Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00087

 

2019           01            17                                          001/ХТ2019/00087

Ц.У, Ц.Унарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00253 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1839 дүгээр магадлалтай,

Ц.У, Ц.Унарын нэхэмжлэлтэй

Б.Б, Б.Ө, Б.А, Б.А, Б.Снарт холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.У, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.У, нэхэмжлэгч Ц.Ууганчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорлоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд ээж н.Цэцэгдэлгэр, Ц.Унарын хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууцыг тухайн үед Улаанбаатар хотын банкны эрхлэгч байсан Ж.Даариймаа гэдэг хүнээс худалдаж авсан. Худалдан авч гүйлгээ хийсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар банкинд хүсэлт гаргахад С.Батхүрэлтэй холбоо тогтоогоод нэрээ шилжүүлээд авчих гэсэн хариу өгсөн. Үүний дагуу С.Батхүрэлтэй холбоо тогтоогоод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар хэлэхэд удахгүй шилжүүлж өгнө гээд өнөөдрийг хүрсэн. Би уг орон сууцанд эгчийн хамт худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч, орон сууцны бүх зардлыг төлж ирсэн. Худалдаж авсан үеэс хойш ямар нэгэн хүнд түрээслүүлж байгаагүй. С.Батхүрэл, Б.Б нар нь тус салбарын эрхлэгч Ж.Даариймааг гуйж тус орон сууцыг Улаанбаатар хотын банкинд худалдсан байдаг. Тухайн үед ажиллаж байсан салбарын эрхлэгч Ж.Дайриймаа нь Налайх дүүргийн шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тухайн үед бидэнд худалдсан гэдгийг гэрчилсэн. Иймд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байр 5 тоот орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Уг орон сууцны өмчлөгчөөр С.Батхүрэл, Б.А, Б.Б, Б.С, Б.А, Б.Ө нар тухайн үед бүртгэлтэй байсан. С.Батхүрэл нь 2016 оын 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан бөгөөд орон сууцыг Улаанбаатар хотын салбар Багахангай дүүрэг дэх салбарт дээрх хариуцагч нар зарж байгаагүй. Нэхэмжлэгч нар уг орон сууцыг Улаанбаатар хотын Багахангай дахь салбар татан буугдахад 500 000 төгрөгөөр авсан гэдэг боловч нэхэмжлэгч болон Улаанбаатар хотын банк хоёрын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байхгүй. Мөн Улаанбаатар хотын банкны балансад бүртгэгдсэн бүртгэл байдаггүй. Хэрэв С.Батхүрэл Улаанбаатар хотын банкинд орон сууцаа худалдсан бол орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлж, гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг авч нотириатаар гэрчлүүлсэн байх ёстой. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааныг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-д зааснаар 6 жил дотор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00253 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1., 101 дүгээр зүйлийн 101.1., 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б, Б.А, Б.А, Б.С, Б.Ө нарт холбогдох Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.У, Ц.Унарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.У, Ц.Унарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1839 дүгээр магадлалаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 176 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.У, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Улаанбаатар хотын банкны Багахангай тооцооны төвийн 2003 оноос 2004 оны санхүүгийн тайлан тооцоо, холбогдох баримтуудад хийсэн үзлэгээр 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 580 000 төгрөгийн үнэ бүхий Багахангай байшинг бүртгэж 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Багахангай байшинг 560 667 төгрөгөөр зарсан гэх тус банкны баримтууд байсаар атал уг баримтуудыг Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4- 05 тоот орон сууц мөн эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар мөн тухайн үеийн Улаанбаатар хотын банкны Багахангай тооцооны төвийн эрхлэгч байсан н.Даариймаа, нягтлан н.Эрдэнэхорол нар ч мэдүүлж байсан болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар “Хэргийн нотлох баримт нь ...гэрчийн мэдүүлэг, бичмэл баримт бичиг,үзлэг туршилт...нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэсэн байхад Улаанбаатар хотын банкны Багахангай тооцооны төвийн 2003 оноос 2004 оны санхүүгийн тайлан тооцоо, холбогдох баримтууд, хийсэн үзлэг, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг хэрэглэхгүй, нотлох баримтад дутуу үнэлэлт дүгнэлт өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Улаанбаатар хотын банкны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан тоотод “...Багахангай дүүрэг дэх тооцооны төвийн 2004 оны тайланд тус тооцооны төвийн байшин 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус банкны хөрөнгөд бүртгэгдэж, 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүртгэлээс хасагдсан байна, бүртгэлээс хассан гүйлгээний баримтуудыг нотлох баримтаар хавсаргасан атал маргаан бүхий байрыг бүртгэсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэснийг зөрчиж шүүхээс үнэн зөв бодит нотлох баримтыг үнэлээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.У, Ц.Унар нь Б.Б, Б.А, Б.А, Б.С, Б.Ө нарт холбогдуулан Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байв.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ц.У, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Аливаа этгээд хүсэл зоригийн дагуу, хууль ёсоор эд хөрөнгийг олж авсан бол эзэмших, ашиглах, өмчлөх эрх хууль ёсны болдог байна.

Ц.У, Ц.Унар 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банкны Багахангай салбар тооцооны төвийн эрхлэгч Ж.Даариймаагаас орон сууц худалдан авч, үүнээс хойш орон сууцыг эзэмшиж байгаа боловч уг орон сууц нь Ж.Даариймаагийн өмчлөлийн зүйл биш болохоос гадна орон сууцны өмчлөгч С.Батхүрэл, Б.Б, Б.А, Б.А, Б.С, Б.Ө нартай орон сууцыг худалдан авах талаар хуулийн шаардлага хангасан хэлцэл хийгээгүй тул өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхгүй талаар шүүх Иргэний хуулийн 243, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж заасан тул нэхэмжлэгч Ц.У, Ц.Унар улсын бүртгэлийг үндэслэж, орон сууцны өмчлөгчийг мэдэх ёстой бөгөөд банкны төлөөлөгч Ж.Даариймаатай хэлэлцэж тохирохдоо өмчлөгч нар зөвшөөрсөн эсэх, тэдгээрийн хүсэл зориг байгаа эсэхийг тодруулж, хуульд заасан шаардлага хангасан гэрээ байгуулаагүй нь  өөртөө хохиролтой байдал бий болгоход хүргэжээ. Харин нэхэмжлэгч нар хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан, нэхэмжлэгч энэ үндэслэлийн дагуу өмчлөх эрхийг олж аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00253 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар 15-ны өдрийн 1839 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА