Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00384

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00384

 

МАГАДЛАЛ

Төсөл

2018.2.

Д.Пагмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Пагмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Диспетчерийн үндэсний төв ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Пагмаа нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Диспетчерийн үндэсний төв ХХК-д хамтын ажиллагааны мэргэжилтнээр ажилд орж, 2015.01.05-ны өдрөөс Архив бичиг хэргийн эрхлэгч орон тоонд томилогдож 2017.09.25-ны өдрийг хүртэл ажилласан. ... Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдорж, тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Л.Бөхболд, дэд захирал С.Бүрэнтогтох нарын дунд туслахаар ажилладаг болсон. 2017.09.25-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс цагдаагийн байцаагч яриад танай байгууллагаас ирсэн албан бичгийн дагуу танаас гэрчийн мэдүүлэг авмаар байна гэсний дагуу очтол удирдлага санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаад халагдсан Ц.Мартгэрэлтэй холбоотой мэдүүлэг авсан. 2017.09.25-ны өдөр амралт дуусаад ажилдаа ирэхэд миний ажлыг өөрчилсөн тухай санал хэлж, чи өөрөө хүсэлтээрээ халагдана гэсэн өргөдөл гарга гэж Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Намчиндорж, гүйцэтгэх захирал Д.Балдорж нар дарамталсан. Би өөрөө хүсэлтээрээ гарахгүй гэж хэлээд явахад маргааш өдөр нь буюу 2017.09.26-ны өдөр сахилгын шийтгэх ногдуулах тухай гэсэн мөртлөө ажлаас халсан агуулгатай Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдоржийн гарын үсэг бүхий 193 тоот тушаал өгсөн. Энэхүү тушаалыг илтэд хууль зөрчиж гаргасан тушаал гэж үзэж байгаа учир тушаалыг хүчингүй болгож, тус компанийн архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдрийг хүртэлх цалинг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан иргэн Ц.Мартгэрэл нь Диспетчерийн үндэсний төв ХХК-д удирдлага санхүүгийн алба гэсэн нэгжийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сард тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Цогтбаатарын тушаалаар ажлаас халагдсан бөгөөд улмаар үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн биелүүлэхтэй холбоотойгоор төлөвлөсөн төлөвлөгөө, үйл ажиллагааны эсрэг тайлбар, хүсэлтийг шийдвэр гүйцэтгэлийн албанд өгөх зэргээр тус хэрэг маргааны нэхэмжлэгч тал болох Ц.Мартгэрэл нь байгууллагын дотоод харилцаанд болсон аливаа ярилцлага, үйл ажиллагааны талаар мэдээллийг тодорхойгүй эх сурвалжаас тогтмол хүлээн авч, энэхүү мэдээллээ ашиглаж байна гэж үзэх үндэслэл бүрдсэн. Тухайлбал Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Намчиндорж миний албан өрөөнд Санхүү эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярцэнгэл, тус хэлтсийн тооцооны нягтлан бодогч Л.Ганцэцэг, Захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх Ж.Ариунболд, тус хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн Д.Алимаа, тус хэлтсийн архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Пагмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын талаар Ц.Мартгэрэл нь мэдээлэл олж авсан бөгөөд мэдээлэл олж авсан талаар Захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх Ж.Ариунболдод хэлж, маргаан үүсгэсэн байсан. Энэ талаар хуулийн зөвлөх Ж.Ариунболд захиргаа удирдлагын хэлтсийн даргад мэдэгдэж, үүний дагуу тухайн уулзалт хийсэн дээр дурдсан ажилтнуудтай дахин уулзалт зохион байгуулж, байгууллагын дотоод харилцаанд үүссэн аливаа яриа мэдээллийг байгууллагын эсрэг ашиг сонирхолтой буюу шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа этгээдэд задруулахгүй байх талаар биечлэн анхааруулсан. Гэтэл энэ удаагийн уулзалтын талаарх мэдээллийг Ц.Мартгэрэл дахин олж авсан бөгөөд хуулийн зөвлөх Ж.Ариунболдтой гар утсаар нь дахин холбоо барьж маргаан үүсгэсэн. Иймд бид байгууллагаас гадагш мэдээлэл задруулж байгаа буруутай этгээдийг олж тогтоолгохоор Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргасан. Харин цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлж, буруутай этгээдийг олж тогтоосон талаар манай байгууллага мэдэхгүй бөгөөд хууль хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй тул мэдэх ч боломжгүй. Харин Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгаас 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн хариу мэдэгдэх хуудсанд ...архив бичиг хэргийн эрхлэгч Д.Пагмаа нь Ц.Мартгэрэлтэй фэйсбүүк мессэнжерээр харилцаж байгууллагын боловсруулсан албан бичгийг явуулсан нь Д.Пагмаагийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон... талаар дурдсан. Иймд Хөдөлмөрийн гэрээ, нууцлал хадгалах гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн Д.Пагмаад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулан, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Диспетчерийн үндэсний төв ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу гадаад улсын болон Монгол Улсын төрийн болон хувийн өмчлөлийн компаниуд, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй шууд харилцдаг тул мэдээллийн нууцлалыг чанд хадгалах зайлшгүй чиг үүрэгтэй байгууллага юм. Харин байгууллагын архив бичиг хэргийн эрхлэгч буюу бусад байгууллагад хүргэх, байгууллагад ирж байгаа бүх төрлийн баримт бичигтэй шууд харилцан ажилладаг ажилтны хувьд мэдээлэл задруулсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын зөрчил мөн тул хуульд нийцүүлэн ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1 дэх хэсэгт зааснаар Диспетчерийн Үндэсний төв ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 193 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Пагмааг тус компанийн архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 305 014 төгрөгийг хариуцагч Диспетчерийн Үндэсний төв ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Пагмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 67 830 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Д.Пагмаагийн гаргасан үйлдлээс шалтгаалан байгууллагад бодитой хохирол учраагүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг илтэд буруу тайлбарлан хуулиар тодорхойлоогүй нөхцөл болох хохирлын талаар дурьдан хэргийг шийдвэрлэх гол үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Энэ нь цаашид эд хөрөнгөөр тооцох бодитой хохирол учруулаагүй бол нууц мэдээ, баримтыг бусдад дамжуулан ашиглуулж болох юм гэсэн ойлголтыг бусдад өгөх ноцтой үр дагаврыг үүсгэж байна. Хөдөлмөрийн хуулийн талаар тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тайлбарт 40.1.4 заалтыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа хохирол учирсан эсэхийг харгалзах талаар албан ёсны тайлбар гаргаагүй болохыг мөн дурьдах нь зүйтэй. Байгууллагад учруулсан хохирлын хувьд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа Д.Пагмаагаас Ц.Мартгэрэлд мэдээлэл, баримт бичиг дамжуулснаар шүүхийн шийдвэр нэхэмжлэгч талд гарсан гэж үзвэл Ц.Мартгэрэлд төлсөн 6 сая төгрөг нь байгууллагад учруулсан хохирол гэж тодорхойлж болохыг дурьдсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдсан. Д.Пагмаагийн гаргасан үйлдлийн улмаас байгууллагад хохирол учирсан эсэх нь зөвхөн Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодорхойлохтой холбоотой бөгөөд харин Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр ажилтанд сахилгын хариуцлага тооцоход холбогдолгүй болохыг анхан шатны шүүх ялгаж салгаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрт Д.Пагмаагаас Ц.Мартгэрэлд мэдээлэл, баримт бичиг дамжуулсан болох нь зөвхөн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн Хариу мэдэгдэх хуудас, тус цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Б.Ганцогтын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгааг хангалттай бус гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагчаас Д.Пагмаа болон Ц.Мартгэрэл нарын хоорондоо харилцсан фэйсбүүк мессенжерээс хувь хүний нууцлалд хамаарахгүй, зөвхөн тухайн хэрэгт хамаарал бүхий мэдээллийг шинжлэн судлах шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хангаагүй орхисон. Гэтэл шүүх шийдвэртээ тухайн хэрэгт холбогдуулан тайлбар мэдүүлэг авсан цагдаагийн албан хаагчийн мэдүүлгийг Д.Пагмаагийн үйлдлийг нотлоход хангалтгүй талаар заасан нь хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Пагмаа нь хариуцагч Диспетчерийн үндэсний төв ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Пагмаа нь хариуцагч Диспетчерийн үндэсний төв ХХК-д архив бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байгаад хариуцагч байгуулллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 193 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас халагдсан ба ажил олгогч нь уг тушаалын үндэслэлдээ ...Д.Пагмаа нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу олж мэдсэн компанийн дотоод мэдээлэл, баримт бичгийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр байгууллагын эсрэг ашиг сонирхолтой бусад этгээдэд дамжуулсан болох нь хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдэгдэх хуудсаар нотлогдсон... гэж заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4.14-ийн л, хөдөлмөрийн гэрээний 3.7, 4.1.1, Нууцлал хадгалах гэрээний 2.1, 3.1.1, 6 дугаар заалт, 5.1, 5.2 заалтуудыг тус тус баримталжээ.

 

Хариуцагч Диспетчерийн үндэсний төв ХХК-иас Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээлэл хүргэсэн ба Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ганцогт уг гомдол мэдээллийг шалгахад ...тус компанийн архив бичиг хэргийн эрхлэгч Д.Пагмаа нь Ц.Мартгэрэлтэй Facebook мессэнжерээр харилцаж байгууллагын боловсруулсан албан бичгийг явуулсан нь Д.Пагмаагийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд компанид учирсан хохирол байхгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан... тухайгаа хариу мэдэгдэх хуудсаар хариуцагч байгууллагад мэдэгджээ. /хх-ийн 50/

 

Хариуцагч байгууллага дээрх мэдэгдэх хуудсыг үндэслэн нэхэмжлэгч Д.Пагмааг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Пагмаа нь ажлаас халсан дээрх тушаалын үндэслэлийг эс зөвшөөрч, өмнө нь тус байгууллагад санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Ц.Мартгэрэлд байгууллагын нууцад хамаарах ямар нэгэн мэдээлэл дамжуулаагүй гэж маргаж байгаа тохиолдолд хариуцагч нь тушаалд заасан ...Д.Пагмаа нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу олж мэдсэн компанийн дотоод мэдээлэл, баримт бичгийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр байгууллагын эсрэг ашиг сонирхолтой бусад этгээдэд дамжуулсан... болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүрэгтэй.

 

Гэтэл Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ганцогтын хариу мэдэгдэх хуудаст дурдсан ...байгууллагын боловсруулсан албан бичиг... нь ямар мэдээлэл агуулсан, энэ нь компанийн нууцад хамаарах баримт бичиг мөн эсэх нь тодорхой бус байхаас гадна Д.Пагмаагийн цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, мэдүүлэг хэрэгт авагдаагүй, хариу мэдэгдэх хуудаст дурдсан нөхцөл байдал өөр нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж зааснаар хариуцагч тал үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй, харин шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг шинжээчид тавих асуулт нь тодорхой бус гэсэн үндэслэлээр шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хариу мэдэгдэх хуудас, уг мэдээллийг шалгаж байсан эрүүгийн мөрдөгч Б.Ганцогийн мэдүүлгээр Д.Пагмаа нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоохгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Харин шүүх ...нэхэмжлэгч Д.Пагмаагийн сахилгын зөрчил, буюу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гэж үзсэн үйлдлийн хохирол, үр дагаврыг дүгнээгүй... гэж үзсэн нь үндэслэл бүхий болоогүй байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй 128.2.1-д заасныг баримталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 128.2.1 гэснийг 128.1.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн төлсөн 67 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ