Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01918

 

Э.бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01619 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1599 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Э.б

         Хариуцагч: “....монголиа” ХХК,

         Хариуцагч: Б.У нарт холбогдох

         Учирсан хохиролд 4 383 483 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Батцэнгэл, хариуцагч “....монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч М.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Эрдэнэбаяр, хариуцагч ”....монголия “ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, өмгөөлөгч М.О, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Э.б “түргэвчилсэн нэвтрэлт хөтөлбөр”-н хүрээнд мэргэшсэн ажилтны төрлөөр Канад улс руу цагаачлахаар  “....монголиа” ХХК-д эрүүл мэндийн үзлэгт орох хүсэлт гаргаж, 2017-03-20-ны өдөр Б.У эмчид үзүүлсэн. Түргэвчилсэн нэвтрэлт хөтөлбөрийн хүрээнд тус улсад цагаачлахад маш өндөр шаардлага тавьдаг, энэ шалгуурыг нэхэмжлэгч бүрэн хангаж, бусад бүх баримт материалыг зохих ёсоор бүрдүүлж өгсөн. Хамгийн сүүлд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, мэдээллийн хуудсыг хүлээж байсан юм. Гэтэл Б.У эмч өөрийн үйл ажиллагаандаа дагаж мөрддөг дүрэм, журмыг сайн мэдэхгүйгээс болж Э.боос визний төрлийг тодорхойлохыг шаардаж, IMU код нэхэж, эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийг бүртгэхгүйгээр явуулсан байсан. Мэргэшсэн ажилтны төрлөөр Канад улс руу цагаачлахад IMU код шаардлагагүй визний төрлийн хувьд ажилчин гэсэн ангилалд хамрагддаг болохыг Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын веб сайт дахь журамд тодорхой бичсэн байсныг Э.б дээрх дүрэм, журмаас олж уншсан. Бид тэр даруй Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газрын тусламжийн ажилтантай утсаар холбогдож, түүнд үүссэн нөхцөл байдлыг тайлбарлахад тус байгууллагаас боломжтой бол үзлэгт орсон талаарх тодорхойлолт авч, мэдээллийн хуудасны оронд явуулж болно гэсэн. 2017-03-23-ны өдөр “....монголиа” ХХК-д очиход Б.У эмч Панам улс руу албан ажлаар явсан байсан. Д.Д эмч тухайн үед байсан тул түүнд болсон бүх үйл явдлыг тайлбарлахад тэрээр Б.У эмчийн бичиг баримт дотроос IMU код ирэхээр үзлэгээ гүйцээнэ гэсэн бичгийг олсон. Д.Дд учир байдлыг дахин тайлбарлаж, Б.У эмчийн хяналт дор үзлэгт орсон гэсэн тодорхойлолт авч, Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газарт явуулсан. Хэсэг хугацааны дараа буюу 2017-07-25-ны өдөр Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас Э.бт визний хүсэлтэд эрүүл мэндийн анхан шатны үзлэгийн дүгнэлт дутуу гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгч, төлбөрийг буцаан олгох болсноо мэдэгдсэн. Бид “....монголиа” ХХК-д үзлэгт орохын тулд 617,000 төгрөг төлсөн байхад тус компанийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон. Б.У эмч үүрэгт ажилдаа хайнга хандаж үзлэг хийж, бүртгэлийн системд оруулаагүй атлаа гадаад улс руу явж, түүний эзгүй хойгуур ийм асуудал гарч, мэдээллийн хуудас гараагүйгээс болж татгалзсан хариу ирсэн. Тухайн асуудлыг зохицуулахаар цагаачлалын асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг Канад улсын Desloges хуулийн фирмтэй холбогдож, тус байгууллагад төлбөр төлж ажиллуулсны үр дүнд Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас 2017-08-24-ний өдөр Э.бын визний хүсэлтийг сэргээлгэж чадсан юм. Энэхүү асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлсэн “Desloges” хуулийн фирмд 300 болон 1923.33 канад доллар төлсөн. Б.У эмч энэхүү ажил үүргийг бие даан хэрэгжүүлдэг гэх боловч тэрээр “....монголиа” ХХК-д ажилладаг, тус компанийн санал хүсэлтээр Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас итгэмжлэгдсэн эмчээр ажиллах зөвшөөрөл олгосон байх тул түүний хууль бус үйлдлийг ажил олгогч тал хариуцах ёстой. Иймд хариуцагч “....монголиа” ХХК болон тус байгууллагын ажилтан Б.У нарын гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 4 383 483 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

         Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Б.У нь Монгол Улс дахь Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас тус улсын цагаачлалын эрүүл мэндийн үзлэгийг хийж гүйцэтгэх эрхтэй итгэмжлэгдсэн эмчээр сонгогдсон туршлагатай эмч бөгөөд хэдийгээр “....монголиа” ХХК-ийн ажилтан боловч уг үйл ажиллагааг тус компаниас хараат бусаар хэрэгжүүлдэг. Энэ талаар “....монголиа” ХХК-ийн менежер Ширли рит Пармерын мэдүүлэгт тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, эмч Б.У нь тус эмнэлэгт харьяалагдаж ажилладаг нь үнэн боловч тэрээр Канад улсад цагаачлах иргэдийн эрүүл мэндийн дүгнэлтийг гаргахдаа бие даасан байдаг тул энэхүү хэрэгт “....монголиа” ХХК-ийг татах үндэслэлгүй юм. Э.б нь 2017-03-20-ны өдөр  Б.У эмчид үзүүлэхдээ визнийхээ төрлийг тодорхой хэлээгүй тул түүнд үүнийг тодруулж ирсний дараагаар үзлэгийг дуусгах талаар хэлж явуулсан. Гадаад улсад цагаачлахаар явж байгаа аливаа иргэд өөрийнхөө аль ангиллаар зорчих гэж байгаагаа тодорхой хэлэх ёстой бөгөөд хэрэв эмч түүний өмнөөс таамаглан цахим системд бүртгэсэн тохиолдолд алдаа гарч, татгалзах нөхцөл байдал үүснэ. Ийм асуудал гаргахгүйн тулд эмчид визний ангиллыг тодорхойлох үүрэг хүлээлгэдэггүй, үүнийг гадаад улсад зорчих гэж байгаа этгээд заавал мэдэж байх ёстой. Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ гэм хор учруулснаас үүсэх үүрэг хэмээн тодруулсан. Гэтэл талуудын хооронд Иргэний хуулийн 8.1.1-д зааснаар гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэм хорын буюу зөрчлийн улмаас учирсан хохирлын асуудал байхгүй болно. Талуудын хооронд виз хүсэгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүнд эрүүл мэндийн үзлэг хийж, үнэлгээ өгөхтэй холбоотой буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн харилцааны маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 188.1 дэх хэсэгт зааснаар мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврын талаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь ямар ангиллаар Канад улсад зорчих гэж байгаагаа өөрөө мэдэж байх ёстой. Эмчийн ажил үүрэгт хамааралгүй буюу визний төрлийг тодорхойлох үүргийг хүлээгээгүй байтал түүнийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэгт хэний оролцоо, тусламжтайгаар нэхэмжлэгч Э.бын өргөдөл дахин сэргэх болсныг нотолсон баримтууд байгаа. Тухайлбал,  ....монголиа ХХК-ийн менежер Ширли рит Пармер болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нараас Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газарт удаа дараа хүсэлт тавьсны дагуу ийнхүү нэхэмжлэгчийн өргөдөл дахин сэргэж, тэрээр хүссэн улс руугаа явсан. Гэтэл нэхэмжлэгч Канад улсын Desloges хуулийн фирмийн тусламжтайгаар нэхэмжлэгчийн өргөдөл сэргэсэн гэж тайлбарлаж байна. Бидний зүгээс нэхэмжлэгчийг тус хуулийн фирмд 300 болон 1 923.33 канад доллар төлсөн үйл баримтын талаар маргахгүй. Гэхдээ хэрэгт уг хуулийн фирм Э.бт ямар хууль зүйн туслалцаа үзүүлсэн болон өргөдөл дахин сэргэхэд чухам ямар үйл ажиллагаа явуулсан тухай тодорхой баримт байхгүй. ИХШХШТХ-ийн 38.1-р нэхэмжлэгч шаардлага нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт хариуцагч нарын гэм бурууг нотолсон ямар нэгэн баримт өгөөгүй. Хэрэв эмч Б.Уыг 2017-03-20-ны өдөр гэм буруутай үйлдэл гаргасан гэж үзсэн бол түүнд Канад улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн газраас хариуцлага ногдуулж, түүний итгэмжлэгдсэн эмчийн эрхийг цуцлах ёстой. Харинч түүнийг цаашид итгэмжлэгдсэн эмчээр ажиллуулахаа баталгаажуулсан цахим захидлыг 2017-12-19-ний өдөр ирүүлсэн байдаг. Э.бын эрүүл мэндийн үзлэгийн талаарх мэдээллийг цахимд байршуулах асуудал саатсан нь түүний өөрийнх нь гэм буруутай үйлдлээс болсон, Тодруулж хэлбэл, тэрээр юуны учир виз мэдүүлж буйгаа мэдэж байхаас гадна өргөдлийн зааварчилгаатай сайтар танилцсан байх ёстой байтал визнийхээ төрлийг мэдэхгүйгээр эрүүл мэндийн үзлэгт орсон байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01619 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1599 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01619 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан “....монголиа” ХХК-иас 2 191 741 төгрөгийг гаргуулан Э.бт олгож, нэхэмжлэлээс 2 191 741 төгрөг болон  Б.Ут холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 50 018 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалдаа “нэхэмжлэгч Э.б, Б.У эмчид үзлэг хийлгэсэн атлаа Д.Д эмчээс бичгээр тодорхойлолт авч улмаар визний зөвшөөрөл хүсэх, мэдүүлэг бөглөхдөө илгээсэн нөхцөл байдал нь гэм хор учрах, гэм хорын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн” гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 40.1.1-г зөрчсөн. Э.б өөрийн хүсэлтээр тодорхойлолт аваагүй. Эмч Б.У үзлэг хийсэн тухай эрүүл мэндийн мэдээллийн хуудас гаргаж өгөөгүй учир ядахдаа үзлэгт орсон гэх баримт болгон авах шаардлага гарсан. Визний зөвшөөрөл хүсч мэдүүлэг бөглөөгүй. Э.б нь байнга оршин суух эрх хүссэн байхад визийн зөвшөөрөл хүсч визийн төв буюу Элчин сайдын Яаманд хандсан мэт зориуд буруу ташаа тайлбарласан. Э.б нь Канад улсад байнга оршин суух эрх хүсч Канадын Цагаачлалын албанд хандаж өргөдөл гаргасан. Иймээс зөвхөн Цагаачлалын албатай тусгай дансаар шууд харьцаж, тэндээс өгөгдсөн заавраар ажилласан болно. Э.б 2017-03-20-ны өдөр СОС Мэдика эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт ороход Б.У эмч IМЕ код авч ирэхийг шаардсан. Энэ нь эмч урьдчилсан үзлэгт код шаардахгүй гэсэн гарын авлага заавар, дүрэм журмаа мэдэхгүй байсан болохыг нотолсон. /хх 46 Б.У эмчийн тайлбар, хх 214 менежер Бий захиа/ Э.бт Канадын Цагаачлалын албанаас код ирүүлээгүй тул эмчийн шаардаад байгаа кодны талаар тодруулахаар Цагаачлалын албатай утсаар холбогдсон. /хх 179-185/ Цагаачлалын албаны ажилтан Э.бт “чиний ангилалд IМЕ код шаардагдахгүй, итгэмжлэгдсэн эмч нар Цагаачлалын албаны тэдэнд зориулсан зааврыг л мөрдөх ёстой. Эмч чинь яг юу хийхээ мэдэхгүй байгаа бололтой. Хэрэв эмч чинь эрүүл мэндийн үзлэгийн дүнг төв рүүгээ илгээж чадахгүй байгаа бол ядаж үзлэгт орсон гэсэн тодорхойлолт аваад явуулаарай.” гэж зөвлөсний дагуу анх үзлэг хийлгэсэн өдрөөс 3 хоногийн дараа буюу 2017-03-23-ны өдөр Б.У эмчтэй уулзахаар очсон. Гэвч Б.У эмч 14 хоногийн хугацаатай гадаад руу явсан байсан. Эрүүл мэндийн үзлэгт орсныг нотлох баримтыг тогтоогдсон хугацаанд нь бусад материалуудын хамт явуулах ёстой байсан учраас итгэмжлэгдсэн 2 эмчийн нэг болох Дтэй уулзаж тодорхойлолт авсан. /хх 179 ЦА-ны ажилтны зөвлөгөө, хх 75 тодорхойлолт/ Энэ үед Д эмч түргэн нэвтрэх журмаар Канад улсад байнгын Оршин суугчийн өргөдөл гаргагч Б.У эмч дээр эрүүл мэндийн үзлэгт орсон гэдгийг мэдсэн атал үзлэг дуусахад өгөгддөг албан ёсны нотолгоо мэдээллийн хуудас бас л гаргаж өгөөгүй. Гуйж байж тодорхойлолт хийлгэсэн нь хохирол учрах гэм хор ихэсгэх буруутай зүйл биш харин ч гэм хор багасч 03 дугаар сард эмчийн үзлэгт орсон гэх нотолгоо болсон байх тул Э.бын тодорхойлолт авсан үйлдлийг давж заалдах шатны шүүхээс буруутган нэхэмжлэлийн шаардлага багасгах үндэслэл болгосонд маш гомдолтой байна. Б.У эмч олон хоногоор гадаадад явахдаа үзлэгийнхээ хувийн хэргийг Д эмчид хүлээлгэж өгөөгүй дарагдуулсан, Д эмч Э.бын эрүүл мэндийн мэдээллийн хуудас гаргаж өгөөгүй, болохгүй байсан гэх асуудлыг ч эмнэлгийн удирдлагад хэлээгүй орхисон нь энэ хэрэгт шууд нөлөөлсөн алдаа байсан. /хх 204 хатагтай Ш.Палмэрийн цахим захиа/ Б.У эмч үзлэг дуусаагүй гэдгийг Э.бт хэлээгүй. Үзлэг дуусаагүй байсан гэдгийг 2017-08-09-ний өдөр менежер Б.Б хатагтай Ш.Палмэртай биднийг уулзаж байхад Э.бт хэлсэн. /хх 87/. Эмч Б.У “Үзлэг дуусаагүй, код авч ирнэ гэж явсан” гэж өөрийгөө зөвтгөх худал арга хэрэглэсэн. Үзлэг дуусгаад эрүүл мэндийн мэдээллийн хуудас гаргах ажиллагаа хийж тэр даруйд үйлчлүүлэгчид гарган өгөх талаар зааварт нь бичигдсэн байдаг. Ийм байтал Э.б нь Д эмчээс бичгээр тодорхойлолт авсан нь Канад улсад байнгын оршин суух эрх авах өргөдлийг хаах, гэм хор учрах, гэм хорын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн нь үндэслэлгүй юм. Б.У нь итгэмжлэгдсэн эмч нарын дагаж мөрдөх гарын авлага ажлын зааварчилгаа мэддэггүй болох нь гэр бүл ангилал байхгүй болсныг ч мэдээгүй байсан, тэр ангилалд заавал багтаахаар дахин дахин оролдож, эрүүл мэндийн мэдээллийн хуудас гарахгүй компьютерт нь асуудал үүсч байхад эмнэлгийн болон Манила дах бүсийн төвд хандан асуудлыг мэдэгдэж зөвлөгөө авах ёстой атал аваагүй /хх 214 Б.Б менежерийн цахим захиа/, ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан. Э.б нь 2015 онд Канадын Цагаачлалын албанд байнгын оршин суух эрхийн өргөдөл гаргаснаас хойших 2 жилийн хугацаанд Англи, Франц хэлний хүнд шалгалтуудад өндөр оноо авч, тавигдсан бүх шаардлагуудыг бүрэн хангасны эцэст сүүлчийн шатны шалгуур эрүүл мэндийн үзлэгт ороход эрүүл мэндийн мэдээллийн хуудас гаргаж өгөөгүй “....монголиа” ХХК-ийн эмнэлгийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой өргөдөл хянах ажил нь хаагдсан юм. Хариуцагч талын буруутай дээрх үйлдэл, үйл ажиллагаа манай гэр бүлд ихээхэн илүү зардал чирэгдэл үүсгэж Канадын Цагаачлалын Албанд өргөдлөө дахин хянуулахаар Канадын Делож фирмийн сайн хуульч өмгөөлөгчид зайлшгүй хандахад хүргэсэн билээ. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч “....монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо: Талуудын хооронд “...хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь Иргэний хуулийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцнэ” гэж дүгнэн маргааныг Үүргийн харилцаанаас үүдэлтэй болохыг нотолжээ. Манай эмнэлгийн их эмч Б.У Канад Улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн асуудал эрхлэх газар /англиар товчилсон нэр нь “IRСС”-ын итгэмжлэгдсэн эмчийн хувиар 2017-03-20-ны өдөр  Э.бын Канад улсад нэвтрэх “Визийн эрүүл мэндийн үзлэг”-ийг хийж Канад Улсын тогтоосон журмын дагуу үзлэгийн талаарх мэдээллийг “эрүүл мэндийн цахим систем” болох “и-....л систем”-д түүнийг хөтлөх зааврын дагуу оруулж байршуулан Канад Улсын цагаачлал, дүрвэгсэд болон иргэншлийн асуудал эрхлэх газар руу мөн цахимаар явуулах, харин Э.б нь өөрийн зүгээс шаардлагатай мэдээллийг өгөх үүргийг харилцан хүлээсэн болно. “И-....л” цахим системд виз хүсэгчийн эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийг оруулах, үнэлгээ өгөх үйл ажиллагаа нь дараах үндсэн 3 үе шатаас бүрдэнэ. a./ Эрүүл мэндийн үзлэгийн өмнөх үе шат буюу паспортын хэсэг (хувийн мэдээллийг оруулах хэсэг), b./ Эрүүл мэндийн үзлэгийн үе шат, c./ Эрүүл мэндийн эцсийн үнэлгээ хийгдэх үе шат. 2017-03-20-ны өдөр Үйлчлүүлэгч буюу виз хүсэгч Э.б өөрийн хувийн мэдээлэл болох “визийн төрөл”-өө хэлж мэдэхгүй байснаас эмч Б.У “и-....л” цахим системийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон юм. Ер нь “виз" гэдэг нь гадаадын иргэнийг нутаг дэвсгэртээ орох, гарах, оршин амьдрах буюу зорчих тусгай зөвшөөрөл” болохыг академич С.Нарангэрэлийн ‘‘Эрх зүйн эх толь бичиг”-т тодорхойлжээ. Мөн Монгол улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “5.1.11."Монгол Улсын виз" гэж гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийн хуудсыг хэлнэ" гэжээ. Үүнээс дүгнэж үзвэл, олон улсын нийтийн эрх зүйд визийн зөвшөөрөл гэдэг нь аливаа нэгэн улсын хилээр нэвтрэх зөвшөөрлийг хэлэх бөгөөд энэхүү зөвшөөрлийг хүсч буй иргэн өөрөө ямар зорилгоор энэ төрлийн визийн зөвшөөрлийг тухайн улсаас хүсч байгаагаа тодорхойлох үүрэгтэй . Харин түүний өмнөөс хэн нэгэн этгээд визийн төрлийг тодорхойлох эрх, үүрэггүй болно. Ер нь аливаа хүн аль нэг улсад зорчихдоо тухайн улсын тогтоосон журмын дагуу виз авах шаардлагатай бол ямар төрлийн виз хүсч байгаагаа өөрөө тодорхойлон хүсэлтээ гаргадаг нь нотолгоо шаардлагагүй эрх зүйн аксиом болохыг бүгд мэддэг билээ. Эмч нь давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхойлсноор Хөлсөөр ажиллах гэрээгээр Э.бт “визийн эрүүл мэндийн үзлэг” хийх үүргийг хүлээсэн болохоос түүний “визийн төрөл”-ийг тодорхойлох үүрэг хүлээгээгүй, хүлээх ч үгүй болохыг нь хэн ч маргах ёсгүй зүйл юм. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “Үзлэгийн явцад эрүүл мэндийн хуудас бөглөхдөө нэхэмжлэгчийн визийн төрөл, ангиллын мэдээллийг эмч Б.У шаардаж, мэдээллийн хуудас бөглөх, илгээх, хэвлэх ажиллагааг хийгээгүй орхисон” гэж хууль зүйн хувьд үндэслэлгүй, буруу дүгнэлт хийсэн. /магадлалын 9 дэх тал/ Бодит байдалд, Э.б нь Иргэний хуулийн 188.2 дахь хэсэгт зааснаар, “өөрийн хувийн мэдээлэл болох “визийн төрөл”-ийн талаарх мэдээллээ эмчид өгөх үүрэгтэй” байсныг давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг хэрэглэлгүйгээр хариуцагч талыг буруутгасан болно. Мөн эмч Б.У нь Э.быг өөрийнхөө хүсч буй “визийн төрөл”-өө мэдэж ирэх хүртэл эрүүл мэндийн үнэлгээ өгөх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь Иргэний хуулийн 215.1 дэх хэсэгт “ Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь ... үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно” гэсэнд яв цав нийцэж байгааг давж заалдах шатны шүүх мөн анхааралдаа авалгүйгээр буруу шийдвэр гаргалаа. Ийнхүү давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн II хэсэгт заасан Үүргийн харилцааны талаарх заалтуудыг бүхэлд нь харилцан шүтэлцээ, логик дэс дараалал, холбоосоор нь хэрэглэх тухай эрх зүйн онолыг үл хэрэгсэн буруу хэрэглэснийг зөвхөн дээр дурдсан Иргэний хуулийн хоёр заалтыг хэрэгсэхгүй орхисноос харж болно.Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

         Э.б 2017-12-26-ны өдөр “....монголиа” ХХК, Б.У нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хуульчийн зөвлөгөө авахад зарцуулсан 2233 канад доллар буюу 4,165,983 төгрөг шаардсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байна.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон хариуцагч ....монголия ХХК-ийн гомдлыг тус тус хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар Э.б нэхэмжлэлээ “....монголия” ХХК-д холбогдуулан гаргасан эрх зүйн үндэслэл тогтоогдсон байх тул шүүх Б.Ут холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. 

        Э.б нь эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгт орж, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр эмч Б.Ут үзүүлсэн талаар зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчөөгүй байна.   

        ....монголиа ХХК үйлчилгээ үзүүлэх, Э.б хөлс төлөх үүрэг тус тус хүлээснээс үзвэл талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

        Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.

        Хөлсөөр ажиллах гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэл болон гэрээг зохих журмын дагуу биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эрхтэй юм.            

       Эмнэлгийн үзлэгтэй холбоотой асуудал үүссэнээс Э.б Канад улсын хуулийн фирмийн үйлчилгээ авч нэхэмжлэлд заасан хэмжээний зардал гаргасан нь нотлогдсон, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа гэм хор учирсан нөхцөл байдал, гэм буруу зэргийг харгалзан нэхэмжлэлээс 2,191,741 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 361, 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсгийн агуулгад нийцсэн байна.

        Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1599 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Эрдэнэбаяр, хариуцагч “....монголия” ХХК-ийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 50.018 төгрөг, хариуцагчаас  2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 50.018 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ