Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/01501

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/01501

 

 

Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01661 дүгээр шийдвэртэй, Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Чд холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 654 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхон, Д.Энхбаатар

Хариуцагч А.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ю ХХК-ийн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан, уг гэрээгээр 80063898 дугаарт Самсунг Галакси Эс8 /Samsung Galaxy S8/ маркийн гар утсыг /IMEI code:35904908640430/ 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэл 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохиролцсон. Гэвч хариуцагч 2015 оны 7 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул 80063898 дугаар дээрх гар утасны лизингийн төлбөр болох 2 436 000 төгрөг, гэрээний 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги болох 1 218 000 төгрөг, нийт 3 654 000 төгрөгийг А.Чаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Ч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлд дурдсан 2017 оны 9 сарын 11-ний өдөр 4018800895 тоот гэрээг Ю ХХК-тай байгуулаагүй, гар утсыг аваагүй болно. Надад гэрээ байхгүй. Хэрэв би гар утас авсан бол гарын үсэг зурсан баримтыг өгөх ёстой. Нэхэмжлэгч байгууллагын ажилтан би өөрөө хуулаад бичсэн юм гэж тайлбарласан.

2 сарын дотор төлбөр төлөхгүй бол хэрэглэгчтэй холбогдох зохицуулалттай байхад 2 жил орчим хугацааны дараа асуудал ярьж байна. Хэрэв юнивишний төлбөр төлөөгүй тохиолдолд 1 сарын дараа хаагддаг. Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэл гаргаагүй. Би хэн нэгэнд ашиглах боломжийг олгосон, эсхүл хэн нэгэн авч ашигласан гэж бодож байна. Нэхэмжлэгч тал авсан хүнээ нотолж чадахгүй болохоор юнивишнээр дамжуулан надад тулгаж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Чаас 80063898 дугаар дээрх гар утасны лизингийн төлбөр 2 436 000 төгрөг, алданги 1 218 000 төгрөг, нийт 3 654 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ю ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхон давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр огноолсон Гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу Самсунг Галакси Эс8 /Samsung Galaxy S8/, Самсунг Жи 1 /Samsung J1/ гар утас хариуцагчид бодитоор шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдохгүй байхаар дүгнэсэн нь нэхэмжлэгчээс хэрэгт гарган өгсөн тайлбар, баримтууд болон интернет орчинд хийсэн үзлэг зэргийг бүрэн үнэлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч А.Чд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 654 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гар утас аваагүй гэж маргажээ.

Ю ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хэрэглэгч А.Чд Самсунг Галакси Эс8, Эс8 плюс /Samsung Galaxy S8, S8+/ утасны идэвхжүүлэлтийн нөхцөл А17/195 дугаартай журмын дагуу хөнгөлөлттэй нөхцлөөр Самсунг Галакси Эс8 плюс маркийн гар утсыг зээлээр худалдаж, урамшуулалд нь 80063898 дугаарыг, Самсунг Жи1 маркийн гар утасны хамт өгсөн, А.Ч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу үнэ төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлан, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ, А17/195 дугаартай журам, дижитал технологи ашиглан байгуулсан гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээ, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн мэдээлэл, хариуцагч компанийн захирлын Хэрэглэгчийн гэрээ байгуулах процессийг шинэчлэх тухай 2016 оны 657 дугаар тушаал, 80063898 дугаартай хэрэглэгчээс гарсан дуудлагын лавлагаа, гэрч М.Цэвэлмаагийн мэдүүлэг, Ю ХХК-ийн дата инженер Ё.Нямдаваагийн гаргасан мэдээлэл, Цэрэндондог Цээгий нүүр хуудас, Зар мэдээ.мн сайтад хийсэн үзлэг зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гарган өгч, нотолгооны эх сурвалжаа болгон заасан байна. /хх-5, 19-29, 69-71, 79, 84-86, 97-100, 111-116, 132-133/

Хариуцагч нь гар утас худалдаж аваагүй гэж маргах боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дээрх баримтуудыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үнэлж маргааны үйл баримтыг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцнэ.

Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 657 дугаар тушаалаар тус компанийн хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх цагийг хэмнэх, мэдээллийг боловсруулахад дижитал технологийг нэвтрүүлэх, дотоод процессыг хурдавчлах зорилгоор 9 дүгээр сарын 01-ний өдрөөс бүтээгдэхүүн, үйлчилгээний гэрээг цаасан хэлбэрээр байгуулах, хадгалах үйл ажиллагааг зогсоож, дижитал технологи /таб/ ашиглан гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна. /хх-79/

Нэхэмжлэгч тал 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр огноолсон гар утас зээлээр худалдах-худалдан авах 2 гэрээг шүүхэд гарган өгчээ. Уг гэрээнүүдээс үзвэл нэхэмжлэгч компани нь А.Чтай 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гар утас зээлээр худалдах-худалдан авах 4018800815 дугаар бүхий гэрээгээр 2 388 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс8 плюс /Samsung Galaxy S8+/ гар утсыг хөнгөлөлттэй нөхцлөөр буюу 2 288 000 төгрөгөөр худалдан авах, 401800815РС000060164 дугаартай гэрээгээр урамшуулалд олгож буй 80063898 дугаарыг, Самсунг Жи1 маркийн гар утсыг 0 төгрөгөөр хямдруулан авахаар тус тус тохиролцсон байна. /хх-5, 68/ Хэргийн 5 дахь талд авагдсан 4018800815 дугаартай гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч А.Чын гар бичвэрийн загвартай тохироогүй, нэхэмжлэгч компанийн салбарын ажилтан гэрч М.Цэвэлмаа уг гэрээнд А.Чын нэрийг бичсэн үйл баримт шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. /хх 53-57, 97-100/

Гэхдээ гэрч М.Цэвэлмаа дээрх гэрээнүүдийг компанид дагаж мөрдөж буй журмын дагуу цахим хэлбэрээр гэрээ байгуулж дижитал технологийг ашиглан ТАБ дээр гарын үсэг зуруулсан боловч Самсунг Жи1 маркийн гар утас худалдах-худалдан авах гэрээ нь баталгаажиж, Самсунг Эс8 плюс утасны гэрээ баталгаажаагүй учир 4018800815 дугаартай гэрээг гараар бичиж байгуулсан, хариуцагчийн [email protected] мэйл хаягаар гэрээний хувийг явуулсан гэж мэдүүлснийг хариуцагч А.Ч үгүйсгэж мэтгэлцээгүй байна. /хх 97-100/

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 401800815РС000060164 дугаартай гэрээнд гарын үсгийн шинжээч томилсон боловч шинжилгээний байгууллагаас цахим хэлбэрт зурагдсан гарын үсгийг цаасан дээр бичүүлсэн гарын үсгийн загвартай харьцуулан шинжлэх боломжгүй гэх үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзжээ. /хх-105/ Хариуцагч А.Ч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд уг гэрээнд зурагдсан бичвэрийг өөрийн гарын үсэгтэй төстэй байна лээ гэж тайлбарласан.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Цэрэндондог Цээгий хаягтай фасебүүк нүүр хуудсанд үзлэг хийхэд цоо шинэ Галакси Эс8 зарна, 88038163, 90093898 утсаар лавлана уу маш хямд шүү мөнгөний хэрэг гарсан гэх зар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тавигдсан болох нь тогтоогдсон байна. /хх-125-127/ Хариуцагч тус фасебүүк нүүр хуудсыг өөрийнх нь биш гэж маргах боловч зар дээр түүний 90093898 дугаарын утас тавигдсан байхаас гадна уг утасны дугаарыг өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа болох нь түүний тайлбараар нотлогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч компаниас худалдсан гар утасны дахин давтагдашгүй дугаар болох имэй кодоор шалгахад хариуцагчид урамшууллаар өгсөн 80063898 дугаарын, охин Ч.Мичидмаагийн эзэмшдэг 88038163 дугаарын сим тус тус холбогдсон тухай бичгийн баримтыг шүүхэд өгснийг хариуцагч мөн үгүйсгээгүй байна. /хх-111/

Иймд Ю ХХК, А.Ч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, А.Ч нь худалдан авсан гар утасны үнийг төлөх үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал гар утасны үнэд 2 436 000 төгрөг, алданги 1 218 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Хэргийн баримтаас үзвэл Самсунг Галакси Эс8 плюс маркийн гар утасны үндсэн үнэ нь 2 388 000 төгрөг байх тул энэ хэмжээгээр тооцон хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

Талууд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дууссанаас хойш хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь анзын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан анзийн хэмжээг багасгаж, 597 000 төгрөг /2 388 000х50%:2/ гаргуулах нь гэрээний тэгш эрхийн зарчимд нийцэх тул хариуцагч А.Чаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 2 985 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 669 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01661 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Чаас гар утасны үнэд 2 985 000 /хоёр сая есөн зуун наян таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 669 000 /зургаан зуун жаран есөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 62 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 415 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ Ч.ЦЭНД