Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 72

 

 

 

                                     Иргэн Л.Намнандоржийн нэхэмжлэлтэй

                             захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцэцэг, Д.Мөнхбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 831 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0015 дугаар магадлалтай, иргэн Л.Намнандоржийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шаны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 831 дүгээр шийдвэрээр: “1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 17 дугаар зүйлийн 17.1 хэсэгт заасныг баримтлан Л.Намнандоржийн “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурджээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй” болохыг дурджээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0015 дугаар магадлалаар: “1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шаны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 831 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосон.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх  ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцэцэг, Д.Мөнхбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Л.Намнандорж нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 171 дүгээр тушаалаар тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгч Б.Оюунцэрэн нь ажилдаа орох хүсэлт гаргаснаар түүнийг ажлаас чөлөөлсөн бөгөөд Л.Намнандорж анх ажилд орох хүсэлт гаргахдаа ч жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байгаа хүний оронд түр орж байгаагаа мэдэж байсан. Гэтэл энэхүү байдлаа үгүйсгэн, төрийн жинхэнэ албан хаагч мэтээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Н.Болормаагийн асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн боловч тэрээр тус албан тушаалд ажиллахаасаа татгалзсан, энэ үед Б.Оюунцэрэн ч жирэмсний амралтаа авсан бөгөөд түүний түр эзгүйд Л.Намнандоржийг ажиллуулсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогч хуулиар хүлээх бөгөөд үүний дагуу Б.Оюунцэрэнгийн ажлын байрыг хадгалж, Л.Намнандоржийг ажилд түр томилсон болно. Б.Оюунцэрэн ажилд орох хүсэлт гаргасныг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмын 4.1, 4.6-д заасныг дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/239 дүгээр тушаалаар Л.Намнандоржийг ажлаас чөлөөлсөн болно. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                       ХЯНАВАЛ

Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Намнандоржоос Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “тус газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор  олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 984 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгчээр Б.Оюунцэрэнг томилсон байх бөгөөд уг захиргааны акттай холбогдуулан иргэн Н.Болормаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр дээрх тушаалын Б.Оюунцэрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалд Н.Болормааг томилохыг даалгаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шүүхийн шийдвэрээр Н.Болормааг ажилд эгүүлэн тогтоосон боловч тэрээр ажиллахаас татгалзаж, хариуцагч тус албан тушаалд Б.Оюунцэрэнг үргэлжлүүлэн ажиллуулсан байх бөгөөд нэгэнт Н.Болормаа уг албан тушаалыг эрхлээгүйгээс сул орон тоо гарсан тухайн нөхцөлд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч Б.Оюунцэрэнг үргэлжлүүлэн ажиллуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа Төрийн албаны тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасныг зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Б.Оюунцэрэн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “...жирэмсний амралт авах болсон тул амралтын хугацаанд ажиллах хүний асуудлыг шийдвэрлүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг, Л.Намнандорж “...Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн жирэмсний амралт авсан тул иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн мэргэжилтнээр ажиллуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж, хариуцагч 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 171 дүгээр тушаалаар улсын бүртгэгч Б.Оюунцэрэнгийн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Намнандоржийг томилжээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Л.Намнандорж жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаагаа мэдэж байсан, ажилд томилсон тушаалтай холбогдуулан “...түр орлон гүйцэтгэгчээр томилох бус, харин нөөцөд бүртгэгдсэн иргэдээс ажилд авах ёстой” гэж маргаж байгаагүй атлаа энэ үндэслэлээр “Б.Оюунцэрэнгийн хүүхэд асрах чөлөө дуусгавар болж, албан үүргээ гүйцэтгэх болсонтой холбогдуулан Л.Намнандоржийг ажлаас чөлөөлсөн” Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх Л.Намнандоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх “гуравдагч этгээд Б.Оюунцэрэнд нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх, үүрэг тайлбарлах” ажиллагааг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр гүйцэтгүүлсэн “Даалгавар гүйцэтгүүлэх” захирамжийг хэрэгт хавсаргаагүй, шүүгч С.Оюунгэрэл “Баримт № 4, 5, 13 болон Нөлөөллийн мэдүүлэг”-т гарын үсэг зурсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх боловч Б.Оюунцэрэн “...нэхэмжлэл гардаж аваагүй, эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй” гэж маргаагүй, өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг шүүх хангасан тухайн нөхцөл байдалд дээрх зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна. 

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим санд байршсан, тухайн шүүхийн урьд гаргасан шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авахуулахаар, мөн маргаан бүхий захиргааны актад хамааралгүй /бүтцийн өөрчлөлттэй холбоотой/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 729, 2016 оны Б/90 дүгээр тушаалуудад хууль зүйн дүгнэлт хийлгэх, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасантай нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0015 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 831 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН