Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 831

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Н*******

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, Т.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Л.Н******* миний бие нь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2013 оны 57 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газрын Улсын бүртгэгчийн сул ажлын байранд зохих журмын дагуу томилогдон ажиллаж байсан. Н.Б******* нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 47 дугаар шийдвэрээр улсын бүртгэгчээр ажиллахаар болсон боловч өөрийн хүсэлтээр Н.Б******* нь улсын бүртгэгчээр ажиллахаасаа татгалзсан учир нь сул ажлын байр гарч уг албан тушаалд Л.Н******* миний бие томилогдож 2016 оны 7 дуаар сарын 8-ны өдрийг дуустал ажилласан. Ажиллах хугацаанд хариуцсан ажлаа сайн гүйцэтгэж үр дүнгийн гэрээгээ удаа дараа “А” үнэлгээтэй дүгнүүлэн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байхад Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/239 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын тушаалд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Шинэ-Идэр сумын улсын бүртгэгч Б.О*******гийн гаргасан хүсэлтийг харгалзан хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгон үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах болсон тул албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Н*******ийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 47 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Н.Б*******гийн Улсын бүртгэгчээр томилогдож ажиллах эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, мөн Засгийн газрын тогтоолын хэрэгжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээр Б.О*******г Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгчээр томилсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 984 дүгээр тушаалын Б.О*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэсэн байна. Үүнээс үзэхэд Б.О******* нь шүүхийн ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингээд сул ажлын байр бий болсонд би зохих журмын дагуу томилогдсон. Гэтэл намайг ажлаас чөлөөлөхдөө чөлөөтэй байсан Б.О*******гийн оронд ажилд орсон мэт тушаалд тусгасан нь үндэслэлгүй байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж өгнө үү” гэжээ.” 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О*******г Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 984 тоот тушаалаар улсын бүртгэгчийн орон тоонд бүртгэсэн байдаг. Уг томилгооны дагуу ажлын байран дээрээ албан үүргээ гүйцэтгэж байхад н.Б*******гийн эрх ашиг зөрчигдсөн учир н.Б******* зохих шатны шүүхэд хандан, эцсийн шийдвэр гарсан нь 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тус шүүхийн шийдвэрээр Б.О******* Хөвсгөл аймгийн улсын бүртгэгчээр томилж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 984 тоот тушаалын хавсралт 22-т Б.О*******гийн холбогдох хэсгийг хүчингүй болгож н.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж, тогтоох хэсэгт нь 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 984 тоот тушаалын Б.О*******д холбогдох хавсралт 22 дугаар хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрт Б.О******* улсын бүртгэгчийн ажлаас чөлөөлсөн н.Б*******г буцаад томилох шийдвэр гаргасан. Уг шийдвэрээр Б.О******* төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тогтоож өгч, Б.О******* болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хоорондын харилцаа дуусгавар болсон. Гэтэл Улсын бүртгэлийн газрын даргын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг бүх нийтээр дагаж мөрдөх ёстой. 

Гэтэл энэ шийдвэрийг биелүүлэхгүйгээр маргаан бүхий ажлын байранд ажиллаж байсан н.Б*******гаас тус байгууллагад ажиллахаас татгалзсан хүсэлт гаргасан ганц шалтгаан байдаг. Үүний дагуу дахиж шүүхийн шийдвэр гарах үйл ажиллагаа явагдаагүй. Шүүхийн шийдвэрээр Б.О******* чөлөөлөгдөж, н.Б******* нь маргаан бүхий ажлын байрнаас татгалзаж, сул ажлын байр бий болсон байхад Төрийн албаны тухай  хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингөөр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу сонгон шалгаруулалт огт явуулаагүй. 

Сул ажлын орон тоон дээр Улсын бүртгэлийн газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 19-ний  57 дугаар тоот тушаалаар Л.Н*******ийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл Б.О*******гийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болсон байхад  харилцаа хэвийн гэж хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэн, тус байгууллагын 57 тоот тушаалаар ажиллаагүй хүнийг ажилласан болгоод үргэлжлүүлж байгаа нь үндэслэлгүй.  Энэ ажлын орон тоон дээр сул ажиллаж байсан Л.Н*******ийн эрх ашиг нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний Б/239 дүгээр тогтоолоор хөндөгдөж байна. Маргаан бүхий ажлын орон тоон дээр сонгон шалгаруулалт явагдах ёстой. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар түр орлон гүйцэтгэгчээр томилох хугацааг зааж өгсөн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.О*******г хүүхэд асрах чөлөө олгосон гэх 57 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй. 

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, Д.М******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Н*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Л.Н******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” 171 дүгээр тушаалаар тус газрын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгч Бийн О*******гийн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэний бүртгэлийн ажилтнаар ажиллаж байсан Н.Б*******г Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүхийн шийдвэрээр улсын бүртгэгчээр томилох тухай шүүхийн шийдвэр гаргасан байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу “...Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө.” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Н.Б*******д мэдэгдэхэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгчээр ажиллахаас татгалзсан хариуг өгсөн тул Б.О*******г хэвээр ажиллуулсан.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасны дагуу жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогч хуулиар хүлээнэ, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.4.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх” журмыг баримтлан Л.Н*******ийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болно.

Б.О*******гийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гаргасан хүсэлтийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй... “ Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг гүйцэтгүүлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэрт түр орлон гүйцэтгүүлэх хугацааг заана. Энэ журмын 4.6-д “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна” гэж тус тус заасны дагуу Б.О*******гийн хүсэлтийг хүлээн авч түр орлон гүйцэтгэгч Д.Н*******ийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалаар чөлөөлсөн байна. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/239 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Н******* нь “Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрөө оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт  гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э*******ыг оролцуулсан ба ирцтэй холбоотой хариуцагч тал санал гаргаагүй, хариуцагч Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий  газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан байх тул хариуцагчийн эрх залгамжлагчаар тус байгууллагын төлөөлөгчийг оролцуулсан болохыг тэмдэглэж байна. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Н*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Л.Н*******ийн өргөдлийг  үндэслэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 171 дүгээр тушаалаар  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгч Б.О*******гийн жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалаар Б.О*******гийн хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгон үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. 

Нэхэмжлэгч Л.Н******* нь Б.О*******гийн ажлын байранд албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан хэдий ч, уг ажлын байранд Б.Оюунцэцэг ажиллах эрх зүйн үндэслэлгүй болохыг мэдсэн тул ажлаас чөлөөлөгдөхгүйгээр үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж маргаж байна.  

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2011 он 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 20 дугаар тогтоолоор сумын Засаг даргын тамгын газрын бүртгэлийн ажилтанг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэхээр шийдвэрлэснээр тухайн үед Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэлийн ажилтнаар ажиллаж байсан Н.Б*******г ажлаас чөлөөлж, Б.О*******г томилсонтой холбоотой маргаан үүсч байжээ. Н.Б******* нь ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд Б.О*******г томилсон нь хууль бус гэж маргаж шүүхэд хандсанаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус ажилд томилохыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж шийдвэрлэж байсан байна. 

Хариуцагчийн тайлбарласнаар тус шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчид давж заалдаагүй учир шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, Н.Б*******г ажилд томилох нөхцөл бүрдсэн хэдий ч Н.Б******* уг албан тушаалд ажиллахаас татгалзсан тул Б.О*******г үргэлжлүүлэн ажиллуулсан гэжээ. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 8 хоногийн дараа буюу 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б.О*******д жирэмсний амралтын чөлөө олгож, Л.Н*******ийг албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр томилсноос үзвэл Н.Б******* нь уг албан тушаалд ажиллахаас татгалзсанаар Б.О*******г үргэлжлүүлэн ажиллуулсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.   

Нэхэмжлэгч Л.Н*******оос шүүхийн шийдвэрээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгчийн албан тушаалд Б.О******* ажиллах эрхгүй гэж дүгнэж, Н.Б*******г ажиллуулахаар шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр Б.О*******г үргэлжлүүлэн ажиллуулсан нь хууль бус бөгөөд уг ажлын байрыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар сул орон тоонд хамаарах тул ажиллах эрхтэй гэж маргаж, хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаагүй, Н.Б******* өөрөө ажиллахаас татгалзсан тул захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус ажлын байранд ажиллаж байсан Б.О*******г үргэлжлүүлэн ажилласан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар улсын бүртгэгчийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарах ба Б.О******* нь 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн  байх тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч байна. Харин нэхэмжлэгч Л.Н******* нь 2012 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн гэх ч төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болоогүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэж, Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 8 дугаар тогтоолын 4-т хуулийн 17.1-д заасан “...сул орон тоо гарсан ...”гэж хуулийн 23,24,25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ. Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан “ гэдэгт хамааруулж үзнэ. Мөн хэсэгт заасан “....сонгон шалгаруулах....” гэж төрийн жинхэнэ албан хаагчдын дотроос үйл ажиллагааны үр дүнд, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан өрсөлдүүлэн судалж, тэдгээрийн дотроос тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь тодруулахыг ойлгоно. Ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж, албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтай. гэжээ.

Иймд Н.Б******* нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгчийн албан тушаалд ажиллахаас татгалзсаныг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т зааснаар өөрийн санаачлагаар чөлөөлөгдсөнтэй адилтгаж үзэж “сул орон тоо гарсан” гэж үзэх үндэслэлтэй боловч мөн хуулийн 17.1-д зааснаар сул орон тоо гарсан тохиолдолд эхний ээлжид тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнаас сонгож томилох эрх нь тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд байх ба суманд улсын бүртгэгч нэг орон тоотой ажилладаг тул тус албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч Б.О*******г үргэлжлүүлэн ажиллуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ .  

Нэхэмжлэгч Л.Н******* нь Б.О*******гийн ажлын байранд албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллахаас өмнө “сул орон тоо гарсан” гэж маргаж байгаагүй ба түүнийг ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны 04 дүгээр сар, 2016 он 03 дугаар сард улсын бүртгэлийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор улсын бүртгэгч нарыг чөлөөлж, томилоход Л.Н*******ийг бус Б.О*******г томилж байжээ.  

Иймд Л.Н******* нь маргаан бүхий ажлын байранд ажиллах болзол, шаардлагыг хангаагүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тул түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацааг дуусгавар болгох эрх зүйн үндэслэлийн дагуу түүнийг ажлын чөлөөлсөн эрх бүхий захиргааны албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаж эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 17 дугаар зүйлийн 17.1 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н*******ийн “Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ОЮУНГЭРЭЛ