Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1619

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд З.Баярмаа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б-ын гаргасан,

 

Хариуцагч: М ХХК

 

Хариуцагч: У нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 4,383,483.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, түүний өмгөөлөгч Т, хариуцагч У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, тэдгээрийн өмгөөлөгч О, иргэдийн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний охин Б “*******” хөтөлбөрийн хүрээнд “*******”-өөр ******* улс руу цагаачлахаар хариуцагч М ХХК-нд эрүүл мэндийн үзлэгт орох хүсэлт гаргаж, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Уэмчид үзүүлсэн.

 

Манай гэр бүл ******* улсад ажиллаж, амьдардаг бөгөөд “*******” хөтөлбөрийн хүрээнд тус улсад цагаачлахад маш өндөр шаардлага тавьдаг, энэ шалгуурыг охин маань бүрэн хангаж, бусад бүх баримт материалыг зохих ёсоор бүрдүүлж өгсөн ба хамгийн сүүлд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, “Information sheet letter-мэдээллийн хуудас”-ыг хүлээж байсан юм.

 

Гэтэл хариуцагч Уэмч өөрийн үйл ажиллагаандаа дагаж мөрддөг дүрэм, журмыг сайн мэдэхгүйгээс болж Боос визний төрлийг тодорхойлохыг шаардаж, “IMU” код нэхэж, улмаар “*******” цахим системд түүний эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийг бүртгэхгүйгээр явуулсан байсан. Угтаа бол “*******”-өөр ******* улс руу цагаачлахад “IMU” код шаардлагагүй, визний төрлийн хувьд “worker - ажилчин” гэсэн ангилалд хамрагддаг болохыг ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын веб сайт дах журамд тодорхой бичсэн байсан.

 

Энэ талаар охин маань ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын веб сайт дээрх дүрэм, журмаас олж уншсан ба бид тэр даруй ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын тусламжийн ажилтантай утсаар холбогдож, түүнд үүссэн нөхцөл байдлыг тайлбарлахад тус байгууллагаас боломжтой бол үзлэгт орсон талаарх тодорхойлолт авч, “Information sheet letter-мэдээллийн хуудас”-ын оронд явуулж болно гэсэн.

 

Ингээд Б ээжийнхээ хамт 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч М ХХК-нд очиход Уэмч Панам улс руу албан ажлаар явсан байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон ******* эмч тухайн үед байсан тул түүнд болсон бүх үйл явдлыг тайлбарлахад тэрээр Уэмчийн бичиг баримт дотроос “IMU код ирэхээр үзлэгээ гүйцээнэ” гэсэн бичгийг олсон байдаг.

 

Гэвч нэхэмжлэгч Б болон түүний ээж ******* нар эмч Д.Долгорсүрэнд учир байдлыг дахин тайлбарлаж, Уэмчийн хяналт дор үзлэгт орсон гэсэн тодорхойлолт авч, ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газарт явуулсан.

 

Харамсалтайн хэсэг хугацааны дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас нэхэмжлэгч Бт визний хүсэлтэд “эрүүл мэндийн анхан шатны үзлэгийн дүгнэлт дутуу” гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгч, төлбөрийг буцаан олгох болсноо мэдэгдсэн.

 

Бид, хариуцагч М ХХК-нд үзлэгт орохын тулд 617,000.00 төгрөг төлсөн байтал тус компани болон түүний ажилтны гэм буруутай үйл ажиллагааны улмаас хохирч, хэсэг хугацаанд сэтгэл санааны дарамтанд орсон, хариуцагч Уэмч үүрэгт ажилдаа хайнга хандаж үзлэг хийж, бүртгэлийн системд оруулаагүй атлаа гадаад улс руу явж, түүний эзгүй хойгуур ийм асуудал гарч, “Information sheet letter-мэдээллийн хуудас” гараагүйгээс болж татгалзсан хариу ирсэн.

 

Гэхдээ бид тухайн асуудлыг зохицуулахаар цагаачлалын асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг ******* улсын “*******” хуулийн фирмтэй холбогдож, тус байгууллагад төлбөр төлж ажиллуулсаны үр дүнд ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Бын визний хүсэлтийг сэргээлгэж чадсан юм.

 

Хэрэгт энэ талаар буюу Монгол Улсаас ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын тусламжийн ажилтантай утсаар холбогдсон үйл баримтыг нотолсон баримт байгаагаас гадна энэхүү асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлсэн “*******” хуулийн фирмд 300 болон 1,923.33 канад доллар төлсөн болон гүйцэтгэсэн ажилтай холбоотой баримтууд авагдсан.

 

  Гэтэл хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийг ямар ангиллаар ******* улсад цагаачлах гэж байгаагаа тодорхой хэлээгүй, өөрөө үүнийгээ мэдэхгүй байсан гэх зэргээр үндэслэлгүйгээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын журам болон тус газраас ирүүлсэн албан хариунд “*******” хөтөлбөрийн хүрээнд үзлэгт орох тохиолдолд шууд “worker - ажилчин” ангиллыг сонгоно гээд журамласан байна.

 

Хариуцагч Уэмч энэхүү ажил үүргийг бие даан хэрэгжүүлдэг гэх боловч тэрээр М ХХК-нд ажилладаг, тус компанийн санал хүсэлтээр ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас итгэмжлэгдсэн эмчээр ажиллах зөвшөөрөл олгосон байх тул түүний хууль бус үйлдлийг ажил олгогч тал хариуцах ёстой.

 

Бид, энэ хугацаанд маш их цаг зарцуулж, сэтгэл санааны гүн хямралд орж, тус асуудлаас болж охины минь виз гарахгүй бол яах бэ гэсэн дарамтанд байсан хэдий ч мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын тусламжтайгаар визний хүсэлт дахин сэргэсэн ба “*******” хуулийн фирмд 4,165,983.00 төгрөгийг төлсөн бол 217,500.00 төгрөгийг нотариат болон орчуулгын хөлсөнд зарцуулсан. 

 

Иймд, хариуцагч М ХХК болон түүний ажилтан Унарын гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Бт 4,383,483.00 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч нараас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч Унь Монгол Улс дахь ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас тус улсын цагаачлалын эрүүл мэндийн үзлэгийг хийж гүйцэтгэх эрхтэй итгэмжлэгдсэн эмчээр сонгогдсон туршлагатай эмч бөгөөд хэдийгээр М ХХК-ийн ажилтан боловч уг үйл ажиллагааг тус компаниас хараат бусаар хэрэгжүүлдэг.

 

Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон хариуцагч М ХХК-ийн менежер Ширли рит Пармерын мэдүүлэгт тодорхой дурьдсан байдаг. Өөрөөр хэлбэл, эмч Унь тус эмнэлэгт харъяалагдаж ажилладаг нь үнэн боловч тэрээр ******* улсад цагаачлах иргэдийн эрүүл мэндийн дүгнэлтийг гаргахдаа бие даасан байдаг тул энэхүү хэрэгт хариуцагчаар М ХХК-ийг татах үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч Б нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Уэмчид үзүүлэхдээ визнийхээ төрлийг тодорхой хэлээгүй тул түүнд үүнийг тодруулж ирсний дараагаар үзлэгийг дуусгах талаар хэлж явуулсан байдаг.

 

Гадаад улсад цагаачлахаар явж байгаа аливаа иргэд өөрийнхөө аль ангиллаар зорьчих гэж байгаагаа тодорхой хэлэх ёстой бөгөөд хэрэв эмч түүний өмнөөс таамаглан “*******” цахим системд бүртгэсэн тохиолдолд алдаа гарч, татгалзах нөхцөл байдал үүснэ. Ийм асуудал гаргахгүйн тулд эмчид визний ангиллыг тодорхойлох үүрэг хүлээлгэдэггүй, үүнийг гадаад улсад зорьчих гэж байгаа этгээд заавал мэдэж байх ёстой.

 

Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ гэм хор учруулснаас үүсэх үүрэг хэмээн тодруулсан. Гэтэл талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д зааснаар гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэм хорын буюу зөрчлийн улмаас учирсан хохирлын асуудал байхгүй болно.

 

Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-д зөрчил гэж юу болох талаар тодорхойлсон бөгөөд талуудын хооронд виз хүсэгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүнд эрүүл мэндийн үзлэг хийж, үнэлгээ өгөхтэй холбоотой буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн харилцааны маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.-д мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврын талаар зохицуулсан ба нэхэмжлэгч Б нь ямар ангиллаар ******* улсад зорьчих гэж байгаагаа өөрөө мэдэж байх ёстой бөгөөд эмчийн ажил үүрэгт хамааралгүй буюу визний төрлийг тодорхойлох үүргийг хүлээгээгүй байтал түүнийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Хэрэгт хэний оролцоо, туламжтайгаар нэхэмжлэгч Бын өргөдөл дахин сэргэх болсныг нотолсон баримтууд байгаа. Тухайлбал, хариуцагч М ХХК-ийн менежер Ширли рит Пармер болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Бнараас ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газарт удаа дараа хүсэлт тавьсны дагуу ийнхүү нэхэмжлэгчийн өргөдөл дахин сэргэж, тэрээр хүссэн улс руугаа явсан байдаг.

 

Гэтэл нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ******* улсан “*******” хуулийн фирмийн тусламжтайгаар нэхэмжлэгчийн өргөдөл сэргэсэн гэж тайлбарлаж байна. Бидний зүгээс нэхэмжлэгчийг тус хуулийн фирмд 300 болон 1,923.33 канад доллар төлсөн үйл баримтын талаар маргахгүй. Гэхдээ хэрэгт уг хуулийн фирм нэхэмжлэгч Бт ямар хууль зүйн туслалцаа үзүүлсэн болон өргөдөл дахин сэргэхэд чухам ямар үйл ажиллагаа явуулсан тухай тодорхой баримт байхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэгт хариуцагч нарын гэм бурууг нотолсон ямар нэгэн баримт өгөөгүй, хэрэв эмч Уыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэм буруутай үйлдэл гаргасан гэж үзсэн бол түүнд ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас хариуцлага ногдуулж, түүний итгэмжлэгдсэн эмчийн эрхийг цуцлах ёстой. Гэтэл ийм зүйл огт болоогүй, харин ч түүнийг цаашид итгэмжлэгдсэн эмчээр ажиллуулахаа баталгаажуулсан цахим захидлыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байдаг.

 

Нэхэмжлэгч Бын эрүүл мэндийн үзлэгийн талаарх мэдээллийг цахимд байршуулах асуудал саатсан нь түүний өөрийнх нь гэм буруутай үйлдлээс болсон, Тодруулж хэлбэл, тэрээр юуны учир виз мэдүүлж буйгаа мэдэж байхаас гадна өргөдлийн зааварчилгаатай сайтар танилцсан байх ёстой байтал визнийхээ төрлийг мэдэхгүйгээр эрүүл мэндийн үзлэгт орсон байна.

 

Иймд, шүүхийн зүгээс талуудын хооронд бий болсон маргааны үйл баримт, харилцаа, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нотлох баримтын хүрээнд хэргийг тал бүрээс нь бодитоор дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад      

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Боос хариуцагч М ХХК, Унарт холбогдуулан гэм хорын хохиролд 4,165,983.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 217,500.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 4,383,483.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагчид үл хүлээн зөвшөөрч, татгалзсан /1-р х.х-ийн 218, 219, 228, 229-р хуудас/.

 

Шүүх, талуудын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр болон 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, түүнчлэн шүүх хуралдаан дээр үзлэг хийсэн /1-р х.х-ийн 111-115, 240-244, 2-х.х-ийн 34-37, 133-135-р хуудас/.

 

Учир нь, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар зохигчид бичмэл нотлох баримтыг эх хувиар, аль эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгөх боломжгүй байх тохиолдолд тухайн нотлох баримт хадгалагдаж байгаа газарт үзлэг хийх зохицуулалттай ба нэхэмжлэгч Бын гаргасан хариуцагч М ХХК, Унарт холбогдох энэхүү иргэний хэргийн нотлох баримтууд тэдгээрийн болон бусад этгээдийн цахим орчинд байсныг үндэслэн үзлэг хийж баталгаажуулсан болно.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “хариуцагч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан гэм хор учруулснаас үүссэн хохиролд 4,383,483.00 төгрөг нэхэмжилж буй” гэсэн бол хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д зааснаар гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь мэдээлэл өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн албанаас татгалзсан хариу өгсөн хэмээн тус тус маргасан.

 

Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Уболон гэрч Д.Долгорсүрэн нар Монгол Улс дахь ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас тус улсын цагаачлалын эрүүл мэндийн үзлэгийг хийж гүйцэтгэх эрхтэй итгэмжлэгдсэн эмчээр сонгогдсон байна /1-х.х-ийн 51-54-р хуудас/.

 

Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар У, Д.Долгорсүрэн нар Монгол Улсаас ******* улс руу суралцах, ажиллах, гэр бүл болон жуулчлахаар явах иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, холбогдох дүгнэлтийг харъяа газарт илгээх тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг эрх бүхий этгээдүүд бөгөөд хэдийгээр тэд М ХХК-тай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг ажилтан мөн гэх боловч энэхүү ажил үүргээ тус компаниас хараат бусаар гүйцэтгэдэг байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б нь “*******” хөтөлбөрийн хүрээнд “*******”-өөр ******* улс руу цагаачлахаар хариуцагч М ХХК-нд эрүүл мэндийн үзлэгт орох хүсэлт гаргаж, улмаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч буюу итгэмжлэгдсэн эмч Ут үзүүлсэн байна.

 

Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нар тухайн үзлэг хийсний дараагаар нэхэмжлэгчийн виз /гадаад улсад нэвтрэх тусгай зөвшөөрөл/-ийн төрлийг тодорхойлж чадаагүйгээс улбаалан виз хүссэн иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг бүртгэн илгээдэг “*******” цахим системд бүртгээгүй, хариуцагч Уын зүгээс нэхэмжлэгч Быг визнийхээ төрлийг тодруулж ирэхийг зөвлөсөн байна.

 

Тодруулбал, талууд нэхэмжлэгч Быг ******* улс руу  “worker- ажилчин” ангилал, “visitor-жуулчин” ангилал болон “student -оюутан” ангилал мөн “family-гэр бүл” ангиллын аль нэгээр цагаачлахыг тодруулж чадаагүй ба нэхэмжлэгч тал “*******” хөтөлбөрийн хүрээнд “*******”-өөр эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тохиолдолд шууд “worker- ажилчин” ангиллаар “*******” цахим системд бүртгэх ёстой, энэ төрлийн визний ангилалд “IMU” код нэхэх ёсгүй хэмээн тайлбарласан бол хариуцагч нар “нэхэмжлэгчийг аль ангиллаар цагаачлах гэж байгаагаа тодорхой хэлээгүй, өөрөө ч энэ талаар сайн мэдэхгүй байсан тул тодруулж ирэхийг зөвлөөд явуулсан, энэ тохиолдолд “Information sheet letter-мэдээллийн хуудас”-ыг гаргах боломжгүй” гэж тус тус мэтгэлцсэн /1-р х.х-ийн 32-р хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр гэрчээр оролцсон Э.Батбаярын мэдүүлэгт дурьдсанаар нэхэмжлэгч Б энэхүү тодорхой бус нөхцөлийг тодруулахаар Монгол Улсаас ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын тусламжийн ажилтантай утсаар холбогдож, түүнд үүссэн нөхцөл байдлыг тайлбарлахад тус байгууллагаас боломжтой бол үзлэгт орсон талаарх тодорхойлолт авч, “Information sheet letter-мэдээллийн хуудас”-ын оронд явуулахыг санал болгожээ /1-р х.х-ийн 180-183, 2-р х.х-ийн 96-98-р хуудас/.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид дээр дурьдсанаар “*******” цахим системд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн үзлэгийн талаар холбогдох мэдээллийг бүртгээгүй боловч хариуцагч М ХХК-иас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Быг итгэмжлэгдсэн эмч Уын хяналт дор эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан болохыг тодорхойлсон баримт өгсөн хэдий ч ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Бт визний хүсэлтэд “эрүүл мэндийн анхан шатны үзлэгийн дүгнэлт дутуу” гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгч, төлбөрийг буцаан олгох болсноо мэдэгдсэн байна /1-р х.х-ийн 12, 13, 30-р хуудас/.     

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон хариуцагч М ХХК-ийн менежер Ширли рит Пармер болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бнарын тайлбар, мэдүүлэгт энэхүү маргаан бүхий үйл явдлыг талуудын үл ойлголцлоос болсон гэсэн бол нэхэмжлэгч тал “*******” хөтөлбөрийн хүрээнд “worker- ажилчин” ангиллыг сонгох ёстой хэмээн маргаж, уг тайлбараа нотлохоор ******* улсын цагаачлалын албаны журам болон бусад баримтыг өгсөн /1-р х.х-ийн 57-72, 213, 214, 2-р х.х-ийн 47-49-р хуудас/.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Бт түүний визний хүсэлтийг сэргээж, тус улсад цагаачлах тусгай зөвшөөрөл олгох эсэхийг хянан шийдвэрлэж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгджээ /1-р х.х-ийн 20-р хуудас/.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын дээрх хариуг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажилласан “*******” хуулийн фирмийн тусламжтайгаар бий болсон эерэг үр дүн хэмээн мэтгэлцсэн бол хариуцагч нарын зүгээс эмнэлэг, эмч нарын хүчин чармайлтаар визний өргөдөл дахин нээгдэж, ******* улс руу цагаачилж чадсан гэж маргасан.

 

Хэрэгт нэхэмжлэгчээс ******* улсын “*******” хуулийн фирмд 300 болон 1,923.33 канад доллар төлсөн талаарх баримт авагдсан бол хариуцагч М ХХК-иас ******* улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын  эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төвд удаа дараа нэхэмжлэгч Бын визний өргөдөлтэй холбоотой зөвлөгөө болон албан хүсэлт явуулж байсан байна /1-р х.х-ийн 15, 17, 77-79, 83, 97, 197, 202, 2-р х.х-ийн 2-5-р хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар талууд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д заасан гэрээ байгуулж, тэдгээрийн хооронд тус хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Учир нь, нэхэмжлэгч Б нь ******* улс руу цагаачлах зорилгоор тус улсаас тогтоосон журмын дагуу Монгол Улс дах итгэмжлэгдсэн эмч нарын хяналт дор эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар хариуцагч М ХХК болон Уэмч нарт хандсан ба хариуцагчдын зүгээс энэхүү үйлчилгээг хүсэлт гаргасан этгээдэд үзүүлдэг байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд, хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж, мөн 195.4.-т “Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ” гэж заасан.

 

Тодруулбал, хариуцагч М ХХК нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд зааснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий байгууллага бол, хэдийгээр хариуцагч Утус эмнэлгийн ажилтан боловч тэрээр ******* улс руу цагаачлах зорилгоор  эрүүл мэндийн үзлэгт хамрагдах иргэдийг бие даан үзэж, оношилдог этгээд бөгөөд нэхэмжлэгч Бын зүгээс түүнд хандаж, эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдсан байх тул энэхүү харилцаанд талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн байна /1-р х.х-ийн 42-р хуудас/.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заажээ. Нэг талаас хариуцагч Унь өөрийн мэргэжил, мэргэшилд тулгуурлан хүсэлт гаргасан этгээдэд эрүүл мэндийн үзлэг хийж, дүгнэлт гаргах ажил үйлчилгээг түүнд үзүүлэх, нөгөө талаас нэхэмжлэгч Бын зүгээс эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хүсэл зоригоо илэрхийлэн ийнхүү 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үзүүлсэн байх тул зохигчдын хооронд тодорхой ухамсарт үйлдэлд үндэслэгдсэн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл нь гэм хор учруулагч этгээдийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хооронд шалтгаант холбоо болон гэм буруутай үйлдэл байхыг тус тус шаарддаг, өөрөөр хэлбэл, үйлдэл гаргасан этгээдийн зүгээс хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа буюу аливаа этгээдийн эрх ашгийг хохироосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн байдаг.

 

Үүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Тодруулж хэлбэл, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.-д зааснаар тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5.-д заасан гэм хор учирч, иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд хохирол учруулагч этгээдийн хүсэл зоригоос хамаарсан түүнд захирагдсан үйлдэл, эс үйлдэхүй байх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй зөвшөөрөгдөөгүй буюу буруу байх, гэм буруутай байх болон хохирогч этгээдийн хуульд заасан эрх зөрчигдөх, гэм буруу-үйлдлийн хооронд шалтгаант холбоо байдаг.

 

Гэтэл хариуцагч нар ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчид гэм хор учруулсан болох нь тодорхойгүй, харин тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Боос хариуцагч М ХХК болон Унарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа зөвхөн өөрөө тодорхойлох эрхтэй болов ч зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нарыг гэм хор учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Хэдийгээр тодорхой нэг харилцааны хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн улмаас үүсэх шаардах эрх буюу иргэний эрх зүйн зарим төрлийн харилцаа нь өөр төрлийн харилцаатай давхцаж болох ч гэрээний үүрэг нь талуудын хүлээх үүргийг урьдчилан тодорхойлсон хүсэл зориг, тохиролцоо байдаг бөгөөд түүнийг хэний өмнө хүлээх, зөрчвөл хэн шаардах эрхийг хэрэгжүүлэх зэрэг асуудал тухайн харилцааны агуулга, маргаан шийдвэрлэх журам болон нотлох үүргийн хуваарилалт, нотолгооны хэрэгслийг эрэмбэлэх асуудал зэрэгтэй шууд холбоотой.

 

Харин гэрээний бус үүргийн хувьд материаллаг хууль болон процессын ажиллагаан дах нотлох үүрэг, нотлох баримтыг үнэлэх эрэмбэллийн  хувьд өөр байх тул гэрээний болон гэрээний бус үүргийг тусгаарлан үзэх шаардлагатай ба ийнхүү үүрэг тусгаарлагдаж байгаа үед үүргийн шаардах эрхийг гагцхүү нэхэмжлэгч сонгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан диспозитив зарчимд нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг солих, үүргийн үндэслэлийг нэхэмжлэлийн үндэслэлээр өөрчлөн дүгнэх эрх процессын ажиллагаанд хязгаарлагддаг.

 

Тодруулбал, гагцхүү нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчлөх эрхтэй бөгөөд шүүхээс түүний гаргасан нэхэмжлэлийг үндэслэн иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийх, хариуцагчаас зөвхөн гардан авсан тухайн шаардлагад холбогдуулан мэтгэлцэх, үүнд хамааралтай нотлох баримтыг гаргаж өгөх зэрэг ажиллагаа тус тус явагдсан байдаг тул шүүх нэхэмжлэгчийн үндэслэлээ болгоогүй буюу хариуцагчид гардуулаагүй, түүний мэтгэлцээгүй үндэслэл, тайлбар, татгалзал, нотлох баримтыг үндэслэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх учиргүй. 

 

Нэгэнт тодорхой харилцаанд эрх эдлэх, үүрэг хүлээх агуулгыг тухайн харилцаанд оролцогч өөрийн хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр бий болгосон байхад шүүхээс энэхүү харилцаанд хүсэл зоригийн илэрхийллийг үл харгалзан хамаатуулан авч, хэрэг маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн гэм буруугаас бусдад хохирол учруулсан болон тухайн хохирол шаардах эрх бүхий харилцаа тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5.-д зааснаар үүссэн гэж үзээгүй тул нэхэмжлэлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.              

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Бын гаргасан хариуцагч М ХХК, Унарт холбогдох 4,383,483.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,786.00 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.МАНДАЛБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                          З.БАЯРМАА

 

                                                                                                Л.ЭНХЖАРГАЛ