Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01599

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01599

 

 

 

Э.Болорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01619 дүгээр шийдвэртэй, Э.Болорын нэхэмжлэлтэй Медикамонголиа ХХК, Б.Ууганбаяр нарт холбогдох учирсан хохиролд 4 383 483 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэнгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, хариуцагч Б.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Одонхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаяр нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Болор нь express entry буюу түргэвчилсэн нэвтрэлт хөтөлбөрийн хүрээнд federal skilled worker буюу мэргэшсэн ажилтны төрөлөөр Канад улс руу цагаачлахаар хариуцагч Медикамонголиа ХХК-д эрүүл мэндийн үзлэгт орох хүсэлт гаргаж, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б.Ууганбаяр эмчид үзүүлсэн. Түргэвчилсэн нэвтрэлт хөтөлбөрийн хүрээнд тус улсад цагаачлахад маш өндөр шаардлага тавьдаг, энэ шалгуурыг охин маань бүрэн хангаж, бусад бүх баримт материалыг зохих ёсоор бүрдүүлж өгсөн ба хамгийн сүүлд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, Information sheet letter мэдээллийн хуудсыг хүлээж байсан юм.

Гэтэл хариуцагч Б.Ууганбаяр эмч өөрийн үйл ажиллагаандаа дагаж мөрддөг дүрэм, журмыг сайн мэдэхгүйгээс болж Э.Болороос визний төрлийг тодорхойлохыг шаардаж, IMU код нэхэж, улмаар e-medical system цахим системд түүний эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийг бүртгэхгүйгээр явуулсан байсан. Federal skilled worker буюу мэргэшсэн ажилтны төрөл-өөр Канад улс руу цагаачлахад IMU код шаардлагагүй, визний төрлийн хувьд worker ажилчин гэсэн ангилалд хамрагддаг болохыг Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын веб сайт дах журамд тодорхой бичсэн байсныг Э.Болор дээрх дүрэм, журмаас олж уншсан ба бид тэр даруй Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын тусламжийн ажилтантай утсаар холбогдож, түүнд үүссэн нөхцөл байдлыг тайлбарлахад тус байгууллагаас боломжтой бол үзлэгт орсон талаарх тодорхойлолт авч, Information sheet letter мэдээллийн хуудасын оронд явуулж болно гэсэн.

Э.Болор ээжийнхээ хамт 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Медикамонголиа ХХК-д очиход Б.Ууганбаяр эмч Панам улс руу албан ажлаар явсан байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Д.Долгосүрэн эмч тухайн үед байсан тул түүнд болсон бүх үйл явдлыг тайлбарлахад тэрээр Б.Ууганбаяр эмчийн бичиг баримт дотроос IMU код ирэхээр үзлэгээ гүйцээнэ гэсэн бичгийг олсон. Гэвч нэхэмжлэгч Э.Болор болон түүний ээж А.Батцэнгэл нар эмч Д.Долгорсүрэнд учир байдлыг дахин тайлбарлаж, Б.Ууганбаяр эмчийн хяналт дор үзлэгт орсон гэсэн тодорхойлолт авч, Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газарт явуулсан.

Хэсэг хугацааны дараа буюу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас нэхэмжлэгч Э.Болорт визний хүсэлтэд эрүүл мэндийн анхан шатны үзлэгийн дүгнэлт дутуу гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгч, төлбөрийг буцаан олгох болсноо мэдэгдсэн.

Бид, хариуцагч Медикамонголиа ХХК-д үзлэгт орохын тулд 617 000 төгрөг төлсөн байхад тус компани болон түүний ажилтны гэм буруутай үйл ажиллагааны улмаас хохирч, хариуцагч Б.Ууганбаяр эмч үүрэгт ажилдаа хайнга хандаж үзлэг хийж, бүртгэлийн системд оруулаагүй атлаа гадаад улс руу явж, түүний эзгүй хойгуур ийм асуудал гарч, Information sheet letter мэдээллийн хуудас гараагүйгээс болж татгалзсан хариу ирсэн. Тухайн асуудлыг зохицуулахаар цагаачлалын асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг Канад улсын Desloges хуулийн фирмтэй холбогдож, тус байгууллагад төлбөр төлж ажиллуулсны үр дүнд Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Э.Болорын визний хүсэлтийг сэргээлгэж чадсан юм. Энэхүү асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлсэн Desloges хуулийн фирмд 300 болон 1 923.33 канад доллар төлсөн болон гүйцэтгэсэн ажилтай холбоотой баримтууд авагдсан. Гэтэл хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийг ямар ангиллаар Канад улсад цагаачлах гэж байгаагаа тодорхой хэлээгүй, өөрөө үүнийгээ мэдэхгүй байсан гэх зэргээр үндэслэлгүйгээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын журам болон тус газраас ирүүлсэн албан хариунд express entry буюу түргэвчилсэн нэвтрэлт хөтөлбөрийн хүрээнд үзлэгт орох тохиолдолд шууд worker ажилчин ангиллыг сонгоно гэж журамласан байна. Хариуцагч Б.Ууганбаяр эмч энэхүү ажил үүргийг бие даан хэрэгжүүлдэг гэх боловч тэрээр Медикамонголиа ХХК-д ажилладаг, тус компанийн санал хүсэлтээр Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас итгэмжлэгдсэн эмчээр ажиллах зөвшөөрөл олгосон байх тул түүний хууль бус үйлдлийг ажил олгогч тал хариуцах ёстой.

Энэ хугацаанд маш их цаг зарцуулж, сэтгэл санааны гүн хямралд орж, дарамтанд байсан хэдий ч мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын тусламжтайгаар визний хүсэлт дахин сэргэсэн ба Desloges хуулийн фирмд 4 165 983 төгрөгийг төлсөн бол 217 500 төгрөгийг нотариат болон орчуулгын хөлсөнд зарцуулсан. Иймд хариуцагч Медикамонголиа ХХК болон тус байгууллагын ажилтан Б.Ууганбаяр нарын гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Э.Болорт 4 383 483 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч нараас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Ууганбаяр нь Монгол Улс дахь Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас тус улсын цагаачлалын эрүүл мэндийн үзлэгийг хийж гүйцэтгэх эрхтэй итгэмжлэгдсэн эмчээр сонгогдсон туршлагатай эмч бөгөөд хэдийгээр Медикамонголиа ХХК-ийн ажилтан боловч уг үйл ажиллагааг тус компаниас хараат бусаар хэрэгжүүлдэг. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон хариуцагч Медикамонголиа ХХК-ийн менежер Ширли рит Пармерын мэдүүлэгт тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, эмч Б.Ууганбаяр нь тус эмнэлэгт харъяалагдаж ажилладаг нь үнэн боловч тэрээр Канад улсад цагаачлах иргэдийн эрүүл мэндийн дүгнэлтийг гаргахдаа бие даасан байдаг тул энэхүү хэрэгт хариуцагчаар Медикамонголиа ХХК-ийг татах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Э.Болор нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Б.Ууганбаяр эмчид үзүүлэхдээ визнийхээ төрлийг тодорхой хэлээгүй тул түүнд үүнийг тодруулж ирсний дараагаар үзлэгийг дуусгах талаар хэлж явуулсан.

Гадаад улсад цагаачлахаар явж байгаа аливаа иргэд өөрийнхөө аль ангиллаар зорьчих гэж байгаагаа тодорхой хэлэх ёстой бөгөөд хэрэв эмч түүний өмнөөс таамаглан e-medical system цахим системд бүртгэсэн тохиолдолд алдаа гарч, татгалзах нөхцөл байдал үүснэ. Ийм асуудал гаргахгүйн тулд эмчид визний ангиллыг тодорхойлох үүрэг хүлээлгэдэггүй, үүнийг гадаад улсад зорчих гэж байгаа этгээд заавал мэдэж байх ёстой. Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ гэм хор учруулснаас үүсэх үүрэг хэмээн тодруулсан.

Гэтэл талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэм хорын буюу зөрчлийн улмаас учирсан хохирлын асуудал байхгүй болно. Талуудын хооронд виз хүсэгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүнд эрүүл мэндийн үзлэг хийж, үнэлгээ өгөхтэй холбоотой буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн харилцааны маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт зааснаар мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврын талаар зохицуулсан ба нэхэмжлэгч Э.Болор нь ямар ангиллаар Канад улсад зорчих гэж байгаагаа өөрөө мэдэж байх ёстой бөгөөд эмчийн ажил үүрэгт хамааралгүй буюу визний төрлийг тодорхойлох үүргийг хүлээгээгүй байтал түүнийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хэрэгт хэний оролцоо, тусламжтайгаар нэхэмжлэгч Э.Болорын өргөдөл дахин сэргэх болсныг нотолсон баримтууд байгаа. Тухайлбал, хариуцагч Медикамонголиа ХХК-ийн менежер Ширли рит Пармер болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нараас Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газарт удаа дараа хүсэлт тавьсны дагуу ийнхүү нэхэмжлэгчийн өргөдөл дахин сэргэж, тэрээр хүссэн улс руугаа явсан. Гэтэл нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Канад улсын Desloges хуулийн фирмийн тусламжтайгаар нэхэмжлэгчийн өргөдөл сэргэсэн гэж тайлбарлаж байна. Бидний зүгээс нэхэмжлэгчийг тус хуулийн фирмд 300 болон 1 923.33 канад доллар төлсөн үйл баримтын талаар маргахгүй. Гэхдээ хэрэгт уг хуулийн фирм нэхэмжлэгч Э.Болорт ямар хууль зүйн туслалцаа үзүүлсэн болон өргөдөл дахин сэргэхэд чухам ямар үйл ажиллагаа явуулсан тухай тодорхой баримт байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэгт хариуцагч нарын гэм бурууг нотолсон ямар нэгэн баримт өгөөгүй, хэрэв эмч Б.Ууганбаярыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэм буруутай үйлдэл гаргасан гэж үзсэн бол түүнд Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас хариуцлага ногдуулж, түүний итгэмжлэгдсэн эмчийн эрхийг цуцлах ёстой. Харин ч түүнийг цаашид итгэмжлэгдсэн эмчээр ажиллуулахаа баталгаажуулсан цахим захидлыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч Э.Болорын эрүүл мэндийн үзлэгийн талаарх мэдээллийг цахимд байршуулах асуудал саатсан нь түүний өөрийнх нь гэм буруутай үйлдлээс болсон, Тодруулж хэлбэл, тэрээр юуны учир виз мэдүүлж буйгаа мэдэж байхаас гадна өргөдлийн зааварчилгаатай сайтар танилцсан байх ёстой байтал визнийхээ төрлийг мэдэхгүйгээр эрүүл мэндийн үзлэгт орсон байна. Иймд, шүүхийн зүгээс талуудын хооронд бий болсон маргааны үйл баримт, харилцаа, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нотлох баримтын хүрээнд хэргийг тал бүрээс нь бодитоор дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Э.Болорын гаргасан хариуцагч Медикамонголиа ХХК, Б.Ууганбаяр нарт холбогдох 4 383 483 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч ба хариуцагч этгээдүүдийн харилцан мэтгэлцсэн маргааны агуулгыг тоочин нуршсанаас бус хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийж, маргааныг шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэж чадсангүй.

Нэхэмжлэгч Э.Болорын буюу байнгийн оршин суугчийн эрүүл мэндийн угтвар үзлэгт орогчид IMU код байх ёсгүй, гэсэн хэдий ч итгэмжлэгдсэн эмч үзлэгт заавал оруулах ёстой гэж Канадын цагаачлалын албаны итгэмжлэгдсэн эмч нарт зориулсан гарын авлагын 4.3.2-т /хх-ийн 166-167 дугаар тал/ заасан ба дагаж мөрдөх заавраа мэдэж байсан бол эмч Б.Ууганбаяр будлиж ажлын алдаа гаргахгүй байх байсан.

Нэхэмжлэгч Э.Болорыг визний төрлөө мэдэхгүй байсан тул эмчид тодорхой мэдээлэл өгөөгүй гэж хариуцагч талын гаргасан бодит үнэнд нийцэхгүй илт гүтгэсэн тайлбар нь Б.Ууганбаяр эмчид үзүүлснээс 2 өдрийн дараа н.Долгорсүрэн эмчээс авсан албан бичиг дээр холбооны мэргэжилтэй ажилчин ангилалд түргэвчилсэн нэвтрэлтээр байнгын оршин суух зөвшөөрөл хүссэн гэж тодорхой заасанчлан баримтаар хөдөлшгүй няцаагдаж байгааг ч шүүх үнэлсэнгүй. /хх-ийн 28, 30 дугаар тал/

Тэрчлэн Канадын цагаачлалын албаны итгэмжлэгдсэн эмч нарт зориулсан гарын авлагын 4.3.2-т e-medical system цахим систем дээр итгэмжлэгдсэн эмч үйлчлүүлэгчийн биеийн байцаалт, сонгосон хэлийг оруулсний дараа эрүүл мэндийн угтвар үзлэгт орж буй ангиллыг нь сонгож гэрэл зургийг нь оруулаад "үүсгэ" гэсэн товчлуурыг дарахад мэдээллийн хуудас систем дээр аяндаа гарч ирнэ гэж тодорхой заасан байгааг нэхэмжлэгчийн талаас эд мөрийн баримтаар шүүхэд өгсөн боловч шүүх мөн л анхаарч үзсэнгүй /хх-ийн 166 167 дугаар тал/. Эрүүл мэндийн үзлэгт орогсдын мэдээллийг e-medical system цахим системд оруулах, мэдээллийн хуудас гаргаж өгөх нь итгэмжлэгдсэн эмчийн шууд үүрэг хариуцлага юм.

Цагаачлалын албаны зааврын 3.4.1-д эрүүл мэндийн үзлэгтэй холбоотой аливаа асуудлаар итгэмжлэгдсэн эмч нар тус төвтэй шууд харьцах үүрэгтэйг тодорхой заасныг ч анхан шатны шүүх анхаарахыг хүссэнгүй /хх-ийн 168 169 дүгээр тал/

Эмч Б.Ууганбаяр нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр код шаардсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн фото авсан баримт болон нэхэмжлэгчийн үзлэгийн хавтаст код шаардсан зурвас гарч ирсэн бөгөөд үүнийг хариуцагч эмнэлгийн хариу тайлбарт дурдсанаар код шаардсан зурвасыг байсан болохыг хүлээн зөвшөөрсөн нотлох баримтыг шүүх хэрэгсэж үзсэнгүй.

Хариуцагч эмнэлгийн зүгээс эмч Б.Ууганбаяр бие даасан хариуцлага хүлээх этгээд гэж мэдэгдсэн ба Б.Ууганбаяр эмчийг бие даан оношлодог этгээд мэтээр шүүх тодорхойлсон байх бөгөөд 2017 оны 8 дугаар сард эмнэлгийн ерөнхий менежер хатагтай Ширли Палмер нь хариуцагч Б.Ууганбаяр эмчийн гэм буруутай байдлыг хүлээн зөвшөөрч удаа дараа уучлалт хүссэн захидал цахим шуудангаар илгээсэн /хх-ийн 203-204, 209-210 дугаар тал/ болон Манилаас ирсэн зааврын дагуу эмч нарт дахин ийм хариуцлагагүй үйл ажиллагаа гаргуулахгүй байлгахыг, тэрчлэн холбооны мэргэжилтэй ажилчин ангиллаар эрүүл мэндийн угтвар үзлэгт орогсдын хувьд e-medical system цахим систем дээр ажилчин гэсэн ангиллыг сонгож байх ёстойг итгэмжлэгдсэн эмч нартаа анхааруулсан талаар бүсийн эрүүл мэндийн төвд Медика Монголиа ХХК-ийн менежерүүдийн нэг Б. Билгүүн Манила руу бичсэн и мэйл /хх-ийн 211-214 дүгээр тал/ нотлох баримтаар авагдсаныг нотлох баримтуудад шүүхээс үзлэг хийсэн атлаа эдгээр баримтуудыг үл хэрэгсэж шийдвэрийн 8 дугаар хуудаснаа хариуцагч нар ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчид гэм хор учруулсан болох нь тодорхойгүй гэж мэдэн будлисан дүгнэлт хийсэн байна.

Эмч Б.Ууганбаярын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гэм буруутай үйлдэл өөрөөр хэлбэл заавар журмын дагуу үзлэг дуусчхаад байхад эрүүл мэндийн мэдээллийн хуудас гаргаж өгч чадаагүй хариуцлагагүй үйлдлээс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр түүний Канадад байнгын оршин суух зөвшөөрөл хүссэн Э.Болорын өргөдөл хаагдсан үйл баримт нь дахин байнгын оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянах ажиллагааг дахин эргэн нээлгэх талаар Канадын мэргэжлийн өмгөөлөгч хуульч ажилласантай холбоотой зардал гаргасан буюу нэхэмжлэгч талд эдийн засгийн гарах ёсгүй зардал гаргасан үйл баримттай шууд шалтгаант холбоотой болохыг анхан шатны шүүх бодитой үнэлж дүгнэсэнгүй.

Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний талаар гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрнө. Нэхэмжлэлийг хүлээн авсан цаг үеэс нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг шүүгч өөрөө гэм хорын шаардлага гэж үзсэн. Нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар хүсэлтэд өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар тухайлбал шүүхийн шийдвэрт бичсэнчлэн гэм хорын хор хохирол нэхэмжилж байгаа талаар тодорхойлж дурдаагүй. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хангах эсэх, нотлох баримтад дүгнэлт хийж хэрэг маргааныг шийдвэрлэхэд тохирох хууль тогтоомжийг сонгон хэрэглэх нь шүүхийн үндсэн үүрэг атал нэхэмжлэгчийг эхнээсээ гэм хорын хор хохирол нэхэмжилсэн мэтээр, хариуцагч гэм хорын хор хохирол учруулаагүй гэж маргасан нь хариуцагчийн мэтгэлцээгүй үндэслэл, тайлбар татгалзал, нотлох баримтыг үндэслэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх учиргүй мэтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тайлбарлаж байгааг талуудын эрх тэгш байдлыг алдагдуулсан ойлгомжгүй шийдвэр болсныг харуулж байна.

Хариуцагч талаас ирүүлсэн тайлбар саналд талуудын хооронд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хариуцлагын талаарх хууль тогтоомжийг хэрэглэх талаар заасан байсан. Нэхэмжлэгч Медикамонголиа эмнэлэгт зөвхөн эрүүл мэндийн мэдээллийн хуудас авах үйлчилгээ авахаар 617 000 төгрөг төлсөн баримт нь дээрх төрлийн гэрээний харилцаа үүсэн гэдгийг нотолж байгаа болно. Нэхэмжлэгч талаас энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 222.3, 222.4 дэх хэсэгт заасан заалтуудаар эмчийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй буюу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үзлэг дууссан байхад эрүүл мэндийн мэдээллийн хуудас гаргаж өгөөгүйн төлөө хариуцлага хүлээх үндэслэлтэй талаар тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Гэм хорын хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг Зөрчлийн тухай хуульд заасан гэм буруугийн үйлдэл заавал нотлогдсон байхыг хариуцагч талаас шаардаж гаргасан тайлбарт нийцүүлж шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 512 дугаар зүйлийг хэрэглэсэнгүй.

Канадын цагаачлалын албаны итгэмжлэгдсэн эмч нарт зориулсан ажлын заавар болон үүнтэй шууд уялдаатай e-medical system цахим систем ашиглах журам зөрчсөн, үзлэгийн дараах мэдээллийн хуудас гарган өгөх ажлыг гүйцэтгээгүй дарагдуулсан, визний төрлийг эмч тодорхойлох үүрэгтэй атал нэхэмжлэгч мэдээлэл огт өгөөгүй мэтээр худал үнэмшилгүй тайлбар гаргасан гэм бурууг тухайн эмчийн ажил үйлчилгээний дутагдалд тооцож болох хууль зүйн үндэслэлийг анхан шатны шүүхийн шийдвэрт үгүйсгэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхэд хүргэж байна.

Хариуцагч Медика Монголиа ХХК нь олон улсын СОС эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх загварт нийцсэн үйлчилгээг авахдаа өөрийн эмнэлгийн хоёр эмчийг нэр дэвшүүлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж, тэдэнд визний үзлэг хийх ажил үйлчилгээний хөлсийг байгууллага өөртөө авдаг болох нотлох баримтыг ч шүүх хэрэгт ач холбогдолтой байдлаар үнэлж дүгнэсэнгүй, Иргэний хуулийн' 497 дугаар зүйлийн 497.1 болон 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасныг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд хангахаар нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Э.Болор нь хариуцагч Медика Монголиа ХХК болон Б.Ууганбаяр нараас учирсан хохирол 4 383 483 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт СОС эмнэлгийг Цагаачлалын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн баталгаа, уг эмнэлгийн итгэмжлэгдсэн эмч нарын нэрсийг явуулсан тухай цахим шуудан, тодорхойлолт, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч байгууллага тухайн үйлчилгээг явуулдаг зөвшөөрөлтэй болох талаарх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний тайлбар, үзлэгийн төлбөр болох 617 000 төгрөгийг тус компани хүлээн авсан тухай талуудын тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан эмнэлгийн нэрийн өмнөөс уучлалт хүссэн цахим захидал зэрэг баримт авагдсан. /1 хх-ийн 51, 202, 204, 210, 240-244 дүгээр тал/

Эдгээр баримтуудаар хариуцагч Медикамонголиа ХХК буюу СОС Мэдика эмнэлгийн Эмч Б.Ууганбаяр нь тус эмнэлгээс хамааралгүйгээр итгэмжлэгдсэн эмчийн эрх үүргээ хэрэгжүүлдэг, хуулийн этгээдийн хувьд тухайн хэргийн хариуцагч байх үндэслэлгүй, нэхэмжлэгч Канад улсын хуулийн фирмээс ямар үйлчилгээ авсан нь тогтоогдоогүй гэх тайлбар, гомдол няцаагдаж байх бөгөөд эмнэлгийн үзлэгт хамруулах үйлчилгээг хариуцагч компани нэхэмжлэгчид үзүүлсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан дээрх баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч Медикамонголиа ХХК нарын хооронд нэг тал тохиролцсон үйлчилгээг үзүүлэхээр нөгөө тал хөлс төлөх үүрэг үүссэн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Талуудын хооронд үүссэн хөлсөөр ажиллах гэрээний харилцааны үүргээ хариуцагч Медикамонголиа ХХК зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хохиролтой холбоотой нэхэмжлэл бүхий хэргийг анхан шатны шүүх гэрээний бус үүргийн хүрээнд гэм хор учруулсны хохирол шаардсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дах хэсэгт нийцэхгүй. Зохигч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо хууль зүйн үндэслэлийг оновчтой, нарийвчлан заагаагүй нь түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш юм.

Хариуцагч байгууллагын болон түүний эмчийн буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчийн Канад улсад оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзал үүссэнээс хуулийн фирм хөлсөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг нэхэмжлэлдээ нэрлэн зааж, нотлох баримтаа гаргасан байхад гэрээний эсхүл гэрээний бус үүргийн зөрчлийг тодорхойлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, тодруулбал 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан бол хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүх тогтоох учиртай. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Канад улс руу цагаачлахтай холбоотой хариуцагч компанийн эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгт орж, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б.Ууганбаяр эмчид үзүүлсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Түүнчлэн эмнэлгийн үзлэгтэй холбоотой алдаа гаргаснаас үйлчлүүлэгч Э.Болор цагаачлах зөвшөөрөл авч чадаагүй болох нь хэрэгт авагдсан Канадын цагаачлал, дүрвэгсэд ба иргэншлийн яамнаас Н.Болорт ирүүлсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн татгалзсан захиа, хариуцагч СОС Медикамонголиа эмнэлгийн менежер Ширли Палмэрийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр П.Эрдэнэбаяраас уучлалт хүссэн цахим захиа, Манилагийн бүс нутгийн эрүүл мэндийн төв болон хариуцагч Медикамонголиа ХХК-аас нэхэмжлэгч Э.Болор түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт илгээж байсан цахим захидал зэргээр тогтоогдож байна. Үзлэгийн явцад эрүүл мэндийн мэдээллийн хуудас бөглөхдөө нэхэмжлэгчийн визний төрөл, ангиллын талаарх мэдээллийг эмч Б.Ууганбаяр шаардаж, мэдээллийн хуудас бөглөх, илгээх, хэвлэх ажиллагааг хийгээгүй орхисон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1 хх-ийн 10-13, 209-210, 214-215 дугаар тал/

Тухайн зөвшөөрөл хүсэхэд шаардлагатай эрүүл мэндийн хуудас бүрдүүлэх талаар, виз мэдүүлэх журмыг итгэмжлэгдсэн эмч нарт зориулсан гарын авлагад тодорхой заасан байх бөгөөд /1хх-166-169, 240-244/ үзлэг хийсэн бол үзлэгтэй холбоотой, үзлэг хийгдсэн түүний үр дүнгийн талаар системээс эмч нь цааш илгээх, хэвлэж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Медикамонголиа ХХК-ийн эмч Б.Ууганбаяр үзлэг, үйлчилгээ хийх явцад алдаа гаргасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон. Хариуцагч байгууллагаас Манилагийн бүс нутгийн Эрүүл мэндийн төв, бусад байгууллагуудад болон нэхэмжлэгч Э.Болор, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаяр зэрэг өөр бусад хүмүүст хандан и мэйл явуулсан, дахин ийм алдаа гаргахгүй байх талаар тайлбар бичиг өгч байсан зэрэг бичгийн баримтуудаар /1 хх-ийн 77, 83, 94,112-115 дугаар тал/ уг нөхцөл байдал нь нотлогдож байна./1 хх-ийн 203-204, 209-210, 240-244 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь тус эмнэлгийн үзлэг хийгээгүй эмч Д.Долгорсүрэнд хандсан Б.Ууганбаяр эмчийн хяналт дор эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан болохыг тодорхойлсон баримтыг авч мэдээллийн хуудсыг орлуулан явуулсан боловч Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас Э.Болорын визний хүсэлтэд эрүүл мэндийн анхан шатны үзлэгийн дүгнэлт дутуу гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгснөөр нэхэмжлэгч Канад улсын Desloges хуулийн фирмийн тусламжтайгаар дээрх татгалзсан өргөдөл сэргээгдсэн, тус хуулийн фирмд 300 болон 1 923.33 канад доллар төлсөн үйл баримт тогтоогджээ./1 хх-ийн 12,15,17, 30 дугаар тал/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай тул эмнэлэг буюу Медикамонголиа ХХК гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэхээр байна. Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирлоо нөгөө тал арилгуулахаар шаардах эрхтэй.

Эмч Б.Ууганбаярын хувьд хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд өөрийн өмнөөс бус ажилтан ажил олгогчийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэсэн болно. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.5 дах хэсэгт Хууль ёсны төлөөлөгч буюу бусад этгээдээр үүргээ гүйцэтгүүлсэн үүрэг гүйцэтгэгч тэдгээрийн үйлдлийн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцна. гэж заасан тул гэрээний тал бус хариуцагч Б.Ууганбаяраас хохирлоо арилгуулахаар шаардах эрхгүй.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо тухайн гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн талын гэм буруу зэргийг харгалзан үзэх учиртай. Канад улсын цагаачлалын албанаас байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх ажиллагаа түдгэлзсэн, өргөдлийг татгалзсан нөхцөл байдалд нэхэмжлэгч Э.Болорын үйлдэл нөлөөлсөн гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгч Э.Болор Б.Ууганбаяр эмчид үзлэг хийгдсэн атлаа Д.Долгорсүрэн эмчээс бичгээр тодорхойлолт авч, улмаар визний зөвшөөрөл хүсэх, мэдүүлэг бөглөхдөө илгээсэн нөхцөл байдал нь гэм хор учрах, гэм хорын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн. Улмаар өргөдлийг татгалзсан, түүнтэй холбоотой хуулийн фирм хөлслөх гомдол гаргахад Э.Болорын өөрийнх нь үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан гэм хорын хохирлын тал хэсгийг хасаад 2 191 741 төгрөгийг Медикамонголиа ХХК-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх боловч хэрэгт авагдсан баримтад үндэслэж маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрийг өөрчлөх боломжтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01619 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Медикамонголиа ХХК-аас 2 191 741 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Болорт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 191 741 төгрөг болон хариуцагч Б.Ууганбаярт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 50 018 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 786 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ