Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00041

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01651 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1764 дугаар магадлалтай,

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

З.О-т холбогдох, 

6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч З.О-, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...З.О- нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авъя, харин 3 хувийн хүүнд нь нөхрийн чинь нийгмийн даатгалыг байгууллагынхаа өмнөөс төлж байя гэсэн саналыг тавьсан.  Үүний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийгтүүний ХААН банк дахь дансанд шилжүүлж өгсөн. Бид гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон. Үүнээс хойш тэрээр нийт 6 удаагийн төлөлтөөр нийт 3.900.000 төгрөгийг зээл гэсэн утгаар буцаан төлсөн, энэ талаар баримтууд байгаа. Иймд хариуцагч З.О-аас үлдэх 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.О-ын шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Д.Г-ийн эцгийн төрсөн дүү нь юм. Хамгийн анх Д.Г- над дээр ...би жирэмсэн болсон, аав ээж намайг хүүхдийн минь эцэгтэй суулгахгүй хориглоод байна, та тус болооч гэж хөдөөнөөс ирсэн юм. Хөдөө амьдрал болохгүй, хэцүү байна гэхэд нь Заамараас хотод нүүлгэн авч ирсэн. Төрсөн ах, дүү учраас мал, хашаа, газар зэргийг худалдан авч өгч, өөрсдийг нь төслийн зээлэнд хамруулан өгч амьдрал ахуйд нь маш ихээр тус болсон бөгөөд түүний төрсөн дүүг нь сургуульд оруулж, хуримаа хийхэд нь бүх зүйлийг нь гарган өгч тусалсан. Үүнээс үзэхэд би эдгээр хүмүүсээс буюу Д.Г-, түүний эцэг З.Доржсүрэн, ээж Ч.Эрхмаа, түүний төрсөн эгч Д.Гэрэлтуяа, төрсөн дүү Д.Гэрэлцэцэг, нөхөр А.Энх-Амгалан нараас нийтдээ 21.260.227.84 төгрөгийг буцаан авах авлагатай байна. Тухайн 21.260.227.84 төгрөгөөс Д.Г- нь дараах төлбөрийг надад буцааж өгөх үүрэгтэй. Зээлж авсан 4.000.000 төгрөг, түүний нөхрийн өмнөөс төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 2.140.000 төгрөг, бизнес хийхэд нь зориулж зээлсэн 1.000.000 төгрөг, хүү 112.000 төгрөг, хуримд нь зориулан өгсөн 1.338.300 төгрөг, дамжаанд суухад нь өгсөн 38.100 төгрөг, ямааны махны үнэ 30.000 төгрөг нийт 8.658.400 төгрөгийг тэрээр надад буцаан төлөх үүрэгтэй. Ийм учраас Д.Г- надад 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг буцаан төлсөн. Би Д.Г- болон түүний ах дүүсэд их тус болсон боловч тусыг мэддэггүй байсан. Гэтэл Д.Г- ийнхүү 10.000.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд миний зүгээс буцааж 3.900.000 төгрөгийг өөрт нь зээлсэн юм. Мөнгийг буцаан төлсөн баримтууд дээр зээл гэж утга бичсэн байгаа ч энэ нь би зээлсэн болохоос зээлийг эргэн төлсөн гэсэн үг биш. Иймд нэхэмжилж байгаа зээл 6.000.000 төгрөгийг би хариуцахгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01651 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.О-аас 6.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.О-аас 110.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1764 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01651 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч З.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүх нэхэмжлэлтэй шууд хамааралтай бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй учир шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргасан боловч тус шүүх хариуцагчийн давж заалдсан гомдолд дурьдсан зүйлийг хянан хэлэлцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд зааснаар “Зохигч, оролцогч мэтгэлцэх” эрхийг зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримтуудад эрх зүйн дүн шинжилгээ хийгээгүй нь шүүх хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн явдал бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдлыг гаргах үндэслэл болж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагч З.О-ын гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй байна.

            Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Д.Г- З.О-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6.000.000 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ, “хариуцагчийн хүсэлтээр 10.000.000 төгрөг зээлж, 3.900.000 төгрөг буцааж авсан, үлдэх төлбөрийг гаргуулна” гэснийг, хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч болон түүний гэр бүлд мөнгө зээлж, тусалж дэмжиж байсны төлбөрийг буцаан авсан” гэж маргасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүсч нэхэмжлэгч Д.Г- нь 10.000.000 төгрөгийг З.О-ын ХААН банк дахь дансанд шилжүүлж, хариуцагч 3.900.000 төгрөг буцаан төлсөн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талуудын хэн аль нь үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн байна.

Шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримтуудыг үнэлж, эдгээр баримтаар хариуцагч З.О- нэхэмжлэгч Д.Г-ээс мөнгөний авлагатай нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн байх ба энэ дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд “10.000.000 төгрөгийг төлбөртөө тооцон авсан” гэх хариуцагч З.О-ын тайлбар нотлогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх  нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01651 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1764 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.АМАРСАЙХАН

               ШҮҮГЧ                                                      Г.АЛТАНЧИМЭГ