нь Нотариатын үйлдэл хийх зааврын 13.1-т баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлахаар, мөн хуулийн 49.1 дэх хэсэгт баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчлэхээр заасан.

Хариуцагч буюу нотариатч нь зээлийн гэрээний сунгалт гэх баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулган хуулбар үнэн зөвийг гэрчилсэн байна. Өөрөөр хэлбэл, сунгалт гэх дээрх баримт бичгийн хуулбарыг гэрчилсэн нь гэрээний агуулга, хүчин төгөлдөр байдал, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг илэрхийлэх гэрээг гэрчилсэн үйлдэл биш.

Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний сунгалтыг хийгээгүй, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авснаа нөхөн бичиж нотариатаар баталгаажуулсан байсан, үүний улмаас хүү төлөх нөхцөл байдал үүсээд байна гэх тайлбар нь хуулбар үнэн тэмдэг дарсан нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл биш болно.

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний сунгалт гэх баримтад заагдсан хэлцлийн хүчин төгөлдөр байдал, агуулгатай холбоотой шаардлага, татгалзлаа гаргах, маргах зэрэгт энэхүү нотариатын үйлдэл хамааралгүй, энэ магадлал нөлөөлөхгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01994 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Л.Б хариуцагч Х.Нхолбогдуулан гаргасан 2016 оны 10 дугаар сарын 27, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн сунгалт гэх баримт бичгийн хуулбар үнэн тэмдэг дарж гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ