Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 922

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж,

иргэдийн төлөөлөгч С.Ч,

улсын яллагч А.М,

хохирогч “МХС” ХХК-ний хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.А,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч С.Ч (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0325 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт П.А, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, “МХС” ХХК-ны Улаанбаатар хот дахь салбарын кабельчнаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хорооллын .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ИЦ0000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч П.А нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Малчины .. дугаар гудамжны .. тоотод байрлах “МХС” ХХК-ын агуулахын хашаанд оршин суух, тус компанийн эд хөрөнгийг хамгаалах үүрэг бүхий этгээд З.Д-н гэрт спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварын бага оврын калибрийг зэвсгийн чанартай хэрэглэн түүний толгойн тус газар нь тулгаж, “МХС” ХХК-ийн эзэмшлийн 96.759.937 төгрөгийн үнэ бүхий 5 төрлийн цахилгааны кабель утаснуудыг авах зорилгоор хүч хэрэглэж, “би шийдсэн хүн шүү” гэх мэтчилэнгээр хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч П.А мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 9-ний орой би 2 найзыгаа  хамт кабель ачаад өг гэж гуйгаад байгууллагынхаа хашаанд очсон. Би байгууллагын хашаанд орохдоо манаач З.Д-т “З захирал кабелийн утаснууд аваад ир” гээд намайг явууллаа гэж худал хэлээд орсон. Байгууллагын хашаанаас няравын зөвшөөрөлгүй ямар нэгэн  зүйл гаргаж болохгүй гэхээр З.Д-г няравтай утсаар яриулахад кабелийн утаснуудыг өгч явуулах боломжгүй гэж хэлсэн. Утсаар ярьж дуусаад нярав цагдаа дуудсан бололтой удалгүй цагдаагийн дуут дохио дугараад ирж байгаа юм шиг санагдах үед би маш их сандарсан. Учир нь би найзуудтайгаа тарваганд явах гээд машиныхаа ард зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй буу аваад явж байсан. Би цагдаа нарыг ирэхээс өмнө тухайн бууг машинаасаа аваад манаачийн гэрийн хашааг давуулаад жалгаруу шидэх гэж байгаад сандарсандаа болоод манаачийн гэрт аваад орсон. Гэхдээ би манаачийг айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Тэднийхээс гараад буугаа хаячихаад буцаад байгууллагын хашаанд орж ирэхэд манай 2 найзыг цагдаагийн машинд суулгасан байсан. Намайг хашаанд орж ирэхэд цагдаагийн машинд суулгаад аваад явсан. Маргааш өглөө нь цагдаа нартай хамт нөгөө буугаа хайгаад олохгүй байсан болохоор дараа нь өмгөөлөгчтэйгөө хамт хайж байгаад жалганы ойролцоох жижиг нүхнээс олоод цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэв.

2. Хохирогч Д.А мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө энэ хэрэг гарсан байна. 7 дугаар сарын 10-ны өглөө байгууллагын удирдлагууд энэ асуудлыг мэдээд шуурхай хурал зарласан. Тухайн өдөр болсон асуудал гэвэл Сонгинохайрхан дүүрэгт байрлах манай агуулахад  кабельчин П.А буу барьж орж ирээд байгууллагын манаач болон түүний гэр бүлийнхэнд буу тулгаж 97 сая орчим төгрөгийн үнэ бүхий кабелийн утас авах гэж оролдсон. Сонгинохайрхан дүүрэг дэх  цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч “Танай байгууллагыг хохирогчоор тогтооно” гэж хэлсний дагуу гүйцэтгэх захирлын итгэмжлэлээр миний бие хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон. Манаач З.Д-н хэлж байгаагаар “Тухайн өдөр манай охин 2 хүүхэдтэйгээ хамт манай гэрт хонож байсан. Гэтэл манай охиныг 00 орсон байхад П.А нь өөрийн машин болон ачааны машины хамт байгууллагын хашаанд орж ирээд З захирал намайг кабель аваад ир гэж явууллаа. Хэрэв итгэхгүй байвал З захиралтай яриад үз гээд утсаар манаачийг утсаараа яриулахад З захирлын хоолой биш байсан гэсэн. Манаач З.Д нь кабельчид агуулахаас кабель авахдаа ерөнхий инженерийн цохолттойгоор няраваас  авдаг гэдгийг мэддэг байсан болохоор нярав Г-руу залгасан байсан. Манаач З.Д нь нярав Г-той утсаар ярих үедээ П.А-г түүнтэй яриулахад П.А нь няравт хандаж “Яаралтай кабель хэрэгтэй байна” гэж хэлсэн байдаг. Нярав Г нь шөнө болсон байсан ч гэсэн өөрийн ажил үүргийн шаардлагыг тавьсан. З.Д нь хэлэхдээ П.А-г түүний гэрт дайрч орж ирээд бидэнд улаан лазер туяатай буу тулгаад агуулахын түлхүүрээ өг гэж хэлээд түлхүүрүүдийг авсан. Тухайн үед П.А нь надад одоо алдах юм байхгүй би шийдсэн хүн шүү гээд бууны замаг татахад түүний барьж байсан буунаас сум унасан гэсэн. П.А нь тэдний гэрээс гарахдаа З.Д болон түүний гэр бүлийн хүмүүсийн бүх гар утаснуудыг аваад хаалгыг нь түгжээд гарсан байдаг. Түүнийг гарсны дараа З.Д нь өөрийнхөө гэрт байсан эвдэрхий “Жи Мобайлын” гар утсыг асаагаад бидэнд энэ тухай мэдээллэсэн. Манаач З.Д нь ийм аюултай нөхцөл байдал үүссэн болохоор “Би өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж ажлаасаа гармаар байна” П.А бол намайг заначихсан байгаа гээд хэрэг болсон өдрөөс хойш нэг сарын дараа буюу 8 дугаар сард өөрийн өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан байдаг. Би хэргийн материалтай танилцаад үзэхэд З.Д болон түүний гэр бүлийн хүмүүсийн өгсөн мэдүүүлгийг үнэн гэж үзэж байгаа. Тухайн өдөр П.А-тай хамт явж байсан түүний 2 найзуудын өгсөн мэдүүлэгт “П.А нь байгууллагын хашаанд орсон хойноо цагдаа ирэхээс өмнө чийгний гудсанд ороосон бууг бариад манаачийн гэрт орсон” гэсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгч хэрэв тухайн өдөр П.А нь бүх кабелийн утаснуудыг аваад явсан бол танай байгууллагад нийт хэдэн төгрөгийн хохирол учрах байсан талаар тодруулахад манай байгууллагын нягтлангууд тооцоог нь гаргаж өгөхөд нийтдээ 97 сая орчим төгрөгийн хохирол учрахаар байсан. Манай хэрэглэдэг кабелиуд нь том дамартай байдаг болохоор гадаа ил байдаг. Бид кабелийн утаснуудаа ажлын хэрэгцээ шаардлагын хүрээнд их хэмжээгээр нөөцөлдөг. Манай байгууллага нь байцаан шийтгэх ажиллагаанд хохирогчийн болон иргэний нэхэмжлэгчийн эдлэх эрх үүргийг хүлээж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр өөрсдийн мэдэж байгаа бүх зүйлсийг үнэн зөвөөр мэдүүлэх үүргийнхээ хүрээнд манай гүйцэтгэх захирал мэдүүлэг өгсөн байдаг. Мөн Улаанбаатар хотын сүлжээний дарга М, ерөнхий инженер Н.Н, кабель шугам 34 тасагт ажилладаг Н.Н-н эхнэрийн Т нар гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг.  Шүүгдэгчийн 2 дахь удаагийн мэдүүлэгт надтай Т хамтарсан гэсэн боловч Т түүнийг үгүйсгэсэн байдаг. Энэ гэмт хэргийн улмаас манай байгууллагад бодитой хохирол учраагүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед ...А залгаад орой 3-4 цаг хийх ажил байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...А-тай уулзаад... “ямар ажил байгаа юм бэ” гэж асуусан чинь түр зуур байж бай ...М хүлээж байгаа гэж хэлсэн. Тэгээд ...М А-с “ямар ажил хийх юм бэ” гэж асуусан чинь А “кабел ачуулах юм, та хоёр туслаад өг, крантай очих юм, тэр краны оосорлох ажилд нь туслаад өг” гэж хэлсэн. ...Мөн А би хүнтэй уулзчихаад ирье “та хоёр кран олоод юм уу, дугаарыг нь олоод байж бай” гэхээр нь ...бид хоёр ...гурвалжингийн тэнд очоод кран хайгаад ...кран дээр утасны дугаар байхаар нь би М-н дугаараар залгасан. ...Тэгээд кранаа Баянхошууны тойрог дээр хүрээд ир гэж хэлчихээд А, М бид гурав Тахилт руу манай гэр рүү ...явсан. Манай гэрт оччихоод тэндээсээ хаягыг нь мэдэхгүй нэг хашааны гадаа яваад очсон. Тэнд очоод байж байхад краны хүн залгаад “ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгсэн А “би манаачтай уулзаад байж байя, та хоёр явчихаад ир” гэж хэлээд бууж үлдсэн. Тэгэхдээ машинийхаа багажнаас нэг юм аваад байх шиг байсан. Би яг юу авсаныг анзаарч хараагүй. ...Тэгээд бид хоёр тухайн крантай машиныг дагуулж ирээд ...зогсоогоод байж байсан чинь А хашааны гадаа зогсож байсан. ...А “та нар байж бай” гэж хэлээд өөрөө манаачынх руу орохдоо ...гялгар хуйлчихсан юм ...бариад орсон. Тэгээд ...орсноос хойш 1 цаг гаран болсны дараа манаачтайгаа цуг гарч ирэхэд А, манаач хоёр муудалцаад байх шиг байсан. Манаач хэлэхдээ “би дарга нарын зөвшөөрөлтэй хаалгаа онгойлгоно, тэрнээс нааш онгойлгохгүй” гэж хэлээд байх шиг байсан. ...А манаач хоёр гэр рүүгээ буцаж орж байж байснаа А нь хашааны түлхүүр авч гарч ирээд хашааны хаалга онгойлгосоноо “одоо болсон ярьчихлаа дамартай цахилгааны утаснуудаа ачиж эхэл” гэж хэлчихээд А буцаад харуулын байр руу яваад орчихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

2. Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний орой ...А “кабель ачина, манай ерөнхий инженер дарга нар мэдэж байгаа ажил дууссаны дараа 800.000 төгрөг” өгнө гэж хэлсэн. ...А краны жолоочтой нь яриад Баянхошууны тойрог дээр хүрээд ир гэж жолоочтой нь ярьж байсан. ...Тэгээд А, Э бид хоёрыг өөрийнхөө машинд суулгаад аваад Баянхошуу руу явсан. ...би яг хаягыг нь мэдэхгүй байна нэг хашааны гадаа очоод зогсож байтал нөгөө краны жолооч нь залгаад “Баянхошууны тойрог дээр ирчихсэн байна” гэж хэлэхэд А “та хоёр очоод аваад ир” гэж хэлээд өөрөө бууж үлдсэн. Тэгж буухдаа машины хойд талын багажнаас “чийгний гудас авна” гэж нарын хуйлсан гудас авч байх шиг байсан. Бид хоёр нөгөө краны жолоочийг тосч авах гээд Э машиныг нь бариад би хажууд нь суугаад явсан. Бид хоёр краны жолооч дээр очиж уулзаад дагуулаад нөгөө хашаан дээр ирсэн. Тэгэхэд А хашааны гадаа манаачтай уулзаад байж байснаа дотогшоо ороод харуулын байр руу нь орчих шиг болсон. Тэгээд хэсэг байж байснаа А гарч ирснээ хашааны хаалга онгойлгоод кран яваад орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

3. Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад 01 цаг 13 минутанд миний 9898..82 гэсэн дугаар руу 8812..73 гэсэн утаснаас дуудлага ирсэн. Утсаа аваад ярьтал “дамартай кабел ачуулах гэсэн юм, 2 удаа явна” гэхээр нь ... “шөнө ажиллахгүй маргааш өглөө 06 цагаас явья” гэтэл тэр залуу “одоо яаралтай зөөлгүүлэх гэсэн юм, мөнгийг чинь ахиухан өгье ...800.000 мянган төгрөг өгье” гэхээр нь би зөвшөөрөөд ...Баянхошууны тойрог дээр байдаг “Шунхлай” ШТС дээр уулзахаар болсон. ...Баянхошууны тойрог дээр ирчихээд нөгөө залуу руу утсаар ярьтал “Зүүн салаа руу явдаг дугуй засварын хажууд зогсож байна, хүрээд ир” гэхээр нь явж очоод дахиад залгаад “ирчихлээ чи яачихваа” гэтэл тэр залуу “би яг очиж байна, 25-37 гэсэн Приус маркийн машинтай явж байгаа шүү” гээд удалгүй миний хажууд ирж зогссон. Тэгээд намайг “хойноос дагаад яв” гээд, би хойноос нь дагаж явсан. Дагаж явж байгаад Зүүн салааны нэг гудамруу явж ороод хашааны гадна зогссон. Тухайн үед машиндаа сууж байхад нөгөө Приус маркийн машинаас нийт 3 хүн бууж ирсэн. Мэдээлэл холбооны технологи гэсэн цамцтай залуу нь хашааруу ганцаараа манаачтай нь уулзана гэж ороод харин нөгөө 2 залуу нь гадаа машиныхаа хажууд үлдсэн. Тэгээд хэсэг байж байгаад тэр залуу гарч ирсэн бөгөөд би тэр залууг яасан бэ, гээд яаруулсан чинь удахгүй ачна гэж...хэлсэн. Тэгээд байж байтал хашаан дотроос нэг настай ах, эгч хоёр гарч ирээд нөгөө цэнхэр ажлын хувцастай залуутай уулзсан. Би машинаасаа бууж ажлын цамцтай залуугаас “юу ачих юм бэ” гэтэл надад “дамартай кабель ачна, ороод харчих” гээд хэлсэн. Тэгэхээр нь би хашааруу нь явган явж орж харчихаад байж байтал нөгөө манаач гэх ах Г гэдэг хүн рүү утсаар яриад байгаа бололтой тэр залууг түүнтэй яриулсан. Тэгж яриулчихаад тэр манаач ах “та нарт цахилгааны утас өгөхгүй, та нар няравыг авчирч байж, цахилгааны утсаа аваарай” гэж хэлээд бид нарыг хашаанаас гар гээд хэлсэн. Бид гарах гээд алхаж байтал нөгөө ажлын хувцастай залуу хашааны тоосгоны хажуу талаас цагаан өнгийн дэсвгэрээр ороочихсон боолттой урт юм аваад хашаанаас гарсан юм. Намайг...машиндаа суугаад... зүүрмэглээд байж байтал нөгөө ажлын цэнхэр цамцтай намайг хөлсөлсөн залуу хэсэг хугацааны дараа “за ороорой” гээд хашааны хаалга онгойлгож намайг машинтай оруулаад, ...дамартай 4 цахилгааны кабель зааж өгөөд надаар ачуулсан. Би нэгийг нь ачаад байж байтал цагдаагийн машинтай цагдаа нар бас нэг саарал өнгийн жийптэй хүн орж ирсэн юм. ...Намайг хөлсөлсөн гэх залуу тэр манаачийг буугаар сүрдүүлж хаалгыг нь онгойлгож тэгээд намайг хашааруугаа оруулж тухайн цахилгааны утсыг ачуулсан байсныг би манаачаас сонссон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

4. Хохирогч З.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед шөнө нохой хуцаад байхаар нь ...камеруудаа шалгаад үзтэл хашааны хаалганы гадаа нэг хүн цаашаа явж байснаа...буцаад манай хашааны үүдэнд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь гараад “юун хүмүүс бэ” гээд яваад очсон. Тэгтэл ...байгууллагын хувцас өмссөн залуу “байгууллагаас явж байна. Бид нар кабел ачихаар ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нярав Г руу утсаар залгаад “хүмүүс хүрээд ирлээ, кабел авах ёстой юм уу” гэж асуухад “тийм зүйл огт байхгүй”...гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай байгууллагын хувцас өмссөн ...залууд утсаа өгтөл миний утсыг аваад цаашаа яриад яваад өгсөн. ...тэгээд хэсэг хугацааны дараа утас авчирч өгөхдөө өөрийнхөө утсаар хүн рүү залгаад “З захирал байна яриадах” гэхээр нь би утсаар нь ярихад “З захирлаас өөр хоолойтой хүн, наад кабелиудаа ачуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариу хэлээгүй утсыг нь өөрт нь өгчихөөд гэрлүүгээ яваад орчихсон. Тэгээд гэртээ камераа хараад байж байтал нэг залуу нь манай хашаагаар ...гартаа цагаан мөнгөлөг өнгийн гялгар юм бариад орж ирсэн ба ...үүдний амбаарт гялгар зүйлээ орхиод гэрт буу бариад ороод ирсэн. Тэгээд буугаа гаргаж ирээд “би шийдсэн хүн шүү. Би энэ кабелийг ачиж явна” гэж намайг айлган сүрдүүлэхээр нь ...би “чи хөгшин намайг яах гэсийн бэ чамд ашиг байхгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл бүх утаснуудыг хурааж аваад ... “хашааны хаалганы түлхүүр өг” гэж хэлэхээр нь би түлхүүр өлгөсөн байсан газрыг нь зааж өгсөн. ...түлхүүр авч гараад гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлоод өөрөө цонхны дэргэд зогсож байснаа хашааны хаалганы гадна зогсож байсан нэг зулууг дуудаад түлхүүрээ өгсөн. Тэгээд хашаан дотор байсан кабелийг ачиж эхэлсэн... хашаанд 5 дамартай цахилгааны утас байсан...тухайн машин дээр нэг дамар ачсан, хоёр дахь дамараа ачих гэж байхад байгаад цагдаа нар ирж барьж авсан...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

5. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө унтаж байсан чинь 02 цагийн үед манай нөхөр Д “манай хашааны урдуур гурван хүн явж байна” гэж хэлсэн.  Тэгэхээр нь би босоод нөхрөө үүдний гэрлээ асаа гээд асаалгасан. Тэгээд байж байтал нэг нь манай хашаа руу орж ирээд манай гэр лүү чиглээд алхаад байхаар нь “ямар хүн, ямар учиртай явж байгаа юм бэ” гэж асуусан чинь тэр хүн “З инженерийн тушаалаар гурван инженер явж байна. Танай хашаанаас кабел ачиж амралтын газар руу очиж юм хийх шаардлагатай” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр “Г няравтай ярина тэгж байгаад шийднэ” гэж хэлээд Г руу залгаад ярьтал “Г юун хүмүүс вэ? ...утсаа наад хүмүүстээ өгөөдөх яръя” гэж хэлсэн. Тэр хүн Г-той “З инженер явуулсан... Т, Н, бас нэг хүний нэр хэлээд” ярьж байх шиг байсан. ...Тэгээд манай нөхөр утсаа аваад эргээд Ганболд няравтай ярьсан чинь “Г наад хүмүүстэй юм өгч явуулж болохгүй, шүү хүний нэр барьсан хүмүүс байх шиг байна” гэж хэлсэн. ...манай нөхөр З захирал гээд байгаа хүнтэй нь ярьсан чинь З захирлаас нь өөр хоолоотой хүн дуугарсан гэсэн. Манай нөхөр урд нь З гээд захиралтайгаа уулзаж байсан ...болохоор хоолойг нь мэднэ гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр нөгөө залууд “Г няравыг ирэхээр болъё, бид нар юм өгч чадахгүй иртэл нь хүлээ” гэж хэлээд бид хоёр гэрлүүгээ орсон. ...Д цонхоор харж байхдаа нөгөө залуу юм барьчихсан ирж явна гэж хэлтэл нөгөө залуу гэрт эрээн урт дурантай буу барьчихсан орж ирсэн. Тэр үед миний утас дуугарсан ба би утсаа аваад яриж байхдаа орилоод “юун буу вэ” гэж хэлтэл нөгөө залуу миний утсыг булаан аваад бас ...нөхрийн ширээнд дээр байсан утсыг аваад халаасандаа хийчихсэн. Тэгснээ ...өвгөн рүү буугаа шагайгаад “би шийдсэн хүн” гэж хэлээд өвгөний толгойд буугаа тулгасан, тэгэхээр нь би орилоод “чи яагаад ингэж байгаа юм чамд юу хэрэгтэй юм” гэсэн чинь тэрээр “хашааны түлхүүр авна” гэхээр нь... хаалганд өлгөсөн даавуун оосортой түлхүүр ...аваад шууд гарч яваад манай гэрийн хаалгыг гадна талаас нь түгжсэн. ...би гэртээ охин С, том охин О-ийн 2 хүүхэд, нөхөртэйгээ байсан. Хэрэг гарах үед С жорлонд бие засах гээд гарчихсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

6. Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед ...цахилгаан холбооны ажлын хувцастай ...энгэртээ ажлынхаа үнэмлэхийг зүүчихсэн ...залуу кабел ачна гэх зэрэг юм ярьж байсан... Тэгэхэд нөгөө залуу Г гээд няравтай ярьж байхдаа “Т гэж инженертэй хамт явж байна” гэж хэлээд байсан. ...тэгээд аав ээж хоёр утсаа аваад орчихсон. Тэгээд байж байтал гэрт орж ирсэн хүн гялгар юманд ороосон зүйл бариад гэрт орчихсон ...удаагүй байж байтал манай ээж Ц орилохоор нь би гүйгээд хажуу айлын хашаа руу дамжиж ороод хажуу айлын хүнээс цагдаа руу залгаад өг гэж хэлсэн. ...Би гэр дотор болсон асуудлын талаар мэдэхгүй. Аав, ээжийн ярианаас сонсоход нөгөө залуу гаднаас буу гаргаж орж ирээд “түлхүүрээ өг, буудна шүү, би шийдсэн хүн” гэж хэлээд буу шагайсан гэж сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

7. Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 02 цаг өнгөрч байхад ...манай компаны хашааг манадаг харуул болох Д надруу залгаад “крантай машинтай хүмүүс ирээд дамартай холбооны утас авна гээд байна, хэн ав гэсэн юм бэ, өгөх юм уу, хэрэв өгөхөөр бол өөрөө ирж энэ хүмүүст гаргаж өг” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би ямар хүмүүс байна ...гэтэл ...Д намайг нэг хүнтэй яриулсан. Би тэр хүнийг “ямар учиртай юм бэ” гэж асуутал тэр хүн “35-ийн инженер Н ...байна, З захирал ярьсан, наадмын талбайд кабел тат гэсэн, 2 дамар кабел авах гэж ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, надад дарга нарын хэн нь ч дамартай кабел авна гэж хэлээгүй”, ...“ямар кабел авах гээд байгаа юм” ..гэтэл тэр хүн “мэдэхгүй, дамартай кабел л авна” гэж хэлсэн. Тэгээд тэр хүн надад хандаж “Та З захирал руу ярь” гэхээр нь би “ярихгүй та нар кабел авахаар бол бичиг баримтаа бүрдүүлж ирээд ав” гэж хэлээд ...утсаа салгасан. Тэгээд байж байтал харуул Д надруу залгаад “энэ хүмүүс явахгүй, кабел авна гээд байна” гэхээр нь би “битгий өг” гэж хэлтэл тэрээр “намайг өөрөө ирж учрыг нь ол” гэж хэлсэн. ..Тэгээд надруу нэлээн олон удаа залгасан бөгөөд би “битгий өг” гэж хэлээд утсаа таслаад байтал надруу байн байн залгаад байсан. Тэгээд ...хэсэг чимээгүй байж байгаад би 03 цагийн орчим харуул Д руу юу болсон талаар асуух гэж залгатал утсаа авахгүй байж байгаад утсаа аваад ярихдаа “...чи ирж байна уу” гэхээр нь би “юу болсон юм бэ” гэтэл утасны цаана нэг эмэгтэй хүн “яагаад та нар буу гээд орилох шиг болоод” ...утас нь тасарсан юм. ...Тэгээд би гэрээсээ гарч шууд явж очсон бөгөөд замдаа 102-луу залгаж цагдаа дуудсан. ...хашааруу явж очиход хашааны хаалга онгорхой дотор нь кран ороод зогсчихсон, дамартай кабел аччихсан, 3-4 эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би тэр хүмүүсээс “юун хүмүүс бэ, ямар хүн ачуулж байгаа юм” гэтэл тэд нар “ачуулж байгаа хүн байшин дотор байгаа” гэж хэлэхээр нь би байшин руу явж орох гэтэл яг өөдөөс цэнхэр өнгийн “Холбоо мэдээллийн сүлжээ” компаний ажлын цамц өмсчихсөн эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг “чи яаж байгаа юм бэ, чи юун хүн бэ” гэтэл тэр залуу өөрийгөө “Е дүү Н байна” гэхээр нь би “би Н-г таньдаг, чи хаанахын Н бэ” гэж хэлээд ...нааш ир гэтэл хойшлоод амбаарлуу гараа явуулахаар нь би холдоод ...кран байсан машин руу алхсан. Тэгтэл тэр залуу ирээгүй хойно хоцорсон бөгөөд би цагдаад очоод нөгөө залуу нь тэнд байна гэж хэлж заагаад буцаад байшингийн үүдэнд яваад очтол тэр залуу байхгүй болчихсон байсан. ...би краны жолоочоос “та нар ямар хүмүүстэй хамт ирсэн юм бэ” гэтэл тэрээр “инженер гээд байсан залууг өөрөө приус маркийн машинтай явж байсан” гэж хэлсэн бөгөөд тэр залуу гаднаас шууд “приус-20” маркийн машинтай хувцсаа сольчихсон орж ирсэн. ...Би манаачаас юу болсон талаар асуухад, манаач надад “тухайн хүмүүст дамартай кабель өгөхгүй гэж хэлээд байж  байтал өөрийгөө инженер гээд байсан цэнхэр өнгийн “МХС” ХХК-ны ажлын хувцастай залуу нь дурантай том буу гаргаж ирээд над руу тулгаад хашааны түлхүүр авч хашааны хаалга онгойлгож намайг гэрт хориод нөгөө кранаа оруулж кабел ачсан гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар...ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 4575, замаг 4102 дугаартай буу нь буудлага үйлдлэнэ.

2. Шинжилгээнд 5,6 мм-ийн /хуучнаар/ ЗХУ-д үйлдвэрлэсэн сангийн анги 4575, замаг 4102 гэсэн дугаартай, гол төмрийг нь тайрсан, “Bushnell 3-9Х32EG” загварын дуранг суурилуулсан, спорт- ангийн зориулалттай ТОЗ-8 загварын бага калибрийн винтов бууг ирүүлсэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50),

9. Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Малчины .. дугаар гудамжны .. тоот хашаа нь “МХС” төрийн өмчит компанийн агуулахын хашаа. Би “МХС” ХХК-ийн хуулийн зөвлөх ажилтай. Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. ...манай агуулахын гадаа 5 дамартай том хосын физик кабелууд байсан. Тухайн хашаанд

- “Сувагчлалын физик кабел ТПП” нэг метрийн үнэ 18.075 төгрөг, нийт 550м кабел...нийт үнэлгээ нь 9.941.640.50 төгрөг,

- “Сувагчлалын физик кабел ТПП 600х2” нэг метрийн үнэ 24.356 төгрөг, нийт 1749м кабел...нийт 42.600.000 төгрөг,

- “Сувагчлалын физик кабел ТПП 1200х2” нэг метрийн үнэ 44.103 төгрөг, нийт 710м кабел...нийт 31.533.000 төгрөг,

- “Сувагчлалын физик кабел ТПП 1800х2” нэг метрийн үнэ 60.792 төгрөг, нийт 194м кабел...нийт 11.793.000 төгрөг,

- “Агаарын шилэн кабел 6 core” нэг метрийн үнэ 981 төгрөг, нийт 909м кабел...нийт 891.729 төгрөгийн үнэтэй ба нийт 96.759.938 төгрөгийн үнэтэй кабелиуд. ...манай байгууллагын агуулахаас бараа, бүтээгдэхүүн гаргах...ажлыг нярав Г хариуцдаг. Няраваас өөр хүн бараа бүтээгдэхүүн гаргах эрх байхгүй. Бараа бүтээгдэхүүн даргын цохолттой байж няраваар дамжиж ...гаргана. Тэрнээс кабелчин болон инженер тухайн агуулахаас бараа бүтээгдэхүүн гаргана гэж байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

10. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд “...5 нэр төрлийн кабель нийт 96.759.937 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 59-60),

11. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын .. дугаар дүгнэлт

1. П.А нь шизофренийн хэв шинжит эмгэг, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна.

2. П.А дээрхи эмгэг нь дотоод шалтгаантай удамших хандлагатай сэтгэцийн эмгэг болно.

3. П.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ шизофренийн хэв шинжит эмгэг, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

4. П.А дээрхи эмгэг эмийн эмчилгээнд засрал сайжралын байдалтай байна.

5. П.А дээрх эмгэг нь хөдөлж сэдэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй болно. Харин засрал сайжралд байгаа үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг одоогоор урьдчилсан тогтоох боломжгүй болно.

6. П.А нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

7. П.А нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.

8. П.А нь хэрэг хариуцах чадвартай байна.

9. П.А эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

10. П.А нь Шизофренийн хэв шинжит эмгэг, засрал сайжралын байдалтай байгаа тул хэрэг хариуцах чадвартай бөгөөд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-57),

12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-12), “МХС” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэл (хавтаст хэргийн 13), улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 102), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол  (хавтаст хэргийн 157-158), шинжээчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 197-198), сэжигтэнийг 2018 оны 7 дугаар сарын 11-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 69),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 146), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 75, 147, 148), эрүүл мэндийн байдлын талаарх баримтын хуулбар (хавтаст хэргийн 83-100), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 103-119), хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүхэд гаргаж өгсөн шүүгдэгчийн эхнэр Т.Ө-н хувийн байдлын талаарх баримтууд зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч шүүгдэгч П.А нь хууль зөрчсөн үйлдэл хийсэнтэй маргахгүй. Гэхдээ дээрмийн гэмт хэрэг гэхэд эргэлзээтэй байдаг. Дээрмийн гэмт хэрэг нь олон янзын хэлбэр аргаар үйлдэгддэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч П.А нь ажлынхаа хувцастай, үнэмлэхээ үзүүлээд тээврийн хэрэгсэлтэй очоод манаачтай маргасан байдаг. Өөрөөр хэлбэл орой нь цагаас өглөө болтол манаачийн мэдэлд байсан юмыг авахаар айлган сүрдүүлсэн байгаа нь дээрмийн гэмт хэрэг мөн үү гэдэгт эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Буу авч очсон гэх боловч тухайн буу нь сумгүй байсан. Мөн хохирол төлбөрийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Тодруулбал 4 ширхэг дамартай утас авах байсан талаараа мэдүүлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл дээр 2 ширхэг дамартай утас багттах байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мөн мэдүүлсэн байгаа тэгэхээр улсын яллагч 5 ширхэг дамартай кабел утас дээрэмдсэн гэж ялалсаныг зөвшөөрөхгүй. Тиймээс шүүгдэгч П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч П.А нь өөрийн ажилладаг “МХС” ХХК-ийн агуулахын хашаанаас кабел утас авах зорилгоор найз Г.Э, А.М, өөр дээрээ өргөгч механизмтай, тэвштэй тээврийн хэрэгслийн жолооч Ч.Д нартай тус газарт очсон байна. Энэ үед хохирогч буюу агуулахын хашааны манаач З.Д нь П.А-д хууль ёсны шаардлага тавьж өгөхгүй гэж маргалдсаны улмаас шүүгдэгч нь хохирогчид буу тулгасан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.А нь гэмт үйлдлээ эхлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх шинжтэйгээр үйлдэж эхэлсэн боловч тухайн үйлдлээ төгсгөхдөө зэвсэг хэргэлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч П.А нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Малчины .. дугаар гудамжны .. тоот хашаа буюу “МХС” төрийн өмчит компанийн агуулахын хашаанаас 2018 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн 03 цагийн орчим, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, 96.759.937 төгрөгийн үнэлгээ бүхий 5 нэр төрлийн кабел утаснуудыг авахаар хохирогч З.Д-д хүч хэрэглэхээр заналхийлж, спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварын бага оврын 5.6 мм-н калибр буу тулгаж довтолсон болох нь

- Хохирогч З.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед ...байгууллагын хувцас өмссөн залуу “байгууллагаас явж байна. Бид нар кабел ачихаар ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нярав Г руу утсаар залгаад “хүмүүс хүрээд ирлээ, кабел авах ёстой юм уу” гэж асуухад “тийм зүйл огт байхгүй”...гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай байгууллагын хувцас өмссөн ...залууд утсаа өгтөл миний утсыг аваад цаашаа яриад яваад өгсөн. ...тэгээд хэсэг хугацааны дараа утас авчирч өгөхдөө өөрийнхөө утсаар хүн рүү залгаад “З захирал байна яриадах” гэхээр нь би утсаар нь ярихад “З захирлаас өөр хоолойтой хүн, наад кабелиудаа ачуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариу хэлээгүй утсыг нь өөрт нь өгчихөөд гэрлүүгээ яваад орчихсон. Тэгээд гэртээ камераа хараад байж байтал нэг залуу нь манай хашаагаар ...гартаа цагаан мөнгөлөг өнгийн гялгар юм бариад орж ирсэн ба ...үүдний амбаарт гялгар зүйлээ орхиод гэрт буу бариад ороод ирсэн. Тэгээд буугаа гаргаж ирээд “би шийдсэн хүн шүү. Би энэ кабелийг ачиж явна” гэж намайг айлган сүрдүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр нөгөө залууд “Г няравыг ирэхээр болъё, бид нар юм өгч чадахгүй иртэл нь хүлээ” гэж хэлээд бид хоёр гэрлүүгээ орсон. ...Д цонхоор харж байхадаа нөгөө залуу юм барьчихсан ирж явна гэж хэлтэл нөгөө залуу гэрт эрээн урт дурантай буу барьчихсан орж ирсэн. Тэр үед миний утас дуугарсан ба би утсаа аваад яриж байхдаа орилоод “юун буу вэ” гэж хэлтэл нөгөө залуу миний утсыг булааж аваад бас ...нөхрийн ширээнд дээр байсан утсыг аваад халаасандаа хийчихсэн. Тэгснээ ...өвгөн рүү буугаа шагайгаад “би шийдсэн хүн” гэж хэлээд өвгөний толгойд буугаа тулгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

- Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт орж ирсэн хүн гялгар юманд ороосон зүйл бариад гэрт орчихсон ...удаагүй байж байтал манай ээж Ц орилохоор нь би гүйгээд хажуу айлын хашаа руу дамжиж ороод хажуу айлын хүнээс цагдаа руу залгаад өг гэж хэлсэн. ...Аав, ээжийн ярианаас сонсоход нөгөө залуу гаднаас буу гаргаж орж ирээд “түлхүүрээ өг, буудна шүү, би шийдсэн хүн” гэж хэлээд буу шагайсан гэж сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

- Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...харуул Д надруу залгаад “энэ хүмүүс явахгүй, кабел авна гээд байна” гэхээр нь би “битгий өг” гэж хэлтэл тэрээр “намайг өөрөө ирж учрыг нь ол” гэж хэлсэн. ..Тэгээд надруу нэлээн олон удаа залгасан бөгөөд би “битгий өг” гэж хэлээд утсаа таслаад байтал надруу байн байн залгаад байсан. Тэгээд ...хэсэг чимээгүй байж байгаад би 03 цагийн орчим харуул Д руу юу болсон талаар асуух гэж залгатал утсаа авахгүй байж байгаад утсаа аваад ярихдаа “...чи ирж байна уу” гэхээр нь би “юу болсон юм бэ” гэтэл утасны цаана нэг эмэгтэй хүн “яагаад та нар буу гээд орилох шиг болоод” ...утас нь тасарсан юм. ...Би манаачаас юу болсон талаар асуухад, манаач надад “тухайн хүмүүст дамартай кабель өгөхгүй гэж хэлээд байж  байтал өөрийгөө инженер гээд байсан цэнхэр өнгийн “МХС” ХХК-ны ажлын хувцастай залуу нь дурантай том буу гаргаж ирээд над руу тулгаад хашааны түлхүүр авч хашааны хаалга онгойлгож намайг гэрт хориод нөгөө кранаа оруулж кабел ачсан гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А “би манаачтай уулзаад байж байя, та хоёр явчихаад ир” гэж хэлээд бууж үлдсэн. Тэгэхдээ машинийхаа багажнаас нэг юм аваад байх шиг байсан. ...А “та нар байж бай” гэж хэлээд өөрөө манаачынх руу орохдоо ...гялгар хуйлчихсан юм ...бариад орсон. Тэгээд ...орсноос хойш 1 цаг гаран болсны дараа манаачтайгаа цуг гарч ирэхэд А, манаач хоёр муудалцаад байх шиг байсан. ...А манаач хоёр гэр рүүгээ буцаж орж байж байснаа А нь хашааны түлхүүр авч гарч ирээд хашааны хаалга онгойлгосон...” гэх мэдүүлэг (хавтаст эхргийн 33-34),

- Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А...машины хойд талын багажнаас “чийгний гудас авна” гэж нарын хуйлсан гудас авч байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

- Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...МХТ гэсэн цамцтай залуу нь хашааруу ганцаараа манаачтай нь уулзана гэж ороод харин нөгөө 2 залуу нь гадаа машиныхаа хажууд үлдсэн. Тэгээд хэсэг байж байгаад тэр залуу гарч ирсэн. ...Тэгээд байж байтал хашаан дотроос нэг настай ах, эгч хоёр гарч ирээд нөгөө цэнхэр ажлын хувцастай залуутай уулзсан. ...манаач ах “та нарт цахилгааны утас өгөхгүй, та нар няравыг авчирч байж, цахилгааны утсаа аваарай” гэж хэлээд бид нарыг хашаанаас гар гээд хэлсэн. Бид гарах гээд алхаж байтал нөгөө ажлын хувцастай залуу хашааны тоосгоны хажуу талаас цагаан өнгийн дэсвгэрээр ороочихсон боолттой урт юм аваад хашаанаас гарсан юм. Намайг...машиндаа суугаад... зүүрмэглээд байж байтал нөгөө ажлын цэнхэр цамцтай намайг хөлсөлсөн залуу хэсэг хугацааны дараа “за ороорой” гээд хашааны хаалга онгойлгож намайг машинтай оруулаад, ...дамартай 4 цахилгааны кабель зааж өгөөд надаар ачуулсан. Би нэгийг нь ачаад байж байтал цагдаагийн машинтай цагдаа нар бас нэг саарал өнгийн жийптэй хүн орж ирсэн юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн .... дугаар дүгнэлтэд “...2. Шинжилгээнд 5,6 мм-ийн /хуучнаар/ ЗХУ-д үйлдвэрлэсэн сангийн анги 4575, замаг 4102 гэсэн дугаартай, гол төмрийг нь тайрсан, “Bushnell 3-9Х32EG” загварын дуранг суурилуулсан, спорт- ангийн зориулалттай ТОЗ-8 загварын бага калибрийн винтов бууг ирүүлсэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

  Иймд шүүгдэгч П.А-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Д нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй, “МХС” ХХК-д бодит учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан хоёр хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 загварын бага калибрийн винтов буу, мөнгөлөг өнгийн чийгний гудсыг устгуулах зохих байгууллагад шилжүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч П.А нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн эд мөрийн баримтыг сайн дураар гаргаж өгсөн, түүний эрүүл мэндийн байдал, ахуй амьдарлын хувьд эхнэр нь 4-6 насны хоёр хүүхэдтэй, одоо 2 сартай жирэмсэн, түрээсийн байранд амьдардаг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч П.А-г гэмт хэрэг үйлдэхдээ ТОЗ-8 загварын нь 5,6 мм-ийн бага калибрийн гол төмрийг нь тайрсан, “Bushnell 3-9Х32EG” загварын дуран суурилуулсан зэвсэг ашигласан буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид хохирол, хор уршгийг ихэсгэж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн байдал болон тэрээр “зэвсэг хэрэглээгүй” гэж гэм буруугийн талаар маргасан байдлыг тус тус харгалзан нь шүүхээс улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Хэдийгээр шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч хуульд заасны дагуу гэм буруугаа дээрх хуульд заасны дагуу бүрэн хүлээн зөвшөөрөөгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч П.А бусдад төлөх төлбөргүй, тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шизофренийн хэв шинжит эмгэг, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.А нь 2019 оны 7 дугаар сарын 11-ны өдөр (хавтаст хэргийн 69) шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, хэзээ суллагдсан нь тодорхойгүй хэрэгт энэ талаарх баримтгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй” гэж заажээ.

Тиймээс П.А-н 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр баривчлагдан хэзээ суллагдсан нь тодорхойгүй байдлыг түүнд ашигтайгаар шийдвэрлэж 48 цаг буюу 2 хоног баривчлагдсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу эрүүгийн 1808 0325 00000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ЗХУ-д үйлдвэрлэсэн сангийн анги 4575, замаг 4102 гэсэн дугаартай, гол төмрийг нь тайрсан, “Bushnell 3-9Х32EG” загварын дуранг суурилуулсан, спорт- ангийн зориулалттай ТОЗ-8 загварын бага калибрийн винтов бууг хэрэгцээний дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, нэг талдаа ногоон эрээн, нөгөө талдаа мөнгөлөг өнгөтэй, хэмжээ тодорхойгүй чийгний гудсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт П.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.А-г 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.А-н шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1808 0325 00000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн

- ЗХУ-д /хуучнаар/ үйлдвэрлэсэн сангийн анги 4575, замаг 4102 гэсэн дугаартай, гол төмрийг нь тайрсан, “Bushnell 3-9Х32EG” загварын дуранг суурилуулсан, спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварын 5,6 мм-ийн бага калибрийн галт зэвсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгцээний дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж,

- хэмжээ тодорхойгүй, нэг тал нь ногоон эрээн нөгөө тал нь мөнгөлөг өнгийн чийгний гудасыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус байгууллагад шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч П.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧ                                                            Т.АЛТАНТУЯА

                                                                                          Л.БААТАР