Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01570

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01570

 

 

 

 

Э.Намжилмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01270 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Намжилмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.Тэгшчулуунд холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс хашаа, байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагч Х.Тэгшчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Намжилмаа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Намжилмаа нь Хан-Уул дүүргийн 10 хороо, Нисэх 10 гудамж, 216а тоотод орших 18631304374161 нэгж талбарын дугаартай Г-2206003976 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй 700 м.кв газар болон тус газар дээр баригдсан Ү-2206010523 үл хөплөх хөрөнгийн бүртгэлтэй 78.5 м.кв талбай бүхий хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм. Тус хашаа байшинд миний нөхөр Х.Баттулга нь 2006 оноос эхлэн өөрийн ээж, төрсөн дүү Х.Тэгшчулуун нарыг амьдруулж байсан. Түр амьдруулах болсон нь дүү Х.Тэгшчулууныг өөрийн орон гэртэй болтлоо амьдарч бай гэж, өөрсдийн хашааны хажууд мөн газар авч хашаа барьж өгсөн. Түүнчлэн дүүргээс иж бүрэн 5 ханатай гэр тусламжийн шугамаар авахад тусалж гэртэй болгосон. Ингээд бид өөрсдийн хашаа байшингаа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч, нүүж хашаа байшинг суллаж өгөхгүй байсаар байна. 2009 оноос миний нөхөр Х.Баттулгын зүрх муудаж, эмчилгээнд явуулмаар байна, хашаа байшинг зармаар байна гэж хэлэн суллахыг гуйхад ч хөдөлж өгөөгүй. 2016 оны 12 дугаар сард нөхрийн маань бие бүр муудаж, 3 дугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 13 000 000 төгрөгийн хагалгаанд орсон. Иймд миний өмчлөлийн хашаа байшинг Х.Тэгшчулууны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Тэгшчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өсч өндийсөн цагаасаа хүний саванд амьдарч үзээгүй. Анх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-50-7 тоотод 2 гэр 3 байшинтай хашаанд амьдран суудаг байсан. Ах Баттулга 2000 онд манайх хот руу нүүх боллоо, та нар нялх хүүхдүүдтэй эмэгтэй хүмүүс хашаа байшинд хэцүү, манай байранд 1 өрөө байр зарагдаж гэж байна гэхэд хашаа байшингаа худалдаж тэр мөнгөөр байр авч орсон. Тэгээд удалгүй хот Мөрөнгийн хооронд явахад хол, зардал их гэж биднийг хот руу нүүж ир гэж шаардах болсон. Бид дургүйцэж 5, 6 жил болсон. Ээж минь хот Мөрөнгийн хооронд явж ахын 2 хүүг өгсөж өндийлгөсөн. Ахын гуйлтаар ээж, эгч, хүргэн ах, дүү, би 2 хүүхдийн хамт ирж барьсан хашаа байшиндаа амьдарсан. Үүнээс өмнө 2006 оны хавар ах Х.Баттулга Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч хийж байхдаа 10 дугаар хорооны засаг дарга н.Дашдоржтой ирж Нисэхийн архичид цугласан, хогондоо дарагдсан газрыг зааж өгсөн. Ингээд би дүү н.Лхамсүрэнтэй ирж талбайгаа цэвэрлэж байхад хүмүүс ирж ямар хүмүүс яах гэж байна гэж хэл ам их хийсэн. Би ахдаа үзүүлэх бичиггүй, ийм хэл амтай газар амьдрахгүй больё гэхэд ах та нар хөдөөний хаягтай шилжиж ирээгүй юм чинь түр н.Дөлгөөний нэр дээр бичиг авч байя гэсэн. Би бүх зүйлээ худалдаж ирсэн мөнгөөрөө хашаа, байшингаа барьж, жорлон ухаж, Хөвсгөлөөс хотод ээжтэйгээ амьдралаа босгосон. Бэр эгч Э.Намжилмаагийн ширхэг ч хөлс гишгэсэн мөр нь ч байхгүй. Энэ хүн бидний амьдралд орж ирсэн цагаас хойш бид хайр хүндэтгэл, эв нэгдэл арилсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Тэгшчулууны хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж, 216а тоотод байрлах, хашаа, байшинг албадан чөлөөлүүлэхийг хүссэн Э.Намжилмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Өмнө нь Э.Намжилмаагийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Хяналтын шатны шүүхээс хүчингүй болгохдоо ".., хариуцагч нь ах надад энэ газрыг авч өгсөн гэж тайлбар өгчээ, гэрчээр Х.Баттулгыг асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй болжээ" гэж дүгнэсэн байдаг.

Ийм учраас нэхэмжлэгч Э.Намжилмаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөр Х.Баттулгыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон нь дараах нотлох баримтуудаар батлагдана. Нэхэмжлэгч Э.Намжилмаа нь нөхөр хүүхдээсээ эрс зөрж, тухайн хашаа байшин бүхий газрыг нөхрийнхөө дүүд өгөхгүйн тулд нэхэмжлэл гаргасан үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ерөөсөө тогтоогдоогүй болно. Анх газрыг хүү А.Дөлгөөнд авч өгсөн, Х.Тэгшчулууныг амьдруулж байх үед Б.Дөлгөөн газрыг өмчилж аваад гэр бүлийн хөрөнгөөр байшин барьсан гэдгийг бүрэн нотолсон.

Х.Баттулга нь 2015 онд зүрхний өвчний улмаас байнга өвдөж улмаар 2016 онд хүнд хагалгаанд орж, зүрхэндээ аппарат тавиулсан амь нас нь байнгын эрсдэлтэй байдаг. Шүүхэд гэрчээр дуудагдахаас өмнө "маргаж байгаа хашааны газрыг 2005 онд хүү Дөлгөөний нэр дээр авч улмаар өмчилсөн.өөрөө бүх мөнгийг гаргаж байшинг бариулсан, дүү Х.Тэгшчулуунд чи энд одоогоор амьдрах тул хашаа байшинг хариуцаад бариул гэж мөнгө өгсөн, 2015 онд өвдсөний дараа өөрийнхөө өмчийн хашаа байшинд амьдрах гэтэл дүү нь хөөж оруулаагүй тул арга буюу хашаа байшин газраа бусдын хууль бус өмчлөлөөс шаардах болсон тухай" тодорхой тайлбарыг бичиж нотариатаар батлуулан хэрэгт хавсаргасан.

Энэ цаг үеэс эхлэн эрх нь зөрчигдөж байгааг Э.Намжилмаа мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрвээ эвтэй найртай байсан бол нөхрийн маань дүү энд амьдарч байг гэж бодоод, дулаан цагт байшингийнхаа нэг хэсэгт агаарт гарч амьдрах маягаар амьдрал үргэлжлэх байсан. Гэрч Х.Баттулгын бичиж нотариатаар баталгаажуулан өгсөн баримт болон шүүхэд гэрчээр асуугдан өгсөн мэдүүлгээр:

- маргаж байгаа хашааны газрыг 2005 онд авахаар өргөдөл гаргаж, үнэлгээ хийлгэж байсан, хүү Дөлгөөний нэр дээр өмчлүүлэхээр авсан,

- энэ газрын зэргэлдээ газарт Х.Баттулга нь өөрийнхөө нэр дээр кадастрын зураг хийлгэж үүнийг дүү Х.Тэгшчулуунд "Чи энэ газрыг өөрийнхөө нэр дээр болгож аваарай" гэж хэлээд кадастрын зургийг өгсөн,

- Х.Тэгшчулуун нь маргаж байгаа 216 А тоотын зэргэлдээх буюу ахынхаа кадастр хийлгэж өгсөн газрыг 2014 онд өөрийнхөө нэр дээр эзэмших эрх авсан,

- Х.Баттулга маргаж байгаа 216 А тоотын газрыг Х.Тэгшчулуунд өгнө гэж хззээ ч амлаж байгаагүй, мөн энэ газрыг дүүдээ өг гэж ээж нь гуйж шаардаж байгаагүй гэдгийг гэрчээр мэдүүлж энэ үйл баримт нэг мөр тогтоогдсон,

- Хэрэгт нотлох баримтаар хавсаргасан Х.Баттулгын өөрийн гараар бичиж, тэмдэглэж байсан тэмдэглэлийн дэвтэр дээр хашаа байшинг хэзээнээс эхэлж, барьсан хэзээ дуусгасан, ямар ямар материал хэдэн төгрөгөөр авч байсан тухай тэмдэглэл нь тухайн хашаа байшинг Э.Намжилмаагийн гэр бүлийн хөрөнгөөр барьсан талаар нэг мөр нотолсон.

Гэрчээр асуугдсан 10 дугаар хорооны Засаг дарга асан Д.Дашдоржийн мэдүүлгийг шүүх хуулийн үндэслэлгүйгээр үнэлсэн. Маргаан бүхий газрыг 2006 онд зааж өгөх шаардлага ерөөсөө байгаагүй бөгөөд 2005 онд хашааны газрыг авахаар өргөдөл гаргаж, үнэлгээ хийлгэж байсан баримт хэрэгт авагдсан. Маргаан бүхий газрыг зааж өгөх эрх хэмжээ хорооны Засаг даргад байхгүй юм. Хорооны засаг даргад тухайн нутаг дэвсгэрт байгаа газрын кадастрын зураг ч байдаггүй. Иймд сул чөлөөтэй газарт хэн нэг хүн өмчилж аваад хашаа бариагүй ч гэсэн кадастрын зураг хийлгэсэн байхад түүнийг мэдэх боломж байхгүй юм. Газрын тухай хуулийн Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх гэсэн 16, 22 дугаар зүйлд Баг, хорооны Засаг дарга газрын харилцааны хувьд ямар бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлэх талаар заасан, эдгээр заалтанд иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргах, газар зааж өгөх эрх хэмжээ түүнд байхгүй байна.

Х.Баттулга манай дүү наана чинь хашаа барих гэж байна, туслаарай гэж утсаар хэлсэн байдаг болно. Учир нь хашаа барих үед хүмүүс саад болно туслаарай гэж хэлсэн. Мөн Б.Дөлгөөний нэртэй гэрчилгээний хуулбарыг Х.Тэгшчулуунд өгсөн ба үүнийг хариуцагчийн зүгээс хэрэгт хавсаргасан. Мөн Х.Тэгшчулуун нь шүүх хурал дээр "Би машинтай давхиж яваад энэ газрыг авья гэж өөрөө зааж өгсөн" гэж илт худал тайлбар гаргасан. 2006 онд хариуцагч Х.Тэгшчулууны зааж өгсөн газарт 2005 онд үнэлгээ хийлгэх боломжгүй юм. Тухайн хэрэгт гэрчээр асуугдсан Д.Лхамсүрэн, Т.Одбаяр нар нь ах Х.Баттулгын мөнгөө гаргаж хашаа байшинг бариулсан үйл баримтыг үгүйсгэхийн тулд ах нэг удаа ирсэн 15 ширхэг цувдай өгсөн нь, нөгөөгийнх нь мэдүүлгээр 15 ширхэг жижиглэн болоод хувирч байна. Мөн шүүхийн шийдвэрт нэр дурдагдсан гэрч нар Х.Тэгшчулуунаас сонссон дуулснаа ярихаас бус тухайн газрыг хэн авсан хэний хөрөнгөөр барьж байгаа, хэн мөнгөтэйг мэдэж гэрчлэх гэрчүүд бус юм.

Тухайн хашаа байшин 2007 оны зун 40 гаруй хоногт баригдсан бөгөөд хашаа барих, байшингийн суурь цутгахад эхний 10 хоногийн хугацаанд 3-7 хоног ажил хийгээд явсан гэх гэрчүүд Х.Баттулгыг нэг нэг удаа ирээд явсан гэж мэдүүлж байгаа тул 10 хоногт лавтай 8 удаа ирсэн болж байна. Мөн бүгд л ажлын хөлс авахгүй ажиллаж байсан гэж илт зохион байгуулалттай мэдүүлэг өгсөн. Гэрч Х.Баттулга мэдүүлэхдээ би ажлын хөлсөнд нийт 500 000 төгрөгийг Х.Тэгшчулуунд өгсөн гэж мэдүүлсэн ба энэ нь түүний 2007 онд хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтрээр давхар нотлогдож байна.

Шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, хэргийн үйл баримтаар хариуцагчийн эзэмшил хууль бус болохыг нотлоогүй тул нэхэмжлэгч нь шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь хууль бус болсон. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлсэн нь дараахи баримтуудаар нотлогдоно. Нэхэмжлэгч Э.Намжилмаагийн нэр дээр олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь тухайн газрыг хууль ёсоор өмчилж авсан талаар нотолж байна. Мөн энэ газар дээр гэр бүлийн хөрөнгөөр хашаа байшинг барьсан асуудлыг гэрч буюу түүний нөхөр Х.Баттулгын мэдүүлэг, тайлбар нотолсон. Хавтаст хэрэгт маргаж байгаа хоёр талаас модон материал банз, палк, байшингийн дам нурууны мод мэтийг авсан нэг нэг баримт л өгсөн. Харин бусад материалыг авсан ямар ч баримт хэрэгт байхгүй. Х.Баттулгын мэдүүлэг болон тэмдэглэлээр нийт 2,5 сая төгрөгөөр хашаа байшинг ямар ямар материалаар барьсан нь нотлогдож байгаа. Мөн Э.Намжилмаа нь байрандаа засвар хийсний дараа буулгасан цонх хаалгыг тухайн хашаа байшинд хэрэглэсэнг гэрчүүд болон хариуцагч нотолсон болно.

Хэргийн үйл баримтаар хариуцагчийн эзэмшил хууль бус болохыг хариуцагч өөрөө нотлосон. 2015 оны 7 дугаар сарыг хүртэл Х.Тэгшчулуун тухайн хашаа байшинд нэхэмжлэгч З.Намжилмаа болон түүний гэр бүлийн гишүүдийн зөвшөөрснөөр хууль ёсоор амьдарч байсан. Харин ахыгаа байшинд оруулахгүй хөөсөн өдрөөс эхлэн Э.Намжилмаа түүнд өөрийн өмчийн хашаа байшингаа суллахыг шаардаж, шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.Тэгшчулуун хөгшин настай ээжийнхээ гэрээслэл гэж өөрөө бичээд гарын үсэг дуурайлган зурсан, 86 настай хөгшний дуу дүрс бичлэгийг 2015 оны 7 дугаар сард хийсэн, Х.Баттулгыг байшинд орж хөрөнгийн талаар маргахад нууцаар бичлэг хийсэн, Шүүх хурал дээр Э.Намжилмаагийн урьд өмнө мэдээгүй байсан. Х.Баттулгын нууц амьдралын талаар ярьж нэхэмжлэгчид сэтгэл санааны дарамт үзүүлэн өөр эмэгтэйтэй 20 гаруй жил холбоотой байсан, дундаас нь төрсөн охин байгааг хэлсэн, Х.Баттулгыг ээжийгээ хүргэж өгөн Х.Тэгшчулууны гэрт очиход Та энэ хашааны газар, байшинг миний нэр дээр болгож өгөхгүй бол эхнэрт чинь нууц амьдралыг чинь хэлнэ гэж дарамталдаг байсан зэрэг үйлдэл нь маргаан бүхий хашаа байшинг өөрийн мэт харуулахыг зорьсон хууль бус ажиллагаа нотолж байна. 2006 онд Х.Баттулгын ээж нь "Дүү Тэгшчулуун чинь архи уугаад байна, хоёр хүүхэд нь бага балчир, Хөвсгөлд ганцаараа хэцүү байна, татаж аваач" гэж гуйсан тул хариуцагчийг 2006 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгаас нүүлгэж авчраад орох оронгүй тул ХААДС-ийн оюутны байранд 2007 оны 7 сарыг хүртэл амьдруулсан төдийгүй Х.Баттулга нь ажил эрхэлж цалин орлоготой байж, өөрөө эрүүл мэнд нь муудах хүртлээ эхнэрээсээ нууж Х.Тэгшчулууныг 2 хүүхэдтэй нь тэжээдэг байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн тогтоогдсон. Эдгээр нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг бүрэн нотолж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Э.Намжилмаа нь хариуцагч Х.Тэгшчулуунд холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс хашаа, байшинг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Э.Намжилмаа нь Хан-Уул дүүргийн 10 хороо, Нисэх 10 гудамж, 216а тоотод байрлах 700 м.кв газар болон тус газар дээр баригдсан 78.5 м.кв талбай бүхий хувийн хашаа байшингийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн өмчлөх эрхийн баримт бичгүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 3, 5 дугаар тал/

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно, 183.2 дах хэсэгт Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно, 183.3 дах хэсэгт Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

Маргаан бүхий газар, хашаа, байшингийн эзэмших, өмчлөх эрхийн бүртгэлийн талаар Х.Тэгшчулуун нь эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаагүй байна. Түүнчлэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ ...эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар тухайн этгээдийн өмчлөх эрх баталгаажна гэж заасан.

Гэрч Х.Баттулга шүүхэд гэрчээр асуугдахдаа өгсөн Хан-Уул дүүргийн 10 хороо, Нисэх 10 гудамж, 216а тоотод байрлах хашааны газрыг 2005 онд авахаар өргөдөл гаргаж, үнэлгээ хийлгэж байсан, 2006 онд хүү Дөлгөөний нэр дээр өмчлүүлэхээр авсан. Энэ газрын зэргэлдээ газарт өөрийнхөө нэр дээр кадастрын зураг хийлгэж үүнийг дүү Х.Тэгшчулуунд Чи энэ газрыг өөрийнхөө нэр дээр болгож аваарай" гэж хэлээд кадастрын зургийг өгсөн, Х.Тэгшчулуун нь маргаж байгаа 216 А тоотын зэргэлдээх буюу сүүлд хаягын өөрчлөлтөөр 216В тоот болсон, кадастр хийлгэж өгсөн газрыг 2014 онд өөрийнхөө нэр дээр эзэмших эрх авсан. Хүүгийн нэр дээрх газар дээр бид 2007 оны 06 сарын 18-ны өдөр байшин барих шавыг тавьж өөрсдийн хөрөнгөөр барьсан. Байшин барихад дүү Х.Тэгшчулуун таньдаг 2 хүн байгаа гэж уулзуулаад тусалъя гэсэн. Байшин барихад ажлын хөлс 200 000 000, дараагийн удаа 300 000 000 төгрөг нийт 500 000 000 төгрөгийг өгсөн. ... 216а тоотод газар, гэртээ болтлоо түр амьдар гэсэн. 2009 онд УИХ-ын гишүүнд хүсэлт тавьж 5 ханатай гэр авч өгсөн, ... өөрийн хөрөнгөөр барьсан хүүгийн минь нэр дээр байсан хашаа байшинг авахаар намайг янз бүрээр дарамталж өөр гэр бүлтэй байсанг хэлнэ гэж дарамт үзүүлж янз бүрээр хэлсэн ... гэх мэдүүлэг, /1хх-ийн 223-224, 2хх-ийн 74-75 дугаар тал/ хэрэгт нотлох баримтаар хавсаргасан Х.Баттулгын өөрийн гараар бичиж, тэмдэглэж байсан тэмдэглэлийн дэвтэрт 6 дугаар сарын 18-ны өдөр Даваа байшингийн шав тавив. Гэр-house /Нисэх/ Үүнд. ... гэх бичвэр /2хх-ийн 12 дугаар тал/ зэргээс үзэхэд хашаа байшинг хэзээнээс барьсан, зардал гаргасан гэх нөхцөл байдал болон тухайн хашаа байшинг Э.Намжилмаагийн гэр бүлийн хөрөнгөөр барьсан болох нь нотлогдсон. Иймд маргаж буй газар, хашаа байшин нэхэмжлэгч эзэмших үндэслэлтэй, өмчлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хариуцагчийн хувьд түүнийг эдгээр хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй этгээд гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Хэргийн 1 дүгээр хавтас 213-222, 225-228 дугаар талд авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Х.Тэгшчулуун дээрх эд хөрөнгийг барихад биечлэн оролцсон гэх нөхцөл байдлыг нотолж буй болохоос түүнд өмчлөх эрх үүссэн гэдгийг шууд нотлосон гэж үзэхэд учир дутагдалтай юм. Хариуцагч өөрийн хууль ёсны эзэмшил, өмчлөлийг нотолж чадаагүй гэж үзнэ. Харин тухайн эд хөрөнгөтэй холбоотой зардал гаргасан гэж үзсэн тохиолдолд түүнийгээ холбогдох өмчлөгчөөс шаардах эрх нь нээлттэй.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2 дах хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3 дах хэсэгт Энэ хуулийн 106.1, 106.2 дах хэсэгт заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд түүний нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01270 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 10 хороо, Нисэх 10 гудамж, 216а тоотод байрлах 000343169 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 700 м.кв газар болон тус газар дээр баригдсан 000434709 дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 78.5 м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагч Хүрэлийн Тэгшчулууны хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ