Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1089

 

П.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 922 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.А-д холбогдох эрүүгийн 1808 03258 0002 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн П-н А, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан холбоо-холбооны алба мэргэжилтэй, “М....” ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбарын КШ-34-т кабельчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

П.А нь 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө ........ тоотод байрлах “М..” ХХК-ийн агуулахын хашаанд, компанийн эд хөрөнгийг хамгаалах үүрэг бүхий З.Д-н гэрт спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварын бага оврын калибрийг зэвсгийн чанартай хэрэглэн, түүний толгойн тус газар нь тулгаж, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн эзэмшлийн 96.759.937 төгрөгийн үнэ бүхий 5 төрлийн цахилгааны кабель утаснуудыг авах зорилгоор хүч хэрэглэж, “би шийдсэн хүн шүү” гэх мэтээр хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд хөрөнгийг авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.А-н шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1808 0325 80002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ЗХУ-д /хуучнаар/ үйлдвэрлэсэн сангийн анги 4575, замаг 4102 гэсэн дугаартай, гол төмрийг нь тайрсан, “Вushnell 3-9Х32EG” загварын дуранг суурилуулсан, спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварын, 5.6 мм-ийн бага калибрийн галт зэвсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгцээний дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, хэмжээ тодорхойгүй, нэг тал нь ногоон эрээн, нөгөө тал нь мөнгөлөг өнгийн чийгний гудасыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Үүнд: Би тухайн үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр харамсаж, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Шүүх намайг зарим байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэн, 5 жилийн хорих ял оногдуулсан. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл хүлээж байна. Төрийн хуулийн хөнгөрүүлэх зүйл, заалтад хамрагдсангүй. Би мэдэхгүй, санахгүй байгаа зүйлээ байгаагаар нь мэдүүлсэн. Энэ байдлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзсэн байх. Давж заалдах шатны шүүхэд ялгаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг ойлгох байх гэж бодож байна. Яг үнэндээ тухайн хэрэг үйлдэгдэх агшинд миний өвчин сэдэрсэн, хөдөлсөн юм шиг байна лээ. Учир нь, би улсын дугаартай машин унаад үнэмлэх бичиг баримтаа үзүүлээд найз нөхдөө дагуулаад хийж байгаа үйлдэл маань эрүүл хүний үйлдэл биш гэдгийг хожим ухаарч гэмшиж байна. ... Би өмнө нь нагац ахындаа очсоноо мэдэхгүй, 3 давхараас үсэрч, хөлөө хугалж гэмтлийн эмнэлэг, шар хадны эмнэлэгт сахиуртай хэвтэж байлаа. Энэ тухай мөрдөн байцаагч болон шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн. Нэгэнт сэтгэцийн эмч хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн болохоор би буруутай гэж ойлгож байна. Сэтгэцийн эмч надаас болсон асуудлыг асуухад би байцаагч, өмгөөлөгчийн хэрэгт авагдсан баримтууд зэргээс мэдсэнээрээ, өөрийнхөө зарим зүйлийг санаж байгаа хэмжээнд хариулт өгч ярилцсан. Энэ үе нь хэрэг болсноос хойш 3 сарын дараа буюу Шархадны эмнэлэгт 17 хоног хэвтэн эмчлүүлж, галзуугийн эмээ ууснаас хойш харьцангуй хүнтэй харилцан ярилцах чадвартай үед хийгдсэн дүгнэлт гэж бодож байна. ... Би энэ бүгдийг бичиж байгаа нь гарцаагүй надад байгаа өвчнийг та бүхэн зөв тунгаан ойлгоосой гэсэндээ өчиж байна. Хохирлын тухайд: Тухайн кабель ачих машинд 2 ширхэг дамар утас ачих багтаамжтай. Энэ талаар хохирлын тооцоонд залруулга хийж өгнө үү. Би бусдыг айлгасан, байгууллагын эд хөрөнгийг хууль бусаар авах оролдлого хийсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хоригдсон байгаа хугацаандаа эмчийн зөвшөөрлөөр эмээ ууж байгаа. Миний ар гэрийн хүнд байдал, 6 сартайгаас 4 настай хоёр хүүхдийг минь бодож, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч П.А-н өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч П.А нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруу болон үйлдсэн хэргийнхээ талаар маргаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, дахин хэрэг, зөрчилд холбогдохгүй явж чадахаа илэрхийлсэн. Гэвч шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дурдахдаа “хэдийгээр шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ч хуульд заасны дагуу гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжид хамааруулахгүй шийдвэрлэсэн. Энэ шийдвэртэй холбогдуулан дараах дүгнэлтийг хийж байна.

1. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаартай дүгнэлтэд “П.А нь шизофренийн хэв шинжит эмгэг, засрах сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь дотоод шалтгаантай, удамших хандлагатай сэтгэцийн эмгэг болно. П.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ шизофренийн хэв шинжит эмгэг, засран сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Дээрх эмгэг нь хөдөлж сэдэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй болно. П.А нь мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэх дүгнэлтийг 3 сар 9 хоногийн дараа П.А-тай сэтгэцийн шинжээч уулзаж, ярилцах явцад гаргасан байна. Гэмт хэрэг болсны маргааш нь миний биеийг байлцуулан мэдүүлэг авах гэсэн боловч П.А-н биеийн гадаад төрх байдал, сэтгэл  зүй, мөрдөн байцаагчийн асуултад хариулж буй байдал зэргээс шалтгаалан олон удаа байцаалт хойшилсон. Улмаар урьд нь эмчлүүлж байсан эмчид хандан Шархадны эмнэлгийн хурцын тасагт 17 хоног хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс үзэхэд, тухайн үед П.А-н өвчин эмгэг нь сэдэрсэн байж болох талтай гэж үзэж байна. Харин шинжээчийн дүгнэлт нь П.А-н өвчин сайжралд орж байх үед гарсан. Үүнээс гадна шинжээчийн дүгнэлтийн 5-д засрал, сайжралд байгаа үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг одоогоор урьдчилан тогтоох боломжгүй гэж дурдсан байна. Тэгвэл гэмт хэрэг гарах үед П.А-н өвчин нь сэдэрсэн байсан эсэх, хэрэв сэдэрсэн байсан бол үнэн зөв мэдүүлэх, өөрийгөө удирдан жолоодох чадвар, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тодорхойлох шаардлагатай байна. П.А нь хэрэг үйлдэгдэх үеийн үйл явдлыг төгс сайн мэддэггүй ч хэргийн материалд авагдсан өөрийн мэдүүлгээс гадна бусад нотлох баримтад хүндэтгэлтэй хандаж байгаа. Анхан шатны шүүх П.А-г гэм буруугаа заримыг нь хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэсэн нь сэтгэл санааны хувьд дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан өвчинтэй зайлшгүй холбоотой гэж үзэж байна.

2. Хохирлын тухайд хэдийгээр төлөх төлбөргүй боловч тооцоог шүүх буруу тооцоолж, 4 дамар кабель утсыг 5 дамар гэж шийдвэрлэсэн. Үүнд: Шүүгдэгч П.А нь 4 дамар кабель авах гэж очсон. Миний дагуулж очсон крантай машинд 1 удаагийн явалтаар 2 кабель утасны багтаамжтай машин байсан. Би жолоочтой нь 2 удаа явна, 1 явалт нь 400.000 төгрөг, нийлээд 800.000 төгрөг гэж тохирсон. Гэрч Д мэдүүлэхдээ “... хэдийг өгөх юм бэ гэсэн чинь 600.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би хоёр удаагийн явалтаар бага байна гэж хэлсэн. ...” гэснээс үзэхэд 5 дамар кабель утас биш, 4 дамар болох нь тогтоогдож байна.

Иймд давж заалдах шатны шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна.

1. Хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.5, 1.6 дахь заалтад зааснаар нотолбол зохих байдлыг шалгуулах. Үүнд: П.А-н өвчин эмгэг нь гэмт хэрэг үйлдэх үе буюу 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд сэдэрсэн байсан эсэх, хэрэв шинжээчийн дүгнэлтийн 5-д аюул учруулж болзошгүй нөхцөлд байсан бол хэрэг хариуцах чадвартай эсэхийг тодорхойлуулах.

2. Засрал сайжралд байгаа үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэдгийг тодорхойлуулах.

3. Хохирлыг зөв тодорхойлуулах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

П.А нь 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө ......... тоотод байрлах “М...” ХХК-ийн агуулахын хашаанд, компанийн эд хөрөнгийг хамгаалах үүрэг бүхий З.Д-ын гэрт спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварын бага оврын калибрийг зэвсгийн чанартай хэрэглэн, түүний толгойн тус газар нь тулгаж, “М...” ХХК-ийн эзэмшлийн 96.759.937 төгрөгийн үнэ бүхий 5 төрлийн цахилгааны кабель утаснуудыг авах зорилгоор хүч хэрэглэж, “би шийдсэн хүн шүү” гэх мэтээр хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд хөрөнгийг авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн төлөөлөгч Д.А-ны “... П.А нь манай байгууллагад ажилладаг. ... Манай агуулахын гадаа 5 дамартай том хосын физик кабелиуд байсан. ... Нийт 96.759.938 төгрөгийн үнэ бүхий кабелиуд байсан. ... Байгууллагын агуулахаас бараа бүтээгдэхүүн гаргахад хариуцаж гаргадаг агуулахын нярав Ганболд гэдэг хүн байдаг. Няраваас өөр хүн бараа бүтээгдэхүүн гаргах эрх байхгүй. ...” /1 хх 18-19/,

            хохирогч З.Д-ын “... Шөнө нохой хуцаад байхаар нь би гараад камеруудаа шалгаж үзтэл хашааны хаалганы гадаа нэг хүн цаашаа явж байсан. Тэгснээ буцаад манай хашааны үүдэнд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь гараад “юун хүмүүс вэ” гээд яваад очтол нэг байгууллагын хувцас өмссөн залуу нь “байгууллагаас явж байна, бид нар кабель ачихаар ирлээ” гэж хэлсэн. Би Ганболд нярав руу утсаар залгаад “хүмүүс ирж кабель авах ёстой юм уу” гэж асуухад “тийм зүйл огт байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “манай байгууллагын хувцастай юм байна” гэж хэлтэл “надтай яриул” гэсэн. Би утсаа байгууллагын хувцас өмссөн залууд өгтөл миний утсыг аваад цаашаа яриад явсан. ... Тэгээд гэртээ камераа хараад байж байтал нэг залуу нь манай хашаагаар орж ирж байсан ба гартаа цагаан өнгийн мөнгөлөг, гялгар юм бариад орж ирж байснаа үүдний амбаарт гялгар зүйлээ орхиод буу бариад ороод ирсэн. Тэгээд буугаа гаргаж ирээд “би шийдсэн хүн шүү, би энэ кабелийг ачиж явна” гэж намайг айлган сүрдүүлсэн. Тэгэхээр нь би “чи хөгшин намайг яах гэсэн юм бэ, чамд ямар ч ашиггүй ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл бүх утаснуудыг маань хурааж аваад буу гаргаж ирчихээд “хашааны хаалганы түлхүүр өг” гэж хэлсэн. Би түлхүүр тэр байна гээд түлхүүр өлгөсөн байсан газрыг зааж өгсөн. Тэгээд түлхүүр авч гарснаа гэрийн хаалгыг гаднаас нь цоожлоод өөрөө цонхны дэргэд зогсож байснаа хашааны хаалганы гадна зогсож байсан нэг залууг дуудаад түлхүүрээ өгсөн. Тэгээд нөгөө залуу нь буцаж гүйгээд хашааны хаалга онгойлгоод крантай машин орж, хашаанд байсан кабелийг ачиж эхэлсэн. Тэр хооронд цагдаа нар ирсэн. ...” /1 хх 22-23/,

гэрч Д.Г-н “... Манай компанийн харуул Д над руу залгаад “крантай машинтай хүмүүс ирээд дамартай, холбооны утас авна гээд байна” гэхээр нь “ямар хүмүүс байна вэ” гэхэд нэг хүнтэй яриулсан. Тэр хүнийг ямар учиртай юм бэ гэж асуутал “35-ийн инженер Нимүүн гэж хүн байна, Золоо захирал ярьсан, наадмын талбайд кабель тат гэж хэлсэн...” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, надад дарга нар кабель авна гэж хэлээгүй...” гээд утсаа салгасан. ... Би цагдаа нарын хамт хашаа руугаа ортол хаалга онгорхой, дотор нь кран орж зогсоод дамартай кабель ачиж байсан. ...” /1 хх 26-27/,

гэрч Ч.Д-н “... Шөнө гэртээ унтаж байхад миний утсанд дуудлага ирсэн. Аваад ярьтал “дамартай кабель ачуулах гэсэн юм, хоёр удаа явна” гэсэн. ... Би “шөнө ажиллахгүй, өглөө явъя” гэтэл тэр залуу “одоо яаралтай зөөлгүүлэх гэсэн юм, мөнгийг чинь ахиухан өгье. ... 800.000 төгрөг өгье” гэхээр нь би зөвшөөрөөд “мөнгөө бэлэн авна шүү” гэж хэлсэн. ... Би машиндаа сууж байсан ба “Тоёота приус” загварын машинаас 3 хүн бууж ирээд “Мэдээлэл холбооны технологи” гэсэн цамцтай залуу нь хашаа руу ганцаараа манаачтай нь уулзана гэж ороод нөгөө хоёр залуу нь машиныхаа хажууд үлдсэн. ... Би хашаа руу явган орж харчихаад байж байтал манаач гэх ах Г гэдэг хүн рүү утсаар яриад байгаа бололтой тэр залууг яриулсан. Яриулж дуусчихаад манаач гэх ах “та нарт цахилгааны утас өгөхгүй, няравыг авчирч байж аваарай” гээд бид нарыг хашаанаас гар гэсэн. Бид нар гарах гээд алхаж байтал нөгөө ажлын хувцастай залуу хашааны тоосгоны хажуу талаас цагаан өнгийн дэвсгэрээр ороочихсон, боолттой урт юм аваад хашаанаас гарсан. Би хашааны гадна гараад машиндаа суугаад зүйрмэглээд байж байтал ажлын хувцастай залуу “за ороорой” гээд хашааны хаалга онгойлгож, намайг машинтай оруулж, дамартай 4 цахилгааны кабель зааж өгөөд надаар ачуулсан. ...” /1 хх 28-29/,

гэрч А.М-н “... Орой 21 цагийн үед А над руу залгаад “машин аваад ир, эхнэр уурлаад байна” гэсэн. Би А-н эхнэрийн машиныг унаж байсан болохоор аваачиж өгөхөөр очиход А, Энх.. нар байсан. А “кабель ачна, манай ерөнхий инженер, дарга нар мэдэж байгаа, ажил дууссаны дараа 800.000 төгрөг өгнө” гэсэн. ... Энх... бид хоёрыг краны жолоочийн дугаар олоод байж бай гэсэн. ... Краны жолоочийн дугаарыг А-д өгсөн. ... Тэгээд хаягийг нь мэдэхгүй нэг хашааны гадаа очоод зогсож байтал нөгөө краны жолооч нь залгаад Баянхошууны тойрог дээр ирчихсэн байна гэхэд “Та хоёр очоод аваад ир” гэж хэлээд өөрөө бууж үлдсэн. Тэгж буухдаа машины хойд талын багажнаас чийгний гудас авч байх шиг байсан. ... Бид хоёр краны жолооч дээр очиж уулзаад дагуулаад нөгөө хашаанд ирэхэд А хашааны гадаа манаачтай уулзаад байж байснаа дотогшоо ороод харуулын байр луу нь орох шиг болсон. Хэсэг байж байснаа А гарч ирээд хашааны хаалга онгойлгоод кран яваад орсон. А “наад дамартай кабелиа ач” гэж хэлчихээд дотогшоо харуулын байр луу орсон. Тэгэхээр нь краны жолооч туслахтайгаа, Энх... бид хэд дамартай кабелийг ачих гээд машин дээрээ тавиад байж байтал машинтай хүмүүс ирсэн. ...” /1 хх 31-32/,

гэрч Г.Энх-н “... Тэгээд М “ямар ажил хийлгэх юм бэ” гэж асуухад А “кранаар кабель ачуулах юм, та хоёр туслаад өг” гэж хэлсэн. ... А “би хүнтэй уулзчихаад ирье, та хоёр кран олоод байж бай” гээд яваад өгсөн. Бид хоёр тэндээсээ Саппоро орж кран хайсан. ... А ирээд утсаар яриад өөр краны жолоочийн дугаар аваад ярьсан. ... А “би манаачтай уулзаад байж байя, та хоёр явчихаад ир гэж хэлээд бууж үлдсэн. Тэгэхдээ машины багажаас А нэг юм аваад байх шиг байсан. Би яг юу авсныг нь анзаарч хараагүй. Би машиныг нь бариад краныг тосохоор явсан. Бид хоёр крантай машиныг дагуулж ирээд хашааны хаалган дээр зогсоогоод байж байтал А хашааны гадаа зогсож байсан. А хэлэхдээ “миний машиныг ар талын гудамжинд тавьчих” гээд М-г “буугаад ир, кран ороход хашаа шүргэчих вий, харж бай” гэсэн. Би А-н машиныг байрлуулчихаад хашаанд иртэл крантай машин гадаа байсан. А “та нар байж бай” гэж хэлээд өөрөө манаач руу чийгний гудас гээд гялгар хуйлчихсан юм шиг гудас бариад орсон. Тэгээд А манаач руу орсноос хойш 1 цаг гаран болсны дараа манаачтай цуг гарч ирээд муудалцаад байх шиг байсан. ... А, манаач хоёр гэр лүүгээ буцаж орж байж байснаа А хашааны түлхүүр аваад гарч ирээд хашааны хаалга онгойлгоод “одоо болсон, ярьчихлаа, дамартай цахилгааны утаснуудаа ачиж эхэл” гэж хэлчихээд буцаад харуулын байр луу орчихсон. ...” /1 хх 33-34/,

гэрч Д.С-н “... Манай гэрт орж ирсэн хүн гялгар юманд ороосон зүйл бариад орчихсон. Удалгүй манай ээж Цэцэгмаа орилохоор нь би гүйж гараад хажуу айлын хашаа руу дамжиж ороод айлын хүнээс цагдаа дуудаад өг гээд дуудлага өгсөн. ...” /1 хх 35-36/,

гэрч Д.Ц-н “... Манай нөхөр Д нөгөө залууд “Г няравыг ирэхээр болъё, бид нар юм өгч чадахгүй, иртэл нь хүлээ” гэж хэлээд бид хоёр гэр лүү ороод байж байсан. Д цонхоор харж байгаад “нөгөө залуу чинь юм барьчихсан ирж явна” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу гэрт эрээн урт дурантай буу барьчихсан орж ирсэн. Тэр үед миний утас дуугарсан ба би утсаа аваад ярьж байхдаа орилоод “юун буу вэ” гэж хэлтэл нөгөө залуу миний утсыг булааж аваад, бас ширээн дээр байсан нөхрийн утсыг аваад халаасандаа хийчихсэн. Тэгснээ бууныхаа замгийг татсан чинь нэг цайвар өнгөтэй сум шалан дээр унасан. Тэгтэл нөгөө залуу халааснаасаа дахиж сум гаргаж ирээд шууд цэнэглээд өвгөн рүү буугаа шагайгаад “би шийдсэн хүн” гэж хэлээд өвгөний толгойд буугаа тулгасан. Би орилоод “чамд юу хэрэгтэй юм” гэсэн чинь хашааны түлхүүр авна гэж хэлэхээр нь хаалганд даавуун оосортой түлхүүр байгаа гэж хэлсэн. ...” /1 хх 37-38/ гэх мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 4575, замаг 4102 дугаартай буу нь буудлага үйлдэнэ. Шинжилгээнд 5,6 мм-ийн /хуучнаар/ ЗХУ-д үйлдвэрлэсэн сангийн анги 4575, замаг 4102 гэсэн дугаартай, гол төмрийг нь тайрсан, “Вushnell 3-9X32EG” загварын дуранг суурилуулсан, спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварын бага калибрийн винтов бууг ирүүлсэн байна. ...” гэх 5235 дугаартай дүгнэлт /1 хх 49-50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн замагны 4102 дугаартай галт зэвсгээр буудлага үйлдсэн байна, хамгийн сүүлд гол төмрийг цэвэрлэснээс хойш 3 удаа буудлага үйлдсэн байна. Хамгийн сүүлд хэзээ буудлага үйлдсэнийг тогтоох боломжгүй. ...” гэх 9270 дугаартай дүгнэлт /1 хх 51/,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “... П.А нь шизофренийн хэв шинжит эмгэг, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. ... П.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ шизофренийн хэв шинжит эмгэг, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна. ... П.А нь мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна. П.А-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ...” гэх 56 дугаартай дүгнэлт /1 хх 54-57/,   

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 7-12/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн Агаарын шилэн кабелийн үнийг 96.759.937 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан /1 хх 59/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч П.А-г бусдын эд хөрөнгийг заналхийлж, хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч П.А-н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар заналхийлж довтлохдоо зэвсэг хэрэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч П.А-г 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч П.А, түүний өмгөлөөлөгч С.Чулуунбаатар нараас “... Гэмт хэрэг үйлдэх үед П.А-н сэтгэцийн өвчин сэдэрсэн байсан эсэх, хэрэв сэдэрсэн байсан бол үнэн зөв мэдүүлэх, өөрийгөө удирдан жолоодох чадвар, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тодорхойлох, П.А-г сэтгэцийн эмчилгээ хийлгэсний дараа мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлт гаргасан. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, П.А нь хэрхэн гэмт хэрэг үйлдсэн талаараа тодорхой мэдүүлсэн, уг мэдүүлэг нь хохирогч З.Д, гэрч Ч.Д, А.М, Г.Э, Д.С, Д.Ц нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон гэж үзэв.

Түүнчлэн, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “... П.А нь мэдүүлэг өгөх, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай байна. П.А-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ...” гэх 56 дугаартай дүгнэлт /1 хх 54-57/, шинжээч эмч Я.Ганхуягийн “... Тус өвчин нь тухайн хэрэг үйлдэгдэх үед засрал, сайжралын байдалтай байсан учир хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй. Хэрэг хариуцах чадвар нь эмнэлгийн шалгуур, хуулийн шалгуур гэж байх бөгөөд эмнэлгийн шалгуурт сэтгэцийн эмгэгтэй онош тогтоогддог. Харин хуулийн шалгуурт өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадварыг үнэлдэг. Иймд тухайн үед П.А нь өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. ...” гэх /1 хх 197-198/ мэдүүлгээр П.А нь өөрийн хийж буй үйлдэл нь бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол, хор уршиг учруулж болохыг ухамсарлан ойлгох чадвартай байсан гэж үзлээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатараас “... П.А нь тухайн газраас 5 дамар кабель утас биш, 4 дамар кабель утас авах зорилготой байсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тодорхойлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгов.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээнээс үл хамааран зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлээр гэмт хэрэг төгссөнд тооцогдох тул хохирлын хэмжээ чухал ач холбогдолгүй боловч тухайн үед авахад бэлэн байсан кабелийн үнийн дүнгээр хохирлын хэмжээг тодорхойлсон нь үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 922 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нь гомдлын зарим хэсэг болох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлээсээ татгалзсан учир дүгнэлт хийгээгүй болно.