Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 00235

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Өлөнтийн ¹ 18 тоотод оршин суух, 1964 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, Сөнөд овогт Жамбын Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй /РД:МЗ64102721/

Хариуцагч: Сэлэнгэ-Зүүнхараа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох

урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин 900000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагч Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГ-ыг төлөөлж Д.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГ няраваар ажилладаг байсан. Би энэ байгууллагад нийт 16 жил ажиллаж байна. Тус байгууллагын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/08 тоот тушаалаар няравын ажлаас халагдсан. Би жилийн эцсийн балансаа зохих шатны газарт нь хүлээлгэж өгчихөөд ирээд ээлжийн амралтаа эдлэх талаар нягтлан бодогч П.Одончимэгтэй ярьж тохироод ээлжийн амралтын мөнгөө 1 дүгээр сарын цалин дээр бодуулаад авчихсан байсан. Би Отгонбаатар даргыг 2015 оны 12 дугаар сард ажилд ороход нь ээлжийн амралтын талаараа танилцуулж байсан. Тэгээд би ээлжийн амралтаа эдлэх гээд байж байтал гэнэт халагдах тушаал гарсан байсан. Уул нь би тохирсон ёсоор 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс амрах байсан боловч Дархан-Уул аймагт жилийн эцсийн балансаа тушаах ажлаар 2016 оны 02 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажилласан юм. Тэгээд ирээд ээлжийн амралтаа авах байсан юм. Гэтэл намайг Дарханаас ирэнгүүт удирдах ажилтны хурал болж Отгонбаатар дарга энэ талаар танилцуулаад үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хурал дээр би энэ мөнгийг аваагүй, надад хамаагүй гэдгээ хэлсэн. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу болон ээлжийн амралтын мэдэгдэх хуудсаа даргаар цохуулж зохих журмын дагуу авсан байсан учир өөрийгөө ээлжийн амралтаа авсан байсан гэж үзэж байгаа. Энэ хугацаанд ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзээд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинд 900000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч одоо шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл нэмж нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГ-ын дарга ажилтай, 1969 оны 09 дүгээр сарын 13-нд төрсөн, 47 настай, эрэгтэй, Боржигон овогт Дашзэвэгийн Отгонбаатараас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГ-т 2015 оны 12 дугаар сараас эхэлж даргаар ажиллаж байна. Миний хувьд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Ж.Оюунцэцэг нь ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэсэн байна.  Тухайн үед Ж.Оюунцэцэг нь надтай уулзаж ээжтэйгээ хамт амьдардаг цагаан сар болох гээд байгаа учир ээлжийн амралтын мөнгөө урьдчилж бодуулж аваад ээлжийн амралтаа болохоор 8 дугаар сард эдэлье гэхээр нь би уг байгууллага нь халаалт энэ тэр гээд өвлийн саруудад мөнгөтэй байдаг, халаалт зогсохоор буюу зуны сард мөнгөгүй болчдог тул мөнгөтэй үед нь амралтын мөнгийг нь өгчихье гэж бодоод зөвшөөрсөн юм. Тэгээд Оюунцэцэгтэй ярьж тохиролцоод ээлжийн амралтын тушаал гаргахгүйгээр ээлжийн амралтын мэдэгдлийг олгоод санхүүд өгч амралтын мөнгийг нь бодуулахаар болсон юм. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс адилхан амралтын мөнгөө бодуулж авсан слесарь Алтансүх, сахиул Гансүх нар байгаа. Тэд нар энэ талаараа тодорхойлолт бичиж өгсөн. Ээлжийн амралтын мэдэгдэх хуудсаа аваад ажиллаагүй гэж ярьж байгаа нь худлаа. Мөн Дарханд ажилласан гэдэг нь ч худлаа. 2015 оны 12 дугаар сарын 18-нд 5 сая төгрөг Оюунцэцэгийн хүүгийн компани болох Хангалуун хараа ХХК-ний дансанд, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болохоор нягтлан бодогч Одончимэгийн нөхөр болох Баатарсүрэнгийн Магнай далгэрэх ХХК-ний дансанд 4.5 сая төгрөг тус тус орсон байсан. Үүнийг би 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дансаа шалгаж байж мэдсэн. Манай байгууллага Шивээ овоо ХХК-тай нүүрсний гэрээтэй учир энэ компанид л нүүрсний мөнгө орох учиртай. Гэтэл Хангалуун хараа ХХК, Магнай дэлгэрэх ХХК гэх хоёр компанид нүүрсний мөнгө гэж шилжүүлсэн байсан учир би мэдсэн. Тэгээд нярав, нягтлан хоёртой уулзаж энэ асуудлыг хэлэхэд нягтлан Одончимэг нь үнэнээ хүлээсэн. Оюунцэцэг болохоор би шилжүүлсэн мөнгийг нь данснаас авч өгсөн гэж ярьсан. Тэгэхээр нь би байгууллагыг хохиролгүй болго гэсэн шаардлагыг тавьсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ж.Оюунцэцэг нь өөрийн нэрээр Хангалуун хараа ХХК-иас буцааж 5 сая төгрөгийг манай байгууллагын данс руу хийсэн. Тэгэхээр Дарханд ажиллаж байсан гэдэг нь худлаа болж байгаа юм. Би уг асуудлыг эхлээд Мандал сумын засаг даргын дэргэдэх зөвлөлд танилцуулсан. Тэгэхэд намайг даргын хувьд хуулийн дагуу асуудлыг шийд гэж мэдэгдсэн. Оюунцэцэг нь ажлаас халагдсан тушаалаа 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр авсан гэж ярьж байгаа нь худлаа юм. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр намайг өрөөндөө байж байхад нярав Ж.Оюунцэцэг, нягтлан П.Одончимэг хоёр орж ирээд халагдах тушаалаа авъя нийгмийн даатгалтай ажилгүйдлийн тэтгэмжийн тооцоо хийе гээд бичиг хэрэг Жаргалтулгаас канондоод аваад явсан. Энэ нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нийгмийн даатгалд очиж материал өгсөн талаар нийгмийн даатгалын байцаагч Б.Мөрөнгийн гаргаж өгсөн тодорхойлолтоор нотлогдож байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр халагдах тушаалаа биш ээлжийн амралтын мэдэгдлээ канондуулж авсан байгаа. Энэ нь гэрч Мартын мэдүүлгээр тогтоогдсон. Хөдөлмөрийн хуулийн 40.1.5-д заасныг баримтлан тушаал гаргасан нь үндэслэлтэй. 2016 он гараад би ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-д заасан заалтыг зөрчсөн. Эд хөрөнгө хариуцах ажилтан мөртлөө ажил олгогчийн итгэлийг алдсан юм гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

.

 Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь Сэлэнгэ-Зүүнхараа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин 900000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                                                

           

Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь уг нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд анх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ¹ 451 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан гомдол гаргах хугацаа дууссан, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэдэн төгрөгний цалин хөлс нэхэмжилж байгаа нь тодорхройгүй түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг төлж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан боловч нэхэмжлэгч нь дахин 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичиг хэргийн ажилтан Б.Жаргалтулгатай утсаар ярьж өрөөнд нь очиж авсан гэж дурьдсан, мөн ажилгүй байсан хугацааны цалин 900000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байсан учир шүүх 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

 

Сэлэнгэ Зүүнхараа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нярав Жамбын Оюунцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай тус үйлдвэрийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/08 дугаартай тушаал нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, байгууллагын дотоод журмын 5.1.6 ж заалтыг үндэслэсэн байх бөгөөд орны хүн ирэх хүртэл няравын ажлыг бичиг хэрэг Б.Жаргалтулга үүрэг гүйцэтгэхээр заасан байна.

 

            Харин уг тушаалыг хэдийд гардаж авсан талаар талууд маргаж буй боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд уг тушаалыг 2016 оны 02 дугаар сар, 3 дугаар сард, 4 дүгээр сарын 11-ний өдөр, нийт 3 удаа авсан, үүнээс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр авсныгаа үндэслэлтэй гэж үзэж байна гэж мэдүүлсэн боловч энэ талаар хавтаст хэрэгт нотолсон баримт байхгүй байна.

 

Мөн энэ талаар холбогдуулан гэрчээр Б.Жаргалтулга, Г.Март нарыг асууж мэдүүлэг авсан бөгөөд мөн гэрч С.Гансүх, Ч.Оюунсайхан нарын мэдүүлгүүдээр болон Сэлэнгэ Зүүнхараа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хариуцлагатай ажилтнуудын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргээр Ж.Оюунцэцэгийн тус шүүхэд гаргасан ээлжийн амралттай байхад ажлаас халсан нь үндэслэлгүй тул ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадсангүй.

 

            Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 900000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл цалинг нэхэмжилнэ, ажилгүйдлийн тэтгэмжинд 1900000 төгрөг авсан гэж мэдүүлсэн бөгөөд нэмэгдүүлсэн хэсэгтээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй учир шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан гэж үзэн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байгааг дурьдах нь зүйтэй ба йна.

 

              Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ..ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийнхээ алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэйг… заажээ.

 

Шүүх хуралдаанд хариуцагч талаас шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох Сэлэнгэ аймаг Мандал сумын нийгмийн даатгалын сайн дур тэтгэмжийн байцаагч Б.Мөрөнгийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолтонд Ж.Оюунцэцэг нь Сэлэнгэ аймаг Нийгмийн даатгалын тасагт 2016 оны 02 дугаар сарын 22-нд ажилгүйдлийн тэтгэмж авахаар бүртгүүлэхдээ Сэлэнгэ Зүүнхараа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ¹ 1/08 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал авчирсан нь үнэн болно гэж дурьдаад гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан ба уг тодорхойлолтоос үндэслэн үзэхэд Ж.Оюунцэцэг нь ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсанд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан заалтыг зөрчсөн ба хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 26150 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлгүй тул орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ-Зүүнхараа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай хүссэн Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26150 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                                          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.