Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01764

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01764

 

 

 

Д.Гэрэлчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01651 дүгээр шийдвэртэй Д.Гэрэлчимэгийн нэхэмжлэлтэй З.Отгонбаярт холбогдох 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуацгч З.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: З.Отгонбаярт нь ...би 10 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж авъя, харин 3 хувийн хүүнд нь нөхрийн чинь нийгмийн даатгалыг байгууллагынхаа өмнөөс төлж байя гэсэн саналыг тавьсан бөгөөд үүний дагуу надаас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй амаар тохиролцож зээлж авсан. Тэрээр 2 жил гаруй хугацаанд зээлээс 4 000 000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Бичгээр надтай гэрээ байгуулаагүй, амаар тохиролцсон. Үүнээс хойш тэрээр нийт 6 удаагийн төлөлтөөр нийт 3 900 000 төгрөгийг зээл гэсэн утгаар буцаан төлсөн, энэ талаар баримтууд хэрэгт байгаа. Хэрэгт цугларсан буюу хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, цаг хугацааны хувьд авцалдаагүй, нэхэмжлэгч авсан гэх үндэслэлгүй баримтууд байгааг шүүхийн зүгээс анхааран үзэж, хариуцагч З.Отгонбаяраас 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгийн эцгийн төрсөн дүү нь юм. Хамгийн анх Д.Гэрэлчимэг нь над дээр ...би жирэмсэн болсон, аав ээж намайг хүүхдийн минь эцэгтэй суулгахгүй хориглоод байна, та тус болооч гэж хөдөөнөөс ирсэн юм. Хөдөө амьдрал болохгүй, хэцүү байна гэхэд нь Заамараас хотод нүүлгэн авч ирсэн. Төрсөн ах, дүү учраас мал, хашаа, газар зэргийг худалдан авч өгч, өөрсдийг нь төслийн зээлэнд хамруулан өгч амьдрал ахуйд нь маш ихээр тус болсон бөгөөд түүний төрсөн дүүг нь сургуульд оруулж, хуримаа хийхэд нь бүх зүйлийг нь гарган өгч тусалсан. Үүнээс үзэхэд би эдгээр хүмүүсээс буюу Д.Гэрэлчимэг, түүний эцэг З.Доржсүрэн, ээж Ч.Эрхмаа, түүний төрсөн эгч Д.Гэрэлтуяа, төрсөн дүү Д.Гэрэлцэцэг, нөхөр А.Энх-Амгалан нараас нийтдээ 21 260 227.84 төгрөгийг буцаан авах авлагатай байна. Энэхүү мөнгө нь миний сайхан сэтгэлээр тусалж байснаас тусдаа, зөвхөн албан ёсоор зээлсэн мөнгө, эд хөрөнгийн төлбөр гэдгийг шүүх ойлгох хэрэгтэй. Тухайн 21 260 227.84 төгрөгөөс нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь дараах төлбөрийг надад буцааж өгөх үүрэгтэй. Үүнд: Надаас зээлж авсан 4 000 000 төгрөг, түүний нөхрийн өмнөөс төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 2 140 000 төгрөг, бизнес хийхэд нь зориулж зээлсэн 1 000 000 төгрөг, дээрх 1 000 000 төгрөгийн хүү 112 000 төгрөг, хуримд нь зориулан өгсөн 1 338 300 төгрөг, дамжаанд суухад нь өгсөн 38 100 төгрөг, ямааны махны үнэ 30 000 төгрөг нийт 8 658 400 төгрөгийг тэрээр надад буцаан төлөх үүрэгтэй байна.

Ийм учраас Д.Гэрэлчимэг надад 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг буцаан төлсөн. Би Д.Гэрэлчимэг болон түүний ах дүүсэд их тус болсон боловч тусыг мэддэггүй байсан. Гэтэл Д.Гэрэлчимэг ийнхүү 10 000 000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд миний зүгээс буцааж 3 900 000 төгрөгийг өөрт нь зээлсэн юм. Мөнгийг буцаан төлсөн баримтууд дээр зээл гэж утга бичсэн байгаа ч энэ нь би зээлсэн болохоос зээлийг эргэн төлсөн гэсэн үг биш. Д.Гэрэлчимэг болон түүний эгч, дүүс, эцэг, эх, нөхөрт нь би чин сэтгэлээсээ хариу төлбөртэй болон төлбөргүй тусалж, амьдрал ахуйг нь өөд нь татсан. Хэргийн баримтуудаар Д.Гэрэлчимэг болон түүний гэр бүлийнхэн нь надад нийтдээ 21 2 60 227.84 төгрөг төлөх ёстойгоос Д.Гэрэлчимэг нь 10 000 000 төгрөгөө буцаан төлж, өрөө барагдуулсан. Иймд би надаас нэхэмжилж байгаа зээл гэх 6 000 000 төгрөгийг хариуцахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Отгонбаяраас 6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Отгонбаяраас 110 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.шийдвэрлэжээ.

Хариуцагч З.Отгонбаяр давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч надад шилжүүлсэн 10 000 000 төгрөг бол түүний хэлж байгаа шиг 18 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээл биш, харин би өгсөн зээлээ нэхээд байхаар надаас болон гэр бүлийнхээ хамт цувуулан авсан 21 260 227.84 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг эргүүлэн төлсөн явдал юм. Нэхэмжлэгч өөрөө болон гэр бүлийнхэнтэйгээ хамтарч надаас 21 260 227.84 төгрөгийг цувуулан зээлж авсныг нотлох 85 хуудас баримтыг хэрэгт хавсаргасныг шүүх зохих ёсоор үнэлээгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримтуудыг зүй ёсоор үнэлэхийн оронд ... татгалзлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй ... гэж бичсэн, ...талууд 10 000 000 төгрөг шилжсэн талаар маргаагүй, 10 000 000 төгрөг шилжүүлсэн нь талуудын хооронд зээлийн харилцаа үүссэнийг илтгэнэ гэж дүгнэсэн нь тус шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтад тулгуурлах, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, шүүгч хэргийг шийдвэрлэхдээ бодит үнэнийг тогтоох зарчмыг баримтлаагүйг илтгэж байна.

Нэхэмжлэгч амьдрал ахуйд туслаач гэж анх хүсэлт гаргаж байснаараа өөрөө болон гэр бүлийнхэнтэйгээ хамтарч надаас ахуйн болон бусад хэрэгцээндээ зээлсэн 21 260 227.84 төгрөгийн үлдэгдэл 11 260 227.84 төгрөгийг хариуцан төлж барагдуулах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь хариуцагч З.Отгонбаярт холбогдуулан гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.Гэрэлчимэг нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Хаан банк ХХК дахь 5732011527 дугаар данснаас З.Отгонбаярын Хаан банк ХХК дахь 5079078050 дугаар данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. З.Отгонбаяр нь Д.Гэрэлчимэгийн дээрх данс руу 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 200 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100 000 төгрөг нийт 3 900 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 300 000 төгрөг тус тус шилжүүлэн нийт 3 900 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт депозит дансны дэлгэрэнгүй хуулга, орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /хх-ийн 9, 11-12, 175-176, 178 дугаар тал/

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан тоо, хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Зээлдэгч 10 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хоорондын зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс шилжүүлсэн дээрх 10 000 000 төгрөгийг өмнөх харилцаанд үүссэн авлагаа буцаан авсан гэж тайлбарлаж, гомдол гаргаж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагчийн өөрийн татгалзал, түүний үндэслэлээ болгон зааж буй хэргийн 96-174 дүгээр талд авагдсан 85 хуудас гэх баримтаас үзвэл Д.Гэрэлчимэг, А.Энхамгалан нарын нийгмийн даатгалын шимтгэлийг Азурай скай ХХК-аас төлж байсантай холбоотой, З.Доржсүрэн, Д.Гэрэлтуяа нарт зээлийн гэрээгээр мөнгө, бараа материал зээл олгож байсан, түүнчлэн аж ахуйн үйл ажиллагааны данс хөтлөлттэй холбоотой зэрэг баримтууд байна. Эдгээр баримтуудад болон нэхэмжлэгч болон түүний гэр бүлд хариуцагч тусламж, дэмжлэг үзүүлж байсан гэж өөрийнх нь тайлбарлаж буй үйл явдалд үндэслэн нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгийг З.Отгонбаярын өмнө Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээсэн байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Учир нь дээрх баримтуудыг хэн үйлдсэн нь тодорхой бус нэг талын гарын үсэг бүхий баримт байгаагаас гадна эдгээр баримт дээрх зээл буцаав, зээл өгөв, зардал гарав гэх бичвэрт дурдагдсан этгээд нь нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг биш байна.

Өөрөөр хэлбэл, Д.Гэрэлчимэгээс З.Отгонбаярт хууль болон гэрээгээр 10 000 000 төгрөг төлөх үүрэг байсан буюу нэхэмжлэгч нь хариуцагчид өртэй байсан гэх талаар баримт хэрэгт байхгүй байна. Иймд 10 000 000 төгрөгийг буцаан авах нөхцөлтэй өгсөн гэх шүүхийн дүгнэлтийн үндэслэлийг зөв гэж үзнэ. Үүнээс хариуцагчийн буцааж Д.Гэрэлчимэг рүү төлж байсан мөнгөн дүнг /3 900 000 төгрөг/ хасахад 6 100 000 төгрөгийн тооцоо гарах боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 6 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01651 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ