Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01737

 

 

 

 

 

 

 

 

 

Ж

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01856 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж хариуцагч Г ХХК , Ю.Ц нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 767 231 275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г ХХК -аас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагч Г ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч Ю.Ц ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Зээлдэгч Г ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2014 оны 10 сарын 23-ны өдөр 2014/04 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1 800 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэй Чулуу бутлан ангилах үйлдвэр, бетон зуурмагийн үйлдвэр, төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэрийг Завхан аймагт байгуулах төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Г ХХК -ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон /18131/, 166/2 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2201034129 дугаартай үйлдвэрийн зориулалттай 990 м.кв талбайтай 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Г ХХК -ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон /18131/, 166 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2201026437 дугаартай 936 м.кв талбайтай үйлдвэрлэл, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-2201016190 дугаартай 3 461 м.кв эзэмшлийн газрыг тус тус барьцаалан зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 70 581 306 төгрөг, зээлийн хүү 46 359 673 төгрөг, нийт 116 940 979 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1 690 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөхийг зээлдэгчид мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд 2020 оны 03 сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1 129 418 695 төгрөг, зээлийн хүү 73 090 733 төгрөг, алданги 564 709 347 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг, нийт 1 767 231 275 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г ХХК хариу тайлбартаа: Манай компани Чулуу бутлан ангилах үйлдвэр, бетон зуурмагийн үйлдвэр, төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэр байгуулах төсөл-ийн нийт хөрөнгө оруулалт 3.22 тэрбум төгрөг ба уг төслийг Завхан аймагт хэрэгжүүлэхээр болсон. Уг хөрөнгө оруулалтын 44.2 хувь буюу 1.42 тэрбум төгрөгийг төсөл хэрэгжүүлэгч Г ХХК өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, үлдэх 55.8 хувь буюу 1.8 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хүссэн.

Төслийн нийт хөрөнгө оруулалтыг бүтцээр нь авч үзвэл нийт хөрөнгө оруулалтын 36.6 хувь 1.18 тэрбум төгрөгийг чулуу бутлах, бетон зуурмаг, бетон хийц эдлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад, 53 хувь буюу 1.7 тэрбум төгрөгийг техник хэрэгсэл, машин техник худалдан авахад, 4.8 хувь буюу 155.1 сая төгрөгийг барилга байшин, инженерийн шугам сүлжээ шийдвэрлэхэд, 2.5 хувь буюу 80.0 сая төгрөгийг газар худалдан авахад, 2.6 хувь буюу 85.0 сая төгрөгийг дэд бүтцийн бүтээн байгуулалтад, 0.5 хувь буюу 14.5 сая төгрөгийг үйл ажиллагаанд ашиглах компьютер, принтер худалдан авахад тус тус зарцуулахаар төлөвлөсөн.

Г ХХК -ийн төсөл нь ирэх 10 жилийн турш жилд дунджаар 2.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 4.44 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө. Тус төсөл нь 11.2 тэрбум төгрөгийн өнөөгийн үнэ цэнэтэй гэж төслөө бэлтгэн өгсөн. Ингээд манай компанийн төсөл шалгаруулалтад орж төслийн зээлийн 1.8 тэрбум төгрөгөөр дэмжсэн.

Уг мөнгөн дүнгээр 1.8 тэрбум төгрөг дэмжсэнийг баталгаажуулан манай компанитай Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2014 оны 10 сарын 23-ны өдөр 2014/04 тоот зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор зээлдэгчийн Голомт банк дахь 1201194354 тоот дансанд шилжүүлнэ гэж заасан. Гэтэл Сан нь төсөл сонгон шалгаруулалтаар батлагдсан, гэрээгээр тохиролцсон хугацаандаа үүргээ биелүүлээгүй, хамгийн гол нь гэрээгээр харилцан тохиролцсон 1.8 тэрбум төгрөгөө өгөөгүй бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 2 сарын дараа 1.2 тэрбумыг шилжүүлсэн байдаг.

Үүнээс улбаалж компани нь төсөлд тусгагдсан тоног төхөөрөмжүүдийг бүрэн авч чадаагүйн улмаас үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийг хэсэгчлэн худалдан авсан ба үндсэн үйлдвэрлэлээ гаргаж чадахааргүй болсон. Санхүүжилт дутуу орсон учраас үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжөө иж бүрнээр нь авч чадаагүй.

Манай компани нэхэмжлэгчид 116 940 979 төгрөгийн эргэн төлөлт хийсэн, зээлсэн 1.2 тэрбум төгрөгөөс 1 083 000 000 төгрөгийг зөвшөөрч, хүү алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ю.Ц хариу тайлбартаа: Гэрээгээр тохиролцсон зээлээ олгоогүй байж хүү, алданги тооцож их хэмжээний хий хоосон хүү, алданги нэхэж сэтгэл зүйн хувьд хүн байдалд оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй. 2014 оны 12 сарын 06-ны өдөр 1.2 тэрбум төгрөгийг дансанд шилжүүлсэн, энэ санхүүжилтээр төслөө хэрэгжүүлээд өөрөө хөрөнгөө гаргаад ажилласан. Гэтэл 2016 оны 600 000 000 төгрөг Г ХХК -д орж ирэхгүй талаар мэдэгдсэн. Иймд зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс болоод алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Зээлээс 1 083 059 021 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК , Ю.Ц нараас 1 767 110 456 төгрөг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, үлдэх 120 819 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК , Ю.Ц нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201034129 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18131/, 166/2 тоот хаягт байрлалтай үйлдвэрийн зориулалттай 990 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй барилга, улсын бүртгэлийн Ү-2201026437 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18131/, 166 тоот хаягт байрлалтай 936 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, конторын зориулалттай барилга, улсын бүртгэлийн Г-2201016190 дугаарт бүртгэгдсэн 3 641 м.кв газрыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 10 747 613 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г ХХК давж заалдах гомдолдоо: Г ХХК 2014 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож Чулуу бутлан ангилах үйлдвэр, бетон зуурмагийн үйлдвэр, төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэр байгуулах төсөл-ийн нийт хөрөнгө оруулалт 3.22 тэрбум төгрөгийн төсөл шалгарсан. Уг төсөл нь Завхан аймагт хэрэгжих ба 3.22 тэрбум төгрөгийн 44.2 хувь буюу 1.42 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр, үлдэх 55.8 хувь буюу 1.8 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ гэж төсөл шалгарсан. Үүнийг баталгаажуулан 2014 оны 10 сарын 23-ны өдөр 2014/04 тоот зээлийн гэрээ байгуулагдсан.

Уг гэрээний дагуу 2014 оны 11 сарын 02-ны өдөр гэхэд манай компанийн Голомт банк дахь 1201194354 тоот дансанд 1.8 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт орж ирэх ёстой байсан. Гэтэл 2014 оны 12 сарын 26-ны өдөр 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлснийг мэдсэн.

Сантай байгуулсан гэрээний дагуу үлдэх 600 000 000 төгрөгийг хүлээж, үйлдвэрүүдийн ихэнх нь тоног төхөөрөмжүүдээ худалдан авсан ба үлдэгдэл 600 000 000 төгрөгийн үндсэн тоног төхөөрөмжөө авч чадаагүй нь үйлдвэрлэлээ бүрэн явуулах боломжгүй болсон. 2016 оны 04 сарын 01-ний өдөр үлдэгдэл зээл орж ирэхгүй нь тодорхой болсон. Энэ хүртэл манай компани сангийн шаардсан зээлийг төлж байсан ба нийтдээ 116 940 979 төгрөгийг буцаан төлсөн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагын зээлийн үндсэн төлбөр 1 129 418 733 төгрөгөөс 1 083 059 021 төгрөгийг хүлээн зөвшөөрч зээлийн үндсэн төлбөрийн шаардлагаас үлдэх 46 359 712 төгрөгийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн. Нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү, алданги, нотариатын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Сангаас гэрээгээр харилцан тохиролцсон хөрөнгө оруулалтын төслийн зээлийн 33.3 хувийн зээлийг шилжүүлээгүйгээс төсөл бүрэн хэрэгжих боломжгүй болж компани алдагдалд орж, авсан тоног төхөөрөмж нь энд тэнд тараан байрлуулсан төмөр болж хувирсан.

Шүүх шийдвэртээ зээлийн хүү, алдангийг аль хугацаанаас тооцсон нь тодорхойгүй байна. Шүүх зөвхөн зээлдэгч буруутай гэж шийдвэрлэхдээ зээл олгогч үндсэн үүргээ биелүүлсэн эсэх нь хамаагүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн хүү, алданги, эргэн төлөлтөөс 684 051 400 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1 767 231 275 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Г ХХК , Ю.Ц нар 1 083 059 021 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй буюу 600 000 000 төгрөгийг дутуу шилжүүлсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2014 оны 10 сарын 23-ны өдөр 2014/04 тоот зээлийн гэрээ байгуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ нь 1 800 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, Г ХХК , Ю.Ц нар шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хэлэлцэн тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцлийг, мөн өдөр 2014/04 тоот барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Г ХХК -ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон /18131/, 166/2 тоот болон 166 тоот хаягт байршилтай 990 м.кв талбайтай, 90%-ийн гүйцэтгэлтэй үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 936 м.кв талбайтай үйлдвэрлэл, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 3 641 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 7-13, 15-20/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

Хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт /хх 65/, дансны хуулга /хх 182/, зохигчдын тайлбараар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-аас 2014 оны 12 сарын 24-ний өдөр Г ХХК -ийн Голомт банк ХХК дахь 1201194354 тоот данс руу 1 200 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 1 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэргийн баримтаар хариуцагч Г ХХК болон Ю.Ц нар зээлийн мөнгөн хөрөнгийг дутуу шилжүүлсэн талаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-т санал, гомдол гаргаж байсан талаар баримт авагдаагүй, өөрийн зүгээс хийх санхүүжилт гэх 1 420 000 000 төгрөгийг төсөлд оруулсан эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Түүнчлэн, зээлдүүлэгч нь 600 000 000 төгрөг дутуу олгосон бол зээлийн гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч буюу зээлдэгч Г ХХК болон Ю.Ц нар авсан зээлийнхээ хэмжээгээр 2014 оны 10 сарын 23-ны өдрийн зээлийн үүргийг хариуцах учиртай.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 1 200 000 000 төгрөгийн эргэн төлөлтийн хуваарь нь нотлох баримтын шаардлага хангахгүй /хх 21-22/, нэг талын үйлдсэн баримт /хх 14, 23, 24/ байхаас гадна хариуцагч уг хуваарийг хүлээн аваагүй хэмээн маргаж байх тул давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээнд заасан нөхцлөөр хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээг тодорхойлох үндэслэлтэй гэж үзэв.

 

Ийнхүү тооцоход хариуцагч нь 1 200 000 000 + (1 200 000 000 х 3.3% х 5 жил) = 1 398 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү төлөх үүрэгтэй байна. Үүнээс хариуцагч нарын төлсөн зохигчдын маргаагүй дүн 116 940 979 хасаж тооцоход 1 281 059 021 төгрөгийн үүргийг хариуцагч гүйцэтгээгүй байна.

 

Талууд зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.

 

Ийнхүү тооцоход нэг хоногийн алданги 1 281 059 021 х 0.1% = 1 281 059 төгрөг болж байна. Алдангийг зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 03 сарын 19-ний өдөр хүртэл тооцоход 1 281 059 х 144 хоног = 184 472 499 төгрөг болж байна. Зээлийн гэрээний хавсралт буюу зээл эргэн төлөх хуваарь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй учир шүүх алдангийг гэрээнд зааснаар бус хуульд зааснаар тооцоолсон болно.

 

Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ учир анхан шатны шүүхээс барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн байна.

 

Нотариатын зардал 12 500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд холбогдох зардлыг төлсөн хүний гарын үсэггүй, уг зардлыг нэхэмжлэгч талаас төлсөн гэж үзэх боломжгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г ХХК , Ю.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1 465 531 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-т олгож, үлдэх 301 699 755 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Г ХХК нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох заалтад гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...1 767 110 456... гэснийг ...1 465 531 520... гэж, ...120 819... гэснийг ...301 699 755... гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...10 747 613... гэснийг ...7 485 608... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК -ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 578 207 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР