Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00579

 

Б.У-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02736 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2575 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.У-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Б-д холбогдох,

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон охинд ногдох хэсэгт 84 297 755 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн хүүхдийн асрамж өөрчилж, охин Б.Энхлэнг өөрийн асрамжид авах, Сүхбаатар дүүрэг, Сэлх зуслан дахь 2 давхар амины орон сууц, гарааш, гүний худаг, автомашиныг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгон, ногдох хэсэгт 14 159 600 төгрөг, гэр бүлийн дундын өрийн ногдох хэсэгт 26 164 222 төгрөг, нийт 40 323 822 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч Ц.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би анх 2006 онд хариуцагч Ц.Б-тай танилцан, 2007 оноос эхлэн хамтран амьдарч, 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Энхлэн төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдал болон нөхрийн үнэнч бус байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2015 оны 09 сараас эхлэн тусдаа амьдарч, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Харин охин Б.Энхлэн миний асрамжид үлдсэн. Тухайн үед хариуцагч Ц.Б- гэрлэлтээ хурдан цуцлуулья, охин та хоёрт 2 өрөө байрны нэгийг өгнө гэж хэлэн, надтай тохиролцож, гэрлэлт цуцлуулахдаа эд хөрөнгийн маргаан гаргаагүй. Гэтэл хариуцагч нь тэтгэмж төлөөгүй, байрыг шилжүүлж өгөлгүй, охин бид хоёрыг хуурсан. Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байрны 49 тоот 2 өрөө орон сууцыг бид өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, Ц.Б-гийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарсан. Харин 85 дугаар байрны 72 тоот орон сууцыг зээлээр авч, төлбөрийг Ц.Б-гийн нэрээр төлсөн. Тэрээр ахаасаа зээлээр худалдаж авсан учир ямар нэгэн гэрээ хийгээгүй. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хуурамч баримт бичиг бүрдүүлж, өөрийн ээжийн нэр дээр гэрээ байгуулж, шүүхэд гаргаж өгсөн.

Харин биднийг гэрлэлтээ цуцлуулахаас өмнө тухайн автомашиныг 13 000 000 төгрөгөөр худалдаж, 72 тоот орон сууцны үнэд төлсөн. Иймд охин бид хоёрт гэр бүл болсны дараа бий болсон гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 85 дугаар байрны 72 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авсан үнэ болох 90 335 100 төгрөг, 2015 оны 02 сарын байдлаар төлсөн 58 783 871 төгрөгийг охин бид хоёрт ногдох 66 хувь болох 38 797 355 төгрөг, 85 дугаар байрны 49 тоотын 2 өрөө байрны 2012 онд худалдан авсан үнэ 68 940 000 төгрөгийн 66 хувь болох 45 500 400 төгрөг, нийт 84 297 755 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Шүүхийн шийдвэрээр охин Б.Энхлэнг эхийн асрамжид үлдээсэн боловч үүргээ биелүүлсээр ирсэн. Нэхэмжлэгчтэй гэр бүл болсноос хойш манай ээжийнд хамт амьдарч байсан бөгөөд дундын эд хөрөнгө үүсээгүй. Энэ талаар гэрлэлт цуцлуулах шүүх хуралдаанд Б.У- бидний дунд гэрлэснээс хойш үүсч бий болсон эд хөрөнгө байхгүй гэсэн учир шүүх эд хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлэсэн. Дундын эд хөрөнгө гэж бичсэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны 49 тоот 2 өрөө орон сууц миний ээжийнх бөгөөд орон сууц бариулах гэрээ байгуулсан, байрны мөнгийг миний ээж төлсөн. Орон сууцны гэрчилгээг миний нэр дээр гаргуулж, бид хоёр хамтын амьдралтай байхдаа 50 000 000 төгрөгийн барьцаанд банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авсан боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй. Тус байрны гэрчилгээ барьцаанд байгаа. 85 дугаар байрны 72 тоот 2 өрөө орон сууцыг ээж худалдан авахаар барилга барьсан компанитай гэрээ байгуулж, төлбөрийг төлж байгаа бөгөөд орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Бид 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж охин Б.Энхлэнг эхийнх нь асрамжид үлдээсэн боловч би цэцэрлэгт нь оруулж, хүргэн өгч цаг үргэлж охиндоо анхаарал тавьж байсан. Шүүхийн шийдвэрээр охиныг эхийн асрамжид үлдээсэн гэх боловч цэцэрлэгээс зохиогдсон бүх арга хэмжээнд би оролцож, өглөө оройд хүргэж өгч авдаг байсан. Б.У- нэхэмжлэлдээ охины хамт айл, айлаар явж амьдарч байна гэсэн нь охиныг цаашид ая тухтай орчинд өсгөж чадахгүй байх нөхцлийг бүрдүүлж байх тул өөрийн асрамжид үлдээхийг хүсэж байна. Би өөрийн ээжийн хамт хувийн бизнес хийж амьдардаг бөгөөд охинтойгоо байнга уулзаж, хэд хоног хамт байх, хөдөө орон нутгаар амрах зэргээр хамтдаа байдаг. Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сэлх зуслангийн амины орон сууцны зориулалттай 5х7 хэмжээтэй, 2 давхар орон сууц, гарааш, гүний худаг, автомашин зэргийг дундын эд хөрөнгөд тооцуулж, үнэлгээний компанийн үнэлсэн үнэ 29 578 800 төгрөгөөс өөрт ногдох хэсэгт 9 859 600 төгрөг гаргуулахыг хүсэж байна. Харин автомашиныг Б.У- явахдаа унаж явсан болохоос байрны үнэд өгөөгүй. Газар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байр 49 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж, 50 000 000 төгрөгийн зээл 78 492 666 төгрөг болсон тул зээлд ногдох хэсэгт 26 164 222 төгрөг, автомашины хувь 4 300 000 төгрөг, нийт 40 323 822 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Анх охиноо төрүүлснээс хойш би өөрөө харж хандаж өсгөсөн. Аавынх нь оролцоогүйгээр өнөөдрийг хүрсэн. Гэрлэлтээ цуцлуулах үед хариуцагч нь би охиныг асарч чадахгүй гэдгээ мэдэж байна, ийм учраас чамд тэтгэмж өгье, чи охиноо ав, би байраа өгнө гэж хэлж байсан. Хариуцагч нь хүүхдээ харж байсан гэх боловч намайг эд хөрөнгөтэй холбоотой маргаан гаргангуут охиноо асрамжиндаа авна гэх байдлаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Хүүхдийн төвөөс охиныг ээжтэйгээ хамт байх нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан. Хариуцагч нь охиныг авч явахад охины бие дээгүүр хайрст үлд мэт эмзэг зүйлс гарсан байсан. Түүнийг арьс өнгөний харшлын эмнэлэгт үзүүлээд 200 000 төгрөгийн тос авч түрхсэн. Ингээд тос нь дуусахад дахин шинжилгээ өгсөн. Иймэрхүү байдлаар хариуцагч нь охиныг өсгөж чадахгүй. Хариуцагч нь автомашиныг надад өгсөн гэж байна. Би тэр автомашиныг худалдаагүй, харин байрны зээлд тооцож өгсөн. Мөн би хариуцагч Ц.Б-д зуслангийн газарт барьсан барилга, гүний худаг, хашааны хувьд ногдох хэсгийг өгнө. Гэхдээ барьцаалсан зээл нь надад ямар ч хамааралгүй. Хариуцагч нь өөрийнхөө найзтай хамтарч байраа барьцаалж, мөнгө авч, н.Ганбаатарт зээлдүүлсэн юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Золсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Анх гэр оронгоо ээлжилж харж байя гээд газар дээрээ байшин барихыг зөвшөөрсөн. Гэтэл одоо миний газрыг хувааж авна гэж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ газар бол миний газар бөгөөд эдгээр хүмүүсийн газар биш. Харин байшин, гарааш нь эдгээр хүмүүсийн өмч юм. Хөвсгөл аймгаас мод татаж авчраад байшин, гарааш бариулсан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02736 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б-гаас 45 500 400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.У-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 38 797 355 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.У-аас 11 922 600 төгрөг гаргуулан, хариуцагч Ц.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 2 337 700 төгрөг, өрний ногдох хэсэг 26 164 222 төгрөг, охин Б.Энхлэнг өөрийн асрамжид авах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 579 439 төгрөг, хариуцагчаас төлсөн 499 970 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-гаас 385 452 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.У-д, нэхэмжлэгч Б.У-аас 205 707 төгрөг гаргуулан, хариуцагч Ц.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2575 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385 452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Ц.Б- миний бие өөрийн ээжийн хүч хөдөлмөр, мөнгө төгрөг эд хөрөнгөөр бий болгосон Баянгол дүүргийн 18 хороо, Жалханз худагт Дамдинбазарын гудамж 85 байр 49 тоот 2 өрөө байрыг барьцаанд тавьж, бизнес хийх зорилгоор өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн авсныг Урансайхан маш сайн мэдэж байгаа төдийгүй тухайн байрыг ээж өөрийн өмчлөлийн 3-р хороололд байсан байраа зараад Сансарт байр авч дахин сансарын байраа зарсан мөнгөөрөө худалдан авсан. Тухайн байрыг худалдаж авахад Б.У- бид 2-оос нэг ч төгрөг ороогүй юм. Гэтэл шүүх эх үүсвэрийг нь гаргаж, хөрөнгө бий болгосон ээжийн эрх ашгийг зөрчиж хохироосон нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Бид хамтын амьдралтай байхдаа харилцан ярилцаж тухайн байрыг ББСБ-аас 50 000 000 төгрөгийн зээл авч хүүгээр нь ашиг олох, гэр бүлийн хамтарсан бизнес хийх санаа зорилготойгоор ээжийн хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 хороо, Жалханз худагт Дамдинбазарын гудамж 85 байр 49 тоот 2 өрөө байрыг 50 000 000 төгрөгийн барьцаанд тавьж 97 564 045 төгрөг болтлоо өсөж өртэй болсон. Энэхүү төлөгдөөгүй өр төлбөртэй гэдгийг Урансайхан мэдэж байсан тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлт цуцлуулахдаа зуслангийн байр, худаг, газар, гарааш, хашаа, автомашин зэрэг дундын өмч хөрөнгийг эхнэр хүүхдийнхээ өмчлөлд үлдээж, эд хөрөнгийн маргаангүй гэдгээ тохирсноор шүүх 102\ШШ2015\07229 дүгээр шийдвэрээр эд хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлэсэн нь өнөөдөр хүртэл хүчинтэй байдаг.

Б.У- нь “Стар кредит” ББСБ-д барьцаанд байгаа Баянгол дүүргийн 18 хороо, Жалханз худагт Дамдинбазарын гудамж 85 байр 49 тоот 2 өрөө байрнаас ногдох хувиа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба 2017 оны 10 дугаар сарын 24-ний байдлаар 97 564 045 төгрөгний төлөгдөөгүй өрийг надаас нэхэмжилж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан байна. Хамтын амьдралтай байхдаа 2-уулаа ярьж тохироод барьцаанд тавьсан, Урансайхан зээлийн хүү төлж байсан зэрэг нь тухайн өр зээлийг хамтран хариуцах үүрэг хүлээснийг нотолж байна. Гэтэл шүүх хамтын амьдралтай байх үөд үүссэн өр зээл 97 564 045 төгрөгийг зөвхөн надад үлдээж дээр нь барьцаанд байгаа 49-ийн 2 тоот байрны 66 хувь буюу 45 500 400 төгрөгийг нэмээд нийт 143 064 445 төгрөгийн өр зээл, төлбөрийг хариуцуулж байгаа нь шударга үнэнд нийцэхгүй байгаа тул гомдолтой байна.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо “Сэлх” зусланд байрлах амины орон сууцны зориулалттай 5x7 хэмжээтэй 2 давхар орон сууц, авто гарааш, гүний худаг, хашаа зэрэг дундын хөрөнгө Урансайханд үлдсэн, Урансайхан ямар ч өр зээл төлбөргүйгээр хөрөнгөтэйгээ үлдсэн, өр зээл төлөх үүргийг түүний ногдох хөрөнгөнөөс гаргуулж, үүрэг хүлээлгээгүй нь шударга бус гэж үзэж байна. Харин миний бие 143 064 445 төгрөгийн өртэй, барьцаанд тавигдсан 49-ийн 2 тоот байр хамтын амьдралтай байх үед тавигдсан өр зээлийг төлж хүрэлцэхгүй болж барьцааны байр хураагдаж, өөрөө амьдрах орон байргүй болж хохирч байгаа амьдралын бодит нөхцөл байдалд шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүйгээр шийдвэр гаргасан нь гэж үзэж байна.

Охин Б.Энхлэнг эхийнх нь асрамжинд үлдээсэн шүүхийн шийдвэр гарснаас хойш охин миний халамж, асрамжинд байж, цэцэрлэгт хүргэх, авах эмчид үзүүлэх, хоол хүнс, хувцас хунарт нь байнгын анхаарал хандуулан хамтдаа байдаг байсан ба шүүхэд эд хөрөнгийн талаар маргаан гаргаснаас хойш охинтой минь уулзуулахгүй хааяа хөдөө хамтдаа явах асуудлыг зогсоож, охиныг минь хувийн өмч мэт үзэж, охин бид 2-ыг уулзах хамт байх эрхийг нь бүдүүлгээр зөрчиж, эцэг байх эрхээсээ татгалз гэдэг мессежийг ирүүлэн дарамтлах болсон тул өөрийн асрамжинд авахаар шүүхэд эрхийнхээ дагуу хандсан боловч шүүх “асрамжийг өөрчлөх болсон шалтгааныг нотолж чадаагүй, шинжээчийн дүгнэлтээр хүүхдийн асрамжийг өөрчлөх нөхцөл байдал тогтоогоогүй” гэж өнгөцхөн байдлаар дүгнэлт хийж хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн нь цаашид охины хувь заяанд сөргөөр нөлөөлхүйц байдлыг үүсгэсэн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж, энэ харилцаанаас үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.У- хариуцагч Ц.Б-гаас гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон охинд ногдох хэсэгт 84 297 755 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Ц.Б- нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 14 159 600 төгрөг, гэр бүлийн дундын өрийн 26 164 222 төгрөг, нийт 40 323 822 төгрөг гаргуулах, хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигч нь 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Энхлэнг төрүүлсэн байх ба хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан тусдаа амьдрах болж, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102\ШШ2015\07229 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна. Шүүх хүүхдийг эх Б.У-ы асрамжид үлдээж, эцэг Ц.Б-гаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэжээ. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар талууд тухайн үед маргаангүй байсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд тодорхой тусгасан байна. Шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Зохигчийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, түүнээс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлохдоо шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1., 129 дүгээр зүйлийн 129.3., 129.6.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн бөгөөд гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг байна. Гэрлэлт цуцласнаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо шүүх   хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан тогтоодог байна.

Бага насны хүүхдийн асрамжийг эх Б.У-д тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш уг асрамжийг өөрчлөх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүх хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч Ц.Б-гийн бизнесийн зориулалтаар банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг гэр бүлийн хэрэгцээнд ашигласан гэж үзэх үндэслэл мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний болон Гэр бүлийн тухай хуулиудын хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02736 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2575 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН