Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/01129

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/01129

 

 

Н.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16ы өдрийн 102/ШШ2017/00737 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Бямбажав, Б.Золзаяа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 26 өдөр Б.Золзаяа, Б.Бямбажав нарын хүсэлтээр Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаагийн 27-р гудамж, 313 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203020110 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч нь 2015 оны 05 дугаар сарын 26-нд үндсэн зээлээс 4 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 25-нд 1 000 000 төгрөг төлсөн. Мөн 2015 оны 02 сарын 26-нд гэрээнд заасан 6 сарын хүү 5 390 000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгийг төлөхдөө 1 700 000 төгрөгийг бэлнээр, 8 690 000 төгрөгийг дансаар төлсөн. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26 хүртэл гэрээг дахин сунгаж, баталгаажуулсан. Зээлдэгч Бямбажавыг байлцуулна гэхэд Б.Золзаяа би эгчдээ хэлээгүй, хоёулаа хийчихье гэсэн юм. Үүнээс хойш уулзахаа больсон. 2015 оны 07 дугаар сарын 10-нд Б.Золзаяа 2 700 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлье, гэрээ хийгээд яахав, хашаа байшин барьцаанд байгаа юм чинь гэсэн тул 2 700 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 26-нд уулзаад 2 700 000 төгрөгөө өгөөч гэхэд 640 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. 2016 оны 04 дүгээр сарын 27-нд 2 сая төгрөгийг картын гүйлгээний хязгаарлалттай гээд 900 000, 900 000, 200 000 тус тус шилжүүлэн өгч, 2 640 000 төгрөг болсон. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хүү төлөөгүй тул 2 700 000 төгрөгийг 9 сарын хүү 2 430 000 төгрөгөөс 2016 оны 06 дугаар сарын 02-нд 500 000 /60 000+440 000/ төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 26-нд дүү Н.Номин-эрдэнийн дансаар 900 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12 өдөр 700 000 төгрөг тус тус хийж, нийт 2 040 000 төгрөг өгсөн. Эдгээр мөнгө 2015 оны 02 дугаар сарын 26 өдрийн зээлийн гэрээний үүрэгт ямар ч хамаагүй.

Зээл төлсөн талаар Б.Золзаяа гаргасан тайлбар, хүснэгтэд бичсэн 2015 оны 07 дугаар сарын 26-ны 70 000 төгрөгийг төлөөгүй, харин 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 70 000 төгрөг өгсөн. Зээлд төлсөн 4 000 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 26-нд төлсөн гэж бичсэн нь төлбөр хийсэн 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг андуурсан байна. Үүнийг нотлох зүйл бол 2015 оны 05 дугаар сарын 26-нд хүү тооцоход зээлийн үлдэгдэл 11 000 000 төгрөгөөс 7 хувиар хүү тооцож, 770 000 төгрөг гэсэн бичвэрээс харагдана. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул Б.Бямбажав, Б.Золзаяа нараас үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлж, хамтран зээлдэгчээр Б.Бямбажавыг оролцуулж, Б.Бямбажавын өмчлөлийн хашаа, хувийн сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар маргах зүйлгүй. Харин зээлийн гэрээг 16 сараар сунгасан зүйл байхгүй. 2016 оны 2 сард тооцоо нийлсэн. Одоо хариуцагч нар нэхэмжлэгчид 5 040 000 төгрөгийг төлөх дутуу байгаа. Э.Золзаяа зээлийн гэрээний хугацааны хүүг төлсөн.

Зээлд 4 000 000 төгрөг, дараа нь 1 000 000 төгрөг төлсөн. 2015 оны 07 сарын 10-нд 2 700 000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэй зээлсэн. Амаар тохирсон боловч энэ гэрээний үүргээ 2016 оны 04 сард хүүгийн хамт бүрэн төлсөн гэдэг. 2015 оны 04 сард зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 04 сарын 26-нд 640 000 төгрөг, 2016 оны 04 сарын 27-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 06 сарын 02-нд 500 000 төгрөг, Н.Номин-Эрдэнийн дансаар 2016 оны 03 сарын 19-нд 80 000 төгрөг, 2016 оны 05 сарын 19-нд 80 000 төгрөг, 2016 оны 06 сарын 16-нд 800 000 төгрөг, 2016 оны 06 сарын 20-нд 15 000 төгрөг, 2016 оны 06 сарын 26-нд 900 000 төгрөг, 2016 оны 09 сарын 12-нд 700 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Иймд зээлийн үлдэгдэл 3 785 000 төгрөг, түүний 50 хувийн алданги 1 892 500 төгрөг, нийт 5 873 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Золзаяа, Б.Бямбажав нараас 12 015 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Сувд-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс 2 985 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 256 950 төгрөгөөс 252 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, 4010 төгрөгийг буцааж, хариуцагчаас 207190 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч анх зээл, зээлийн хүүд 19 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх явцад зээлд 10 000 000 төгрөг, алдангид 5 000 000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн байдаг. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэл, шаардлагад хамааралгүй зүйлсийг хамааралтай мэтээр өөрөөр хэлбэл нэхэмжлэл нь ийм зүйл байсан, тайлбар нь ийм зүйл байсан гэж нэхэмжлэлээс өөр зүйлсийг нэмж шийдсэн. Хариуцагч Б.Золзаяа нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр авсан зээлээ зээл болон хүүгийн хамт 2016 оны 02 дугаар сард бүрэн төлж дуусгасан. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан зээлээ 2016 оны 04 дүгээр сарын 26 ба 27-ны өдөр үргэлжлүүлэн төлсөн мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн мөнгөтэй хамааралтай мэтээр хольж, хутгаж дураараа хасаад байх юм. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр авсан зээлийг авсан төлсөн зэрэгт хэн ч маргадаггүй, хэн ч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй.

2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн "зээлийн гэрээний сунгалт" гэрээ гэх зүйлээр анхнаасаа худал шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Ийм гэрээ огт хийгдээгүй, гэрээнд В.Золзаяа огт гарын үсэг зураагүй, огт мэдэхгүй. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөөр нь бид хууль бус бичгийн талаар маргаагүй. Үнэхээр гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчийн дүү Н.Номин-Эрдэнийг хариуцагч Б.Золзаяатай аливаа харилцаатай байсан таньдаг, Н.Сувд-Эрдэнэтэй фэйсбүүкээр харилцаж мессеж бичсэн гэх мэтээр шийдвэрт тусгасан байна. Энэ талаар хангалттай нотлох баримт байхгүй бөгөөд хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх зэрэг шаардлагыг зөрчсөн. Дүү бөгөөд гэрч Н.Номин-Эрдэнийг танихгүй. Мөнгө дамжуулан шилжүүлснийг эс тооцвол аливаа харилцаа байхгүй. Харин Н.Сувд-Эрдэнэ "...надад Хаан банкны данс байхгүй, надад өгөх мөнгөө дүүд шилжүүлчих, би дүүтэй хамт байна шилжүүлчих гэхээр нь шилжүүлдэг байсан. Гэтэл шүүх гэрч бөгөөд дүү Н.Номин-Эрдэнээр дамжуулан 6 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлснээс 2 гүйлгээг хамаарах гүйлгээ байна гэж үзээд өөрийн үзэмжээр шийдсэн. Гэрч Н.Номин-Эрдэнийн мэдүүлгэд Б.Золзаяаг таньдаг найз, манай лангуун дээр ирж нөхөртөө бараа авсан гэдэг боловч Б.Золзаяаг таньдаггүй, нэрийг бүтнээр нь мэдэхгүй байдаг нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэг зүйлийг маш тодорхой заасан. Шүүх хэргийг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэнэ. Шүүхийн шийдвэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн шаардаагүй, иргэний хэрэг үүсгэгдээгүй асуудлаар шүүх шийдвэр гаргах эрхгүй болно гэснийг, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэснийг тус тус зөрчсөн. Гэтэл энэ маргаанд огт хамааралгүй, нэхэмжлэгч маргаагүй үйл баримтыг үнэлж, нэг талыг барьж, мөн тооцоо буруу хийж шийдвэрлэсэн тул бид нэхэмжлэлийн үнийн дүнгээс 5 917 500 төгрөгийг эс зөвшөөрч байна. Иймд хариуцагч Б.Золзаяа нь үндсэн зээл 4 065 000 төгрөг, алданги 2 032 500 төгрөг нийт 6 097 500 төгрөг зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн үнийн дүнгээс 5 917 500 төгрөгийг хасч хангана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Н.Сувд-Эрдэнэ нь хариуцагч Б.Золзаяа, Б.Бямбажав нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү 19 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа өөрчилж, үндсэн зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 сая төгрөг гаргуулахаар багасгасныг хариуцагч Б.Золзаяа зарим хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч Б.Бямбажав нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Н.Сувд-Эрдэнэ 15 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгч Б.Золзаяа, Б.Бямбажав нарт зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсоны дагуу зээлийн гэрээний зүйл 15 000 000 төгрөгийг зээлдэгч Б.Золзаяад шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Б.Бямбажавын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 27 дугаар гудамжны 313 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай хувийн сууц, 460 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалжээ.

 

Зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт дэх хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Харин дээрх зээлийн гэрээнээс гадна талууд бичгийн гэрээгүйгээр Н.Сувд-Эрдэнэ нь Б.Золзаяад 2 700 000 төгрөгийг зээлдүүлсэн байхад шүүх уг зээлд 2 040 000 төгрөгийн хүү тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасантай нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Б.Золзаяа нэхэмжлэгчид 16 970 000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн харилцах дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, гэрч Н.Номин-Эрдэнийн мэдүүлэг зэрэг нотлох баримтад үндэслэгдсэн байна. Гэрч Н.Номин-Эрдэнийн дансаар шилжүүлсэн төлбөрүүд нь бүхэлдээ нэхэмжлэгч Н.Сувд-Эрдэнэд төлөх зээлийн төлбөр байсан гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй байна.

 

Шүүх бичгийн гэрээгүй зээлдүүлсэн 2 700 000 төгрөгт хүү тооцсон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн тул нийт төлсөн 16 970 000 төгрөгөөс 2 700 000 төгрөгийг хасч тооцвол хариуцагчийн төлсөн 14 270 000 төгрөг нь өмнөх зээлийн үүрэгт тооцогдох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 21 300 000 төгрөг төлөхөөс 14 270 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 7 030 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэйгээс гадна талуудын анзын гэрээг бичгээр байгуулсан, нэхэмжлэгч шаардлагаа өөрчилж алданги шаардсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр анзыг хязгаарлаж гүйцэтгээгүй үүрэг 7 030 000 төгрөгийн 50 хувь болох 3 515 000 төгрөгийн алданги, нийт 10 545 000 төгрөгийг хариуцагч Б.Золзаяа, Б.Бямбажав нараас гаргуулж нэхэмжлэгч Н.Сувд-Эрдэнэд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16ы өдрийн 102/ШШ2017/00737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 12 015 000 гэснийг 10 545 000 гэж, 2 985 000 гэснийг 4 455 000 гэж, 2 дах заалтын 207 190 гэснийг 183 670 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Золзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ