Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00206

 

*******-ийн нэхэмжлэлтэй

                иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01661 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1501 дүгээр магадлалтай,

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3.654.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч *******ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхон, өмгөөлөгч Н.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төрбаяр, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* болон хариуцагч ******* нар харилцан тохиролцож 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 80063898 дугаарт Samsung Galaxy S8 маркийн гар утсыг /IMEI code:35904908640430/ 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 07 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 80063898 дугаар дээрх гар утасны лизингийн төлбөр болох 2.436.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 1.218.000 төгрөг, нийт 3.654.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлд дурдсан 2017 оны 09 сарын 11-ний өдөр 4018800895 тоот гэрээг *******-тай байгуулаагүй. Хэрвээ би гэрээг байгуулсан бол надад гэрээг хэвлэж өгнө биз дээ. Би гэрээ байгуулахдаа гэрээнийхээ нөхцөл дээр гарын үсэг зурдаг. Хэрвээ би утсыг авсан бол гарын үсэг зурсан баримтыг өгөх ёстой. Би танай компаниар үйлчлүүлдэг, гарын үсэг зурах тохиолдол зөндөө гардаг. Ажилтан нь би өөрөө хуулаад бичсэн юм гэж тайлбарлаад байх юм. Танай ажилтан өөрөө утсыг авсан юм биш үү. 2 сарын дотор төлбөрөө төлөхгүй бол эргээд холбогдох зохицуулалт байна. Гэтэл бүтэн 2 жил орчим хугацааны дараа асуудал ярьж байна. ******* нь өөрт байгаа давуу эрхийг ашиглаж хүмүүсийг хохироож байна гэж үзэж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ утсыг би аваагүй. Хэрвээ авсан гэж байгаа бол юнивейшний төлбөрөө төлөөгүй бол 1 сар болохгүй л хаадаг биз дээ. Гэтэл яагаад нэхэмжлэхгүй өдий хүрч байгаа юм бэ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01661 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 80063898 дугаар дээрх гар утасны лизингийн төлбөр 2.436.000 төгрөг, алданги 1.218.000 төгрөг, нийт 3.654.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1501 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01661 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас гар утасны үнэд 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 669.000 /зургаан зуун жаран есөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 62.710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73.415 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие уг хэрэгт дурдаж байгаа гар утсыг зээлээр авсан тухай гэрээ байгуулж ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, гэрээнд гарын үсэг зураагүй. 80063898 гэдэг дугаар хэрэглэж байгаагүй ба энэ талаар утсаар яриагүй. Мөн гар утас зарна гэж интернетэд зар тавьсан гэх 88038163 дугаарыг эзэмшдэггүй. Энэ дугаарыг миний охин Мичидмаа ч эзэмшдэггүй байтал гүтгэн худал мэдүүлсэн. Юнител, Юнивешн ХХК-ийн хэрэглэгч миний хувийн нууцтай холбоотой мэдээллүүдийг өөрсдөө давуу байдал ашиглан олж мэдэж, хуулбарлан хэвлэн интернетэд тавьж миний нэр, төр хувийн нууцад халдаж улмаар гар утас авсан гэж гүтгэж байна. Миний аав Ш.Алтангэрэл, охин Мичидмаа нарын утасны ярианы жагсаалтыг хууль бусаар шүүж, нотлох баримт гэж ашиглан хувийн мэдээллийг хууль бусаар олж авч Үндсэн хуульд заасан эрхэд халдсан. Цэрэндондог Цээгий гэдэг фэйсбүүк хаягт үзлэг хийж тухайн хүний тавьсан зар дээр миний өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа гар утасны дугаар байна гэдэг шалтгаанаар намайг гар утас авсан мэт байдлыг санаатай зохиомлоор бий болгосон гэж үзэж байна. Ийм нэр хаяг тодорхойгүй цахим хаягийг *******-ийн ямар ч ажилтан интернетэд байршуулж өөрт байгаа болон интернет орчинд байгаа мэдээллийг ашиглан намайг гүтгэж хуурамч нотлох баримт үүсгэх боломжтой юм. Надад өөрийгөө гэмгүйг нотлох цагдаа, шүүхийн байгууллагаар шалгуулах боломж гаргахгүй бүх ул мөр арилсан хойно хэрэгт гүтгэн хуурамч нотлох баримтаар гар утасны төлбөр төлүүлэх гэж байна.

Иймд хэргийг шалган Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

******* нь *******аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3.654.000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...гар утас худалдан аваагүй... гэсэн тайлбар гаргаж, маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байна. 

 

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...гэрээ байгуулж, гарын үсэг зураагүй, 80063898 дугаар хэрэглэж байгаагүй, ...88038163 дугаарыг эзэмшдэггүй, ...Цэрэндондог Цээгий гэдэг фейсбүүк минийх биш... гэсэн үндэслэл дурджээ.

 

Дараах үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1. ******* нь ...2017-09-11-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 80063898 дугаарт Samsung Galaxy S8 маркийн гар утсыг худалдан авч төлбөрийг 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохирсон... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас гар утасны үнэ 2.436.000 төгрөг, алданги 1.218.000 төгрөг нийт 3.654.000 төгрөг шаарджээ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний зүйл, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй болно.

 

Өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийг нотлох баримтаар гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээх ба шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээг дурдсан боловч уг гэрээнд зурсан гарын үсэг хариуцагч *******ынхтай тохирохгүй байгаа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 454 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна /хэргийн 53-57 дугаар тал/.

 

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд ...Samsung Galaxy S8 маркийн гар утсыг худалдан авсны урамшуулалд Samsung G1 маркийн утас өгч, ...худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар тайлбар гаргаж, ...гэрээ, дараа төлбөрт хэрэглэгчийн мэдээлэлд зурсан гарын үсэг *******ынх мөн эсэхэд шинжээч томилох хүсэлт гаргажээ.

 

Эдгээр баримт цахим хэлбэрээр компьютерт хадгалагдаж байгаа, шинжээч ...цахим хэлбэрт зурагдсан гарын үсгийг цаасан дээр бичүүлсэн гарын үсгийн загвартай харьцуулан шинжлэх боломжгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан байна /хэргийн 105 дугаар тал/.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Цэрэндондог Цээгий хаягтай фейсбүүкт үзлэг хийсэн байх ба уг фейсбүүкт 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр цоо шинэ галакси Эс8 зарна, 88038163, 90093898 утсаар лавлана уу маш хямд шүү мөнгөний хэрэг гарсан гэх зар тавигджээ /хэргийн 125-130 дугаар тал/.

 

Хариуцагч 90093898 дугаарыг хэрэглэдэг болохоо үгүйсгээгүй боловч фейсбүүк *******д ямар хамааралтай болох нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь 80063898 дугаарын хэрэглэгчийн болон гар утасны мэдээлэл, гар утасны IMEI кодоор сүлжээ хяналтын системээс авсан гэх баримтыг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

******* нь Samsung Galaxy S8 маркийн гар утсыг хөнгөлөлттэй нөхцлөөр хариуцагчид худалдахаар тохирч улмаар гар утас болон холбогдох бичиг баримтыг шилжүүлэн өгснөө нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх дээрх баримтыг үндэслэн талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, гар утасны үнэ болон алдангийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3-т нийцээгүй гэж үзнэ.  

 

2. Хэрэглэгчийн гэрээ байгуулах процессийг шинэчлэх тухай *******-ийн гүйцэтгэх захирлын тушаал хэрэгт авагдсан боловч энэ нь зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсаныг нотлохгүй.

 

******* нь Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас өөрийн зээлийн түүхийг харахыг зөвшөөрсөн хүсэлт гаргаж, иргэний хуулбарын хуулбар, хорооны тодорхойлолтыг хавсаргаж өгснөө үгүйсгээгүй боловч эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй болно.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь учир дутагдалтай болжээ.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1501 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01661 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...243.1... гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 гэснийг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 62.710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД