Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 35

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                            Б.Батзориг

Шүүгчид                                          С.Оюунцэцэг

                                                                                         Г.Давааренчин

Оролцогчид:

            Нэхэмжлэгч                                      Ж.Оюунцэцэг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ-Зүүнхараа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох “урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 900000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан өгсөн тайлбартаа:

“...Миний бие нь Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГ няраваар ажилладаг байсан. Би энэ байгууллагад нийт 16 жил ажиллаж байна. Тус байгууллагын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/08 тоот тушаалаар няравын ажлаас халагдсан. Би жилийн эцсийн балансаа зохих шатны газарт нь хүлээлгэж өгчихөөд ирээд ээлжийн амралтаа эдлэх талаар нягтлан бодогч П.Одончимэгтэй ярьж тохироод ээлжийн амралтын мөнгөө 1 дүгээр сарын цалин дээр бодуулаад авчихсан байсан. Би Отгонбаатар даргыг 2015 оны 12 дугаар сард ажилд ороход нь ээлжийн амралтын талаараа танилцуулж байсан. Тэгээд би ээлжийн амралтаа эдлэх гээд байж байтал гэнэт халагдах тушаал гарсан байсан. Уул нь би тохирсон ёсоор 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс амрах байсан боловч Дархан-Уул аймагт жилийн эцсийн балансаа тушаах ажлаар 2016 оны 02 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажилласан юм. Тэгээд ирээд ээлжийн амралтаа авах байсан юм. Гэтэл намайг Дарханаас ирэнгүүт удирдах ажилтны хурал болж Отгонбаатар дарга энэ талаар танилцуулаад үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хурал дээр би энэ мөнгийг аваагүй, надад хамаагүй гэдгээ хэлсэн. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу болон ээлжийн амралтын мэдэгдэх хуудсаа даргаар цохуулж зохих журмын дагуу авсан байсан учир өөрийгөө ээлжийн амралтаа авсан байсан гэж үзэж байгаа. Энэ хугацаанд ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзээд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинд 900000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч одоо шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл нэмж нэхэмжилж байна...” гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ-Зүүнхараа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Д.Отгонбаатар анхан шатны шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГ-т 2015 оны 12 дугаар сараас эхэлж даргаар ажиллаж байна. Миний хувьд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Ж.Оюунцэцэг нь ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэсэн байна. Тухайн үед Ж.Оюунцэцэг нь надтай уулзаж ээжтэйгээ хамт амьдардаг, цагаан сар болох гээд байгаа учир ээлжийн амралтын мөнгөө урьдчилж бодуулж аваад ээлжийн амралтаа болохоор 8 дугаар сард эдэлье гэхээр нь би уг байгууллага нь халаалт энэ тэр гээд өвлийн саруудад мөнгөтэй байдаг, халаалт зогсохоор буюу зуны сард мөнгөгүй болчдог тул мөнгөтэй үед нь амралтын мөнгийг нь өгчихье гэж бодоод зөвшөөрсөн юм. Тэгээд Оюунцэцэгтэй ярьж тохиролцоод ээлжийн амралтын тушаал гаргахгүйгээр ээлжийн амралтын мэдэгдлийг олгоод санхүүд өгч амралтын мөнгийг нь бодуулахаар болсон юм. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс адилхан амралтын мөнгөө бодуулж авсан слесарь Алтансүх, сахиул Гансүх нар байгаа. Тэд нар энэ талаараа тодорхойлолт бичиж өгсөн. Ээлжийн амралтын мэдэгдэх хуудсаа аваад ажиллаагүй гэж ярьж байгаа нь худлаа. Мөн Дарханд ажилласан гэдэг нь ч худлаа. 2015 оны 12 дугаар сарын 18-нд 5 сая төгрөг Оюунцэцэгийн хүүгийн компани болох “Хангалуун хараа” ХХК-ийн дансанд, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болохоор нягтлан бодогч Одончимэгийн нөхөр болох Баатарсүрэнгийн “Магнай дэлгэрэх” ХХК-ийн дансанд 4.5 сая төгрөг тус тус орсон байсан. Үүнийг би 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дансаа шалгаж байж мэдсэн. Манай байгууллага “Шивээ овоо” ХХК-тай нүүрсний гэрээтэй учир энэ компанид л нүүрсний мөнгө орох учиртай. Гэтэл “Хангалуун хараа” ХХК, “Магнай дэлгэрэх” ХХК гэх хоёр компанид нүүрсний мөнгө гэж шилжүүлсэн байсан учир би мэдсэн. Тэгээд нярав, нягтлан хоёртой уулзаж, энэ асуудлыг хэлэхэд нягтлан Одончимэг нь үнэнээ хүлээсэн. Оюунцэцэг болохоор би шилжүүлсэн мөнгийг нь данснаас авч өгсөн гэж ярьсан. Тэгэхээр нь би байгууллагыг хохиролгүй болго гэсэн шаардлагыг тавьсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ж.Оюунцэцэг нь өөрийн нэрээр “Хангалуун хараа” ХХК-иас буцааж 5 сая төгрөгийг манай байгууллагын данс руу хийсэн. Тэгэхээр Дарханд ажиллаж байсан гэдэг нь худлаа болж байгаа юм. Би уг асуудлыг эхлээд Мандал сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлд танилцуулсан. Тэгэхэд намайг даргын хувьд хуулийн дагуу асуудлыг шийд гэж мэдэгдсэн. Оюунцэцэг нь ажлаас халагдсан тушаалаа 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр авсан гэж ярьж байгаа нь худлаа юм. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр намайг өрөөндөө байж байхад нярав Ж.Оюунцэцэг, нягтлан П.Одончимэг хоёр орж ирээд халагдах тушаалаа авъя нийгмийн даатгалтай ажилгүйдлийн тэтгэмжийн тооцоо хийе гээд бичиг хэрэг Жаргалтулгаас канондоод аваад явсан. Энэ нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нийгмийн даатгалд очиж материал өгсөн талаар нийгмийн даатгалын байцаагч Б.Мөрөнгийн гаргаж өгсөн тодорхойлолтоор нотлогдож байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр халагдах тушаалаа биш ээлжийн амралтын мэдэгдлээ канондуулж авсан байгаа. Энэ нь гэрч Мартын мэдүүлгээр тогтоогдсон. Хөдөлмөрийн хуулийн 40.1.5-д заасныг баримтлан тушаал гаргасан нь үндэслэлтэй. 2016 он гараад би ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-д заасан заалтыг зөрчсөн. Эд хөрөнгө хариуцах ажилтан мөртлөө ажил олгогчийн итгэлийг алдсан юм...” гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаартай шийдвэрээр:

- Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ-Зүүнхараа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай хүссэн Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26150 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГазарт няраваар ажиллаж байхад 2016.02.04-ний өдөр 1/08 тоот даргын тушаалаар ажлаас халсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, байгууллагын дотоод журмын 5.1.6-д заасныг үндэслэж ажлаас чөлөөлж, орны хүнийг ирэх хүртэл няравын ажлыг бичиг хэрэг Б.Жаргалтулгад үүрэг гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Тухайн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ажил олгогчийн эд хөрөнгийг хууль бусаар ашиглан үрэгдүүлсэн байхыг шаардана. Гэтэл энэ байдал нотлогдсон нотлох браимт хавтаст хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж ээлжийн амралтаа авахаар байгууллагатай тохирч, ээлжийн амралтын мөнгөө 2016.1 сарын цалин дээр авсан байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулинд ээлжийн амралттай ажилтныг ажлаас халах журам огт байхгүй тухай хуулийн заалтыг зөрчсөн.

Шүүх хавтаст хэргийг дүгнэхдээ хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй гэх үндэслэл гарган хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл тус хариуцагч байгууллагын зүгээс чухам хэдэн сарын хэдний өдөр Ж.Оюунцэцэгт байгууллагаас ажлаас халагдсан тухай тушаалыг гардуулж өгсөн тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Уг баримтаар нэхэмжлэгч тушаалыг хэзээ авсан бэ? Гэдгээр шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Хариуцагчийн зүгээс үүнийг нотлох үүрэгтэй. Ж.Оюунцэцэг нь 2016.4.11-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2016.04.18-ны өдрийн 451 тоот шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлж ирүүлээгүй үндэслэлээр хэргийг нэхэмжлэгчид буцаасан...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Гомдлоо дэмжиж байна...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, процессын алдаа гаргасан болон буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Хавтас хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан гэрчүүдийн /н.Жаргалтулга, н.Гансүх, н.Март, н.Оюунсайхан/ мэдүүлэгтээ нэхэмжлэгчийг халагдсан тушаалаа хэзээ гардаж авсан талаар огт яриагүй байдаг. Өөрөөр хэлбэл гэрч н.Жаргалтулга нэхэмжлэгчийг халагдсан тушаалыг хэзээ гардаж авсныг санахгүй байна, гэрч Гансүх өөрийн ээлжийн амралтын талаар, гэрч Оюунсайхан ажлаа хийж байгаа талаар л ярьсан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Гол нь талууд уг тушаалыг гардаж авсан талаар маргадаг.

Анхан шатны шүүх процессийн алдаа гаргасан. Учир нь гэрчийг шүүх хуралдаантай өдөр л асуусан байсан.

Энэ хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч н.Мөнгөнцэцэг хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Учир тухайн үед Ж.Оюунцэцэг, П.Одончимэг нарт эрүүгийн үүсгэн шалгаж, тэд нарыг байцааж байсан юм. Шүүх үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэнгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 мэтгэлзэх зарчим алдагдсан ба гэрчийг асуух эрхийг хангаагүй. Иргэний хэрэгт хөдөлшгүй нотлох баримт гэж байхгүй, үүнийг харгалзаж үзсэнгүй.

Нэхэмжлэгч ээлжийн амралтаа 2016 оны 01 дүгээр сарын 30-нд авсан байна. Учир нь ээлжийн амралтын мөнгө 1 сарын цалин дээр ороод ирсэн. Харин нэхэмжлэгч ээлжийн амралтаа авсан үедээ ажлын шаардлагаар ирж ажилласан. Хэрвээ ирэхгүй байсан бол тухайн байгууллагын баланс алдагдах байсан, аргагүй ирж ажилласан. Тэгэхгүй бол тухайн байгууллага бол 3-9 сая төгрөгийн торгуульд орох байсан. Харин нэхэмжлэгчийг 4 өдөр ажилласан гэдгийг албаар нотлохын тулд 4 өдөр ажилласан цалинг дараа нь бодож хийсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэргийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь Сэлэнгэ Зүүнхараа ОНӨААТҮГазарт холбогдуулан  ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэн түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  хэрэгт цугларсан  нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  байх тул  давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь Сэлэнгэ Зүүнхараа ОНӨААТҮГазарт  няраваар ажиллаж байсан бөгөөд Сэлэнгэ Зүүнхараа ОНӨААТҮГазрын даргын  2016 оны 02 сарын 04-ны өдөр 1/08 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай тушаалаа ажил олгогчоос буюу бичиг хэргийн ажилтан Б.Жаргалтулгаас  2016 оны 04 сарын 11-ны өдөр хүлээн авч гомдлоо шүүхэд  гаргасан, ажил олгогч намайг ээлжийн амралттай байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж  нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа Ж.Оюунцэцэг ажлаас халагдсан тухайгаа мэдсэн бөгөөд 2016 оны 02 сарын 22-ны өдөр Мандал сумын Нийгмийн даатгалын тасагт ажилгүйдлийн тэтгэмж авахаар материал бүрдүүлэхдээ ажлаас халагдсан тушаалаа хамт хавсарган өгсөн болох нь Нийгмийн даатгалын тасгаас ирүүлсэн баримтаар тогтоогдсон тул түүнийг 2016 оны 04 сарын 11-ны өдөр тушаалыг гардан авсан гэж үзэхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж шүүхэд гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Ажил олгогч нь Ж.Оюунцэцэгт ажлаас халагдсан тушаалыг хэзээ, хэдний өдөр хэрхэн гардуулсан нь  хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрчүүпдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийг 2016 оны 04 сарын 11-ний өдөр  тушаалаа гардан авсан гэснийг үгүйсгэх боломжгүй бөгөөд  ажил олгогч нь ажилтанд ажлаас халагдсан тушаалыг гардуулан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байх тул  хариуцагч нэхэмжлэлийн татгалзалын үндэслэлээ нотлоогүй байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. 

 

Ажил олгогч нь Ж.Оюунцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасанаар цуцласан бөгөөд ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ нотлоогүй байна гэж үзлээ.

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь  ажил олгогчийн итгэлийг алдсан  буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан эсэх, гаргасан бол энэ талаар хууль, санхүүгийн  болон хяналтын эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон эсэх нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар нотлогдоогүй, энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй байна.

Хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 77 дугаартай тогтоол авагдсан бөгөөд энэхүү тогтоол нь тус хэргийн нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгт холбогдолгүй, харин хариуцагч байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Одончимэгт холбогдох баримт байх тул шүүх энэхүү баримтаар нэхэмжлэгчийг ажлын хариуцлага алдсан гэж үзэх боломжгүй юм.

 

 Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг  нь тухайн байгууллагын няравын хувьд  мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн боловч хариуцагч  байгууллагад  нягтлангаар ажиллаж байсан П.Одончимэгтэй хамтран байгууллагын мөнгийг хувьдаа ашиглах зорилгоор өөр байгууллагын дансруу шилжүүлэн авч хувьдаа ашигласан гэх үйлдэлд  оролцсон болон түүнд холбогдуулан дотоодын болон хууль хяналтын байгуулага шалгаж тогтоосон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн хэрэгт авагдсан ажил олгогч Сэлэнгэ Зүүнхараа ОНӨААТҮГазар болон нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нарын хооронд 2006 оны 01 сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс үзвэл Ж.Оюунцэцэг нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр ажиллаж байсан  бөгөөд ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага  хүлээлгэх тухай гэрээг ажилтантай байгуулаагүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс ажил олгогч Сэлэнгэ Зүүнхараа ОНӨААТҮГазар нь нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласан гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийг няравын ажилд нь эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар түүний  ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 02 сарын 04-ны өдрөөс 2016 оны 08 сарын 24-ны өдрийг хүртэлхи  хугацаагаар тооцон  гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

  Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийн  цалинг хэрэг цугларсан нотлох баримт болох цалингийн цэс, цалингийн тодорхойлолт нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэргийг үндэслэн сарын дундаж цалинг 526.000 төгрөгөөр тооцож  6 сар 20 хоногийн цалинг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  Мандал  дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 сарын 24-ний өдрийн 285 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:

1 дэх заалтыг:

“...1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-т  зааснаар Ж.Оюунцэцэгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сэлэнгэ Зүүнхараа ОНӨААТҮГазрын няравын ажилд нь эргүүлэн тогтоож, хариуцагчаас 3.506.666  төгрөгийн цалин гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай...” гэж,

2 дахь заалтыг:

“...2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 26150 төгрөгийг орон нутгийн оролгоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 71056 гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг  нь Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                        ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                          С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН