Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01770

 

 

 

 

 

 

 

Д.Туяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01164 дүгээр шийдвэртэй, Д.Туяагийн нэхэмжлэлтэй Гоби консолидетед ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Туяа, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярмагнай, Т.Уугансайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Д.Туяа миний бие Гоби консолидетед ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хангамжийн менежерээр ажиллаж байсан. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн хуульч надад ажлын байр цомхтгохыг мэдэгдэхэд ... би 3 нас хүрээгүй хүүхэдтэй, хуулиар цомхтгогдох боломжгүй гэсэн хариу өгөхөд ... өөрийн хүсэлтээр ажлаа өг гэж шаардсан ба миний зүгээс тухайн шаардлагыг хүлээж аваагүй. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60/09 тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Иймд Гоби консолидетед ХХК-ийн хангамжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4 418 460 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайхан шүүхэд гаргасан тайлбараа: Нэхэмжлэгч Д.Туяа нь компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болгосон. Тэрээр компанид ажиллах хугацаандаа компанийн бус өөр хүмүүсийн ашиг сонирхлын төлөө ажиллаж, компанийг өөрсдөдөө ашигтайгаар ашиглаж, ноцтой зөрчил гаргаж байсан бөгөөд өөрийн төрсөн эгч Д.Уранбилэг нь ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа компанийг булаан авах гэсэн үйлдэл гаргасан учир түүнийг ажлаас чөлөөлсөн болно.

Нэхэмжлэгчийн төрсөн эгч Д.Уранбилэг Гоби коул энд энержи ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхтай зэрэгцэн түүний төрсөн дүү Д.Туяа нь компанийн хангамжийн менежерээр, дэд захирлаар томилогдон ажиллаж байсан нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.5.1-д Компанийн хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаал болон нэгийгээ шууд захиран хянах шинжтэй зэрэг ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжтойгоос бусад албан тушаалд нэг гэр бүлийн буюу төрөл садны хүмүүс ажиллаж болно гэж, 4.5.2-т Компанийн ажилтнууд гэр бүл болох тохиолдолд тэдний ажил, албан тушаал нь нэгийгээ захиран хянах шинжтэй бус, хөрөнгө мөнгө захиран зарцуулах шинжтэй бус, ямар нэг ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлгүй бол тухайн ажил, албан тушаалаа үргэлжлүүлэн гүйцэтгэж болох ба бусад тохиолдолд тэдний хэн нэгний ажил, албан тушаалыг өөрчилнө гэж тус тус заасныг зөрчсөн. Гоби консолидетед ХХК-ийн хөрөнгө оруулалттай Зараяа холдингс ХХК-ийн Төв аймгийн Зуун мод дахь газрын эзэмших эрхийг Сүрина инвестмент ХХК-д шилжүүлсэн. Тус компанийн захирлаар Д.Туяа ажиллаж байсан бөгөөд газар эзэмших эрх шилжүүлсний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа болох нь аудитын шалгалтаар тогтоогдсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Тэрээр 2017 оны 9 дүгээр сард компанийн уул уурхайн газрын захиралд уурхайн түлхүүр, 48 төрлийн уурхайд ашиглагддаг хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг авах талаар мэдэгдсэн ч уг шаардлагыг биелүүлээгүй. Энэ үйлдлийг дур мэдэн уурхайг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндөж өөрийнхөө нэгдмэл сонирхолтой этгээдийн эрх ашгийн төлөө ашиглах гэсэн ноцтой үйлдэл гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн бөгөөд компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 4.2.9 болон хөдөлмөрийн гэрээний 9.3-т заасныг зөрчсөн. Түүнийг хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж 13.1.8-д заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Иймд Д.Туяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, компанийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Туяаг Гоби консолидетед ХХК-ийн хангамжийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Гоби консолидетед ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 838 683 төгрөгийг гаргуулан Д.Туяад олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Гоби консолидетед ХХК-д даалгаж, үлдэх 579 776 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Гоби консолидетед ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 76 369 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайхан, өмгөөлөгч Ч.Отгонжаргал нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт байхгүй, татгалзлын үндэслэлд дурдагдсан хариуцагчийн тайлбарын тайлбарлах, татгалзлаа нотлох боломжийг хангаагүй, шинээр гаргаж өгөх нотлох баримтуудыг хэрэг шийдвэрлэхэд харгалзаж үзээгүй, татгалзлын тайлбар, нотлох баримтуудын уялдаа холбоог тайлбарлах, нотлох боломжийг олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь хариуцагчийн хариу тайлбараа нотлох, дэмжих боломжийг олгохгүйгээр хэтэрхий нэг талын байр суурийг барьж, хоёр талын мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд ... Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг М.И.Мушин үйлдсэн гэм буруутай эсэх тухай асуудлыг шийдвэрлэсэн болох нь зохигч талын тайлбараар тогтоогдож байх тул иргэн Д.Туяа болон Гоби консолидетед ХХК-ийн хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоотой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй юм гэж дүгнэсэн. Гэвч хариуцагчийн зүгээс яагаад дээрх эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг хөдөлмөрийн гэрээ цуцлах шалтгаанд үндэслэл болгосон талаар анхаарч үзээгүй байхаас гадна шүүх хуралдаан дээр тайлбарынхаа үндэслэлийг нотлох, баталгаажуулах боломжийг олгоогүй.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын эрүүгийн хэргээс үүдэлтэйгээр хохирогч" гэх талаас Гоби коул энд энержи ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй уул уурхайн тоног төхөөрөмжийг уг хэргийн хохирлын зарим хэсэгт тооцож авах санал ирүүлсэн бөгөөд уг тоног төхөөрөмжүүд нь хэргийн оролцогчдын анхааралд байсан. Гэтэл Д.Туяа нь өөрийн эгч Д.Уранбилэгийн үүрэг даалгавраар тухайн тоног төхөөрөмжийг компаниас авахыг оролдсон нь компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үл хайхран тухайн хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг биелүүлэхийг оролдсон үйлдэл гэж үзэхээр байна. Дээрх үйлдэл нь маш ноцтой зөрчөл юм. Д.Туяагийн гаргасан уг зөрчил нь Эрүүгийн хэргийн тогтоол, магадлалд дурдагдсан тоног төхөөрөмжийн битүүмжлэл, захиран зарцуулахыг хориглосон заалтыг зөрчих үйлдэл тул Эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн тогтоол, магадлалыг хэргийн материалд хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг хангахаас татгалзсан. Ийнхүү нотлох баримтыг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг шүүх нотлох баримтаар гаргах шаардлагагүй гэж үзсэн атлаа шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдаж, мөн дээрх нотлох баримтын ач холбогдолыг тайлбарлах боломжийг хариуцагчид олгоогүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлийг ноцтой зөрчиж шүүх хуралдааныг хийсэн. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан эсэх, Д.Туяа нь ноцтой зөрчил гаргасан эсэх, чухам ямар ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас халж буй талаар тушаалд дурдсан эсэх нь талуудын хоорондын үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм гэж дүгнэсэн атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, ноцтой зөрчлийг гаргасан болохыг тайлбарласан болон баталгаажуулсан баримтыг хэрэгт хавсаргаагүй, хариуцагчийг хариу тайлбараа тайлбарлах, нотлох үүргийг шүүх хуралдааны явцад хангаагүй. Мөн хариуцагчийн тайлбар, татгалзалаа нотолсон баримтыг үнэлээгүй атлаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээг шинжлэн судалж үндэслэх хэсэгт оруулж дүгнэсэн нь нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзнэ. Түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэх аль ч үед хоёр тал эвлэрэн хэлэлцэх боломжтой байхад зохигчдын уг эрхийг эдлүүлэхгүй, талуудаас эвлэрэх эсэхийг асуухгүйгээр шийдвэрлэсэн. Учир нь хариуцагч, нэхэмжлэгч нар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцэх боломжтой талаар ярилцаж байсан. Иймээс дээрх үндэслэлүүдийг хянан үзэж шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 107 дугаар зүйлийн 107.3, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг тус тус ноцтойгоор зөрсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Туяа нь хариуцагч Гоби консолидетед ХХК-д холбогдуулан ажилд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.Туяа нь Гоби коул энд энержи ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн олон нийт, орон нутаг хариуцсан менежерээр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Гоби коул энд энержи ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн HR/01 тоот Ажилтныг толгой компанид шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар хангамжийн менежерээр Гоби консолидетед ХХК-д ажилласан үйл баримтыг түүний нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, Гоби коул энд энержи ХХК-ийн Ерөнхий захирлын тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. /хх-ийн 3-6, 9-10, 11-13 дугаар тал/

Гоби консолидетед ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн GD/09 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.9, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3, 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасан заалтуудыг тус тус баримтлан ажлаас чөлөөлөхдөө Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан магадлалаар байгууллагын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, улмаар хохирол төлбөрийг албадан гаргуулах болсон нь хариуцагч байгууллагын үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсон гэх агуулгаар тусгасан. Уг тушаалын үндэслэл нь ажилтан Д.Туяагийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой хөдөлмөрлөх үүргээ зөрчснөөс үүссэн гэх байдлыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. /хх-ийн 14 дүгээр тал/

Тодруулбал, Гоби коул энд энержи ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэхүү хөдөлмөрийн дотоод журам нь Гоби коул энд энержи ХХК-ийн захиргаа, ажилтнуудын эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хооронд үүсэх хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх харилцаа, компанийн дотоод үйл ажиллагаатай холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулах зорилготой хэмээн заасан байх тул үүнийг Гоби консолидетед ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам гэж үзэхгүй талаар зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч Д.Туяаг газар эзэмших эрх шилжүүлсний төлбөрийг төлөөгүй, уул уурхайн түлхүүр, хүнд даацын тоног төхөөрөмжийг авахыг оролдсон гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байхаас гадна эдгээр үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал-д дурдагдаагүй, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон гэх ноцтой зөрчил /хөдөлмөрийн гэрээний 9.3 дахь заалт/-д хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй.

Хариуцагч Гоби консолидетед ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй тайлбараа Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.Туяад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт, эсхүл үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах бол хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг бүрэн буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулж болно. гэж заасан. Гэтэл Хариуцагчийн шүүх хуралдааныг хаалттай явуулах тухай хүсэлтэд үндэслэлээ заагаагүй, уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь шүүх хуралдааныг хаалттай явуулах гэсэн үндэслэл болохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 568.93 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14

хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ