Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2061

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00959 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 тоот тушаалаар Үндэсний номын сангийн нягтлан бодогчоор ажилд орж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус номын сангийн захирал ХХХ захиргааны хурал дээр удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйгүй авирласан гэдэг үндэслэлээр миний тухай хэлэлцэж, энэ өдрөөр ажлаас халлаа гэж шийдвэрлэсэн тул би ажилдаа очоогүй, намайг дуудаж тушаалын хувь гардуулах байх гэж хүлээхэд дуудаагүй. Ингээд би ажлаас халагдсан тушаалаа авахаар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ очиход 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тушаал гаргаагүй, харин намайг ажил тасалсан тул өнөөдрөөс ажлаас халсан тушаал гаргасан гээд захирлын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тоот тушаалыг өгсөн. 

Миний бие 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурлын гишүүдэд энэ байгууллагын санхүүгийн олон зөрчлүүд байгаа талаар танилцуулсан. Ахлах нягтлан бодогч ХХХ нь Төрийн банк руу цалингийн цэсийг и-мэйлээр явуулахдаа 8 хүний нэр дээр 460 000 төгрөгийг цалингийн цэснээс суутгал хийж, хүний нөөцийн ажилтан ХХХХ-ын цалин дээр нэмж гаргуулсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн цалин дээр 10 хүний хүний нэр дээр 4 333 000 төгрөгийн цалин бичиж бас и-мэйлээр явуулахдаа ажилчдын цалингаас суутгаж, ХХХХ-ын цалин дээр нэмж олгосныг миний бие тус хурал дээр ярихад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйгүй авирласан нэрийдлээр ажлаас халсан.

Иймд ёс зүйн алдаа гаргасан, ажлаа дур мэдэн хүндэтгэх шалтгаангүй хаяж явах ажил тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захирал ХХХгийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн захиргааны гишүүдийн хурал дээр ХХХг өнөөдрөөс эхлэн ажлаас халлаа гэж амаар шийдвэр гаргаж олон хоног өнгөрөөсөн нь эс үйлдэхүй болсон гэж үзэж байна.

Ажлаас халсан тушаалаа сүүлд нөхөж гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Иймд тус номын сангийн захирлын 2016 оны 03 дугаар  сарын 15-ны өдрийн Б/07 тоот үндэслэлгүй тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХ нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 тоот тушаалаар ажилд орж, улмаар Б/58 тоот тушаалаар тооцооны нягтлан бодогч гэсэн албан тушаалд томилогдсон ба 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/07 тоот тушаалаар ажлаас халагдсан. ХХХд 2015 оны 07 дугаар сард удирдлагын зүгээс байгууллагын 2016 оны төсвийн төслийг боловсруулах үүрэг өгсөн боловч тэрээр хангалтгүй, ойлгомжгүй, хэдэн жилийн өмнөх тоо, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэрийг ч солилгүйгээр төсөл боловсруулсныг хангалтгүй гэж үзэж 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн захиргааны хурлаар оруулж, А/63 тоот тушаалаар цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулсан.

2016 оны 1, 2 дугаар сард ажилчдын цалинг бодож олгох байсан ч зөрүүтэй бодож хугацаандаа цалин олгоогүй тул харъяалдаг хэлтсийн дарга ХХХХ, ахлах нягтлан бодогч ХХХ, ХХХ нарыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуудан уулзаж сануулсан ч мөн өдрийн ажлыг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан. ХХХ нь зөрчил дутагдлаа засахгүй, ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэж 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж сануулсны төлөө 5 өдрийн ажил тасалж сураггүй алга болсон. Иймд ХХХ-ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар ХХХг Үндэсний номын сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ХХХХ-аас 4 206 035 төгрөгийг гаргуулж ХХХд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ХХХ-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 6 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ улсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ХХХХ-аас 82 246 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ХХХдавж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.” гэж хуульчилсан. Гэтэл ХХХг нь үүрэгт ажлаас чөлөөлсөн албан ёсны шийдвэр гараагүй байхад дур мэдэн ажлаа орхиж явсан.

Улсын Дээд шүүхээс хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан зөвлөмжид дурьдсанаар “Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг” гэжээ.

Тухайн үед байгууллагын удирдлага ХХХ нь хэлтсийн дарга ХХХХээр дамжуулан ХХХг хоёр удаа ажилдаа ир гэж шаардлага хүргүүлэхэд ажилдаа огт ирээгүй. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлаас халагдсан тушаалаа авмаар байна гэж ирэхэд нь тушаалыг тухайн өдрөөр гаргасан болно. Өөрөөр

хэлвэл ажил олгогчийн зүгээс ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа үйлдэл гаргаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн, талуудын тайлбар, хэргийн баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийг 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч байгууллагын захирлын зөвлөлийн хуралд ажлаас халсан талаар тус байгууллагын захирал ХХХ мэдэгдсэн, энэ өдрөөс хойш ажил тасалсан гэж сахилгын шийтгэл хүлээлгэснийг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь гэрч ХХХ, ХХХХ, ХХХ нарын мэдүүлгээр няцаагдаж байна.

Нэхэмжлэгч ХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тоот тушаал  хэрэгт авагдсан байна.

Үндэсний номын сангийн Захирлын зөвлөл 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, нягтлан бодогч ХХХ-ийн ажил үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх явцад тэрээр удирдлагатай маргалдаж, хурлыг хаяж гарсан, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй болох нь тус өдрийн байгууллагын хурлын тэмдэглэл, ажлын цагийн бүртгэл,/хх 61-62/ зохигчдын тайлбар дээр гэрч нарын уг хурлын үйл явц, тушаал гаргасан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлгээр тогтоогджээ./2 дахь хх-ийн 1-40/ 

Дээрх баримтуудаар Үндэсний номын сангийн захирал нягтлан бодогч ХХХг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-43.3 дахь хэсэгт зааснаар  2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч ХХХ нь 2016 оны 3 дугаар сарын 7-14-ний ажлын өдрүүдэд ажилдаа ирээгүй  ба  ажил  олгогчоос  түүнийг  ажил  үүргээ  гүйцэтгэхэд  нь  саад  дарамт

учруулсан, ажлаа гүйцэтгэх боломжгүй байдалд хүргэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул ажилтныг ажил тасалсан гэж үзнэ. 

Үндэсний номын сангийн хөдөлмөрийн дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэж үзэх үндэслэлүүдийг заасны дотор “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 1 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан”, “удирдлагын шаардлагыг эсэргүүцсэн, ажлын байранд хэрүүл маргаан гаргаж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн эсвэл хамт олны уур амьсгалыг эвдэж, сөрөг мэдээлэл, ухуулга хийсэн”  бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар урьдчилан тогтоосон байна.

Иймд Үндэсний номын сангийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тоот тушаалаар нягтлан бодогч ХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.4.3, 8.4.5, хөдөлмөрийн гэрээний 4.3.3, 4.3.5-т заасанд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасанд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэв. 

Хэргийн дээрх нөхцөл байдлуудаар ажил олгогчийг ажилтны хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарлаж, ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00959 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ХХХ-ийн “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ