Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01836

 

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01836

 

 

Ч.Ганбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01848 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Ганбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Баттөгсөд холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 22 572 309 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Ганбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Дэмбэрэлдагва

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баттөгс нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Солонгос улс руу явсан бөгөөд тэнд очоод 4 автомашин худалдан авч чингэлэгт ачуулж, илгээгч Б.Баттөгс, хүлээн авагч н.Нандинцэцэг, н.Цэрэндорж хэмээн хаяглаж Монгол улс руу илгээсэн. Түүнийг Солонгос явсныг би мэдээд машин захихаар ярихдаа хямдхан гахайн өөх олдох боломж байна уу судлаад хэлээрэй гэж захисан. Тэрээр визээ сунгуулан гахайн өөх хайж хямдхан өөх олсон ба Б.Баттөгс, Батдорж бид нар нийлж 20 тонн гахайн өөх авахаар мөнгө шилжүүлсэн. Б.Баттөгс нь гахайн өөх худалдан авч чингэлгүүдэд ачсан автомашинууддаа тараан ачиж Монгол руу илгээсэн байдаг. Б.Баттөгсийн илгээсэн чингэлэг нь Монголд ирэх үед Б.Баттөгс нь Солонгос улсад байсан тул түүний эхнэр н.Нандинцэцэг гаалийн бүрдүүлэлтийг хийж, Б.Ганбаатар миний бие тээвэр зуучийн компанийн захирлыг танидаг байсан түүнийг гуйж, өөрийн гарын үсгийг зурсан ба Б.Баттөгсийн эхнэр н.Нандинцэцэг чингэлгийг хүлээн авсан болно. Гахайн өөх ачсан чингэлгүүд нь гааль дээр саатаж, Б.Баттөгс, Б.Ганбаатар, н.Ганбат нар холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан болно.

Улмаар чингэлэгүүдийг тээвэрлэхэд зуучилсан Сутайн богд бридж транс ХХК нь нэхэмжлэгч Б.Ганбаатар намайг чингэлгүүдийг гарын үсэг зурж авсан тул төлбөрөө төл гэж шаардаж эхэлсэн. Тэгээд би Б.Баттөгстэй зөвшилцсөний үндсэн дээр 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Батдоржийн хамт тус компани дээр очиж Тээврийн зээлийн гэрээ гэгчийг байгуулсан. Хариуцагч Б.Баттөгс нь чингэлэг болон гахайн өөх ачихдаа хүмүүсээс тээврийн зардал, гаалийн мөнгийг нь авч, цуглуулж ачсан 4 машинтай PCSU5102854 дугаартай чингэлгүүдийн тооцоог бүрэн хариуцах ёстой. Сутайн богд бридж транс ХХК нь намайг шүүхэд өгч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 36 223 226 төгрөгийг Ч.Ганбаатар надаас гаргуулж Сутайн богд бридж транс ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тухайн чингэлгүүдийн хариуцагч нь би биш Б.Баттөгс тул түүний өмнөөс би энэ төлбөрийг хариуцах үндэслэлгүй.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2017/00062 дугаар шийдвэрийн дагуу би Сутайн богд бридж транс ХХК-д 36 223 226 төгрөг төлөх ёстой. Б.Баттөгс нь өөрийн нэг машиныхаа тээвэрлэлтийн зардалд 1,200 доллар, гахайн өөхнийхөө тээвэрлэлтийн зардалд 500 доллар, ахуйн цаасныхаа тээвэрлэлтийн зардалд 400 доллар төлөх ёстой. Ийнхүү түүний хариуцан төлөх ёстой нийт мөнгөн дүн нь 9 300 ам.доллар буюу 22 572 309 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 32 402 185 төгрөгийг 9 829 876 төгрөгөөр багасгаж, 22 572 309 төгрөгийг хариуцагч Б.Баттөгсөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараас харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл байдал үүсч байна гэж харж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол энэ нь Иргэний хуулийн 493 дугаар зүйл, Иргэний хуулийн 3 дугаар дэд бүлэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай зохицуулалтын чухам аль заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хуулийн шаардлага хангах нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлэгт үнэхээр тодорхой үйл баримтыг дурдсан мэдүүлэг байсангүй. Гэрч н.Дагзмаа нь тухайн тээврийн хэрэгслийг өөрөө оруулж ирээд өөрөө гаалийн бүрдүүлэлтийг хийсэн гэх боловч хэрэгт үүнтэй холбоотой баримт байхгүй. Мөн гэрч н.Тэмүүлэн энэ талаар мэдэхгүй, өртэй байсан учраас машинаа өрөндөө өгсөн гэж тайлбарлаж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс н.Доржхандыг оролцуулах санал тавьсан, учир нь нэхэмжлэгчийн талаас оролцуулж байсан гэрч бүр нь хариуцагчид ашигтай нөхцөл байдал бий болгосон учраас н.Дагзмааг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Хэрвээ н.Тэмүүлэн, н.Дагзмаа нарын машины тээврийн зардлыг нэхэмилж байгаа бол тэдгээр хүмүүсээсээ нэхэмжлэх нь зүйтэй.

Сутай богд бридж транс ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Ч.Ганбаатар нь Б.Баттөгс энэ төлбөрийг хариуцах ёстой гэж үзэж тайлбарлаж байсан хэдий ч шүүхээс Б.Баттөгсийг хариуцах талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Уг хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан хэдий ч хэрэгсэхгүй болсон. Ч.Ганбаатарын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хэсэгт хамаарна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ганбаатарын хариуцагч Б.Баттөгсөөс 22 572 309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 961 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлжээ. Учир нь нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаснаа үндэслэн 22 572 309 төгрөгийг төлөхийг хариуцагч Б.Баттөгсөд даалгаж өгнө үү гэж хүссэн. Энэ нь шүүхийн шийдвэрт тусгасан өмгөөлөгч миний дүгнэлтээс бүр тодорхой харагдана.

Нотлох баримтуудыг буруу, дутуу үнэллээ. Ялангуяа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00062 дугаар шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг хангах гол үндэслэл болж байгаад зөв дүгнэлт хийсэнгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн атлаа энэхүү дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргалаа.

Хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг буюу буруу хууль хэрэглэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Ганбаатар нь хариуцагч Б.Баттөгст холбогдуулан автомашин, гахайн өөх, ариун цэврийн цаасны тээвэрлэлтийн зардалд 22 572 309 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ганбаатар, хариуцагч Б.Баттөгс нар нь харилцан тохиролцож 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсын Улаанбаатар хот руу 4 ширхэг чингэлэг ачуулсан ба үүнээс GESU6493059, PCSU5102854 дугаартай чингэлгүүд, тэдгээр чингэлэгт н.Доржханд, н.Мөнхжаргал, н.Батдорж нар 1, Ц.Дагзмаа 2 автомашин ачуулсан ба автомашинуудад гахайн өөх, ахуйн цаасны хамт ачиж Сутайн богд бридж транс ХХК-иар зуучлуулан 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй гэж анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Чингэлэгүүдийн тээвэр зуучийн төлбөр төлөгдөөгүй, уг төлбөрийг төлөх зорилгоор Ч.Ганбаатар нь Сутайн богд бридж транс ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн зээлийн гэрээ байгуулсан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00062 дугаар шийдвэрээр Ч.Ганбаатараас уг гэрээний үүрэгт 18 145 ам.доллар буюу 36 223 226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сутайн богд бридж транс ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн 9 300 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 22 572 309 төгрөг нь хариуцагч Б.Баттөгсийн төлөх төлбөр гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон. Энэ мөнгөн хөрөнгийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой харилцаа юм. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд уг үйл баримт тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Баттөгс Бүгд Найрамдах Солонгос улсаас ачуулсан гэх GESU6493059, PCSU5102854 дугаартай чингэлгүүдийг ачуулсан нь уг чингэлгүүдийн төлбөрийг бүрэн эсхүл хэсэгчлэн төлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэрлэн заасан чингэлэгт байсан ачаа тээшний өмчлөгч нь Б.Баттөгс болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Б.Баттөгсөөс 22 572 309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01848 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 319 961 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА