Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0015

 

Л.Намнандоржийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөлөгч Т.Наранцэцэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 831 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Намнандоржийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 831 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Намнандоржийн “Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:           “Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Н.Болормаа 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газарт дотоод ажил, иргэний бүртгэл хариуцсан ажилтнаар ажиллаж байхад нь бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэсэн үндэслэлээр 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/21 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны  12 дугаар сарын 23-ны өдрийн 984 дүгээр тушаалаар Б.Оюунцэрэнг Шинэ-Идэр суманд улсын бүртгэгчийн үүрэгт ажилд томилжээ. Дээрх ажлаас чөлөөлсөн болон томилсон тушаалуудыг хууль бус гэж үзэж Н.Болормаа нь зохих шатны байгууллагад удаа дараа хандан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр Н.Болормааг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгчээр томилохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 984 дүгээр тушаалын Б.Оюунцэрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт Н.Болормааг ажлаас чөлөөлсөн, Б.Оюунцэрэнг ажилд томилсон үйл ажиллагаа, гаргасан шийдвэр нь илт хууль бус байсан болохыг тодорхой нотлох баримтуудыг үндэслэл болгон дурьдсан байдаг. Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Б.Оюунцэрэн болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хооронд үүссэн эрх зүйн харилцаа дуусгавар болсон байна. Мөн Н.Болормаа нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орохоос өөрөө татгалзсан учир Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгчийн сул орон тоо болсон. Учир нь Б.Оюунцэрэн нь улсын бүртгэгчээс өөр ажил гүйцэтгэж байгаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар “...сул орон тоо гарсан тохиолдолд эхний ээлжинд тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнаас сонгон томилох...” зохицуулалт байдаг боловч Б.Оюунцэрэнг тухайн байгууллагад буюу Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг ажилтан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь түүнийг чөлөөлсөн Нийслэлийн Захиргааны хэргийн  шүүхийн 47 дугаар шийдвэрээс хойш түүнд бололцооны дагуу өөр ажил олж өгөх” тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг хэрэгжүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй, үйл ажиллагаа явагдаагүй, энэ талаар эрх бүхий албан тушаалтны ямар ч шийдвэр гараагүй байна. Б.Оюунцэрэнгийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн “жирэмсний болон амаржсаны амралттай, хөхүүл хүүхэдтэй эхийг 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрт Улсын бүртгэлийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор улсын бүртгэгч нарыг чөлөөлж, томилоход Б.Оюунцэрэнг томилж байжээ гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэснийг зөрчсөн байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Намнандоржийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү" гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Намнандорж нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор  гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан үүргээ хангалттай биелүүлээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Тодруулбал,

Хэргийн оролцогчдын тайлбарласнаар болон шүүхийн шийдвэрт дурдсанаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр  Б.Оюунцэрэнг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгчээр томилсон 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 984 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон гэх боловч хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр нотлох баримтын шаардлага хангаагүй, тогтоох хэсгийн заалт дутуу, хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар нотлох шаардлагагүй үйл баримт боловч уг үйл баримтыг үнэлэхийн тулд шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байх шаардлагатай.

Мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар шүүхийн даалгавар гүйцэтгүүлэх ажиллагаа явуулаагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан Б.Оюунцэрэнд нэхэмжлэл гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баримт байх бөгөөд уг шүүхийн шүүгчийн нэрийг дарж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл нэхэмжлэл гардуулж, танилцуулсан баримт үйлдсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой алдаа гэж үзэхээр байна.

Түүнчлэн, Б.Оюунцэрэнг ажилд томилсон тушаал хүчингүй болсоноор Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын бүртгэгчийн ажлын байранд сул орон тоо гарсан гэж үзэж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэсэн хуулийн шаардлага хэрхэн биелэгдсэн, сонгон шалгаруулалт явагдсан эсэх, Б.Оюунцэрэнг тус албан тушаалд ажиллаж байсан гэж үзэх үндэслэл байгаа эсэх, хариуцагч байгууллагад хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд гарсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 729, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дүгээр тушаалуудын холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх учиртай.

Захиргааны хэргийн шүүх нотлох зарчимд тулгуурлаж хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүрэгтэй бөгөөд захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа этгээд хэрхэн ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар түүний эрх сэргээгдэх боломжтойг тодорхойлох нь шүүхийн үндсэн чиг үүрэгтэй нийцнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулаагүй атлаа Б.Оюунцэрэнг ажиллуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодруулах шаардлагатай байжээ.

Мөн хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа одоо тус албан тушаалд н.Бямбажав гэгч ажиллаж байгаа гэснээс үзвэл энэ талаар шалган тодруулж дүгнэлт өгөх нь зүйтэй юм.  

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлөө залруулан дахин хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 831 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                               ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН                                                    

                               ШҮҮГЧ                                                    Э.ХАЛИУНБАЯР    

                               ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН