Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01921

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01921

 

 

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн 102/ШШ2019/02517 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Н-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 28 800 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг

 

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэмбэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээБи Э.Н-д 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 ам.доллар өгч, зээлийн гэрээ байгуулсан, Б.Ганчимэгийг танихгүй, түүнтэй гэрээ байгуулаагүй. Тухайн үеийн ханшаар 8 000 000 ам.долларыг 16 000 000 төгрөгөөр тооцсон. Зээлийн гэрээний дагуу 28 800 000 төгрөгийг хариуцагч Э.Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би гэрээ байгуулсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би Д.А-г танихгүй. Б.Ганчимэг нэг удаа Д.А-гийн ажил дээр хамт очиж, зээл авах гэж байгаа хүн энэ гэж Д.А-г заасан. Д.А-д зээлийн барьцаанд газрын 3 гэрчилгээ тавина гэж хэлсэн. Б.Ганчимэг надад 2016 оны 02 дугаар сард Хятадаас мөнгө орж ирнэ. Зээлсэн мөнгөө тохирсон хугацаанд төлнө гэж итгүүлсэн. Д.А- надтай зээлийн гэрээ байгуулж, би мөнгө авсан. Гэхдээ Б.Ганчимэг надаас мөнгө аваад банк явсан. Би гэртээ зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч ороогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд мөнгө авсан хүнийг тогтоогоод өгөөч гэхэд хаана ч тогтоож чадахгүй байна. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дараа О.Дэмбэрэл гуайд Б.Ганчимэг мөнгийг бүрэн төлж барагдуулна гэсэн баталгаа бичиж өгсөн. Б.Ганчимэгийг найзаа гэж итгээд зээлийн төлбөр төлнө гэж бодоод гэрээнд гарын үсэг зурсан. Б.Ганчимэг баригдахаараа нэхэмжлэгчид 2 000 000-3 000 000 төгрөг өгдөг байсан. Д.А- намайг танихгүй, надад зээл өгөх үндэслэл байхгүй гэжээ.

 

Хариуцагч Э.Н- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 158 тоот, 660 м.кв талбайтай хашааны гэрчилгээг авч, эргэлдүүлмээр байна. Гэрийнхэндээ газрын гэрчилгээ яасан талаар хэлээгүй, юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч зээл авахдаа итгэл үнэмшил төрүүлэхийн тулд газрын гэрчилгээнүүдийг авч бай, би зээлийн төлбөр төлж дуусаад газрын гэрчилгээнүүдийг авъя гэсэн. Өөрийнх нь зөвшөөрлийн дагуу газрын гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч хүлээж авсан. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч Э.Н-аас зээлийн гэрээний үүрэгт 23 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 600 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.А-гаас Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннаран 12 дугаар гудамж, 158 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2205004784 дугаартай, газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан хариуцагч Э.Н-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 273 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан хариуцагч Э.Н-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Н-, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нар давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзээгүй. Хариуцагч талаас хуулийн шаардлагыг хангуулахаар удаа дараа хүсэлт гаргаж маргааны эх сурвалж болсон Д.А- болон Э.Н- нарын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээний үндсэн хувийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч уг зээлийн гэрээг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Мөн шүүх хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэх гэж байгаа бол хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ хавтаст хэрэгт авагдсан байх ёстой.

Нөгөөтэйгүүр 2 сарын хүүнд 3 200 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасан заалтыг баримтлах ёстой. Энэ заалтыг баримтлалгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчсөн.

Нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд тухайнн канондсан зээлийн гэрээ нь хүү, алданги нэхэмжилсэн шаардлагын хувьд нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ ... гүйцэтгээгүй үүргийн 10 200 000 х 0.5% = 96 00 төгрөг, хэтрүүлсэн хугацаагаар тооцоход 95 424 000 болохоор ба нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг 9 600 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын хэмжээг 50 хувиас хэтрүүлэхгүй хуулийн шаардлагыг хангасан байна гэж үнэлж дүгнэж, шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасныг зөрчиж, хүүнээс анз тооцон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Э.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Талууд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Д.А- нь зээлдэгч Э.Н-д 8 000 ам.доллар буюу 16 000 000 /1 ам.долларыг 2000 төгрөгөөр тооцож/ төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч тал сар бүрийн 05-ны өдрийн дотор зээлийн хүүг, хугацаа дуусахад үндсэн зээлийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт цугларсан зээлийн гэрээ, тэдгээрийн тайлбар зэрэг баримтаар нотлогджээ. /хх-3, 86,87/

Гэрээ байгуулсан үйл баримтад талууд маргаангүй, харин хариуцагч нь Б.Ганчимэгийн хүсэлтээр гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн аваад түүнд шилжүүлсэн учир буцаан төлөх үүрэг хүлээхгүй гэх үндэслэл заан маргасан байна. /хх-87/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг бодитой шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсан тооцохоор заажээ.

Хариуцагч Э.Н- нь мөнгөн зээлэх, нэхэмжлэгч Д.А- нь зээлдүүлэх талаар хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлэн, харилцан тохиролцон улмаар 16 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь хариуцагчийн өөрийнх нь тайлбараар нотлогджээ. /хх-87/ Мөн хэргийн 3 дахь талд авагдсан зээлийн гэрээний доод хэсэгт Баасан овогтой Ганчимэг би Энэбиш овогтой Нинжнамжилын авсан 16 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт батлан дааж байна. Зээлийг төлөөгүй тохиолдолд хариуцлагыг үүрч зээлийн хүүгийн хамт төлнө. Баталгаа бичсэн Б.Ганчимэг гэсэн бичвэр нь хариуцагч Э.Н-ын үүрэг Б.Ганчимэгт шилжсэн гэх агуулгыг илэрхийлэхгүй байна. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч Э.Н- 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор нийт 20 800 000 төгрөг төлөхөөс 800 ам.доллар буюу 1 600 000 төгрөг төлсөн байх тул үлдэх зээл, зээлийн хүүг мөн хугацаандаа үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлага болох гэрээгээр тохирсны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алдангийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй.

Шүүх хэрэгт цугларсан зээлийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, зээлийн гэрээний эргэн төлөлтийн талаар уулзсан тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Мөн шүүх хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд алдангид нэхэмжилсэн 9 600 000 төгрөгийг багасгаж, хариуцагчаас алданги 4 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийг буруу тооцсон гэх гомдол үндэслэлгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Б.Нинжнамжил нь нэхэмжлэгч Д.А-гаас газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

Б.Нинжнамжил өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннарангийн 12 дугаар гудамжны 158 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өгсөн зээлийн баталгаа болгон Б.Ариунзаяад өгсөн болох нь тэдгээрийн тайлбараар нотлогдсон байна. /хх-86-89/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлд барьцааны гэрээг бичгээр байгуулах, мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ..., уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар зохицуулжээ. Шүүх, талуудын амаар байгуулсан барьцааны гэрээг хуульд заасан бичгээр байгуулах хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, нэхэмжлэгчээс хариуцагчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчиж, нэхэмжлэгчээс зээлийн гэрээний эх хувийг гаргуулах хүсэлтийг хангаагүй, мөн бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх ба шүүх уг бичгийн нотлох баримтыг бусад баримттай харьцуулан үнэлсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/02517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 273 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД