Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01646

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01646

 

 

 

Тохилог шинэ ертөнц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01623 дугаар шийдвэртэй, Тохилог шинэ ертөнц ХХК-ийн нэхэмжлэлтэй Симпликлин ХХК-д холбогдох СӨХ-ны төлбөрт 3 813 384 төгрөг, 24, 25 дугаар зогсоолын дулааны төлбөр 462 000 төгрөг, нийт 4 275 384 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Манай ОСНАА-н Тохилог шинэ ертөнц ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт орших Сэлбэ хотхоны 97/3, 97/4-р байруудын орон сууцны ашиглалт засвар үйлчилгээ болон дундын эзэмшлийн эд хөрөнгөнд үйлчилгээ үзүүлэх гэрээг тухайн байруудыг барьж ашиглалтад оруулсан Сүмт Өргөө ХХК-тай орон сууцны СӨХ болон ОСНААК-ын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус 2 байр нь шинээр орсон цөөхөн айлтай СӨХ-нь байгуулагдаагүй байсан тул СӨХ-ны үйл ажиллагаа болон нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээ, харуул цэвэрлэгээг түр хугацаагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн байрны СӨХ байгуулагдсан тул нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг тухайн СЭЛБЭ-180 СӨХ-д албан ёсоор нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн.

Манай байгууллага нь УБДТС ТӨХК, ЦТС ТӨХК, УСУГ, Нийтлэг үйлчилгээний газар, лифтний Сигма Отис ХХК зэрэг газруудад гэрээтэй ажилладаг ба заасан хугацаанд гэрээний дагуу нэхэмжлэлээр ирүүлсэн төлбөрүүдийг төлөх үүрэгтэй ба энэ нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд гарч буй зардал хамааралтай тул cap бүрийн 15-ны дотор төлдөг. Энэ өдрөөс хойш алданги хүлээдэг тул хэрэглэгч оршин суугчид нь төлбөрөө цаг хугацаанд нь төлөх талаар утсаар болон албан мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан.

Хариуцагч Симпликлин ХХК нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар саруудад сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний хөлс болох 3 486 384 төгрөг, нотариатын төлбөрт 27 000 төгрөг, өмгөөллийн хөлс 300 000 төгрөг нийт ,813 384 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Симпликлин ХХК-ийн эзэмшлийн 24, 25 дугаар зогсоолын төлбөр 462 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК нь Сэлбэ хотхоны 97/03, 97/4 дүгээр байрны оршин суугчдад СӨХ-ийн үйлчилгээ үзүүлдэг байсан гэх боловч бодит байдал дээр үйлчилгээг маш муу үзүүлдэг буюу цэвэрлэгээг огт хийдэггүй, харуул хамгаалалт ажиллуулдаггүй, мөн цахилгаан лифт ихэнхдээ гацаатай ажилладаггүй гэх зэргээр үйлчилгээг үзүүлсэн зүйл байхгүй байж оршин суугчдаас СӨХ-ийн мөнгө авч байгаа нь буруу гэж үзэж байна.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч Симпликлин ХХК нь Орон сууц Нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК-д 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 12 дугаар cap хүртэлх хугацааны ашиглалтын зардлын төлбөр 4 279 368 13 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардал буюу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хамгаалалт, засвар үйлчилгээ зэргийн зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг албан ёсны СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авч эрх нь нээгдсэн СӨХ-д олгосон заалттай. Мөн Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дах хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь хуульд заасан үүргээ буюу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд орон сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тусгайлсан зохицуулалтыг хууль тогтоогчийн зүгээс хуульчилж өгсөн байна.

Нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК нь Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж албан ёсны гэрчилгээ аваагүй буюу СӨХ- ийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага буюу тус шүүхэд СӨХ-ийн төлбөрийг нэхэмжлэхээр хандах эрхгүй этгээд тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 14.5-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Симпликлин ХХК-аас 3 656 384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шинэ тохилог ертөнц ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 619 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Симпликлин ХХК-аас 73 612 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Шүүхээс Тохилог шинэ ертөнц ХХК-ийг СӨХ-ийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч байгууллага хэмээн үзэж, оршин суугчидтай гэрээ байгуулан гүйцэтгэсэн хэмээн дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон дурдсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Сууц өмчлөгчидтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын гол үндэс нь Иргэний хуулийн 5 дугаар дэд бүлэг, Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрх-ийн тусгай зохицуулалт болоод Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зохицуулагддаг билээ. Гэтэл эдгээр хууль тогтоомжид заасныг зөрчиж Сууц өмчлөгчдийн холбоо гэж бүртгэгдээгүй байгууллага өөрөөр хэлбэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу албан ёсны СӨХ-ийн зөвшөөрөл аваагүй этгээдийг СӨХ-ийн үйл ажиллагаа явуулсан учир албан ёсоор үүргээ гүйцэтгэсэн хэмээн үзэж Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжуудад тусгагдсан СӨХ-тэй холбоотой заалтуудыг баримтлан шийдвэр гаргаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт зааснаар Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно" гэж заасан хуулийн агуулгыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.6 дах хэсэгт зааснаар "Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулна" гэж тусгасан бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу холбоог бүртгэх үйл ажиллагааг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар хариуцаж, мэдээллийн санг бүрдүүлж байдаг.

Гэтэл "Тохилог шинэ ертөнц" ХХК нь албан ёсны СӨХ-ны гэрчилгээгүй. Зөвхөн Орон сууц Нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болно. Түүнчлэн Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид СӨХ-ийн эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлж болно гэх зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 143.3 дах хэсэгт СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь СӨХ биш ХХКомпани болохын хувьд Симпликлин ХХК-тай "орон сууц дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг" төлөх, нэхэмжлэх тухай гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа үүсээгүй.

Нэхэмжлэгч байгууллага нь СӨХ-ийн эрхгүй тул шүүхэд СӨХ-н төлбөрийг нэхэмжлэхээр хандах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байтал шүүх анхаарч үзээгүйгээс гадна хуулийг буруу хэрэглэж СӨХ-тэй холбоотой холбогдох заалтыг баримтлан шийдвэр гаргасныг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дах заалтыг зөрчиж оршин суугчдаас хууль бусаар буюу СӨХ гэсэн нэрийн дор мөнгө авч буй хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт дэх заалтыг баримталж "Симпликлин" ХХК-аас СӨХ-ийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК нь хариуцагч Симпликлин ХХК-д холбогдуулан СӨХ-ны төлбөрт 3 813 384 төгрөг, 24, 25 дугаар зогсоолын дулааны төлбөр 462 000 төгрөг, нийт 4 275 384 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой төлбөр авах эрхтэй этгээд гэдгээ нотолсон баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй. Зөвхөн нэг талаас гаргасан тооцоог үндэслэж талуудын хооронд СӨХ-тэй холбоотой харилцаа үүссэн, хариуцагчийг СӨХ-ны үйлчилгээний төлбөр төлөх үүрэгтэй гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 25 дугаар тал/ Нөгөө талаар Симпликлин ХХК-ийн үйлчилгээний төлбөр гэсэн нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдэгтэй бүхий энэхүү баримтаар үйлчилгээний төлбөр, дундын өмчлөлийн төлбөр гэдгийг эргэлзээгүй нотлохгүй бөгөөд энэ төлбөрийг баримт Тохилог шинэ ертөнц ХХК нь хариуцагчийн өмнөөс төлсөн болох нь тогтоогдоогүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах этгээд нь сууц өмчлөгчдийн холбоо байна.

Тохилог шинэ ертөнц ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүмт Өргөө ХХК-тай орон сууцны СӨХ болон ОСНААК-ын эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт орших Сэлбэ хотхоны 97/3, 97/4-р байруудын орон сууцны ашиглалт засвар үйлчилгээ болон дундын эзэмшлийн эд хөрөнгөнд үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон байна. Орон сууц, болон орон сууц нийтийн аж ахуйн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр барилга барьсан компани нь барилгатай холбоотой ашиглалтын төлбөрүүдийг, шугам сүлжээний өмчлөлийн асуудлыг өөр этгээдэд шилжүүлэх эрхтэй байж болно. Харин дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой СӨХ-ны эрхийг шилжүүлэх эрхтэй этгээд нь Сүмт өргөө ХХК өөрөө биш юм. Өөрөөр хэлбэл, өөрт байхгүй эрхийг шилжүүлэх тухай энэхүү гэрээг үндэслэн Тохилог шинэ ертөнц ХХК-ийг СӨХ-ны төлбөр авах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй, зохигчдын маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК-ийн хариуцагч Симпликлин ХХК-аас СӨХ-ны төлбөрт 4 275 384 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК-ийн хариуцагч Симпликлин ХХК-аас СӨХ-ны төлбөрт 4 275 384 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 452 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ