Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01527

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01527

 

 

 

Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00933 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Цэндэд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 263 057 960 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, Ж.Сарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Цэнд нь Г ББСБ ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-17/1/73 тоот зээлийн гэрээ, БГҮ-16/1/90 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 186 300 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгчийн хүсэлтээр ЗГ-17/1/73 тоот зээлийн гэрээд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, зээлийн хүүг 3.8 хувийн хүүтэй болгож бууруулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин байгууллагын ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул Д.Цэндээс үндсэн зээл 177 400 000 төгрөг, зээлийн хүү 85 657 960 төгрөг, нийт 263 057 960 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч төлбөрөө сайн дураараа төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, м.ганди гудамж, 65 байр, 701 тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц, 21.6 м.кв талбайтай гараашны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Цэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өмгөөлөгчтэйгээ зөвшилцөж байж хариу тайлбараа гаргая гэж бодож байсан. Зээлийн гэрээ байгуулж, 186 300 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, барьцааны гэрээ байгуулж, орон сууцаа барьцаалсан асуудлаар маргахгүй. Компанийн үйл ажиллагаатай холбоотой мөнгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Миний хувьд эвлэрэх асуудлаар ярилцах боломжтой. Барьцаа хөрөнгийн хувьд миний өөрийн амьдардаг гэр учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэхгүй байгаа тул эвийн журмаар уг асуудлаа шийдвэрлүүлмээр байна гэв.

Шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэндээс 263 057 960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэнд нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Махатма ганди гудамж 65-р байр 701 тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц болон 21,6 м.кв талбайтай гарааш зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 543 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэндээс улсын тэмдэгтийн хураамжид 1 543 440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Цэнд давж заалдах гомдолдоо: Миний бие өөрийн сонгон авсан өмгөөлөгч болох Б.Мөнхгэрэлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж хэрэгт хавсаргаж гэрээгээ өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Түвдэндоржид холбогдох хэргийн шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхийн мэдэгдэх хуудас, хуралдааны зарын хамт хүргүүлсэн боловч хуралдааныг хойшлуулалгүй түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2, 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.2 дахь заалтуудыг ноцтойгоор зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Д.Цэндэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 263 057 960 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн 7-9 дахь талд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд Г ББСБ ХХК нь 186 300 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэх, Д.Цэнд нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Улмаар талууд мөн оны 12 дугаар сарын 21-ний өдөр харилцан тооцоо нийлж, зээлийн үлдэгдлийг 177 400 000 төгрөгөөр тооцон, зээлийн хүүг 3,8 хувь болгон, гэрээний хугацааг мөн өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж, өмнөх гэрээний бусад заалтыг хэвээр дагаж мөрдөхөөр тохиролцон Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ-17/1/73а дугаартай гэрээ байгуулсан болох нь зээлийн нэмэлт гэрээ, талуудын тайлбар зэргээр нотлогдсон байна. /хх-11-12/

Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч мөнгийг шилжүүлэн авсан үйл баримтад маргаагүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу дээрх нотлох баримтуудыг үнэлж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

Хариуцагч Д.Цэнд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул нэхэмжлэгч тал түүнээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Грийн инвестмент ХХК нь хариуцагч Д.Цэндээс зээлийн гэрээний үүрэгт 263 057 960 төгрөг нэхэмжилсэнд хариуцагч үгүйсгэж зээлийн дүн, тооцооллын талаар маргаагүй байна. Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл төлөх мэдэгдэл, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үнэлээд хариуцагчаас 263 057 960 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байна. Хариуцагч Д.Цэнд 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн БГҮ-16/1/90 дугаартай барьцааны гэрээг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааралтай гэдэгт маргаангүй. Талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан хуулийн хүчин төгөлдөр байх тул тэдгээрийн хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж буй үндэслэлээ ... өөрсдийн амьдарч байгаа гэр учир хүсэхгүй байна, эвийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй ... гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын хэн аль нь эвлэрэн хэлэлцэх эрхтэй хэдий ч нэхэмжлэгч тал хариуцагчийн саналыг хүлээн аваагүй байна. Шүүх хариуцагч Д.Цэндийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 65 дугаар байрны 701 тоот хаягт байршилтай 150 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 21.6 м.кв талбай бүхий гарааш зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагч нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулж байжээ. /хх-37,43,49/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг учир шүүх 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгон, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 1 543 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД