Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00165

 

    Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ж.Оюунцэцэг,

Хариуцагч : “Сэлэнгэ-Зүүнхараа” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг даалгах тухай

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Хандмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн даргад И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Би Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГ нярваар ажиллаж байгаад байгууллагын даргын 2016.02.04-ний өдрийн 1/08 тоот тушаалаар  халагдсан. Би жилийн эцсийн балансаа зохих шатны газарт нь хүлээлгэж өгөөд ээлжийн амралтаа эдлэх талаар нягтлан бодогчтой ярьж тохироод ээлжийн амралтын мөнгөө 1 дүгээр сарын цалин дээр бодуулж авсан байсан.  Би  даргыг 2015 оны 12 дугаар сард ажилд орох үед  ээлжийн амралтын талаараа танилцуулж байсан. Тэгээд би ээлжийн амралтаа эдлэх гээд байж байтал гэнэт халагдах тушаал гарсан. Би тохирсон ёсоор 2016.02.01-ний өдрөөс амрах байсан боловч Дархан-Уул аймаг руу жилийн эцсийн балансаа тушаах ажлаар 2016.02.02,03-ны өдрүүдэд ажилласан.Ирээд ээлжийн амралтаа авах байсан ч  удирдах ажилтны хурал болж  намайг  ажлаас чөлөөлсөн. Хурал дээр яригдсан асуудалд би  хамаагүй гэдгээ хэлсэн. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу болон ээлжийн амралтын мэдэгдэх хуудсаа даргаар цохуулж зохих журмын дагуу авсан байсан учир өөрийгөө ээлжийн амралтаа авсан байсан гэж үзэж байгаа. Энэ хугацаанд ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзээд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинд 900.000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч одоо шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Ж.Оюунцэцэг нь ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэсэн байна. Тухайн үед Ж.Оюунцэцэг нь “...ээжтэйгээ хамт амьдардаг, цагаан сар болох гэж байгаа учир ээлжийн амралтын мөнгөө урьдчилж бодуулж аваад ээлжийн амралтаа 8 дугаар сард эдэлье...”  гэхээр нь  зөвшөөрсөн юм.  Ярьж тохиролцоод ээлжийн амралтын тушаал гаргахгүйгээр ээлжийн амралтын мэдэгдлийг олгоод санхүүд өгч амралтын мөнгийг нь бодуулахаар болсон юм. 2016.02.01-ний өдрөөс адилхан амралтын мөнгөө бодуулж авсан слесарь Алтансүх, сахиул Гансүх нар байгаа. Тэд нар энэ талаар тодорхойлолт бичиж өгсөн. Ээлжийн амралтын мэдэгдэх хуудас аваад ажиллаагүй гэж ярьж байгаа нь худал юм. Дарханд ажилласан гэдэг нь ч худлаа. 2015.12.18-нд 5 сая төгрөг Оюунцэцэгийн хүүгийн  Хангалуун хараа ХХК-ийн дансанд, 2016.01.04-ний өдөр нягтлан бодогч Одончимэгийн нөхөрийн Магнай дэлгэрэх ХХК-ийн дансанд 4.5 сая төгрөг тус тус орсон байсан. Үүнийг би 2016.01.30-ны өдөр дансаа шалгаж байж мэдсэн. Манайх Шивээ овоо ХХК-тай нүүрсний гэрээтэй учир энэ компанид л нүүрсний мөнгө орох учиртай. Гэтэл Хангалуун хараа ХХК, Магнай дэлгэрэх ХХК гэх хоёр компанид нүүрсний мөнгө гэж шилжүүлсэн байсан учир би мэдсэн. Тэгээд нярав, нягтлан хоёртой уулзаж, энэ асуудлыг хэлэхэд Одончимэг нь үнэнээ хүлээсэн. Оюунцэцэг болохоор би шилжүүлсэн мөнгийг нь данснаас авч өгсөн гэж ярьсан. Тэгээд 2016.02.03-ны өдөр Ж.Оюунцэцэг  өөрийн нэрээр Хангалуун хараа ХХК-иас буцааж 5 сая төгрөгийг манай байгууллагын данс руу хийсэн. Би уг асуудлыг эхлээд Мандал сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлд танилцуулсан бөгөөд  хуулийн дагуу асуудлыг шийд гэсэн юм. Оюунцэцэг  тушаалыг  2016.4.11-ний өдөр авсан гэж ярьж байгаа нь худал. 2016.02.08-ны өдөр намайг өрөөндөө байж байхад нярав Ж.Оюунцэцэг, нягтлан П.Одончимэг хоёр орж ирээд “...халагдах тушаалаа авъя... нийгмийн даатгалтай ажилгүйдлийн тэтгэмжийн тооцоо хийнэ...” гээд бичиг хэрэг Жаргалтулгаас  хуулбарлан  аваад явсан. Энэ нь 2016.02.22-ны өдөр нийгмийн даатгалд очиж материал өгсөн талаар нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолтоор нотлогдож байгаа. 2016.4.11-ний өдөр  тушаал биш,харин  ээлжийн амралтын мэдэгдлийг хуулбарлан авсан байдаг. Энэ нь гэрч Мартын мэдүүлгээр тогтоогдно. Хөдөлмөрийн хуулийн 40.1.5-д заасныг баримтлан тушаал гаргасан нь үндэслэлтэй. 2016 он гараад бид хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-д заасан заалтыг нэхэмжлэгч зөрчсөн гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 235 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Ж.Оюунцэцэгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сэлэнгэ Зүүнхараа ОНӨААТҮГазрын няравын ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас 3.506.666 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилтны  даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ж.Оюунцэцэг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж магадлалын үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа, нэхэмжлэгч 2016.4.11-ний өдөр тушаалаа гардан авсан гэснийг үгүйсгэх боломжгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэж байгаа талаар магадлалдаа ... ямар гэрчийн, хавтас хэргийн хэддүгээр хуудасны ямар нотлох баримтуудаар үгүйсгэх боломжгүйг огт тусгаагүй, -мөн хэрэгт авагдсан гэрч Б.Жаргалтулгын ...халагдсан тушаалаа Ж.Оюунцэцэг ирж авсан. Он сарыг нь санахгүй байна гэх, -гэрч С.Мартын... 2016.4.11-нд  Ж.Оюунцэцэг нь тушаал аваагүй, амралтын мэдэгдэлээ ирж надаас авсан гэх мэдүүлгүүд, -Мандал сумын нийгмийн даатгалын сайн дурын тэтгэмжийн байцаагч Б.Мөрөнгийн : Ж.Оюунцэцэг нь манай нийгмийн даатгалын тасагт 2016.02.22-нд ажилгүйдлийн тэтгэмж авахаар бүртгүүлэхдээ даргын 2016.02.04-ны өдрийн 1/08 тоот ажлаас чөлөөлсөн тушаалаа  авчирсан гэсэн 2016.8.22-ны өдрийн тодорхойлолт, -  хариуцагчийн анхан шатны шүүхэд болон давж заалдах шатны шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбар зэргийг ямар үндэслэл, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгааг магадлалдаа дүгнэлт хийж дурдаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулан үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт  оруулсан   нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна. Учир нь: П.Одончимэг нярав Ж.Оюунцэцэг нь байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан болох нь ажил олгогчийн дотоод хяналтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д зааснаар эд хөрөнгө хариуцагч ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл байсан. Ингээд 2016.02.08-ны өдөр Ж.Оюунцэцэг, П.Одончимэг нар ажлаас халагдсан тушаалаа авъя Нийгмийн даатгалд хандаж ажлаас халагдсаны тэтгэмжээ авъя гэж 2-лаа ирээд бичиг хэргийн ажилтан Б. Жаргалтулгыг өг гэж хэлээд хажууд зогсож байгаад өгүүлсэн. Иймд Ж.Оюунцэцэг нь тушаалаа 2016.02.08-нд гардаж авсан. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг хуульд заасны дагуу гардуулан өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Жаргалтулгын мэдүүлэг, нийгмийн даатгалд 2016.02.22-нд тушаалаа өөрийн биеэр авч очсон болох нь Нийгмийн даатгалын байцаагч Б.Мөрөнгийн гаргасан тодорхойлолтоор бүрэн нотлогдож байна. Ж.Оюунцэцэг нь нэхэмжлэлдээ тушаалаа 2016.4.11-нд авсан гэж бичсэн байдаг 2016.4.11-нд тушаалаа аваагүй харин амралтын мэдэгдэлдээ авсан гэж /хх 83/ гэрч С.Мартын мэдүүлгээр нотлогддог ба Ж.Оюунцэцэгийг өөрийн биеэр 2016.4.11-нд тушаал авсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгээс ...тушаалаа хэзээ гардаж авсан вэ гэж асуухад 2016.02.22-нд, 3, 4 сарын 11-нд гэж 3 өөрөөр мэдүүлсэн ба 02 сарын 22-нд авсан нь үнэн гэхдээ хуулбарыг авсан гэж мэдүүлсэн. Энэ талаар шүүхийн тэмдэглэлд тусгасан байх ёстой. Ж.Оюунцэцэг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016.4.11-нд гэж нэхэмжлэлдээ зөвхөн тусгасан ба хэрэгт энэ талаар огт нотлох баримт байхгүй байхад 2016.4.11-нийг үгүйсгэх боломжгүй гэж үзэж байгаа мөртлөө хариуцагч Д.Отгонбаатарыг 2016.02.08-нд Ж.Оюунцэцэг тушаалаа өөрөө ирж авсан гэсэн тайлбар, баримтуудыг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгааг тусгаагүй хэрэгт авагдсан ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлж дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Оюунцэцэг нь  “Сэлэнгэ-Зүүнхараа” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт /ОНӨААТҮГ/ холбогдуулан  “няравын ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх  олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”  тухай нэхэмжлэл  гаргасан байна.  Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.     

Анхан шатны шүүх Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хангажээ.  

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...нэхэмжлэгч  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй... ажил олгогч  тушаалын үндэслэлээ нотлоогүй... прокурорын 2016 оны 77 дугаартай тогтоол нь Ж.Оюунцэцэгт холбогдолгүй тул нэхэмжлэгчийг ажлын хариуцлага алдсан гэж үзэх боломжгүй... П.Одончимэгтэй хамтран байгууллагын мөнгийг хувьдаа ашиглах зорилгоор өөр байгууллагын дансруу шилжүүлэн ашигласан гэх үйлдэлд оролцсон болон түүнд холбогдуулан дотоодын болон хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон тухай баримт хэрэгт авагдаагүй... ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тухай гэрээг ажилтантай байгуулаагүй...” гэсэн нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байна.

1. Ажил олгогч нь 1/08 дугаар тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргаснаас хойш 2 сар 15 хоногийн дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргажээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. Хугацаа нь гомдол гаргах эрх үүссэн үеэс эхлэн тоологдоно. Гомдол гаргах эрх нь хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс үүснэ.

“Сэлэнгэ-Зүүнхараа” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/08 дугаар тушаалын хувийг Ж.Оюунцэцэг хүлээн авсан бөгөөд зохигчид энэ талаар бус, харин тушаал хүлээн авсан хугацааны талаар маргасан тул “...ажил олгогч тушаалыг гаргуулж өгөх үүргээ биелүүлээгүй...” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Ажилтан тушаалыг  2016 оны 02 , 3 дугаар сар болон 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр авсан гэх боловч энэ нөхцөл байдлыг үгүйсгэсэн тайлбараа хариуцагч баримтаар нотолсон байх тул Ж.Оюунцэцэг нь ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

3. Хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1/08 дугаар тушаал гаргаж, Ж.Оюунцэцэгийг няравын ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, байгууллагын дотоод журмын 5.1.6ж-г үндэслэсэн байна.

Ажил олгогч нь 1/08 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-г баримталсан боловч ажилтныг “ноцтой зөрчил гаргасан” гэж ажлаас нь халсан үйл баримт нотлогджээ.

Тодруулбал, хариуцагч нь ажилтныг үйлдвэрийн захиргааг хуурч мэхэлсэн, өмч хөрөнгө ашиглах боломж олгосон, ашигласан гэж ажлаас нь халсан талаар тайлбартаа дурдаж зохигчид мэтгэлцсэн, байгууллагын дотоод журмын 5.1.6ж-д энэ талаар заасан байна. Түүнчлэн, “Сэлэнгэ-Зүүнхараа” ОНӨААТҮГ-ын хариуцлагатай ажилтнуудын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Ж.Оюунцэцэг нар нь байгууллагын мөнгийг хувийн дансандаа шилжүүлэн авч ашигласан үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхөөр /хх 32/ шийдвэрлэсэн, Хангалуун хараа ХХК нь нэхэмжлэгчийн хүүгийн компани болохыг Ж.Оюунцэцэг үгүйсгээгүй, Хангалуун хараа ХХК-д хариуцагч байгууллагаас 5 сая төгрөг шилжсэн, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 5 сая төгрөг буцаан шилжүүлсэн /хх 46, 47/ зэрэг үйл баримтаар нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогджээ. Ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан гэрээг цуцалсан нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5, 5.1.3-т “...эд хөрөнгийг хувьдаа завшсан... бол ноцтой зөрчилд тооцож гэрээг цуцална...” гэснийг зөрчөөгүй байна.      

Ж.Оюунцэцэг нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, энэ үндэслэлээр ажил олгогч ажилтныг халсан нь нотлогдсон тул хариуцагч 1/08 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г баримтлаагүй нь  нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй, “Сэлэнгэ-Зүүнхараа” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ