Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/03423

 

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/03423

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дугаар баг... хороо, .. дүгээр гудамж... тоотод оршин суух, Боржигон овогт Д.Г /РД: ..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... гудамж, 46-52 тоотод оршин суух, Ням овогт З.О /РД: .../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч З.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: З.О нь Д.Г надаас 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 10,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй амаар тохиролцож зээлж авсан. Хариуцагч З.О нь 2 жил гаруй хугацаанд зээлээс 4,000,000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. З.О нь бичгээр надтай гэрээ байгуулаагүй бөгөөд танилууд учраас амаар тохиролцсон. Иймд хариуцагчаас зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Оын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Анх мөнгө зээлсэн нь Д.Гээс үүдэлтэй, бид төрөл садангийн хүмүүс юм. 2005 онд Д.Г нь хадмындаа гологдчихлоо гээд над дээр ирсэн, би гэртээ байлгаж, тусалдаг байсан. Би ...ийн гэр бүлд 10 жил тусалсан, ажилд оруулж, мөнгө зээлж байсан. 20,000,000 гаруй төгрөг өгсөн байдаг. Эх, эцэг нь хэцүү амьдралтай байсан учраас би мал авч өгсөн, 8 нэрийн хүнс, барааны дэлгүүр түрээслэж өгсөн, би эднийхэнд маш их тус болдог байсан, надаас мөнгө бага сагаар маш их авч байсан хирнээ надаас мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Хэдэн үеэрээ миний тусламжийг авсан хэрнээ миний мөнгийг өгөхгүй маш удаан явсан, дараа нь ээжийнх нь бие өвдөхөд би харж үзээд харин ч 10,000,000 төгрөг авсан байдаг. Миний тусалсан тусын хажууд энэ бол юу ч биш, 2006-2008 онд хадмууддаа гологдоод явж байхад нь би гэрт нь 5,170,000 төгрөгийн бараа авч өгсөн, дараа нь дэлгүүр, мал гээд авч өгсөн. Миний тус тус биш юм байна. Д.Г 2015 оны 9 дүгээр сарын 1-нд надад 10,000,000 төгрөг өгсөн, надад зээлдүүлээгүй, надаас авсан мөнгөө буцааж өгсөн. Миний ээж нас барсан, намайг хүнд хэцүү байх үед маань мөнгийг маань буцаагаад өгсөн гэж бодсон, байшин барихад зээл өгөв гэж 4,000,000 төгрөгийг өгсөн. ... Солонгос явах гэж байгаа, байрны зээл авах гэсэн юм гэж надаас тусламж авсан. 2,140,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг би төлсөн, би өөрөө зээл авч өгч байсан, миний ээжийг нас барахад хүртэл нэг ширхэг ч мал өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч З.Оаас 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч өмнө зээлсэн мөнгөө буцааж авсан гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч З.Отай 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр зээлийн гэрээ амаар байгуулж, 10,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг амаар байгуулсан бөгөөд гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан тооцно. гэжээ. Нэхэмжлэгч Д.Г нь зээлийн гэрээний дагуу өөрийн эзэмшиж буй 5732011527 тоот Хаан банкны данснаас 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хариуцагч З.Оын 5079078050 тоот данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг ханаагүй бол хүү авах эрхээ алдана. гэжээ. Нэхэмжлэгч нь сарын 3 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн гэх боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн энэ шаардлагад нийцүүлэн хүү нэхэмжлээгүй байна.

 

Хариуцагч нь ... ... нь зээлсэн 10,000,000 төгрөгөө буцааж надад төлсөн гэж маргасан боловч нэхэмжлэгч Д.Гт өмнө нь мөнгө зээлсэн болохоо баримтаар нотолж чадаагүй болно.

 

Иймд хариуцагч З.Оаас 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч З.Оаас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР