Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01826

 

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01826

 

 

Ж.Цэрэндэгдийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01703 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Цэрэндэгдийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Намнандорж

Хариуцагч: Б.Бадрал

Хариуцагч: Р.Хурцбаяр нарт холбогдох,

 

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууц, мөн байрны, 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Сэра Интернэшнл ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, О.Намнандорж, Б.Бадрал нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Бадрал, Р.Хурцбаяр нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

Ж.Цэрэндэгдтэй байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууцыг Ж.Цэрэндэгдийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мөнхжингийн шаардлагатай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Алтангадас

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Зоригтбаатар, Г.Онон

Хариуцагч О.Намнандоржийн өмгөөлөгч: Б.Эрхэмбаяр

Хариуцагч Р.Хурбаярын өмгөөлөгч: М.Бадрал

Хариуцагч Б.Бадралын өмгөөлөгч: О.Даваажаргал

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч: М.Мөнхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, бие даасан шаардлагад гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Цэрэндэгд, О.Намнандоржтой 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц захиалгын 014/27, 014/28 дугаартай 2 гэрээ байгуулсан. 014/27 дугаартай гэрээ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 5 давхрын 19 тоотод 200 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг, тус хаягт байрлах 93 дугаар байрны 2 давхрын Б сууцны 2 тоот 125 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 2 000 000 төгрөгөөр тооцож, гэрээ байгуулсан.

Захиалагч гэрээнд заасан үүргээ биелүүлж байрны төлбөрийг Ж.Нямдовчингоор дамжуулж бүрэн төлж дуусгасан. Байр ашиглалтад орсноос хойш О.Намнандорж, Ж.Цэрэндэгдэд байр хүлээлгэж өгөхөөс ямар нэгэн шалтгаанаар зайлсхийж байсан. О.Намнандорж 93 дугаар байрны 5 давхрын 19 тоот 200 м.кв, 5 өрөө байранд орсон боловч 93 дугаар байрны 2 давхрын Б сууцны 2 тоот 125 м.кв, 4 өрөө байранд Ж.Цэрэндэгд өнөөдрийг хүртэл ороогүй.

Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 5 давхрын 19 тоот 200 м.кв, 5 өрөө орон сууцыг тус хаягт байрлах 93 дугаар байрны 2 давхрын Б сууцны 2 тоот 125 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Мөн О.Намнандорж нь надад мэдэгдэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан, Сэра Интернэшнл ББСБ ХХК болон Б.Бадрал нарт барьцаалсан тул 2015 орны 03 дугаар сарын 20-ны өдрийн Сэра интернэшнл ББСБ ХХК болон О.Намнандорж нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

Түүнчлэн О.Намнандорж нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр маргаан бүхий орон сууцыг Б.Бадралд шилжүүлсэн байх бөгөөд улмаар Б.Бадрал нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг Р.Хурцбаярт шилжүүлсэн байна. Иймд уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд орон сууц захиалах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ хэргийн материалд авагдсан. Орон сууц захиалгын 04/28 дугаартай гэрээнд талуудын нөхцлөө тохирч, О.Намнандорж гарын үсэг зурсан. Гэрээний 2.3-д барилгын м.квын үнэ, 3.1-д 400 000 000 төгрөг 100 хувь төлөгдсөн гэж гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний нөхцөл агуулга, бүх зүйлийг тодорхойлсон. Хариуцагч 3 зээлийн гэрээгээр мөнгө авсан гэж ярьдаг ч талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй.

Хариуцагч О.Намнандорж нэхэмжлэгч Ж.Цэрэндэгдээс зээлсэн төлбөрөө төлж чадахгүй учраас зээлийн төлбөрт байр өгөхөөр тохирсон. Энэ талаар Ж.Цэрэндэгд О.Намнандорж надад байр баригдсан мөнгө хэрэг болоод та миний байрнаас авчих надад мөнгө өгөөч гэхээр би зээлийн гэрээ байгуулж, ганц нэг удаа мөнгө өгсөн. Бусад үед би дүүгээрээ дамжуулж, О.Намнандоржид мөнгө өгч байсан. О.Намнандорж зээлсэн мөнгөө өгөөгүй учраас орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-д заасан нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна. Талууд гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бусад тооцуулах баримт авагдаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Намнандорж, Н.Мөнхжин нарыг гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Гэхдээ Н.Мөнхжинг үл хөдлөхийн өмчлөгчөөр тогтоосон асуудал байхгүй. Шүүхийн шийдвэрт 19 тоот гэр бүлийн хөрөнгө юм. Н.Мөнхжин 150 000 000 төгрөг төлсөн тохиолдолд эд хөрөнгийн өмчлөгч болно. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Сэра Интернэшнл ББСБ ХХК, О.Намнандорж, Н.Мөнхжин нарын эвлэрлийг батлахгүйгээр хэргийг шийдсэн байдаг. Сэра Интернэшнл ББСБ ХХК анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдаж, давж заалдах шатны шатны шүүхээс Н.Мөнхжингөөс 150 000 000 төгрөг гаргуулахаар магадлал гарсан. 150 000 000 төгрөг төлж байж Н.Мөнхжингийн өмчлөх эрх, шударга эзэмшигчийн асуудал яригдана. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд Н.Мөнхжин уг мөнгөө төлөөгүй.

О.Намнандоржийн хариуцах 150 000 000 төгрөг төлөх үүргийг Н.Мөнхжин хариуцахаар болсон. Гэтэл иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар өр шилжих процесс ажиллагаа хийгдээгүй. Ийм учраас өр шилжих асуудлаар болзол тавьж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар Н.Мөнхжингийн эрх ашиг зөрчигдөөгүй. Нэгэнт Н.Мөнхжингийн эрх ашиг зөрчигдөөгүй учраас шүүх зөрчигдөөгүй эрх ашгийг сэргээн эдлүүлэхгүй учраас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх орон сууцнуудыг Ж.Цэрэндэгдийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулаагүй, түүнд зохих ёсоор өмчлөх эрх үүсээгүй. Учир нь би Ж.Цэрэндэгдийн эхнэр Н.Дэлгэрмаагаас 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 28 000 000 төгрөг, Ж.Нямдовчингоос 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 300 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 96 500 000 төгрөгийг тус тус зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний баталгаа буцаан төлөх нөхцөл болгож орон сууц захиалгын гэрээнүүдийг байгуулсан.

Н.Мөнхжин нь О.Намнандоржоос гэрчлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр гарч, О.Намнандоржоос ББСБ-д төлөх 150 000 000 төгрөгийн зээлийг Н.Мөнхжин төлж барагдуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 19 тоотын 5 өрөө орон сууцыг өмчлөгч Н.Мөнхжин, хүү М.Ананд, Н.Тэмүүжин, Н.Чингүүн нарын өмчлөлд үлдэхээр харилцан тохирч хэргийг шийдвэрлэсэн.

2016 оны 1 дүгээр сард Ж.Нямдовчинтой байгуулсан 96 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хаагдсан. Цэнкредит ББСБ ХХК-ийн 69 940 000 төгрөгийн барьцаанд тавигдсан 92.98 м.кв 3 өрөө байрыг чөлөөлж, Ж.Нямдовчин өөрийн эзэмшилд байсан байраа зарж, 60 000 000 төгрөгийг Ж.Цэрэндэгдэд өгснийг гомдол гаргаснаас хойш Ж.Цэрэндэгд, Ж.Нямдовчинг чи О.Намнандоржоос мөнгөө олж ав гэснээр Ж.Нямдовчин бид 2 Цэнкредит ББСБ ХХК-ийн 69 940 000 төгрөгийн барьцааны зээл, Ж.Нямдовчиноос авсан 96 500 000 төгрөгийн зээл, Ж.Нямдовчингоос Ж.Цэрэндэгдэд өгсөн 60 000 000 төгрөг, 226 440 000 төгрөгөөр тухайн зээлийг хаасан. 2016 оны 1 дүгээр сард тухайн байрны гэрчилгээ Ж.Нямдовчингийн нэр дээр гарсан. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байснаас 2014 оны 9 дүгээр сард Ж.Цэрэндэгдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Байрнуудын гэрчилгээ миний нэр дээр байсан. 19 тоотын барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу 650 000 000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Хавтаст хэрэгт орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нэг ч төлбөр төлсөн баримт байхгүй. Өөрөөр хэлбэл Ж.Цэрэндэгдийн эхнэр Н.Дэлгэрмаа, дүү Ж.Нямдовчин нартай О.Намнандоржийн байгуулсан зээлийн гэрээний дагуу үүссэн харилцаа. Уг харилцаа удааширсан учраас нэхэмжлэгчийн орон сууц захиалгын гэрээ байгуулах шахалт шаардлагын дагуу уг гэрээг байгуулсан. Ийм учраас талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Н.Мөнхжин орон сууц захиалгын гэрээг Ж.Цэрэндэгдийн нэр дээр байгуулсан гэдгийг мэдээгүй, О.Намнандоржийг Ж.Цэрэндэгдийн эхнэр, дүү нараас мөнгө зээлсэн гэдгийг мэдэж байсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.5-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигч өөрийн өмчлөх эрхийг зөрчсөн хууль бус үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч Б.Бадралийн өмгөөлөгч үндсэн нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б.Бадрал, О.Намнандорж нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүрэгт байрлах байрны 2 тоот орон сууц Б.Бадралын өмчлөлд шилжсэн. Уг гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө хууль ёсны дагуу Б.Бадралын өмчлөлд шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Хурцбаярын өмгөөлөгч үндсэн нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Хурцбаяр уг байрны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч учраас өөрт нь холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Б.Бадрал, Р.Хурцбаярт байр зарах санал тавьж, 93 дугаар байрны 2 тоот байрыг худалдсан. Талууд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байрны улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Гэрээ байгуулахын өмнө М.Бадрал уг орон сууцыг өмчлөх, худалдах эрхтэй гэдгээ нотлохын тулд байранд хууль бусаар амьдарч байсан н.Батбаярыг шүүхийн журмаар байрнаас гаргуулсан. Уг байрны маргааныг шийдсэн 3 шатны шүүхийн шийдвэрийг үзүүлсэн. Уг орон сууцыг бусдад худалдахын өмнө улсын бүртгэлийн гэрчилгээнд хууль бус тэмдэглэгээ хийлгэсэн байсныг Оюуны өмчийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн улсын байцаагчийн хууль зөрчсөн тул хүчингүй болгосон гэх дүгнэлтийн хуулбарыг үзүүлсэн. Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудсанд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс уг байрны шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан байсныг цуцалсан. Энэ бүх баримтаар Б.Бадралыг уг орон сууцыг бусдад худалдах эрхтэй гэж ойлгоод Р.Хурцбаяр түүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хууль ёсны дагуу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Р.Хурцбаярт шилжиж, гэрчилгээгээ авсан.

Иймд Р.Хурцбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мөнхжин шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 93 дугаар байрны 19 тоот 200 м.кв 5 өрөө орон сууц О.Намнандоржийн өмчлөлд байсан. Н.Мөнхжин, О.Намнандорж нар гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр О.Намнандорж өмчлөлийн байраа эхнэр Н.Мөнхжин болон 3 хүүхдэдээ үлдээсэн.

Уг байр Сэра Интернэшнл ББСБ ХХК-ийн барьцаанд байсан. Зээлийг Н.Мөнхжин төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэрээр байрны хууль ёсны өмчлөгч Н.Мөнхжин болсон. Уг байранд Ж.Цэрэндэгд дайрч орж амьдарсан. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 19 тоот орон сууцны өмчлөгч Н.Мөнхжин болохыг тогтоосон. Иймд уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сэра Интернэшнл ББСБ ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэра Интернэшнл ББСБ ХХК, О.Намнандоржтой 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, 120 000 000 төгрөг зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 93 дугаар байрны 15 тоот, маргаан бүхий 2 байрны 1-ийг барьцаанд авсан. О.Намнандоржийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр нийт 167 850 212 төгрөг болсон. Бид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн үед О.Намнандорж, Н.Мөнхжин нарын хариуцагчаар татаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн шүүхэд хандсан. Шүүхээс О.Намнандорж, Н.Мөнхжин нараас зээл төлүүлэх ёстой гэсэн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Улсын бүртгэл үл хөдлөх хөрөнгө О.Намнандоржийн нэр дээр 1 хүний өмчлөлд бүртгэгдсэн байсан учраас барьцаалбар бүрдүүлж, барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Цэрэндэгдийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Сэра Интернэшнл ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, О.Намнандорж, Б.Бадрал нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Бадрал, Р.Хурцбаяр нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Намнандоржийн Ж.Цэрэндэгдэд холбогдох сөрөг нэхэмжлэлийг хангаж, Ж.Цэрэндэгд, О.Намнандорж нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасан шаардах эрхгүй байх тул Ж.Цэрэндэгдэд холбогдох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн гуравдагч этгээд Н.Мөнхжингийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөг, хариуцагч О.Намнандоржоос төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мөнхжингөөс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Цэрэндэгдээс 1 450 500 төгрөг, хариуцагч О.Намнандоржоос 3 337 750 төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Ж.Цэрэндэгдээс 3 407 950 төгрөг гаргуулж, хариуцагч О.Намнандоржид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Ж.Цэрэндэгд миний бие Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд буюу 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 718 000 000 төгрөгийг О.Намнандоржид шилжүүлсэн ба О.Намнандорж нь тухайн үед барилгын ажлыг эхлүүлсэн байсан тул 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дээрх шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тооцож 650 000 000 төгрөгийн үнэ бүхий Орон сууц захиалан бариулах 014/27, 014/28 тоот гэрээнүүдийг О.Намнандоржтой тус тус байгуулж, маргаан бүхий орон сууцнуудыг захиалсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ зөвхөн хүү тооцохгүйгээр 814 000 000 төлөгдсөн байна хэмээн дүгнэсэн атлаа 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 014/27, 014/28 тоот Орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн төлбөрт 650 000 000 төгрөг төлсөн болохоо нотлоогүй хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй байх бөгөөд хэргийн материалд 814 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болох нь баримт, мөнгө хүлээн авсан баримт болон зээлийн гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 014/27, 014/28 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ зэргээр нотлогдсоор байтал эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй.

2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл хугацаанд О.Намнандорж нь 718 000 000 төгрөгийг төлж барагдуулж чадаагүй тул түүний барьж байсан 650 000 000 төгрөгийн үнэ бүхий 4, 5 өрөө орон сууцыг тус тус захиалж, эдгээр орон сууцны төлбөрт өмнө шилжүүлсэн байсан 718 000 000 төгрөгийг орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт тооцсон. Гэвч анхан шатны шүүх Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт 650 000 000 төгрөг төлсөн болохоо нотлоогүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийн зэрэгцээ 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хугацаанд шилжүүлсэн 718 000 000 төгрөгийн төлбөрт маргаан бүхий орон сууцнуудыг захиалан бариулсан талаарх үйл баримтад дүгнэлт хийгээгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 014/27, 014/28 тоот ажил гүйцэтгэх гэрээний 3.1 дэх хэсэгт заасныг шүүх үнэлээгүй. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээнүүдийг Ж.Нямдовчин, Дэлгэрмаа нартай байгуулсан, төлбөр нь гэрээ байгуулагдахаас өмнө төлөгдсөн хэмээн хэрэгт ач холбогдолгүй, талуудын маргаагүй асуудлуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Талууд гэрээ байгуулах үед харилцан тохиролцсон нөхцлийг талууд гараар нөхөн бичиж байгуулсан ба Орон сууц захиалан бариулах гэрээний 2.4 дэх хэсэгт заасан заалт нь гэрээний загвар дээр шивэгдсэн бөгөөд уг заалт нь О.Намнандоржоос бусадтай байгуулдаг бүхий л гэрээнд бичигдсэн байдаг. Мөн Гэрээний 2.4 дэх заалт болох орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх заалтын талаар талуудын хэн аль нь маргаагүй ба уг барилгыг 2015 оны 01 дүгээр сард улсын комист хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр Ж.Цэрэндэгд намайг гэрээний гол нөхцлийг тохиролцоогүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч О.Намнандорж төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйн улмаас талууд орон сууцны байршил, талбайн хэмжээ, талбайн үнэ зэрэг гэрээний гол нөхцлүүдийг бүрэн харилцан тохиролцож Орон сууц захиалан бариулах гэрээг гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд байгуулсан. Мөн хариуцагч О.Намнандорж нь Иргэний хуулийн 343.3-т зааснаар орон сууцыг захиалагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээ аргацаах гэсэн "зээлийн төлбөрөө төлж чадахгүй барьцаа болгох үүднээс гэрээ байгуулсан" гэсэн бусад баримтаар няцаагдаж буй хариуцагчийн тайлбарыг л үндэслэл болгон маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус нийцэхгүй.

Хариуцагч О.Намнандорж нь 5 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээг Ж.Цэрэндэгдтэй байгуулсан атлаа тус гэрээнд заасан 19 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн нэр дээр гаргуулж, улмаар Сэра Интернэшнл ББСБ ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр барьцааны гэрээг байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх ёстой 19 тоот орон сууцыг хууль ёсоор өмчлөх эрх бүхий өмчлөгч мэдэгдэлгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд болох Сэра интернэшнл ББСБ ХХК-д барьцаалсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл юм. Мөн Ж.Цэрэндэгд 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоогдох байсан ба ийнхүү өмчлөгчөөр тогтоодсон тохиолдолд хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан 2015 оны БН15030024 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан "хууль зөрчсөн" хэлцэл болох юм.

Нөгөөтэйгүүр Сэра интернэшнл ББСБ ХХК-ийн О.Намнандорж болон О.Мөнхжин нарт холбогдох хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар О.Намнандоржоос 18 596 045 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба тус магадлалд барьцаа хөрөнгөөр үүргийн гүицэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй байдаг.

Өөрөөр хэлбэл Сэра интернэшл ББСБ ХХК-ийн зүгээс 19 тоот орон сууцыг нэхэмжлэгч миний өмчлөлийн орон сууц гэж хүлээн зөвшөөрсөн тул тус орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй юм. Хэрэв барьцаалагч нь барьцааны зүйлийг шалгасан тохиолдолд тухайн орон сууц нь өмчлөлийн маргаантай бөгөөд тус орон сууцанд нэхэмжлэгч амьдарч байсан ба шүүх хуралдаанд Сэра интернэшнл ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцааны зүйлийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй.

О.Намнандорж болон Б.Бадрал нар нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж 4 тоот орон сууцны өмчлөх эрхийг мөн өдөр Б.Бадралд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тустусзаасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь хариуцагч О.Намнандорж нь Б.Бадралаас 65 000 ам.доллар зээлсэн бөгөөд зээлийн баталгаа болгож 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 4 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн хэмээн тайлбарладаг боловч О.Намнандорж болон Б.Бадрал нарын хооронд хэзээ, ямар үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулагдсан болох нь нотлогдохгүй байх ба шүүх хуралдаанд хариуцагч, түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нар хэзээ, ямар зээлийн гэрээ байгуулсан болохоо тайлбарлаж, нотолж чадаагүй.

Мөн О.Намнандорж болон Б.Бадрал нар нь 4 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа татвараас зайлсхийх зорилгоор тус 250 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 5 000 000 төгрөгөөр худалдан борлуулах талаар гэрээнд заасан Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсгийг зөрчсөн ба шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй.

Р.Хурцбаяр нь 2017.02.02-ны өдөр 4 тоот орон сууцны өмчлөх эрхийг Б.Бадралаас шилжүүлэн авсан ба Б.Бадрал болон О.Намнандорж нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр 4 тоот орон сууц нь эрхийн зөрчилтэй буюу өмчлөлийн маргаантай бөгөөд Б.Бадралын өмчлөлийн хөрөнгө биш болохыг Р.Хурцбаяр сайтар мэдэж байсан боловч уг орон сууцыг шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу Р.Хурцбаярын өмчлөх эрх нь хууль бус юм. Мөн Б.Бадрал нь 4 тоот орон сууцыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу уг орон сууцны өмчлөлийн талаарх маргаанд биечлэн оролцож байхдаа Р.Хурцбаярт шилжүүлсэн нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариуцагч О.Намнандорж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 014/27, 014/28 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. О.Намнандорж нь дарамт шахалтын улмаас болон зээлийн баталгаа болгох зорилгоор дээрх орон сууц захиалан бариулах гэрээнүүдийг байгуулсан гэх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Учир нь О.Намнандорж нь 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 014/27, 014/28 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон үндэслэлгүй байна. Мөн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандахад 814 000 000 төгрөгийг О.Намнандорж авсан боловч О.Намнандорж нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хариу үүрэггүй гэх агуулга бүхий шийдвэр гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие нөхөр О.Намнандоржоос гэрлэлтээ цуцлуулсан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01444 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот орон сууцыг надад болон хүү М.Ананд, Н.Тэнүүн, Н.Чингүүн нарын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож шилжүүлсэн билээ. Гэтэл Н.Мөнхжинд өмчлөх эрх үүсээгүй гэх үндэслэлээр миний бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Ж.Цэрэндэгд нь миний салсан нөхөртэй маргаантай байгаа гэж манай орон сууцыг авсан ба одоо Ж.Цэрэндэгдийн хамаатнууд нь орон сууцад амьдарч байгаа.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөх эрх надад үүссэн байхад өөр маргаан шийдвэрлэж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэрээ эс хайхарч шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Цэрэндэгд нь хариуцагч О.Намнандоржид холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч О.Намнандорж, Сэра интернейшнл ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, О.Намнандорж, Б.Бадрал нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Бадрал, Р.Хурцбаяр нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч О.Намнандорж нэхэмжлэлийг эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээд Н.Мөнхжин нь нэхэмжлэгч Ж.Цэрэндэгдэд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ж.Цэрэндэгд, хариуцагч О.Намнандорж нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 014/28 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 200 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайг 2 000 000 төгрөгөөр тооцон, нийт 400 000 000 төгрөгөөр 2014 оны 2 дугаар улиралд багтаан барихаар, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 014/27 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 125 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайг 2 000 000 төгрөгөөр тооцон, нийт 250 000 000 төгрөгөөр 2014 оны 2 дугаар улиралд багтаан барихаар тус тус харилцан тохиролцсон агуулгыг тодорхойлсон баримт бичгийг үйлдэж, хэн аль нь гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч Ж.Цэрэндэгд нь гэрээг хүчин төгөлдөр гэж, хариуцагч О.Намнандорж нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Дээрхи хоёр гэрээний 3.1 дэх хэсэгт тус бүр гэрээний үнэ төлөгдсөн гэсэн агуулга тодорхойлогдсон боловч хэдийд, хэдэн төгрөг төлөгдсөн талаар баримтгүй байна.

Хэрэгт баримтаар О.Намнандорж, Ж.Нямдовчин нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 300 000 000 төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээ, О.Намнандорж, Н.Дэлгэрмаа нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 28 000 000 төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээ, О.Намнандорж, Ж.Нямдовчин нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 96 000 000 төгрөгийг зээлсэн тухай зээлийн гэрээ авагдсан байх ба нэхэмжлэгч нь орон сууц бариулах 2 гэрээний төлбөрийг дээрх зээлийн гэрээгээр болон бэлэн мөнгөөр төлсөн гэсэн тайлбарыг гаргажээ.

Баримтаар гаргаж өгсөн зарлагын 6 ширхэг баримт, Ж.Нямдовчин, Ж.Цэрэндэгд нарын мөнгө шилжүүлсэн банкны дансны хуулга баримтуудаас үзвэл дээрх орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулахаас өмнө талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа байсан ба уг харилцааны үндсэн дээр Ж.Цэрэндэгд 190 000 000 төгрөгийг О.Намнадоржид шилжүүлсэн нь тогтоогдож байна. Харин Н.Дэлгэрмаагаас О.Намнандоржид 168 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт, Н.Дэлгэрмаагаас О.Намнандоржид 28 000 000 төгрөгийг төлсөн баримтууд нь дээрх зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж анхан шатны шүүх банкны дансны хуулга болон зээлийн гэрээ, бэлэн мөнгөний баримтыг зохигчдын тайлбаруудтай харьцуулан дүгнэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Уг зээлийн гэрээний дагуу шаардах эрхээ Ж.Нямдовчин, Н.Дэлгэрмаа нараас нэхэмжлэгч Ж.Цэрэндэгдэд шилжүүлж, зээлийн гэрээний үүргийг орон сууц захиалан бариулах гэрээний үүргээр солих замаар Ж.Цэрэндэгд нь хариуцагч О.Намнандоржтой Орон сууц захиалан бариулах тухай дээр дурдсан 2 гэрээг байгуулж, үнийг төлсөн гэдэг нь эргэлзээтэй байна.

Иймд Орон сууц захиалан бариулах тухай дээр дурдсан 2 гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгох зорилгоор байгуулсан гэсэн хариуцагч О.Намнандоржийн тайлбар илүү үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахаас өмнө байгуулагдсан О.Намнандорж, Ж.Нямдовчин нарын 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, О.Намнандорж, Н.Дэлгэрмаа нарын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүд нь хугацаатай, хүүтэй байх бөгөөд гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн баримтгүй, Ж.Нямдовчин, Н.Дэлгэрмаа нар нь шаардах эрхээ Ж.Цэрэндэгдэд шилжүүлсэн гэх баримтгүй, эдгээр 2 зээлийн гэрээнээс гадна Ж.Цэрэндэгдтэй байгуулсан зээлийн гэрээг нэмж нийт 3 зээлийн гэрээний үүрэгт хариуцагч О.Намнандорж хэдэн төгрөгийн төлбөр төлөх байсныг, орон сууц захиалан бариулах гэрээний үнэд хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Цэрэндэгд, хариуцагч О.Намнандорж нар нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулах хүсэл зоригийг хэн аль нь илэрхийлсэн гэж дүгнэхээргүй байна. Улмаар тухайн хэлцлийг хийх хүсэл зоригийг илэрхийлээгүй, хэлцэл хийсэн гэх гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.Цэрэндэгд нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг олж авах нөхцлийг хангаагүй тул өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрх үүсээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Улмаар талуудын хооронд хийгдсэн суурь хэлцэл хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь үүнийг үндэслэн шаардсан О.Намнандоржийн Сэра интернэшнл ББСБ ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан БН15030024 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай, О.Намнандорж, Б.Бадрал нарын хооронд байгуулсан 2015 оны 30 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Б.Бадрал, Р.Хурцбаяр нарын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч О.Намнандоржийн гаргасан сөрөг нэхэмжлэл хангагдаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01444 тоот шийдвэрээр Н.Мөнхжин, О.Намнанддорж нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 19 тоотын 5 өрөө орон сууцыг Н.Мөнхжин, хүү М.Ананд, Н.Тэнүүн, Н.Чингүүн нарын өмчлөлд үлдээсэн байна. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Харин анхан шатны шүүх уг орон сууцыг өмчлөх эрх Н.Мөнхжинд үүсээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэрээр уг 5 өрөө орон сууцыг Н.Мөнхжин болон түүний хүүхдүүдийн өмчлөлд хуваарилж шийдвэрлэхдээ О.Намнандоржид ногдох 150 000 000 төгрөгийг Н.Мөнхжингөөс гаргуулахдаа уг мөнгөн хөрөнгийг О.Намнандоржийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэхээр тохиролцсныг харгалзан үзэж эвлэрлийг баталсан байна. Улмаар О.Намнандоржоос Сера интернэшнл ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдээгүй байгаа нөхцөл нь шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч болсон этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Н.Мөнхжин нь дээд дурдсан 5 өрөө орон сууцны өмчлөгч тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Уг 5 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.Цэрэндэгд нь эзэмшиж байгаа бөгөөд түүний эзэмшил нь хуулийн дагуу гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мөнхжингийн шаардлагыг хангаж, маргаан бүхий 5 өрөө орон сууцыг Ж.Цэрэндэгдийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж илүү төлснийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01703 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Сэра Интернэшнл ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, О.Намнандорж, Б.Бадрал нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Бадрал, Р.Хурцбаяр нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Ж.Цэрэндэгдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Ж.Цэрэндэгд болон О.Намнандорж нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай 14/27, 14/28 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалт болгон 2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот орон сууцыг нэхэмжлэгч Ж.Цэрэндэгдийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, 1 450 500 төгрөг гэснийг 4 100 500 төгрөг гэж, нэхэмжлэгч Ж.Цэрэндэгдээс 3 407 950 төгрөг гаргуулж, хариуцагч О.Намнандоржид олгосугай гэснийг нэхэмжлэгч Ж.Цэрэндэгдээс 3 478 150 төгрөг гаргуулж, хариуцагч О.Намнандоржид 3 407 950 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мөнхжинд 70 200 төгрөгийг тус тус олгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 932 950 төгрөгийн 4 311 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 621 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА