Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00818

 

Д.П-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 384 дүгээр магадлалтай

Д.П-гийн нэхэмжлэлтэй

“Д” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намчиндорж, Ж.Ариунболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намчиндорж, Ж.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.П- миний бие 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Д” ХХК-д хамтын ажиллагааны мэргэжилтнээр ажилд орж, 2015.01.05-ны өдрөөс Архив бичиг хэргийн эрхлэгч орон тоонд томилогдож 2017.09.25-ны өдрийг хүртэл ажилласан. ... “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдорж, тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Л.Бөхболд, дэд захирал С.Бүрэнтогтох нарын дунд туслахаар ажилладаг болсон. 2017.09.25-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс цагдаагийн байцаагч яриад танай байгууллагаас ирсэн албан бичгийн дагуу танаас гэрчийн мэдүүлэг авмаар байна гэсний дагуу очтол удирдлага санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаад халагдсан Ц.Мартгэрэлтэй холбоотой мэдүүлэг авсан. 2017.09.25-ны өдөр амралт дуусаад ажилдаа ирэхэд миний ажлыг өөрчилсөн тухай хэлж, чи өөрөө хүсэлтээрээ халагдана гэсэн өргөдөл гарга гэж Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Намчиндорж, гүйцэтгэх захирал Д.Балдорж нар дарамталсан. Би өөрөө хүсэлтээрээ гарахгүй гэж хэлээд явахад маргааш өдөр нь буюу 2017.09.26-ны өдөр сахилгын шийтгэх ногдуулах тухай гэсэн мөртлөө ажлаас халсан агуулгатай “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдоржийн гарын үсэг бүхий 193 тоот тушаал өгсөн. Энэхүү тушаалыг илтэд хууль зөрчиж гаргасан тушаал гэж үзэж байгаа учир тушаалыг хүчингүй болгож, тус компанийн архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдрийг хүртэлх цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан иргэн Ц.Мартгэрэл нь “Д” ХХК-д удирдлага санхүүгийн алба гэсэн нэгжийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сард тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Цогтбаатарын тушаалаар ажлаас халагдсан бөгөөд улмаар үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн биелүүлэхтэй холбоотойгоор төлөвлөсөн төлөвлөгөө, үйл ажиллагааны эсрэг тайлбар, хүсэлтийг шийдвэр гүйцэтгэлийн албанд өгөх зэргээр тус хэрэг маргааны нэхэмжлэгч тал болох Ц.Мартгэрэл нь байгууллагын дотоод харилцаанд болсон аливаа ярилцлага, үйл ажиллагааны талаар мэдээллийг тодорхойгүй эх сурвалжаас тогтмол хүлээн авч, энэхүү мэдээллээ ашиглаж байна гэж үзэх үндэслэл бүрдсэн.

Тухайлбал “Д” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Намчиндорж миний албан өрөөнд Санхүү эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярцэнгэл, тус хэлтсийн тооцооны нягтлан бодогч Л.Ганцэцэг, Захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх Ж.Ариунболд, тус хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн Д.Алимаа, тус хэлтсийн архив, бичиг хэргийн эрхлэгч Д.П- нарын бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын талаар Ц.Мартгэрэл нь мэдээлэл олж авсан бөгөөд мэдээлэл олж авсан талаар Захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх Ж.Ариунболдод хэлж, маргаан үүсгэсэн байсан. Энэ талаар хуулийн зөвлөх Ж.Ариунболд захиргаа удирдлагын хэлтсийн даргад мэдэгдэж, үүний дагуу тухайн уулзалт хийсэн дээр дурдсан ажилтнуудтай дахин уулзалт зохион байгуулж, байгууллагын дотоод харилцаанд үүссэн аливаа яриа мэдээллийг байгууллагын эсрэг ашиг сонирхолтой буюу шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа этгээдэд задруулахгүй байх талаар биечлэн анхааруулсан. Гэтэл энэ удаагийн уулзалтын талаарх мэдээллийг Ц.Мартгэрэл дахин олж авсан бөгөөд хуулийн зөвлөх Ж.Ариунболдтой гар утсаар нь дахин холбоо барьж маргаан үүсгэсэн.

Иймд бид байгууллагаас гадагш мэдээлэл задруулж байгаа буруутай этгээдийг олж тогтоолгохоор Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргасан. Харин цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлж, буруутай этгээдийг олж тогтоосон талаар манай байгууллага мэдэхгүй бөгөөд хууль хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй тул мэдэх ч боломжгүй. Харин Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгаас 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн хариу мэдэгдэх хуудсанд ...архив бичиг хэргийн эрхлэгч Д.П- нь Ц.Мартгэрэлтэй фэйсбүүк мессэнжерээр харилцаж байгууллагын боловсруулсан албан бичгийг явуулсан нь Д.П-гийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон... талаар дурдсан. Иймд Хөдөлмөрийн гэрээ, нууцлал хадгалах гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн Д.П-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулан, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

“Д” ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу гадаад улсын болон Монгол Улсын төрийн болон хувийн өмчлөлийн компаниуд, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй шууд харилцдаг тул мэдээллийн нууцлалыг чанд хадгалах зайлшгүй чиг үүрэгтэй байгууллага юм. Харин байгууллагын архив бичиг хэргийн эрхлэгч буюу бусад байгууллагад хүргэх, байгууллагад ирж байгаа бүх төрлийн баримт бичигтэй шууд харилцан ажилладаг ажилтны хувьд мэдээлэл задруулсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын зөрчил мөн тул хуульд нийцүүлэн ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалзаж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1 дэх хэсэгт зааснаар “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 193 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.П-г тус компанийн архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 305 014 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Д.П-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 67 830 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 384 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128.2.1” гэснийг “128.1.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Д” ХХК-ийн төлсөн 67 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 384 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол аргаж байна. Үүнд:

Энэ хэрэг нь байгууллагын нууцлалд хамаарах мэдээлэл, баримтыг бусдад дамжуулсантай холбоотой сахилгын зөрчил гаргасны улмаас ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан талаарх хэрэг тул манай байгууллагын зүгээс техникийн мэргэжлийн шинжээч томилуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан.

Хариуцагчийн зүгээс хэргийг хянан шийдвэрлэж байсан Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай байгууллагаас хандан гэрчийн мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 183/Ш32017/13242 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилуулах талаар хүсэлтийг хангаагүй болно.

Гэтэл тус хэргийг шийдвэрлэхдээ “...Гэвч ажилтан Д.П- нь Хөдөлмөрийн гэрээ болон нууцлал хадгалах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаарх үйлдэл буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасныг хариуцагч нотолж чадахгүй байна...” гэж тодорхойлсонд гомдолтой байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д “...хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасныг үндэслэл болгон хэргийн оролцогч болох “Д” ХХК-иас шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Д.П- болон Ц.Мартгэрэл нарын фэйсбүүк мессенжерээр харилцсан мэдээлэл нь Хувь хүний нууцын тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу хувь хүний нууцад хамаарах мэдээлэл бөгөөд хувь хүн зөвхөн өөрөө мэдэх нууц үгээр хамгаалагдсан тул манай байгууллагаас энэ талаар баримтыг бүрдүүлэх боломжгүй билээ. Гэтэл хэргийг үнэн шударгаар шийдвэрлэнэ гэсэн итгэл үнэмшлийн үндсэн дээр хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэн шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй.

2. Хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэрт “...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж заасны дагуу цагдаагийн мэдэгдэх хуудсаар гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл дэх Д.П-гийн үйлдлийг эцэслэн шийдвэрлэж тогтоогоогүй...” гэж хэргийг шийдвэрлэх үндэслэл хэсэгт дурдсанд гомдолтой байна. Д.П-гийн ажлаас халагдах болсон шалтгаан нь гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэл биш, байгууллагын нууцлалд хамаарах мэдээлэл, баримтыг бусдад дамжуулсан сахилгын ноцтой зөрчлийн улмаас ажлаас халагдсан бөгөөд түүнтэй байгуулсан у Хөдөлмөрийн гэрээнд, гэрээ шууд цуцлах сахилгын ноцтой зөрчилд энэ талаар тодорхой тусган хуульд заасны дагуу гэрээг баталгаажуулсан. Гэтэл шүүхээс эрүүгийн гэмт хэрэгт тооцох эсэх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэж заасныг, 172.2.2-д “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.” гэж заасныг тус тус зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.5-д заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.П- нь “Д” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.П- нь 2014 оны 05 дугаар сарын 01-нээс “Д” ХХК-д хамтын ажиллагааны менежерээр ажилд орж, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс архив бичиг хэргийн эрхлэгчийн ажил, албан тушаалыг гүйцэтгэж байсан байна.

“Д” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн хуралдааны хэлэлцсэн асуудлын талаарх мэдээллийг тус компаниас халагдсан Мартгэрэл мэдсэн болохыг үндэслэн хариуцагч нь Цагдаагийн байгууллагад шалгуулахад Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсаар “...Архив, бичиг хэргийн эрхлэгч Д.П- нь Ц.Мартгэрэлтэй файсбүүк месенжерээр харилцаж, байгууллагын боловсруулсан албан бичгийг явуулсан нь Д.П-гийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон...” гэсэн хариу ирсэн үйл баримт тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагын хариу мэдэгдэх хуудсыг үндэслэн Компанийн гүйцэтгэх захирал 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 193 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7., 4.1. дүгээр зүйлийн 4.1.1., Хөдөлмөрийн дотоод журмын 4.14.”л”, ажилтантай байгуулсан Нууц хадгалах гэрээний 2.1., 3.1., 6., 5.1., 5.2. дахь заалтуудыг үндэслэн “...Д.П- нь ...компанийн дотоод мэдээлэл, баримт бичгийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр байгууллагын эсрэг ашиг сонирхолтой бусад этгээдэд дамжуулсан нь нотлогдсон...” гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.1.-д “ажилтан ...компанийн нууцлал бүхий мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр задруулсан” бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон байна.

Хуулийн дээрх заалт нь ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд Д.П- нь байгууллагын ямар мэдээллийг бусдад задруулсан нь тодорхойгүй,  хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул хариуцагч хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Цагдаагийн байгууллагын хариу мэдэгдэх хуудсанд тэмдэглэгдсэнээс үзэхэд дан ганц ажилтан Д.П-гийн өөрийнх нь тайлбарт дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ нь өөр бусад баримтаар нотлогдоогүй байна. Ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг нотлогдсоны үндсэн дээр түүнд хариуцлага тооцох байтал хангалттай баримтаар нотлогдоогүй байхад хариуцлага тооцсон байх бөгөөд гаргасан шийдвэрээ нотлуулахаар шүүхэд нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлага нь ажлаас буруу халсан гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл тул ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж шийдвэрт бичжээ. Ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн “тогтоох” байтал “томилсон” шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 384 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.П-г “Д” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн Архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67 830 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЦАГААНЦООЖ     

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД