Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2017/02760

 

 

 

 

 

 

 

 

 

      2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2017/02760

                  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  . . . . . . . . . Б овогт Д.П /РД:000000000/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  . . . . . . . . байрлах Д.П.Т ХХК /РД:00000000/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гэрч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Д.П.Т ХХК-д хамтын ажиллагааны мэргэжилтэнгээр ажилд орсон.  2014.05.01-ний өдрөөс 2015.01.05-ны өдөр хүртэл ажилласан. 2015.01.05-ны өдрөөс Архив бичиг хэргийн эрхлэгч орон тоонд томилогдож 2017.09.25-ны өдрийг хүртэл ажилласан.

... Д.П.Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б, тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Л.Б, дэд захирал С.Б нарын дунд туслахаар ажилладаг болсон. 2017.09.25-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1  дүгээр хэлтсээс цагдаагийн байцаагч яриад танай байгууллагаас ирсэн албан бичгийн дагуу танаас гэрчийн мэдүүлэг авмаар байна гэсэн. Очтол удирдлага санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаад халагдсан Ц.М-тэй холбоотой мэдүүлэг авсан. 2017.09.25-ны өдөр амралт дуусаад ажилдаа ирэхэд миний ажлыг өөрчилсөн тухай санал хэлж, чи өөрөө хүсэлтээрээ халагдана гэсэн өргөдөл гарга гэж Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Н, гүйцэтгэх захирал Д.Б нар дарамталсан. Би өөрөө  хүсэлтээрээ гарахгүй гэж хэлээд явахад маргааш өдөр нь буюу 2017.09.26-ны өдөр сахилгын шийтгэх ногдуулах тухай гэсэн мөртлөө ажлаас халсан агуулгатай Д.П.Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бийн гарын үсэг бүхий 193 тоот тушаал өгсөн. Энэхүү тушаалыг илтэд хууль зөрчиж гаргасан тушаал гэж үзэж байгаа учир тушаалыг хүчингүй болгож, тус компанийн архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдрийг хүртэлх цалинг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагад 2017.09.15-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс цагдаагийн байцаагч яриад танай байгууллагаас ирсэн албан бичгийн дагуу таниас гэрчийн мэдүүлэг авмаар байна гэсэн. Очтол Удирдлага санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаад халагдсан Мартгэрэлтэй холбоотой мэдүүлэг авсан гэж дурджээ.

Энд дурдсан иргэн Ц.М- нь Д.П.Т ХХК-д удирдлага санхүүгийн алба гэсэн нэгжийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сард тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Цогтбаатарын тушаалаар ажлаас халагдсан бөгөөд улмаар үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн биелүүлэхтэй холбоотойгоор төлөвлөсөн төлөвлөгөө, үйл ажиллагааны эсрэг тайлбар, хүсэлтийг шийдвэр гүйцэтгэлийн албанд өгөх зэргээр тус хэрэг маргааны нэхэмжлэгч тал болох Ц.М- нь байгууллагын дотоод харилцаанд болсон аливаа ярилцлага, үйл ажиллагааны талаар мэдээллийг тодорхойгүй эх сурвалжаас тогтмол хүлээн авч, энэхүү мэдээллээ ашиглаж байна гэж үзэх үндэслэл бүрдсэн.

Тухайлбал Д.П.Т ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Н миний албан өрөөнд Санхүү эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярцэнгэл, тус хэлтсийн тооцооны нягтлан бодогч Л.Ганцэцэг, Захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх Ж.А, тус хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн Д.Алимаа, тус хэлтсийн архив, бичиг хэргийн эрхлэгч Д.П нарын бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын талаар Ц.М- нь мэдээлэл олж авсан бөгөөд мэдээлэл олж авсан талаар Захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх Ж.Атой гар утсаар нь холбоо барин хэлж, маргаан үүсгэсэн байсан. Энэ талаар хуулийн зөвлөх Ж.А захиргаа удирдлагын хэлтсийн даргад мэдэгдэж, үүний дагуу тухайн уулзалт хийсэн дээр дурдсан ажилтнуудтай дахин уулзалт зохион байгуулж, байгууллагын дотоод харилцаанд үүссэн аливаа яриа мэдээллийг байгууллагын эсрэг ашиг сонирхолтой буюу шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа этгээдэд задруулахгүй байх талаар биечлэн анхааруулсан. Гэтэл энэ удаагийн уулзалтын талаарх мэдээллийг Ц.М- дахин олж авсан бөгөөд хуулийн зөвлөх Ж.Атой гар утсаар нь дахин холбоо барьж маргаан үүсгэсэн.  Иймд бид байгууллагаас гадагш мэдээлэл задруулж байгаа буруутай этгээдийг олж тогтоолгохоор Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг дүгээр хэлтэст хүсэлт гаргасан. Харин цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлж, буруутай этгээдийг олж тогтоосон талаар манай байгууллага мэдэхгүй бөгөөд хууль хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй тул мэдэх ч боломжгүй билээ. Харин Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг дүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгаас 2017 оны 9 дүгээ сарын 19-ний өдөр ирүүлсэн хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн бөгөөд тус мэдэгдэх хуудсанд “... архив бичиг хэргийн эрхлэгч Д.П нь Ц.М-тэй фэйсбүүк мессэнжерээр харилцаж байгууллагын боловсруулсан албан бичгийг явуулсан нь Д.Пгийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон...” талаар дурдсан. Иймд Д.Пгийн Д.П.Т ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, нууцлал хадгалах гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн Д.П-д Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэлийг Гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 193 дугаар тушаалаар ногдуулан, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төв төрийн өмчит компани нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээний хүрээнд диспетчерийн зохицуулалт хийх, эрчим хүчний арилжааны үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага тул гадаад улсын болон Монгол улсын төрийн болон хувийн өмчлөлийн компаниуд, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй шууд харилцдаг тул мэдээллийн нууцлалыг чанд хадгалах зайлшгүй чиг үүрэгтэй байгууллага юм. Харин байгууллагын архив бичиг хэргийн эрхлэгч буюу бусад байгууллагад хүргэх, байгууллагад ирж байгаа бүх төрлийн баримт бичигтэй шууд харилцан ажилладаг ажилтны хувьд мэдээлэл задруулсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын зөрчил мөн тул хуульд нийцүүлэн ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Иймд нэхэмжлэгч тал болох Д.П-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалзаж байна гэв.

 

Шүүх хуралдаанд гэрч Б.Г мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Диспитчрийн үндэсний төв ХХК-аас манай байгууллагын эрх бүхий зарим албан тушаалтнаас байгууллагын нууцад хамаарах мэдээ мэдээлэл баримтыг компанийн эсрэг эрх ашиг сонирхолтой эрх бүхий этгээдэд задруулсан байж болзошгүй гэж үзэж байна гэх гэмт хэргийн гомдол мэдээллийг манай байгууллагад өгсөн. Гомдол мэдээллийг хүлээж аваад уг компанийн архив бичиг хэргийн эрхлэгч Д.П гэж хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Он сарыг сайн санахгүй байна. Гэрчийн мэдүүлэг авахад Д.П байгууллагад холбоотой мэдээ мэдээллийг гадагшаа задруулсан гэдгээ хэлээгүй. Гэрчээс 2 дахин мэдүүлэг авсан. 2 дахь мэдүүлэгтэй Диспитчрийн үндэсний төв ХХК-аас шүүхэд тайлбар гаргахаар боловсруулсан байсан албан бичгийг гар утсаараа зургийг аваад Ц.М-ийн фэйсбүүк хаяг руу явуулсан гэдгээ мэдүүлэгт өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Д.П.Т ХХК-д холбогдуулан архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч эс  зөвшөөрч мэтгэлцэж байна.

Хариуцагч Д.П.Т ХХК эс зөвшөөрсөн үндэслэлээ Д.П нь архив бичиг хэргийн эрхлэгчийн ажил үүрэгтэй нь холбоотой нууц хадгалах гэрээ, хөдөлмөрийн гэрээнүүдийг ноцтой зөрчиж, байгууллагын эсрэг ашиг сонирхол бүхий Ц.М-тэй фээсбүүк мессэнжерээр харилцаж, байгууллагын боловсруулсан албан бичгийг явуулсан болох нь ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мэдэгдэх хуудсаар нотлогдсон тул түүнийг ажлаас халсан тушаал хууль зөрчөөгүй, түүний үйлдэл тогтоогдсон байна гэж тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэрлэлээ:

Нэхэмжлэгч Д.П нь Д.П.Т ХХК-д тус байгууллагын захиргаа удирдлагын хэлтэст архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил эрхэлж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 193 дугаартай тус компанийн гүйцэтгэх захирлын “сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаалаар ажлаас халагджээ.

Дээрх тушаалыг хүлээн авсан даруйд 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацаанд гаргасан байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй юм.

            Уг тушаалын гол үндэслэл болсон буюу хариуцагчийн татгалзалдаа тайлбарлаж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үйл баримтыг ажил олгогчийн зүгээс нотлох үүрэгтэй.

            Гэвч ажилтан Д.П нь Хөдөлмөрийн гэрээ болон нууц хадгалах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаарх үйлдэл буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасныг хариуцагч нотлож чадахгүй байна.

            Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн мэдэгдэх хуудас болон гэрч Б.Ганцогийн “Д.П нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө Мартгэрэл гэж хүнд байгууллагын баримт бичгийг мессэнжерээр өгсөн гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч Д.Пгийн дээрх хууль, дүрэм журмыг зөрчсөн гэм буруутайг тогтоохгүй.

            Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14. “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж заасны дагуу цагдаагийн мэдэгдэх хуудсаар гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл дэх Д.Пгийн үйлдлийг эцэслэн шийдвэрлэж тогтоохгүй юм.

            Мөн Д.П.Т ХХК нь Д.П-тай байгуулсан Нууцлал хадгалах гэрээний 5 дугаар  зүйлийн 5.1 “Энэ гэрээнд заасан нууц хадгалах үүргээ талууд санаатайгаар буюу санамсаргүйгээр зөрчсөний улмаас харилцан материаллаг болон материаллаг бус хохирол учруулбал Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу  тухайн зөрчлийн үр дагаврыг бүрэн хариуцах бөгөөд учруулсан хохирлоо бүрэн барагдуулна. Учруулсан хохирлоо барагдуулсан эсэхээс үл хамааран ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцлага тооцож болно.” гэж заасан байна.

            Үүнээс дүгнэхэд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр ажилтан Д.Пг бусдад байгууллагын дотоод ажилтай холбоотой баримт бичгийг задруулсан гэсэн үйлдлийг илрүүлсэн тохиолдолд үүний улмаас үр дагаврыг буюу хохирлыг тооцож, дараа нь түүний үйлдлийн хариуцлагын талаар шийдвэрлэхээр заасан ч уг тохиолдолд нэхэмжлэгч Д.П-г сахилгын зөрчил буюу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гэж үзсэн үйлдлийн хохирол үр дагаврыг дүгнээгүй байгааг анхаарч үзсэн болно.

           

            Иймд Д.П-г ажлаас халсан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 193 дугаартай Диспетчерийн Үндэсний төвийн захирлын тушаалыг хүчингүй болгож, түүнийг тус компанийн архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзлээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж, цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу түүний 2017 оны 9 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 14 хүртэлх 2 сар 14 хоногийн цалин буюу 3 305 014 төгрөгийг хариуцагч Д.П.Т ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Д.П-д олгох нь зүйтэй.

            Түүний дундаж цалин хөлсийг тооцохдоо сүүлийн 3 сарын цалингийн дунджаар 3 739 899 : 3= 1 246 633 /1 сарын цалин/ 1 246 633 : 21.5 = 57 982 /1 өдрийн цалин/ гэж тооцсон болно.

           

            Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

           

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1 дэх хэсэгт зааснаар Д.П.Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 193 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Пг тус компанийн архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 305 014 төгрөгийг хариуцагч Д.П.Т ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Пд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 67 830 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.УРАНГУА