Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01875

 

Э.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01270 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1570 дугаар магадлалтай,

Э.Нгийн нэхэмжлэлтэй

Х.Тд холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс хашаа, байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Х.Ты гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагч Х.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Н түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Н нь Хан-Уул дүүргийн 10 хороо, Нисэх 10 гудамж, 216а тоотод орших 18631304374161 нэгж талбарын дугаартай Г-2206003976 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй 700 м.кв газар болон тус газар дээр баригдсан Ү-2206010523 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй 78.5 м.кв талбай бүхий хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм. Тус хашаа байшинд миний нөхөр Х.Баттулга нь 2006 оноос эхлэн өөрийн ээж, төрсөн дүү Х.Т нарыг амьдруулж байсан. Түр амьдруулах болсон нь дүү Х.Тыг өөрийн орон гэртэй болтлоо амьдарч бай гэж, өөрсдийн хашааны хажууд мөн газар авч хашаа барьж өгсөн. Түүнчлэн дүүргээс иж бүрэн 5 ханатай гэр тусламжийн шугамаар авахад тусалж гэртэй болгосон. Ингээд бид өөрсдийн хашаа байшингаа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч, нүүж хашаа байшинг суллаж өгөхгүй байсаар байна. 2009 оноос миний нөхөр Х.Баттулгын зүрх муудаж, эмчилгээнд явуулмаар байна, хашаа байшинг зармаар байна гэж хэлэн суллахыг гуйхад ч хөдөлж өгөөгүй. 2016 оны 12 дугаар сард нөхрийн маань бие бүр муудаж, 3 дугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 13 000 000 төгрөгийн хагалгаанд орсон. Иймд миний өмчлөлийн хашаа байшинг Х.Ты хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өсч өндийсөн цагаасаа хүний саванд амьдарч үзээгүй. Анх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-50-7 тоотод 2 гэр 3 байшинтай хашаанд амьдран суудаг байсан. Ах Баттулга 2000 онд манайх хот руу нүүх боллоо, та нар нялх хүүхдүүдтэй эмэгтэй хүмүүс хашаа байшинд хэцүү, манай байранд 1 өрөө байр зарагдаж гэж байна гэхэд хашаа байшингаа худалдаж тэр мөнгөөр байр авч орсон. Тэгээд удалгүй хот Мөрөнгийн хооронд явахад хол, зардал их гэж биднийг хот руу нүүж ир гэж шаардах болсон. Бид дургүйцэж 5, 6 жил болсон. Ээж минь хот Мөрөнгийн хооронд явж ахын 2 хүүг өгсөж өндийлгөсөн. Ахын гуйлтаар ээж, эгч, хүргэн ах, дүү, би 2 хүүхдийн хамт ирж барьсан хашаа байшиндаа амьдарсан. Үүнээс өмнө 2006 оны хавар ах Х.Баттулга Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч хийж байхдаа 10 дугаар хорооны засаг дарга н.Дашдоржтой ирж Нисэхийн архичид цугласан, хогондоо дарагдсан газрыг зааж өгсөн. Ингээд би дүү н.Лхамсүрэнтэй ирж талбайгаа цэвэрлэж байхад хүмүүс ирж ямар хүмүүс яах гэж байна гэж хэл ам их хийсэн. Би ахдаа үзүүлэх бичиггүй, ийм хэл амтай газар амьдрахгүй больё гэхэд ах та нар хөдөөний хаягтай шилжиж ирээгүй юм чинь түр н.Дөлгөөний нэр дээр бичиг авч байя гэсэн. Би бүх зүйлээ худалдаж ирсэн мөнгөөрөө хашаа, байшингаа барьж, жорлон ухаж, Хөвсгөлөөс хотод ээжтэйгээ амьдралаа босгосон. Бэр эгч Э.Нгийн ширхэг ч хөлс гишгэсэн мөр нь ч байхгүй. Энэ хүн бидний амьдралд орж ирсэн цагаас хойш бид хайр хүндэтгэл, эв нэгдэл арилсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01270 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ты хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж, 216а тоотод байрлах, хашаа, байшинг албадан чөлөөлүүлэхийг хүссэн Э.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1570 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01270 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 10 хороо, Нисэх 10 гудамж, 216а тоотод байрлах 000343169 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 700 м.кв газар болон тус газар дээр баригдсан 000434709 дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 78.5 м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагч Хүрэлийн Х.Ты хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Т хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Би ахынхаа хүсэлт шаардлагаар /миний ээж ахын 2 хүүхдийг хардаг байсан/ 2006 оны эхээр өөрийн гэсэн бүхнээ заран ээжийнхээ хамт Улаанбаатар хотод ирсэн. Бид анх энэ газрыг авахдаа хөдөөнөөс шилжиж ирээгүй тул ах Баттулгын хүү Б.Дөлгөөний нэр дээр /тэр үед 16 нас хүрсэн/ миний энэ газар байсан гэдэгтэй хэзээ ч маргаан үүсгээгүй, ах тэр үед та нар шилжүүлэггүй учраас ингэхээс өөр арга байхгүй гэж байсан. Харин Б.Дөлгөөний нэр дээр байсан газрыг 2015 онд бэр эгч Э.Н өөрийн нэр дээр ээжийн минь нас барахаас өмнөхөн болгож авсныг мэдээгүй бөгөөд тэр ч байтугай миний өөрийн болон ээжийнхээ Хөвсгөлд байхдаа зарж нүүж ирсэн, гэр орныхоо мөнгөөр барьсан байшинг минь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсныг мэдээгүй. Ийм бичиг баримт авснаа тухайн үед надад хэлээгүй, мэдээгүй. Гэтэл энэ хүн ийм бичиг баримт хийлгэж аваад ээжийг минь нас барсны дараа маргаан үүсгэж намайг орох оронгүй болгож байна. Энэ бичиг баримтыг яаж авсан талаар өөрийн нотлох баримтаа шүүхэд олон удаа тайлбарлаж байхад намайг сонссонгүй. Анх Б.Дөлгөөн өмчилж авсныг ахынхаас ирдэг шатаах цаасан дундаас мэдэж ээждээ хэлээд үүнээс хойш газрынхаа бичгийг нэхэж, шаардаж эхлэхэд за одоохон санаа зоволтгүй, та гол нь шилжээд ир шилжиж ирэхээр чинь нэр дээр чинь болгож өгнө гэдэг байсан. Улсын бүртгэлийн газар ийм хуурамч, хэн яаж авсан болохыг шалгуулахаар хүсэлт гаргахад Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс надад шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Энэ нь хэргийн материалд байгаа. Шүүхэд шалгуулах гэж байтал ээж минь бие муудаж. нас барж, мөн 49 хоногийг дуусгаж энэ талаар ярих гэтэл бүх юм. Э.Нгийн гарт орсон надад эрх мэдэл байхгүй би өөрийнхөө мөрийг л хөөе эгчтэйгээ учраа ол гээд байсан тул би хэсэг хүлээсэн. Ахыгаа бас шүүхэд өгөх нь эвгүй гэж бодож хүлээсэн. Гэтэл энэ маргаан үүссэн юм. Иймд энэ бичиг баримтыг Э.Н яаж авсанг тогтоолгүйгээр буруу ташаа бүртгэсэн бичиг баримттай байхад зөвхөн албан ёсны бичиг баримттай гэж давж заалдах шатны шүүх шийдсэн нь буруу гэж үзэж байна. Э.Н нь шүүхээр гадуур бол намайг байшингаа буулгаж ав гэж доромжилдог энэ нь өөрийн байшин биш гэдгийг сайн мэдэж байгаа бөгөөд хуурамчаар баримт үйлдэж, гэрчилгээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл юм. Би энэ амьдарч байгаа газраа дүү Б:Дөлгөөний нэр дээр гэж бодож явсан болохоос биш бэр эгч Э.Н өөрийн болгоод ийм бичиг баримт авсан гэж бодож байгаагүй. Бараг ээжийг минь нас барахтай зэрэгцүүлэн ийм ажиллагаа хийсэн байсан. 2. Миний ах Х.Баттулга нь эхнэртэйгээ нэгдмэл сонирхолтой байхад гэрчээр асууж, түүний мэдүүлгийг шүүх үндэслэж, түүний хэзээ бичсэн нь тодорхойгүй /би өөрөө хуурамч гэж бодож байгаа/ тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн цуваагаар түүнийг өөрийн гэр бүлийн хөрөнгөөр байшин барьсан гэж нотлох баримт гэж үнэлэн нотолсон нь хууль зөрчсөн дүгнэлт гэж бодож байна. Би энэ газар дээрээ хашаагаа барьж, байшингаа яаж барьсан талаарх бүх баримтаа өгсөн байхад шүүх үүнийг үнэлж дүгнэлгүй хууль зөрчсөн, би энэ байшингаа барихад ямар хөрөнгөөр яаж барьсанг хангалттай нотлох баримт надад байгаа. Ахын хувьд бага зэрэг туслалцаа үзүүлснийг би үгүйсгээгүй. Байрандаа засвар хийгээд хуучин хаалга, цонх, 35 ширхэг цувдай гэдсээр туслаж байсан. Би ах эгч нарыгаа байшингийнхаа нэг хэсэгт агаарт гарахыг хэзээ ч хориглож байгаагүй. 2015 онд ээжийг нас барснаас хойш ерөөсөө ирээгүй. Ээж эгч минь амьд сэрүүн байсан бол ийм маргаан хэзээ ч гарахгүй байсан бөгөөд энэ хөрөнгө минь ээж бид 2-ын болон бидний гэр орон хашаа байшингаа зарж боссон гэдгийг бүгд мэдэж байсан. Одоо энэ байшиндаа би өөрийн хүүхдийн хамт нас барсан эгчийнхээ охин хүүхдүүдийн нь хамт 8 уулаа амьдарч байхад яагаад төрсөн ах минь сэтгэл нь өвдөхгүй ийм муухай заль гаргаж байна бэ?. Намайг ганцаараа үлдэхэд ингэж байгаад маш их гомдолтой байна. Ах маань хувьдаа байртай, машинтай, компанитай. 2 хүүхэд нь гадаадад амьдардаг, миний хашаа байшинг зарж Австри улс явах зардал хийж бид 8-ыг гудманд гаргах гэж байгаад туйлын гомдолтой байна. 3. Ах Х.Баттулга нь 10-р хорооны засаг дарга Д.Дашдоржтой “Чулуу буйрнаасаа хөдлөхөд 3 жил байраа олдоггүй, манай дүү Тэгшээ 3 хан сар болохгүй тэвдэж үхэх гээд байх юмаа” гээд энэ газрыг зааж өгч байснаас биш өөр газар кадастр хийлгэж байгаагүй бөгөөд энэ талаар албан ёсоор шалгасан зүйл хэрэгт байхгүй байхад шүүх намайг өөр газартай мэтээр дүгнэж байна. Х.Баттулга нь анхан шатны шүүхэд намайг газартай эсэхийг шалгуулсны дараа газар хөөцөлдсөн тухай мэдээллийг ашиглан надад газар авч өгч байсан мэтээр давж заалдах шатны шүүхэд худлаа ярьж, шүүхийг залилан ярьж байна. 2006 онд авч өгсөн газрыг 2014 онд өөрийн нэр дээр болготол нь хүлээж байдаг тийм газрын алба, төрийн байгууллага байхгүй юм. Газрыг ашиглахгүй 2 жил болбол буцаан хурааж авдаг хуультай. Би өрх толгойлж олон жил амьдарч байгаа бөгөөд хүүхдүүд том болж өрх тусгаарлах шаардлага гарч эхэлсэн тул би газар авч, ур хүүхэд, дүү нартаа өгөх нь үүрэг болсон тул олон жил хотод амьдарч, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг болсон тул хууль ёсоор өргөдөл гаргаж өөрийн нэр дээр хөөцөлдөж охин Т.Дөлбаярт 2016 онд шилжүүлэн өгсөн нь үнэн юм. Би газрын тухай хуулинд заасны дагуу эзэмших эрхтэй бөгөөд ахын ямар ч оролцоогүй гэдгийн талаар шүүхээр шалгуулах хүсэлтэй байна. Ах Х.Баттулга нь надад ямар газар авч өгч кадастр хийлгүүлснийг өөрөөс нь асуун одоо тэр газрыг авах хүсэлтэй байна. 4. Надад гэр өгсөн гэж ах Х.Баттулга анх удаа шүүх дээр ярьсан, би анх удаа сонслоо. Тэгвэл 2000 онд надад гэр авч өгч орох оронтой болгосон юм бол тэр үеэс яагаад миний хашаа байшинг өөрийн хөрөнгө гэж ярьдаггүй байсан юм бэ. Энэ мэтчилэн маш их гүтгэж, ядарсан намайг их дээрэлхэж, шүүхийг хуурч залилж байна. 2012 оны 10-р сард Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав нь үүрэгт ажлаа хүлээлгээд өгсөн хойноо миний сонгуульт ажилд чин сэтгэлээсээ ажилласан гэж урамшуулан надад гэр өгч би гэр хийдэг үйлдвэрээс нь өөрөө машинаар очиж авсан энэ талаар шалгуулах хүсэлтэй байна. 5. Ээж минь энэ газрын өмчилж авсан талаар мэдээд ахад хэлэхэд санаа зоволтгүй, энэ та нарын хөрөнгө гэдэг утгаар олон удаа ярьж, бичлэг хийсэн байхад бичлэгийг ихээр нь давж заалдах шатны шүүх сонсож үнэлсэнгүй. Бичлэг сиди дээр бичиж хадгалсан мөн цаасан дээр буулгасан байгаа. Минии ээжийн гэрээслэл шахуу зүйлийг яагаад сонсож, анхаарч үзсэнгүй вэ? минийх байг гэхэд миний эцэг эхийн гал голомт хаана байна вэ?. Миний ээжийн гарын үсгийг хуурамч гээд намайг дуурайлган зурсан гэж гүтгэсэн, хуурамч гарын үсэг гээд намайг дуурайлгасан гэсэн шинжилгээний хариу хэзээ хаана гарсан болоод миний эсрэг дүгнэлт хийж байна вэ? гомдолтой, шалгуулах хүсэлтэй байна. 6. Бүртгэлийн үнэн зөв хэсгийг би захиргааны байгууллагад гомдол гаргаснаас гадна, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргахад Иргэний хэргийн шүүхийн асуудлаа дуусгасны дараа ханд гээд туслах нь хүлээн авахаас татгалзаж зөвлөсөн учраас би гэрээ гэрчилгээнүүдийг хууль бусаар авсан асуудлыг шалгуулах асуудлаа хүлээж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн гэрээ гэрчилгээг авахад байшингийн зураг авдаг гэж мэдэх бөгөөд байшингийн зургийг Э.Н нууцаар авсан гэж бодож байна. Тэрнээс биш манайд ирээд зураг авч байсныг би мэдсэн бол ямар зүйлд ашиглах гэж байгааг би асууж тодруулах байсан болно. Иймд дүү Б:Дөлгөөний нэр дээр байсан газрыг 2006 оноос хойш эзэмшиж, эзэмшлийн газар дээрээ өөрийн гэр орноо ээжийн хамт босгон эцэг эхийн гал голомтыг үргэлжлүүлэн амьдарч, 12 жил болсон байгаа асуудлыг үнэлэн дүгнэж, Э.Нгийн нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Би Э.Нгийн нэр дээр байгаа гэрээ гэрчилгээнүүдийг хуурамч материал бүрдүүлэн авсан болохыг Захиргааны хэргийн шүүхээр тогтоолгох болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Х.Тд холбогдуулан хууль бус эзэмшлээс хашаа, байшинг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх хариуцагч Х.Т маргаж буй газрыг цэвэрлэж, хашаа байшингаа өөрийн хөрөнгөөр барьсан гэж дүгнэхдээ гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэлтэй дүгнэж чадаагүйгээс гадна өмчлөх эрхийг тогтоосон баримтуудыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэнгүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн шаардлагыг хангасан байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заажээ.

Э.Н нь Хан-Уул дүүргийн 10 хороо, Нисэх 10 гудамж, 216а тоотод байрлах 700 м.кв газар болон тус газар дээр баригдсан 78.5 м.кв талбай бүхий байшингийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх- 3, 5 дугаар тал/

Маргааны зүйл болох хашаа, байшингийн өмчлөгч нь Э.Н тул өөрийн өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч  Х.Т нь Э.Нгийн нөхөр, төрсөн ах А.Баттулгын зааж өгснөөр хог шороонд дарагдсан газрыг цэвэрлэж, хашаа, байшинг өөрийн хөрөнгөөр барьсан, хөдөөний хаягтай байсан тул газрын эзэмших эрхийг ахын хүүхэд Б.Дөлгөөний нэр дээр авсан байтал Э.Н нь өөрийн нэр дээр бүртгүүлээд  нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Х.Баттулга шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...216А тоот газрыг 2006 онд хүү Дөлгөөний нэр дээр өмчлүүлэхээр авсан. Энэ газрын зэргэлдээ газарт өөрийнхөө нэр дээр кадастрын зураг хийлгэж үүнийг дүү Х.Тд өгч, Х.Т нь 216В тоот газрыг 2014 онд өөрийнхөө нэр дээр эзэмших эрх авсан. Хүүгийн нэр дээрх газар дээр бид 2007 оны 06 сарын 18-ны өдөр байшин барих шавыг тавьж өөрсдийн хөрөнгөөр барьсан. Байшин барихад дүү Х.Т таньдаг 2 хүн байгаа гэж уулзуулаад тусалъя гэсэн. Байшин барихад ажлын хөлс нийт 500 000 000 төгрөгийг өгсөн. ... Х.Тыг газар, гэртээ болтлоо энэ байранд түр амьдар гээд оруулсан. 2009 онд УИХ-ын гишүүнд хүсэлт тавьж 5 ханатай гэр авч өгсөн, ...өөрийн хөрөнгөөр барьсан хүүгийн минь нэр дээр байсан хашаа байшинг авахаар намайг янз бүрээр дарамталж байна... гэсэн, /1хх-ийн 223-224, 2хх-ийн 74-75 дугаар тал/, уг газрыг 2008 онд нэхэмжлэгчийн хүү Б.Дөлгөөн өмчилж авсан баримт, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б.Дөлгөөн нь өмчлөх эрхээ эх Э.Нд шилжүүлсэн баримтаар хариуцагчийн татгалзал үндэслэл муутай болох нь тогтоогдсон, хариуцагчийг өмчлөгч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч Х.Т нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хашаа, байшинг эзэмшиж байгаа ба уг эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо баримтаар нотолж чадаагүй, ах Х.Баттулгатай харилцан тохирсон, хэлцэл хийсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байв.

Харин хариуцагчийн зүгээс хашаа, байшинг барихад хөрөнгө оруулсан гэж үзвэл оруулсан хөрөнгөө буцаан шаардахад энэ шийдвэр саад болохгүй юм.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж, хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байх тул магадлалыг хэвээр үлдээнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1570 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА