Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01839

 

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01839

 

 

Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00253 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Уртнасан

Нэхэмжлэгч: Ц.Ууганчимэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Борхүүхэн

Хариуцагч: Б.Өнөр

Хариуцагч: Б.Ариунцацрал

Хариуцагч: Б. Ариунжаргал

Хариуцагч: Б.Сансартуяа нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Ц.Уртнасангийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Уртнасан

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Отгонтөгс

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд ээж н.Цэцэгдэлгэр, Ц.Ууганчимэг нарын хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууцыг тухайн үед Улаанбаатар хотын банкны эрхлэгч байсан Ж.Даариймаа гэдэг хүнээс худалдаж авсан. Худалдан авч гүйлгээ хийсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар банкинд хүсэлт гаргахад С.Батхүрэлтэй холбоо тогтоогоод нэрээ шилжүүлээд авчих гэсэн хариу өгсөн. Үүний дагуу С.Батхүрэлтэй холбоо тогтоогоод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар хэлэхэд удахгүй шилжүүлж өгнө гээд өнөөдрийг хүрсэн.

Би уг орон сууцанд эгчийн хамт худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч, орон сууцны бүх зардлыг төлж ирсэн. Худалдаж авсан үеэс хойш ямар нэгэн хүнд түрээслүүлж байгаагүй.

С.Батхүрэл, Б.Борхүүхэн нар нь тус салбарын эрхлэгч Ж.Даариймааг гуйж тус орон сууцыг Улаанбаатар хотын банкинд худалдсан байдаг. Тухайн үед ажиллаж байсан салбарын эрхлэгч Ж.Дайриймаа нь Налайх дүүргийн шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тухайн үед бидэнд худалдсан гэдгийг гэрчилсэн.

Иймд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байр 5 тоот орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Уг орон сууцны өмчлөгчөөр С.Батхүрэл, Б.Ариунжаргал, Б.Борхүүхэн, Б.Сансартуяа, Б.Ариунцацрал, Б.Өнөр нар тухайн үед бүртгэлтэй байсан. С.Батхүрэл нь 2016 оын 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан бөгөөд орон сууцыг Улаанбаатар хотын салбар Багахангай дүүрэг дэх салбарт дээрх хариуцагч нар зарж байгаагүй.

Нэхэмжлэгч нар уг орон сууцыг Улаанбаатар хотын Багахангай дахь салбар татан буугдахад 500 000 төгрөгөөр авсан гэдэг боловч нэхэмжлэгч болон Улаанбаатар хотын банк хоёрын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байхгүй. Мөн Улаанбаатар хотын банкны балансад бүртгэгдсэн бүртгэл байдаггүй.

Хэрэв С.Батхүрэл Улаанбаатар хотын банкинд орон сууцаа худалдасан бол орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлж, гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг авч нотириатаар гэрчлүүлсэн байх ёстой.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааныг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-д зааснаар 6 жил дотор шаардлага гаргах хөөн хэлэцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1., 101 дүгээр зүйлийн 101.1., 243 дугаар зүйлийн 243.1. дэххэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Борхүүхэн, Б.Ариунжаргал, Б.Ариунцацрал, Б.Сансартуяа, Б.Өнөр нарт холбогдох Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Улаанбаатар хотын банкны Багахангай тооцооны төвийн 2003 оноос 2004 оны санхүүгийн тайлан тооцоо, холбогдох баримтуудад хийсэн үзлэгээр 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 580 000 төгрөгийн үнэ бүхий Багахангай байшинг бүртгэж 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Багахангай байшинг 560 667 төгрөгөөр зарсан гэх тус банкны баримтууд байсаар атал уг баримтуудыг Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууц мөн эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Энэ талаар мөн тухайн үеийн Улаанбаатар хотын банкны Багахангай тооцооны төвийн эрхлэгч байсан Ж.Даариймаа, нягтлан н.Эрдэнэхорол нар ч мэдүүлж байсан болно. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нар нь Б.Борхүүхэн, Б.Ариунжаргал, Б.Ариунцацрал, Б.Сансартуяа, Б.Өнөр нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Б.Борхүүхэн, Б.Ариунжаргал, Б.Ариунцацрал, Б.Сансартуяа, Б.Өнөр нар болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Багахангай дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх уг орон сууцыг нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нар нь Улаанбаатар хотын банкны Багахангай салбар тооцооны төвийн эрхлэгч байсан Ж.Даариймаагаас худалдан авсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Учир нь Улаанбаатар хотын банкны Багахангай дүүрэг дэх салбар тооцооны төвийн 2003 оноос 2004 оны санхүүгийн тайлан тооцоо, холбогдох баримтуудад хийсэн үзлэгээр 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 580 000 төгрөгийн үнэ бүхий Багахангай байшинг бүртгэж, 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 560 667 төгрөгөөр худалдсан тул орж ирсэн үлдэгдэл өртгийг хаасан тухай тэмдэглэлийг хийсэн боловч уг мемориалын баримтуудад бүртгэгдсэн байшин нь маргаан бүхий Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууц мөн эсэх нь тодорхойгүй, хаяг байршил, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар зэрэг холбогдох мэдээлэл нь бичигдээгүй. Түүнчлэн Улаанбаатар хотын банкны Багахангай салбар тооцооны төв болон тухайн үеийн эрхлэгч нь байсан Ж.Дайриймаа нь маргаан бүхий орон сууцыг өөр этгээдэд худалдах эрх бүхий этгээд болох нь тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн авснаа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Уртнасан, Ц.Ууганчимэг нарын Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх гэрч Ж.Даариймаа, Г.Эрдэнэхорол нарын мэдүүлгийг хэргийн баримттай харьцуулан дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 176 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА