Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 30

 

П.А-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар, П.Одонтунгалаг, хохирогч “***” ХХК-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.А-, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 922 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1089 дүгээр магадлалтай, П.А-ад холбогдох 1808032580002 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, С.Чулуунбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, цахилгаан холбоо-холбооны алба мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт П-н А-.

П.А- нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 86 тоотод байрлах “***” ХХК-ийн агуулахын хашаанд оршин суух, тус компанийн эд хөрөнгийг хамгаалах үүрэг бүхий этгээд З.Д-гийн гэрт бууг зэвсгийн чанартай хэрэглэн түүний толгойн тус газар нь тулгаж, “***” ХХК-ийн эзэмшлийн 96,759,937 төгрөгийн үнэ бүхий 5 төрлийн цахилгааны кабел утаснуудыг авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар шүүгдэгч П.А-ыг 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, С.Чулуунбаатар нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр шийдвэрүүдийг эс зөвшөөрч шүүгдэгч энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар буюу хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялын тухайд.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчлан тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзнэ гэж хэрэглэх нөхцөлийг шууд тодорхойлжээ.

П.А-ад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон, 1.5-д заасан өөрийгөө илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан байхад ...хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь үндэслэлгүй юм.

Учир нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн үйлдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгслийг илрүүлэх олж тогтооход тусалж цагдаагийн байгууллага, мөрдөгчийн хайгаад олоогүй бууг өөрөө хайж олж цагдаад өгсөн байхад хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж шүүхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг тогтоох хэрэглэх эрх хэмжээг олгосон байна.

Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь харилцан хамаарал бүхий зохицуулалт бүхий харилцаа бөгөөд уг хуульд хэрэгцээгүй буюу зарчмын хувьд хэрэглэгдэхгүй хэм хэмжээ гэж байхгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлыг онцгой нөхцөл байдал гэж дүгнэх, хэрэглэх эрх хэмжээг хэрэгжүүлэх боломжийг хууль тогтоогч олгосон.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч П.А- нь “Шизофрени” хэв шинжит эмгэгтэй болох нь тогтоогджээ. Гэтэл сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 56 дугаар дүгнэлтэд шүүгдэгч П.А-ыг Шизофрени хэв шинжит эмгэгтэй гэдгийг тогтоосон боловч, уг эмгэгээс гадна “засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй” байна гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал, мөн зүйлийн 1.4-т Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн зүйл хэсгийн 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг нотолсон байхыг шаардсан.

Гэтэл засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна гэсэн дүгнэлт нь “Шизофрени” хэв шинжит эмгэгийг засарч сайжирч байна гэж байгаа болох, эсхүл бие даасан эмгэг үү гэдгийг ялган зааглаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульчид дүгнэн шийдвэрлэх боломжгүй тусгай мэдлэг шаардагдах тул дээрх дүгнэлтэд бичигдсэн байдал нь “Шизофрени” хэв шинжит эмгэгийн төрөл болох сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй, эсхүл эмгэг засарч сайжирч байна гэх дүгнэлтийн аль нь гэдэг нь эргэлзээ бүхий байна.

“Шизофрени” өвчин нь негатив, позитив хэмээх онцлох шинжүүд хослон илэрдэг эмнэлзүйтэй, архаг явцтай дотоод шалтгаантай сэтгэцийн хүнд буюу солиорох эмгэг юм. Өөрөөр хэлбэл хүрээлэн байгаа бодит үзэгдэл юмсыг зөв тусгаж танин мэдэх чадвараа алдаж, тэдгээрийг гаж буруугаар, хий хоосноор, хувирч өөрчлөгдсөнөөр тусгаж, тэдгээрийн хоорондын харилцаа холбоог саланги, тасархай байдлаар хүлээн авч, улмаар өөрийн үйлдлийн зөв бурууг цэгнэх буюу нийгмийн шаардлагад тохируулан биеэ авч явах чадвараа алдахыг шизофрени гэнэ гэж интернетэд уг өвчний талаарх мэдээлэлд авагджээ.

Сэтгэцийн эмгэг өвчний олон улсын ангиллын систем нь ICD-10 V(F) Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргадаг буюу гишүүн улс орнууд энэ ангиллыг мөрддөг ба Монгол улс мөн энэ ангиллын системийг мөрддөг.

Гэтэл Шүүх сэтгэц эмгэг судлалын 56 дугаар дүгнэлтэд уг өвчний онош нь эмгэг өвчний олон улсын ангиллын системийн аль ангилалд хамаарч байгааг нэрлээгүй ба манай улсад мөрдөгддөг олон улсын ангилалд засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэг нь Р20-шизофрени ангилалд байхгүй байгаа нь ойлгомжгүй бөгөөд П.А-ын сэтгэцийн эмгэг нь Р20-шизофрени эмгэгийн ангиллын аль ангилалд хамрагдаж байгаа болох нь тодорхойгүй буюу шүүгдэгчийн бусад хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Шүүх шинжилгээгээр тогтоогдсон байдалд дүгнэлт хийхдээ шинжээчийн дүгнэлтийн 4-т заасан Шизофрени хэв шинжит эмгэг нь эмийн эмчилгээнд засрал сайжирлын байдалтай байна гэсэн хэсгийг ач холбогдолтой гэж шийдвэртээ заажээ.

Гэтэл эмгэгт байдал ямар хэлбэрээр явагдаж байсан болох, ямар хугацаанд, ямар эмчилгээ хийлгэсэн болох, уг эмчилгээний үр дүнд засрал сайжралын байдалд байгаа болохыг шинжээч дүгнэлтдээ зааж тодруулаагүй байгаа нь нотлох баримтын бүрэн гүйцэд эргэлзээгүй байх шаардлагыг хангаагүй байхад шийдвэрлэжээ.

Хэрэг хариуцах чадваргүй байдал нь, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон асуудлыг багтаасан ойлголт тул П.А-ын сэтгэцийн эмгэг, эмчилгээ хэзээ хийгдэж ямар байдлаас засарч сайжирсан болох, гэмт хэрэг үйлдэхэд засарч сайжирсан байсан уу, эсхүл гэмт хэрэг үйлдэгдсэний дараа засарч сайжирсан уу, засарч сайжирсан гэж байгаа нь уг эмгэгт өвчний шинж гарахгүй буюу ямар нэг эмгэггүй, эдгэрсэн гэж үзэх үү, эсхүл эдгэрч байна гэж үзэх үү гэх зэрэг олон нөхцөл байдлыг тодруулснаар шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэт нотлон тогтоосноор эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хууль хэрэглээний сонголтонд нөлөөлөх байсан

Шүүгдэгч П.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээгээгүй биш хүлээжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мэдүүлэг гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулахаар бичгээр болон аман хэлбэрээр өгч байгаа мэдээлэл болохыг заажээ.

П.А- нь “зэвсэг хэрэглээгүй” гэж мэдүүлээгүй ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ бууг манаачийн гэрт авч орсноо хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин бууг авч явсан зорилгоо, найзуудтайгаа тарваганд явах гээд машиныхаа ард зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй буу авч явж байсан. Цагдаагийн дуут дохио дуугараад ирж байгаа юм шиг санагдаад, сандраад манаачийн гэрийн хашааг давуулаад хаях гэж байгаад, сандарсандаа болоод манаачийн гэрт авч орсон. Би манаачийг айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй гэж мэдүүлснийг зэвсэг хэрэглээгүй гэж мэтгэлцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба, харин ч зэвсэг хэрэглэсэн буюу манаачийн гэрт буу авч орсон болохоо тодорхой мэдүүлжээ. Харин гэм буруутай үйлдлээ тайлбарлахдаа, айлгаж сүрдүүлээгүй, сандрахдаа гэх зэрэг шалтгаант холбоо, логик дараалалгүй тайлбар гарган мэдүүлжээ.

Гэм бурууг хүлээх хэлбэрийг шүүх үгийн оновчтой хэлбэр, өөрийгөө илэрхийлэх байдлаар нь явцуу хүрээнд, гэм буруугаа хүлээгээгүй буюу зэвсэг хэрэглээгүй гэж мэтгэлцдэг гэсэн дүгнэлт өгсөн байх ба, бодит байдал дээр зэвсэг хэрэглэсэн, манаачийн гэрт авч орсон зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлын талаарх хэрэг үйлдсэн гэм бурууг шүүгдэгч хүлээн мэдүүлсэн байна.

П.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь илэрхий нотлогдсон буюу үйлдэл дээрээ баригдсан, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад хуулиар олгогдсон боломжит шалгуурыг эдлэх нөхцөлийг П.А-ын сэтгэл зүй, оюун санаанд, ял шийтгэлээс үүссэн айдас түгшүүрээс үүдэлтэй бодит байдлаас гажих, мөн чанар шалтгаант холбоонд бодит дүгнэлт өгөх чадваргүй, болсон асуудлыг утга төгөлдөр тайлбарлаагүй мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхдээ ашигтайгаар үнэлэх боломж шүүхэд хуулиар огт олгогдоогүй биш, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхэд олгогдсон байсан.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн заалтаар сэтгэцийн өвчтэй шүүгдэгчийн мэдүүлэгт эрх зүйн дүгнэлт хийхдээ ухаан санаа эрүүл шүүгдэгчид тавигдах шалгуур нөхцөлийг тавьж шийдвэрлэжээ.

Шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал журамлан хөнгөрүүлэх үүрэг байхгүй боловч, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг .... нийгмийн .... байдал ....ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтын хүрээнд, мөн сэтгэцийн өвчтэй шүүгдэгчийн мэдүүлэгт ашигтай байдлаар дүгнэлт хийж гэм буруугаа хүлээж байгаа, дахин хэрэг хийхгүй гэсэн П.А-ын гэм буруугаа дүгнэсэн байдлыг түүний сэтгэц оюун ухааны байдалтай харьцуулж шийдвэрлэх боломж байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгож дахин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн эрх ашигт халдахгүй байх сэтгэл зүйн хандлагад төрөөс хуулиар олгож буй боломж хөнгөлөлт гэдгийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ойлгож байгаа болно.

Сэтгэцийн эмгэг өвчтэй П.А- нь нь гэм буруугаа хүлээж манаачийнд зэвсэг авч орсон талаараа мэдүүлсэн, мөн хэрэглэсэн зэвсгээ өөрөө сайн дураараа олж цагдаагийн байгууллагад өгсөн байхад зэвсэг хэрэглээгүй гэж мэтгэлцсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зорилго мөн чанарыг хангаагүй гэж анхан шатны шүүх хуульд заасан боломжийг хязгаарласан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг шууд утгаар нь үгчлэн тайлбарлаж, агуулга мөн чанарын хувьд, зөв дүгнэлт өгөөгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай уялдуулж логик дүгнэлт хийлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Сэтгэцийн өвчнөөс бусад хараа, сонсгол, тулгуур эрхтэний эмгэгт бэрхшээлтэй байсан бол П.А-ыг гэм буруугаа бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэж болох боловч, оюун санааны хувьд эмгэгт өвчтэй П.А-аас бүрэн төгс, утга найруулгын илэрхийллийг шаардах боломжгүй ба шаардсан ч П.А-ын хувьд уг шаардлагын хүрээнд мэдүүлэг өгөх эсэх нь эргэлзээтэй юм.

Шинжээч мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлт нь хэргийн байдлаар ач холбогдолтой мэдээлэл тайлбар гаргах боломжийг дүгнэснээс биш, өөрийгөө илэрхийлэх, хийсэн хэргээ дүгнэх оюун ухааны чадвартай гэсэн дүгнэлт өгөөгүй.

Иймд П.А- нь өөрийн үйлдсэн хэргийг шийдвэрлэхэд болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн ба харин түүний гэмт хэргээ дүгнэж илэрхийлэхдээ илэрхий нотлогдсон, мөн өөрийн мэдүүлсэн зүйлээсээ гажууд өгсөн дүгнэлтээр гэм бурууг хүлээгээгүй гэж энэ хэргийн хувьд өгсөн шүүхийн дүгнэлт учир дутагдалтай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуульд заагаагүй хүндрүүлэх байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн тухайд.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг дүгнэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дурдсан хэрнээ мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлах өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авахгүй байх үндэслэлдээ “шүүгдэгч зэвсэг хэрэглээгүй гэж мэтгэлцсэн” гэх үндэслэлээс гадна дараах байдлыг харгалзан үзсэн гэж дүгнэжээ. Үүнд П.А-ыг гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг ашигласан буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид хор уршгийг ихэсгэж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн байдлыг үндэслэн гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй. мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд П.А-ад холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэж, хүн бүрд хуулиар олгогдсон боломжийг олгон, хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмын хүрээнд нотлох баримт болон холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байгааг хянан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан шийдвэрлэж, П.А-ад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг заасан. Энэ нөхцөл байхад харгалзахгүй байх эрх хэмжээ шүүхэд хуулиар олгогдоогүй. П.А- гэмт хэрэг үйлдсэн зэвсэг буюу бууг цагдаагийн байгууллага олоогүй байхад өмгөөлөгчийн хамт хайж байгаад олж, хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн. Гэтэл хариуцлагыг хөнгөрүүлээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар байтал харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Сэтгэцийн өвчин гэдэг нь төгс эдгэрэхгүй өвчин бөгөөд сэтгэл санаа, амьдралын хэв шинж болон улирлын байдлаас сэдэрдэг өвчин юм байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ шизофрени хэв шинжит эмгэгтэй байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг  хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шизофрений хэв шинжит эмгэгтэй хүн өөрийгөө сөргөөр илэрхийлэх, үгээрээ үйл явдлыг бүрэн гүйцэд тайлбарлаагүй нь эрх зүйн боломжийг хязгаарлах үндэслэл болохгүй. Буруу, зөв ярьж байгаа боловч хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж байгаа байдлыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна гэж үзэх боломжтой.

Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзээд түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгчийн эцэг, эх нь Завхан аймгаас ирсэн байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Гарцаа байхгүй өвчтэй гэх шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гарсан. Эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчим бий. Дүгнэлтийн 5 дахь хэсгийг анхаарч үзэхийг эрхэм шүүгч нараас хүсье. Шүүгдэгч хэрэг үйлдэх үедээ өвчин нь сэдэрсэн байсан бөгөөд гурван сарын дараа засрал сайжралын үедээ орсон байх үед дүгнэлт гарсан юм. Тухайн өвчин сэдэрсэн үед өөрт болон бусдад аюултай талаар дурсан байгаа. Миний үйлчлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм бурууд огт маргахгүй байгаа.

Анхан шатны шүүх гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа боловч зарим үйлдлийг үгүйсгэх гэсэн байр сууриар хандсан буюу санахгүй, мэдэхгүй гэх мэдүүлгийг өвчтэй хүн өгсөн гэдгийг анхаарч үзээгүй. Цагдаагийн бие бүрэлдэхүүн бууг олоогүй байхад нь үйлчлүүлэгчдээ ойлгуулж, тарваганы нүхнээс олж, цагдаад хүлээлгэж өгсөн.

Эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж, миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч П.А- нь хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь нотлогдсон.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Гэмт хэргийг үйлдэхээр заналхийлж, довтолсны дараа цагдаа ирэхэд зугтсан, буцаж ирсэн үйл явдлаас харахад хэргийн нөхцөл байдлыг бүрэн ухамсарлаж байсан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэм бурууд таарсан ял оногдуулсан, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, С.Чулуунбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн П.А-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

П.А- нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 86 тоотод байрлах “***” ХХК-ийн агуулахын хашаанд хадгалагдаж байсан кабель утаснуудыг ачиж явах зорилгоор манаач З.Д-г галт зэвсгээр сүрдүүлэн, түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.А-ад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүхээс П.А-ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, тухайн гэмт хэргийн үндсэн шинж болгон тодорхойлсон нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлээгүй үндэслэл болгон буруу дүгнэж, түүнчлэн шүүгдэгчийн оюун ухааны шинж байдал, сэтгэцийн онцлог байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулснаар ял шийтгэлийн хэр хэмжээг зохистой байдлаар тогтоож чадаагүй байна.         

Хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан дүгнэвэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүдэгчийн зүгээс өөрийн үйлдэлд хандаж буй хандлага, түүний мэдүүлгийн агуулга, шинж байдлыг тодорхойлохдоо сэтгэцийн онцлог шинжийг нь зайлшгүй харгалзан үзэж бодитой дүгнэлт хийх ёстой бөгөөд шизофрений хэв шинжит эмгэгтэй хүний илэрхийллийн агуулгаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжтой байгаа, мөн шүүгдэгчийн энэхүү хувийн байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцлог нөхцөлд хамаарч байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан П.А-ад оногдуулсан 5 жил хорих ялыг 3 жил 6 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 922 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1089 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч П.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, С.Чулуунбаатар нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хангасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН