Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/01195

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/01195

 

 

 

Б.Урансайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00837 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Урансайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Баяраад холбогдох

 

Гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 85 дугаар байрны 72 тоот, 2 өрөө орон сууцнаас ногдох 66 хувь болох 38 797 355 төгрөг, 85 дугаар байрны 49 тоот, 2 өрөө орон сууцнаас ногдох 66 хувь болох 45 500 400 төгрөг нийт 84 297 755 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хүүхдийн асрамж өөрчлүүлж охин Б.Энхлэнг өөрийн асрамжид авах, Сүхбаатар дүүрэг, Сэлх зуслан дахь амины орон сууцны зориулалттай 2 давхар сууц, граж, гүний худаг, автомашиныг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгож, ногдох хөрөнгө 14 159 600 төгрөг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байр, 49 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн өрний ногдох хэсэг 26 164 222 төгрөг нийт 40 323 822 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Урансайхан

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар

Хариуцагч Ц.Баяраа

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Ц.Баяраатай 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Энхлэн төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдал, нөхөр маань надад үнэнч байгаагүй байдлаас хамтран амьдрах боломжгүй болж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Энхлэн миний асрамжид үлдсэн. Тухайн үед Ц.Баяраа 2 өрөө байрны нэгийг өгнө гэж амаар тохирч гэрлэлт цуцлуулсан боловч байрыг шилжүүлж өгөлгүй охин бид хоёрыг хуурсан. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны 49 тоот, 2 өрөө орон сууцыг бид өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, Ц.Баяраагийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарсан. 85 дугаар байрны 72 тоот орон сууцыг зээлээр авч, зээлийн төлбөр дуусаагүй байгаа. Төлбөрийг Ц.Баяраагийн нэрээр төлж, ахаасаа зээлээр худалдаж авсан учир ямар нэг гэрээ хийгээгүй байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хуурамч баримт бүрдүүлж, өөрийн эхийн нэр дээр гэрээ байгуулж шүүхэд өгсөн байсан. Би машин авч яваагүй. Бид хоёр салахаас өмнө машинаа 13 000 000 төгрөгөөр зарж, 72 тоот орон сууцны үнэд төлсөн. Иймд гэр бүл болсны дараа бий болсон гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 85 дугаар байрны 72 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авсан үнэ 90 335 100 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын байдлаар төлсөн 58 783 871 төгрөгийн охин бид хоёрт ногдох 66 хувь болох 38 797 355 төгрөг, 85 дугаар байрны 49 тоотын 2 өрөө байрны 2012 онд худалдан авсан үнэ 68 940 000 төгрөгийн 66 хувь болох 45 500 400 төгрөг нийт 84 297 755 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2009 онд гэрлэлтээ бүртгүүлэн манай ээжийн хамт амьдарч байсан. 2015 оны 08 дугаар сараас бид тусдаа амьдарч, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Бид гэр бүл болсноос хойш манай ээжийнд хамт амьдарч байсан ба дундын эд хөрөнгө үүсээгүй. Дундын эд хөрөнгө гэж бичсэн 49 тоот 2 өрөө орон сууц нь манай эхийн орон сууц бариулах гэрээтэй. Орон сууцны гэрчилгээг миний нэр дээр гаргуулж бид хоёр хамтын амьдралтай байхдаа 50 000 000 төгрөгийн барьцаанд ББСБ-д барьцаалж зээл авсан боловч одоог хүртэл зээл төлөгдөөгүй. Тус байрны гэрчилгээ барьцаанд байгаа. 72 тоот 2 өрөө орон сууцыг мөн миний эх худалдан авахаар барилга барьсан компанитай гэрээ хийж, төлбөрийг төлж яваа. Орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй, улсын бүртгэлийн өмчлөлийн гэрчилгээ гараагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Урансайхан нэхэмжлэлдээ охины хамт айл, айлаар явж амьдарч байна гэсэн нь охиныг цаашид ая тухтай орчинд өсгөж чадахгүй гэж үзэж байна. Би өөрийн эхийн хамт хувийн бизнес хийж амьдарч байгаа ба охинтойгоо байнга уулзаж өөр дээрээ хэд хоногоор байлгах, хөдөө орон нутгаар амрах зэргээр хамтдаа байдаг. Иймд охиноо өөрийн асрамжид авна. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сэлх зуслангийн амины орон сууцны зориулалттай 5х7 хэмжээтэй 2 давхар орон сууц, граж, гүний худаг, автомашин зэргийг дундын эд хөрөнгөнд тооцуулж, үнэлгээний компаний үнэлсэн үнэ 29 578 800 төгрөгнөөс өөрт оногдох хэсэгт 9 859 600 төгрөг гаргуулна. Автомашиныг Б.Урансайхан явахдаа унаж явсан болохоос байрны үнэд өгөөгүй. Газар нь сөрөг шаардлагад хамааралгүй. Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байр, 49 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан 50 000 000 төгрөгний өр зээл 78 492 666 болсон тул зээлийн өрний ногдох хэсэг 26 164 222 төгрөг, авто машины хувь 4 300 000 төгрөг нийт 40 323 822 төгрөгийг нэхэмжлэгч Б.Урансайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахад охиноо би өөрийн асрамжид авсан. Ц.Баяраа асуудал үүсгэхгүй хэл амгүй салъя, охиноо чи ав, би та хоёрт байрны нэгийг өгнө, охин надтай ойр өснө биз гэж хэлсэн. Гэрлэлт цуцалсны дараа охиноо аавтай нь уулзуулж байсан. Ц.Баяраа нэг байраа суллаж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй тул охиноо гэрийн хажуугийн цэцэрлэгээс гаргаж одоо байгаа байрны дэргэд цэцэрлэгт оруулсан. Учир нь би эгчийнхээ нэг өрөөнд амьдарч байгаа. Охин төрсөн цагаас миний хажууд миний асрамжид байсан, хойшид ч охиныхоо төлөө бүхнийг хийж асарна. Энэ талаар шинжээчийн дүгнэлт ч гарсан. Хөрөнгийн маргаантай холбогдуулж охиноо асрамждаа авах шаардлага гаргасан тул охиноо Ц.Баяраад өгөхгүй. Ц.Баяраагийн яриад байгаа зуслангийн газар нь манай эгчийнх. Барьсан барилга, гүний худаг, хашааны хувьд оногдох хэсгийг нь өгнө. Машиныг бид хоёр зарж байрны зээлд төлсөн. Байр барьцаалсан зээл гээд байгаа нь надад хамаагүй. Ц.Баяраа өөрийн найзын хамт байраа барьцаалж мөнгө аваад цааш нь н.Ганбаатарт зээлдүүлсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар хариуцагч Ц.Баяраагаас 45.500.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Урансайханд олгож, үлдэх 38.797.355 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579.439 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баяраагаас 385.452 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Урансайханд олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6д зааснаар хүүхдийн асрамж өөрчлүүлж, охин Б.Энхлэнг өөрийн асрамжид авах хариуцагч Ц.Баяраагийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Урансайханаас 11.822.600 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Баяраад олгож, үлдэх 2.337.000 төгрөг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байр 49 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн өрний ногдох хэсэг 26.164.222 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499.970 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Урансайханаас 204.112 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Баяраад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхээр 2015 оны 11 сарын 18-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Энхлэнг эхийнх нь асрамжинд үлдээсэн боловч охин миний халамж, асрамжинд байж, цэцэрлэгт хүргэх, авах эмчид үзүүлэх, хоол, хувцас хунарт нь байнгын анхаарал хандуулан хамтдаа байдаг байсан ба шүүхэд эд хөрөнгийн талаар маргаан гаргаснаас хойш охинтой минь уулзуулахгүй, охиныг эцэгтэйгээ уулзах хамт байх эрхийг нь зөрчиж байгаа тул өөрийн асрамжинд авахаар шүүхэд хандсан боловч шүүх өнгөцхөн хандаж шийдвэрлэсэн нь охины хувь заяанд сөргөөр нөлөөлөхүйц байдлыг үүсгэсэн гэж үзэж байна. Ц.Баяраа миний бие өөрийн эхийн нэр дээр "Орон сууц бариулах" гэрээ хийгдэж мөнгө төгрөгийг эх минь төлж, бий болгосон Баянгол дүүргийн 18 хороо, Жалханз худагт Дамдинбазарын гудамж, 85 байр, 49 тоот, 2 өрөө байрны өмчлөгчөөр бүртгүүлж, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж ашиглаж байсан. Тухайн байрыг худалдаж авахад Б.Урансайхан бид хоёроос нэг ч төгрөг ороогүй. Гэтэл шүүх эх үүсвэрийг нь судалж үзэхгүйгээр Ц.Баяраа намайг өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул дундын өмч гэж хувааж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, миний эхийн эрхийг хохироосон.

Бид хамтын амьдралтай байхдаа харилцан ярилцаж ББСБ-аас 50 000 000 төгрөгийн зээл авч хүүгээр нь ашиг олох хамтарсан бизнес хийхээр Баянгол дүүргийн 18 хороо, Жалханз худагт Дамдинбазарын гудамж, 85 байр, 49 тоот 2 өрөө байрыг миний нэр дээр гэрчилгээ гаргуулан авсныг Б.Урансайхан мэдэж байсан тул гэрлэлт цуцлуулахдаа бидэнд дундын өмч хөрөнгө байхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэдгийг хэлж улмаар шүүх эд хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлэсэн нь өнөөдөр хүртэл хүчинтэй байдаг.

Б.Урансайхан нь "Стар кредит" ББСБ-д барьцаанд байгаа 49 тоот 2 өрөө байрнаас ногдох хувиа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул өнөөдөр хүртэл зээл төлөгдөөгүй зээл 78 492 666 төгрөгний өрийг өөрт ноогдсон хөрөнгийн хэмжээгээр хариуцуулах, зээлийн барьцаа баталгаанд байгаа тул ногдох хэмжээгээр үүргийг хүлээлгэхгүйгээр дан ганц надад өр зээлийг хариуцуулсанд гомдолтой байна.

Мөн "СБД-ийн 20 хороо "Сэлх" зусланд байрлах амины орон сууцны зориулалттай 5x7 хэмжээтэй 2 давхар орон сууц, автограж, гүний худаг, газар, автомашин зэрэг дундын хөрөнгийг "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК 29 578 800 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын өмчийг Б.Урансайханы хамаарал бүхий ах, эгч нарынх нь шүүхэд гаргасан аман тайлбараар гүний худаг, хашаа, граж зэргийг шаардаагүй, нэхэмжлэл гаргах эрхгүй хүмүүст хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаарх хэрэгт авагдсан нотлох баримтад хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Урансайхан нь хариуцагч Ц.Баяраад холбогдуулан гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 85 дугаар байрны 72 тоот, 2 өрөө орон сууцнаас ногдох хувь болох 38 797 355 төгрөг, 85 дугаар байрны 49 тоот, 2 өрөө орон сууцнаас ногдох хувь болох 45 500 400 төгрөг нийт 84 297 755 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хүүхдийн асрамж өөрчлүүлж охин Б.Энхлэнг өөрийн асрамжид авах, орон сууцны зориулалттай 2 давхар амины сууц, граж, гүний худаг, автомашиныг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгож, ногдох хөрөнгө 14 159 600 төгрөг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байр, 49 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн өрний ногдох хэсэг 26 164 222 төгрөг нийт 40 323 822 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Урансайхан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны 49 тоот орон сууцыг дундын хөрөнгөөрөө авч, Ц.Баяраагийн нэр дээр бүртгүүлсэн, ...72 тоот орон сууцыг зээлээр авсан бөгөөд зээлийн төлбөр дуусаагүй байгаа, гэр бүл болсны дараа бий болсон хөрөнгө гэж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Б.Урансайхан нь охиноо ая тухтай өсгөж чадахгүй байгаа тул асрамжийг өөрчлүүлнэ, ...Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах 5х7 хэмжээтэй амины орон сууц, граж, гүний худаг, автомашиныг дундын хөрөнгө, ...49 тоот орон сууцыг барьцаалж хамт зээл авсан тайлбарласныг нэхэмжлэгч эс зөвшөөрч ...зуслангийн газар, амины орон сууц, граж, гүний худаг зэргийг бусадтай нийлж барьсан гэж мэтгэлцсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар зуслангийн газар, амины орон сууц, граж, гүний худаг зэргийг хэний өмчлөлийнх болохыг тодорхойлох боломжгүй байхад анхан шатны шүүх энэ байдлыг тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн газар нь гэрч Б.Золсайханы нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ба амины орон сууц, граж, гүний худаг зэргийг нэхэмжлэгч бусадтай нийлж барьсан, хариуцагч дангаараа барьсан гэж зохигчид маргасан байхад зөвхөн гэрч Б.Золсайхан, Б.Жаргалсайхан нарын мэдүүлэгт үндэслэж, тэдгээрийг оролцуулан хөрөнгийг хувааж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй байна.

Маргаан бүхий дээрх хөрөнгийг хамтарч бий болгосон этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулах нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчихгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нийцэх юм.

Дээрх байдлаар амины орон сууц, граж, гүний худаг зэрэг нь хэний хөрөнгөөр бий болсон хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Баяраа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 339 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ