Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1661

 

 

 

 

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2019/01661

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ю ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Ч д холбогдох,

 

3,654,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Т.О, хариуцагч А.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ю ” ХХК болон хариуцагч А.Ч  нар харилцан тохиролцож 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 80063898 дугаарт Samsung Galaxy S8 маркийн гар утсыг /IMEI code:35904908640430/ 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл 12 сарын хугацаатай  төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 07 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 80063898 дугаар дээрх гар утасны лизингийн төлбөр болох 2,436,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 1,218,000 төгрөг, нийт 3,654,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч А.Ч  нь  шүүхэд гаргасан хариу тайлбар, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А.Ч  миний бие нэхэмжлэлд дурдсан 2017 оны 09 сарын 11-ний өдөр 4018800895 тоот гэрээг “Ю ” ХХК-тай байгуулаагүй болно. Хэрвээ би гэрээг байгуулсан бол надад гэрээг хэвлэж өгнө биз дээ. Би гэрээ байгуулахдаа гэрээнийхээ нөхцөл дээр гарын үсэг зурдаг. Хэрвээ би утсыг авсан бол гарын үсэг зурсан баримтыг өгөх ёстой. Би танай компаниар үйлчлүүлдэг, гарын үсэг зурах тохиолдол зөндөө гардаг. Ажилтан нь би өөрөө хуулаад бичсэн юм гэж тайлбарлаад байх юм. Танай ажилтан өөрөө утсыг авсан юм биш үү. 2 сарын дотор төлбөрөө төлөхгүй бол эргээд холбогдох зохицуулалт байна. Гэтэл бүтэн 2 жил орчим хугацааны дараа асуудал ярьж байна. “Ю ” ХХК нь өөрт байгаа давуу эрхийг ашиглаж хүмүүсийг хохироож байна гэж үзэж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ утсыг би аваагүй. Хэрвээ авсан гэж байгаа бол юнивейшний төлбөрөө төлөөгүй бол 1 сар болохгүй л хаадаг биз дээ. Гэтэл яагаад нэхэмжлэхгүй өдий хүрч байгаа юм бэ. Би бол хэн нэгэнд ашиглах боломжийг олгосон, эсвэл хэн нэгэн авч ашигласан гэж бодож байна. Өөрсдөө авсан хүнээ нотолж чадахгүй болохоор юнивейшнээр дамжуулж надад тулгаж байна гэж бодож байна. Шүүх цагдаагаас ирсэн албан бичгийн дагуу өгдөг мэдээллийг хэн дуртай нь өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд гадагш цацаж байна. Энэ байдлаар хохирсон олон хүмүүс байгаа байх. Тэдгээр хүмүүст энэ мэдээллийг өгнө гэж бодож байна. Цэрэндондог Цээгий гэсэн хаяг минийх биш шүү дээ. Та нар энэ мэдээллийг авч чадаж байгаа юм чинь миний нэрээр утас аваад, зар тавьсан эсэхийг мэдэхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “Ю ” ХХК нь хариуцагч А.Ч д холбогдуулан 80063898 дугаар дээрх гар утасны лизингийн төлбөр 2,436,000 төгрөг, алданги 1,218,000 төгрөг, нийт 3,654,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь “Ю ” ХХК-д гар утас лизингээр худалдан авах хүсэлтийг гаргасан боловч түүнд олгох боломжгүй гэсэн хариу өгсөн тул гэрээ байгуулж, гар утас худалдан аваагүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож 2017 оны 09 сарын 11-ний өдрөөр огноолсон “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь дээр дурдсан гэрээг байгуулаагүй, гэрээн дээр зурсан гарын үсэг түүнийх биш гэж маргасан тул хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж гарын үсгийг шинжлүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 454 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 09 сарын 11-ний өдөр байгуулсан “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний хэрэглэгчийг төлөөлж гэсэн хэсэгт зурсан гарын үсэг нь А.Ч ын гарын үсэг, бичвэрийн загвартай тохирохгүй байна” гэж дүгнэжээ. /хх-53-57/

 

2017 оны 09 сарын 11-ний өдрөөр огноолсон “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хэрэглэгчийг төлөөлж гэсэн хэсэгт “Ю ” ХХК-ийн ажилтан М.Ц   А.Ч ын нэрийг бичиж гарын үсэг зурсан болох нь гэрч М.Ц  гийн мэдүүлгээр тогтоогдсон. /хх-97-100/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүснэ, мөн хуулийн 111.2.1-д зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2017 оны 09 сарын 11-ний өдөр гэрээ байгуулаад, гар утсыг түүнд өгсөн болох нь түүнтэй байгуулсан гэрээгээр нотлогдоно гэж тайлбарлаж, “Ю ” ХХК-ийн программд бүртгэгдсэн гэх 2017 оны 09 сарын 11-ний өдрөөр огноолсон Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн мэдээлэл гэх баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн. /хх-68-71/

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч 80063898 дугаарыг ашиглаж байсан, гэрээний дагуу Samsung Galaxy S8 маркийн гар утас, Samsung J1 мини гар утас авсан болохыг нотлохоор “Ю ” ХХК-ийн төлбөр тооцооны системээс гаргуулсан гэх хэрэглэгчийн болон гар утасны мэдээлэл, А.Ч ын худалдан авсан гэх гар утасны IMEI кодоор нь сүлжээ хяналтын системээс авсан гэх баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн. /хх-81-83, 84-86, 110/

 

Хариуцагч нь нэхэмжлэгч “Ю ” ХХК-аас нотлох баримтаар ирүүлсэн баримтууд нь өөрт байгаа давуу эрхийг ашиглан, өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд хэрэглэгчийн холбогдох мэдээллийг хууль бус аргаар бүрдүүлсэн гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн тус компанийн цахим мэдээллээс авсан гэх дээр дурдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн ашиглаж байсан 90093898, 88038163 утасны дугаараар цахим мэдээлэлд хайлт хийн гарсан мэдээлэлд үзлэг хийлгэсэн бөгөөд эдгээр цахим мэдээлэл нь хариуцагчийг 2017 оны 09 сарын 11-ний өдрийн Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Samsung Galaxy S8 маркийн гар утас, Samsung J1 мини гар утас авсаныг нотлоно гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл муутай байна. Мөн үзлэг хийлгэсэн “Цэрэндондог Цээгий” гэх олон нийтийн цахим сүлжээ /facebook/-ний хаяг нь хариуцагч  А.Ч тай хэрхэн хамаарч буйг нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь тус компаниас батлагдсан гар утасны идэвхижүүлэлтийн нөхцөлийн дагуу хариуцагчид 80063898 дугаар дээр Samsung Galaxy S8 маркийн гар утас, бэлгэнд G1 мини маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг гарган Samsung Galaxy S8 маркийн гар утасны лизингийн төлбөрт 2,436,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Уг мөнгөнд гар утасны лизингийн төлбөр, мөн дугаарын төлбөр орсон гэж тайлбарлаж байх боловч гар утасны лизингэд хэдэн төгрөг, дугаарын төлбөрт хэдэн төгрөг тус тус нэхэмжилж буй нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 2017 оны 09 сарын 11-ний өдрөөр огноолсон “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу гар утас худалдах, худалдан авах гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн болох нь,  нэхэмжлэгч “Ю ” ХХК нь Samsung Galaxy S8 маркийн гар утас, Samsung J1 мини маркийн гар утсыг хариуцагчид бодитоор шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч А.Ч аас гар утасны лизингийн төлбөр болон дугаарын төлбөрийг алдангийн хамт гаргуулах үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Ч аас 80063898 дугаар дээрх гар утасны лизингийн төлбөр 2,436,000 төгрөг, алданги 1,218,000 төгрөг, нийт 3,654,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Ч аас 80063898 дугаар дээрх гар утасны лизингийн төлбөр 2,436,000 төгрөг, алданги 1,218,000 төгрөг, нийт 3,654,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ю ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.ЦЭРЭНДОЛГОР