Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00167

 

     В.Бямбаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00959 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2061 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : В.Бямбаа,

Хариуцагч : Монгол Улсын Үндэсний номын сан

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг даалгах тухай

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Бямбаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: 2014.5.19-ний өдрийн Б/33 тушаалаар Үндэсний номын сангийн нягтлан бодогчоор ажилд орж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл 2016.3.04-ний өдөр тус номын сангийн захирал А.Нансалмаа захиргааны хурал дээр удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйгүй авирласан гэдэг үндэслэлээр миний тухай хэлэлцэж, энэ өдрөөр ажлаас халлаа гэж шийдвэрлэсэн тул би ажилдаа очоогүй, намайг дуудаж тушаалын хувь гардуулах байх гэж хүлээхэд дуудаагүй. Ингээд би ажлаас халагдсан тушаалаа авахаар 2016.3.14-ний өдөр ажил дээрээ очиход 2016.3.04-ний өдөр тушаал гаргаагүй, харин намайг ажил тасалсан тул өнөөдрөөс ажлаас халсан тушаал гаргасан гээд захирлын 2016.3.14-ний өдрийн Б/07 тоот тушаалыг өгсөн. Миний бие захиргааны зөвлөлийн хурлын гишүүдэд энэ байгууллагын санхүүгийн олон зөрчлүүд байгаа талаар танилцуулсан. Ахлах нягтлан бодогч Ц.Ганчимэг нь Төрийн банк руу цалингийн цэсийг и-мэйлээр явуулахдаа 8 хүний нэр дээр 460.000 төгрөгийг цалингаас суутгал хийж, хүний нөөцийн ажилтан З.Энхболдын цалин дээр нэмж гаргуулсан. Мөн 2016.02.24-ний өдрийн цалин дээр 10 хүний хүний нэр дээр 4.333.000 төгрөгийн цалин бичиж  ажилчдын цалингаас суутгаж, Г.Гүнжинлхамын цалин дээр нэмж олгосныг миний бие тус хурал дээр ярихад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйгүй авирласан нэрийдлээр ажлаас халсан. Иймд ёс зүйн алдаа гаргасан, ажлаа дур мэдэн хүндэтгэх шалтгаангүй хаяж явах ажил тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд  урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: В.Бямбаа нь 2014.5.19-ний өдрийн Б/33 тушаалаар ажилд орж, улмаар Б/58 тоот тушаалаар тооцооны нягтлан бодогч гэсэн албан тушаалд томилогдсон ба 2016.3.04-ний өдрийн Б/07 тушаалаар ажлаас халагдсан. В.Бямбаад 2015 оны 7 дугаар сард удирдлагын зүгээс байгууллагын 2016 оны төсвийн төслийг боловсруулах үүрэг өгсөн боловч тэрээр хангалтгүй, ойлгомжгүй, хэдэн жилийн өмнөх тоо, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэрийг ч солилгүйгээр төсөл боловсруулсныг хангалтгүй гэж үзэж 2015.7.21-ний өдрийн захиргааны хурлаар оруулж, А/63 тоот тушаалаар цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулсан. 2016 оны 1, 2 дугаар сард ажилчдын цалинг бодож олгох байсан ч зөрүүтэй бодож хугацаандаа цалин олгоогүй тул харъяалдаг хэлтсийн дарга Д.Мөнхгэрэл, ахлах нягтлан бодогч Ц.Ганчимэг, В.Бямбаа нарыг 2016.02.24-ний өдөр дуудан уулзаж сануулсан ч мөн өдрийн ажлыг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан. В.Бямбаа нь зөрчил дутагдлаа засахгүй, ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэж 2016.3.04-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж сануулсны төлөө 5 өдрийн ажил тасалж сураггүй алга болсон. Иймд В.Бямбаагийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00959 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар В.Бямбааг Үндэсний номын сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Үндэсний номын сангаас 4.206.035 төгрөгийг гаргуулж В.Бямбаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Үндэсний номын санд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 6 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар В.Бямбаа улсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Үндэсний номын сангаас 82.246 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2061 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00959 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул В.Бямбаагийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2016.3.04-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар аудитын шалгалтын талаар хэлэлцээд В.Бямбаа нягтланг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах гэж захиргааны зөвлөлийн хурлаар оруулж байна гэж захирал А.Нансалмаа нь хэлсэн. Захирал А.Нансалмаа нь удаа дараа санхүүгийн хууль бус шаардлага тавьдаг, ажилтнуудын цалин дээр мөнгө нэмж бичүүлж түүнийгээ өөрийн нутгийн хүн болох З.Энхболд ажилтан Гүнжинлхам нарын дансанд төвлөрүүлэн авдаг, орлого зарлагын баримт хуурамчаар үйлддэг гэх мэтийн хууль бус зүйлийг хийхийг шаарддаг бөгөөд би үүнийг нь тэр болгон хийхгүй нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу ажлаа явуулна гэхэд намайг өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй ,ёс зүйгүй аашилсан гэж арга хэмжээ авсан, одоо ч мөн ийм асуудлаар ажлаас чөлөөлж байгаа юм байна гэж танилцуулж хэлснийг шүүх магадлалдаа “..удирдлагатай маргалдаж хурлыг хаяж гарсан, ...ирээгүй болох нь тус өдрийн байгууллагын тэмдэглэл, цагийн бүртгэл зохиогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогджээ" гэж дүгнэсэнд гомдолтой байна.  Хүний нөөцийн ажилтан З.Энхболдод тушаал төлөвлө гэж амаар хэлсэн байдгийг нь 3 Энхболд шүүх хуралд ч "тэгж хэлж байсан" гэж хэлсэн нь хурлын тэмдэглэлд бичигдсэн. Мөн гэрч Д.Энхтунгалаг шүүх хурал дээр хэлсэн байдаг. Энэ захиргааны хурлын үеэр яригдсан А.Нансалмаэгийн хууль бус шаардлага тавьж нябо Ц.Ганчимэгээр хийлгүүлж байсан нябо бүртгэлийн зөрчлүүдийн талаар В.Бямбаа би БСШУЯ-нд мэдээлж шалгуулахад нотлогдож А.Нансэлмаа, Ц.Ганчимэг нарын хууль бус үйлдлээс ҮНСанд 56 сая гаруй төгрөгний зөрчил илэрснийг яамны аудит болон улсын ахлах байцагчийн актаар тогтоосон бөгөөд нотлох баримт байдаг. 2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд"…ҮНС-ийн захирал нябо В.Бямбааг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн тухай хуулийн 43.1, 43.3 дахь хэсэгт зааснаар 2016.3.16-ны өдөр тушаасан гэж үзэхээр байна" гэж заасан нь үндэслэлгүй байна. 2016.03.16-ны өдрийн ямар ч тушаал хавтаст хэрэгт байхгүй. Хурлаас чөлөөлж байгаагаа захирал амаар хэлээд тушаал төлөвлө гэдэг үүргийг хүний нөөцийн мэргэжилтэн З.Энхболдод үүрэг болгосны дагуу тушаал бичигдсэн танилцуулагдаж байсныг хэлтсийн дарга Д.Мөнхгэрэл хэлсэн бөгөөд "захирал А Нансалмаа чамайг дараагийн 1 дэх өдрөөс ирж тушаалаа авбал сайн байна гэж хэлүүлсэн " гэж надтай утсаар ярьсан. Ингээд очтол 3.Энхболд ажилдаа ирээгүй ба 1,30 цаг хүртэл би хүлээж байгаад явсан. Маргааш нь тушаалаа авахад 5 өдрөөр ажил тасалсан гэж бичсэн байсныг би зөвшөөрөхгүй, яагаад ажил тасалсан гэж бичиж байгаа юм бэ гэхэд "та намайг матсан учраас би 5 хоног ажил тасалсан тушаал гаргасан" гэж тодорхой хэлсэн. (урд нь манай ажилчид 1111, АТГ, БСШУЯ-нд мэдээлэл болон өргөдөл өгч шалгалт орсон байсныг би мэдээгүй байсан) би матаагүй, тэгвэл зохих газруудад нь нэмж өргөдлөө өгье гээд өрөөнөөс нь гарсан. Ингээд би 3-р сарын 22-нд албан ёсоор БСШУЯ болон АТГ-т нэмж өргөдлөө аваачиж өгсөн. Эдгээрээс үзэхэд тухайн өдөр ажлаас чөлөөлөх шийдвэрээ захирал А.Нансалмаа эс үйлдэхгүйгээр гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Захирал эс үйлдэхгүйгээр В.Бямбааг ажлаас чөлөөлөх шийдвэрээ гаргасан тул би ҮНС-ийн хөдөлмөрийн дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн 2016.03.15-ний өдөр В.Бямбаа би Д.Мөнхгэрэл даргын хэлснээр 3-р сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөллөө гэсэн амаар гаргасан шийдвэрээ цаасан дээр бичсэнээр нь авахаар очиход 3-р сарын 14-ний өдрөөр ажлаас халсан тушаал гаргасан нь захирлын хууль бус эс уйлдэхуй хийж ажлаас чөлөөлснөө хаацайлж тушаал гаргасан нь хууль бус болсон юм. В.Бямбаа би эд хөрөнгө хариуцдаг нябо байсан бөгөөд үнэхээр л 14-нөөс хууль ёсны ажлаас халсан тушаал гаргасан юм бол олон сая төгрөгний үнэ бүхий их хэмжээний эд хөрөнгийг хүлээлцүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Тэгэхэд тухайн тушаал дээр ажил хүлээлцүүлэх хугацаа заагаагүй байгаагаас үзэхэд л тодорхой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

В.Бямбаа нь Монгол Улсын Үндэсний номын санд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хуучин ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх В.Бямбааг Үндэсний номын сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4.206.035 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг  “...нэхэмжлэгчийн тайлбар... гэрчийн  мэдүүлгээр няцаагдаж байна... ажилтан... 2016 оны 3 дугаар сарын 04-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй нь... тогтоогдсон... ажилтан  ажил үүргээ гүйцэтгэхэд ажил олгогч дарамт учруулсан, ажлаа гүйцэтгэх боломжгүй байдалд хүргэсэн гэж дүгнэх боломжгүй... хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан...” гэж хүчингүй болгосон нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй байна. 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 5 үндэслэл заасан байхад давж заалдах шатны шүүх тушаалын нэг үндэслэлийн талаар дүгнэлт хийж,  ажилтан 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 14-ний өдөр хүртэл хугацаанд ажил тасалсан нь тогтоогдсон гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчжээ. 

Түүнчлэн, хариуцагч нь ажилтныг “давтан зөрчил гаргасан” гэж халсан байхад шүүх  В.Бямбаа нь “ноцтой зөрчил” гаргасан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй байна.     

Дээр дурдсан үндэслэлээр В.Бямбаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон   давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б/07 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9.4, 9.6, хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.2, 3.4.9, 4.3.1, 4.3.5-г баримтлан “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэлгүй, хэрүүл маргаан хийж байгууллагын ажиллагсдад сөрөг мэдээ тараан ёс зүйн алдаа гаргасан, хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, 2016 оны 02 дугаар сарын 24, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ажлын цагаар ажлаа 2 удаа дур мэдэн хүндэтгэх шалтгаангүй хаяж явсан, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл чөлөө зөвшөөрөл авалгүй ажил тасалсан сахилгын зөрчлийг давтан гаргасан...” гэсэн үндэслэлээр В.Бямбааг ажлаас нь чөлөөлжээ. /хх1-ийн 5/

Ажил олгогчийн тушаалд заасан нөхцөл байдлуудын талаар анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Харин шүүх В.Бямбааг ажилд нь эгүүлэн тогтоохдоо ажилтны өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалыг тодорхой бус заасныг залруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Ажил олгогчийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 дугаар тушаалд В.Бямбаагийн эрхэлж байсан ажил, албан тушаалыг “...нягтлан бодогч...” гэж, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/63 дугаар тушаалд “тооцооны нягтлан бодогч...” гэж  бичсэн хэдий ч В.Бямбаа нь ажлаас халагдах үедээ Монгол Улсын Үндэсний номын сангийн Захиргаа аж ахуйн хэлтсийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан нь тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2061 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00959 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан  В.Бямбааг Монгол Улсын Үндэсний номын сангийн Захиргаа аж ахуйн хэлтсийн тооцооны нягтлан бодогчийн ажилд  эгүүлэн тогтоосугай...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ