Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1270

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 5 сарын 22 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01270                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 хороо, 44 байр, 67 тоотод оршин суух, Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 10 хороо, Нисэхийн 10 гудамж, 216А тоотод оршин суух, Тд холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс хашаа, байшинг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагч Х.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүргийн 10 хороо, Нисэх 10 гудамж, 216а тоотод орших 18631304374161 нэгж талбарын дугаартай Г-2206003976 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй 700 м2 газар болон тус газар дээр баригдсан Ү-2206010523 үл хөплөх хөрөнгийн бүртгэлтэй 78,5 м2 талбай бүхий хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм. Тус хашаа байшинд миний нөхөр Х.Б нь 2006 оноос эхлэн өөрийн ээж, төрсөн дүү Х.Т нарыг амьдруулж байсан. Ийн түр амьдруулах болсон нь дүү Х.Тыг өөрийн орон гэртэй болтлоо амьдарч бай гээд, өөрсдийн хашааны хажууд мөн газар авч хашаа барьж өгсөн. Түүнчлэн дүүргээс иж бүрэн 5 ханатай гэр тусламжийн шугамаар авахад тусалж гэртэй болгож өгсөн. Ингээд бид өөрсдийн хашаа байшингаа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч, нүүж хашаа байшинг суллаж өгөхгүй байсаар байна. 2009 оноос миний нөхөр Баттулгын зүрх муудаж, эмчилгээнд явуулмаар байна, хашаа байшинг зармаар байна гэж хэлэн суллаж өгөхийг гуйхад ч хөдөлж өгөөгүй. 2016 оны 12 сард нөхрийн маань бие бүр муудаж, 3 дугаар эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж, 2017 оны 1 сарын 17-нд 13 сая төгрөгийн хагалгаанд орсон. Иймд миний өмчлөлийн хашаа байшинг Х.Ты хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 онд Хан-Уул дүүргийн 10 хороо, Нисэхийн 10 гудамж 216А тоот газрыг Х.Б өөрийнхөө хүү Б.Дөлгөөний нэр дээр хөөцөлдөж авсан. Энэ газрыг авахаас өмнө 2005 онд газрыг баталгаажуулж айл амьдарч хашаа байшин барьж болох юм байна гэж дүгнэлт гаргасны үндсэн дээр газрын гэрчилгээ гарсан. 2006 оны 6 сарын 18-ны өдөр тухайн газарт байшингийн шав тавьж байшин барих бүх хугацаанд өөрийн хөрөнгийг өдөр тутам гаргаж бариулсан. Харин дүүгээ чи амьдрах юм чинь хяналт тавиад хашаа байшинг бариул, надад бариулах зав чөлөө байхгүй гэж Х.Т хашаа байшин барьж байхад бүх л хөрөнгийг гаргаж өгснийг зөв зарцуулж хашаа байшинг барьж дуусгасан. Хашаа байшинг Х.Т ашиглаж эзэмшиж байгаа боловч 2015 оноос Х.Баттулгын бие муудаж агаар салхинд гаръя миний хашаа байшинг суллаж өгөөч гэхэд Х.Т суллаж өгөхгүй харин ч Х.Баттулгыг дарамталж айлган сүрдүүлж, янз бүрийн бичлэг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Ийм учраас 2017 оны 6 сарын 23-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаан дээр Э.Н өөрөө төлөөлөгчөөр дамжуулж оролцсон ч чамаас болж миний ах надаас хашаа байшин суллуулж авах гэж байна, гэр бүл хүүхэдтэй чи үймүүлж байна гэж гэр бүлийн хооронд хүнд нөхцөл байдал үүсгэсэн. Иргэний хуульд зааснаар хууль ёсны өмчлөгч өөрийнхөө хөрөнгийг хууль бус эзэмшигчээс шаардаж авах эрхтэй. Хашаа байшинтай болтлоо амьдарч бай гэж тухайн үед ярьсан зүйл байгаад амьдарч байсан ч 2015 оноос эхлээд миний хүүхдийн газрыг чөлөөл, байшиндаа ирмээр байна гэж шаардаж бүтэн 2 жилийн нүүр үзсэн, ах нь бие муудаад агаарт гарахгүй бол болохгүй нь зүрхэндээ аппарат суулгачихлаа гэхэд Х.Т миний өмч гэж байшинд оруулах боломжоор хангаагүйгээс аргаа бараад хашаа байшинг Х.Ты эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Олгосон зөвшөөрлийг болиод өөрсдөө байя гэхээр суллаж өгөөгүй учраас хууль бус эзэмшигч гэж үзэж байна. Б.Дөлгөөн гадаадад сурч байгаа, Х.Б аппараттай байнга амь нас эрсдэлтэй байдалд амьдарч байгаа учраас миний нэр дээр гар утаснаас өөр ямар ч эд хөрөнгө байх шаардлагагүй. Өнгөрчихвөл нотариатын зардлаас авахуулаад нэр шилжихэд мөнгө ордог гэж үзээд Б.Дөлгөөн нь Э.Нгийн нэр дээр шилжүүлсэн. Э.Нг хариуцагч байнга гүтгэж үймүүлсэн, манай ахыг надад дургүй болгож байна гэж ярьдаг. Гэтэл Э.Н, Х.Б нар хамт амьдраад 30 жил болж, дундаасаа 2 хүүхэдтэй, хүүхдүүд нь зөв хүмүүжилтэй, сургуульд сурч байгаа. Э.Н ямар нэг байдлаар Х.Тыг хөөж гаргах гэж хашаа байшингийн талаар нэхэмжлэл гаргаагүй. Маргаж байгаа хашаа байшингаас гадна агаарт гараад амьдарчих зуслангийн хашаа байшин байхгүйг баталсан баримт бичгийг шүүхэд өнөөдөр гаргаж өгсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагч удаа дараа намайг Хөвсгөлөөс авчирсан гэж ярьдаг. Хөвсгөлд 2 хашаа байшин байсан. 1 нь Х.Баттулгын өмчлөлийн улсаас авсан 2 өрөө байр, нөгөө нь ээждээ авч өгсөн байр байсан. Анх 460.000 төгрөгөөр ээжийнхээ хашаа байшинг зарсан. Энэ хашаа байшинд Х.Б 80.000 төгрөгөөр өөрийнх нь барьсан хашаа байшин байсан. Өөрөөр хэлбэл 460.000 төгрөг дотор Х.Баттулагын 24%-ийн өмчлөл байсан. Хөвсгөлд Х.Ты хөрөнгө байгаагүй. Хөрөнгө бий болгох ажил хөдөлмөр ч эрхлээгүй. 1989 оноос хойш группэд байснаас харахад орлогогүй байсан нь батлагдаж байна. Хашаа байшингаа 460.000 төгрөгөөр зараад 430.000 төгрөг үлдсэн байхад ах нь 30.000 төгрөг нэмж өгөөд нэг байр авахуулсан. Ээж нь байрыг миний нэр дээр болгож хэрэггүй, Х.Т архи уугаад байгаа учраас чиний нэр дээр байж байг гээд Х.Баттулгын нэр дээр өмчлөл байсан. Хэрвээ хуваагдах бол 2 хүний нэр дээр хуваагдах ёстой. Х.Б та нар өөрсдөө зарцуул гэсэн. 2.500.000 төгрөгөөс  1 ч төгрөг хашаа байшинд ороогүй. Байшин барьж эхлэх үед ээж Х.Т нөгөө мөнгийг хүнд зээлүүлээд алдсан, чиний хувь 500.000 төгрөгийг хадгалж байсан, үүнийг авах уу гэхээр нь хэрэггүй хашаа байшиндаа оруулъя гээд Хөвсгөлийн хашаа байшингийн мөнгөнөөс 500.000 төгрөг хашаа байшинд орсон. Б.Дөлгөөний нэр дээр 2006 оноос хойш авсан газрыг хэзээ ч Э.Н, Х.Баттулгын зүгээс таны нэр дээр болгоно гэж хэлж байгаагүй. Учир нь Х.Б Х.Тэшчулуунд тухайн үед өөрийнхөө нэр дээр газар баталгаажуулж өгч байсан газрын гэрчилгээ хэрэгт байгаа. Х.Т энэ газрыг хөөцөлдөж байгаад 216Б-г Х.Баттулга өөрийн нэр дээрээ болгож байсан боловч дараа нь 216В газрыг Х.Т авсан талаарх баримт шүүхэд ирсэн. Энэ  газрыг авахын тулд Х.Т 2011 оноос хойш өргөдөл гомдол, хүсэлт гаргаад явж байсан учраас газрын албанаас ирсэн хувийн хэрэг дотор Х.Т энэ газар ахын хүүхдийнх учраас би ямар нэгэн байдлаар газартай болохгүй бол гээд 2011 оноос хойш баримт бүрдүүлж өргөдлөө бичсээр байгаад 2014 онд захирамж гарсан, хүчин төгөлдөр захирамж байна. Х.Т гэр оронгүй гэж хэн нэгэн хүн газар бэлдэж өгөх үүрэггүй. Хэрэгт Х.Т би авсан банзны баримт, Х.Б банз худалдаж авч байсан хүнээс авсан баримт дээр хэн ямар хөрөнгө гаргаж өгсөн баримт байгаа. Банзны баримтыг тухайн үед Х.Б хадгалуулж байсан. Тухайн байшинд цонх, хаалга, дээврийн шипер орсон. Шиперийн 280.000 төгрөгөөр авсан талаар Х.Б өөрийнх нь 2006 онд хөтөлж байсан баримт дээр бичээстэй байгаа. Энэ баримт дээр Х.Б хөрөнгөө гаргаад өдөр тутам данс хөтөлж байсан гэдийг баталж байгаа учраас энэ хөрөнгө Х.Б, Б.Дөлгөөн, Э.Н нарын хөрөнгөөр баригдсан учраас өмчлөлийн газар болон хашаа байшин газрыг чөлөөлүүлнэ гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Өсч өндийсөн цагаасаа хүний саванд амьдарч үзээгүй би анх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-50-7 тоотод 2 гэр 3 байшинтай хашаанд амьдран суудаг байсан. Ах Б 2000 онд манайх хот руу нүүх боллоо, та нар нялх хүүхдүүдтэй эмэгтэй улсууд хашаа байшинд хэцүү, манай байранд 1 өрөө байр зарагдаж гэж байна гэж хашаа байшинг заруулж тэр мөнгөөр байр аваад орсон. Тэгээд удалгүй хот Мөрөнгийн хооронд явахад хол, зардал их гэж биднийг хот руу нүүж ир гэж шаардах болсон. Бид дургүйцэн 5, 6 жил болсон. Ээж минь хот Мөрөнгийн хооронд явж ахын 2 хүүг өгсөж өндийлгөсөн. Ингээд ахын гуйлтаар ээж, эгч, хүргэн ах, дүү, би 2 хүүхдийн хамт ирж барьсан хашаа байшиндаа амьдарсан. Үүнээс өмнө 2006 оны хавар ах Б Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч хийж байхдаа 10 хорооны засаг дарга Дашдоржтой ирж Нисэхийн архичид цугласан, хогондоо дарагдсан газрыг зааж өгсөн. Ингээд би дүү Лхамсүрэнтэй ирж талбайгаа цэвэрлэж байхад хүмүүс ирж юун хүмүүс яах гэж байна гэж хэл ам их хийсэн. Би ахдаа үзүүлэх бичиггүй, ийм хэл амтай газар амьдрахгүй больё гэхэд ах “та нар хөдөөний хаягтай шилжиж ирээгүй юм чинь түр Дөлгөөний нэр дээр бичиг авч байя” гэсэн. Би бүх юмаа зарж ирсэн мөнгөөрөө хашаагаа барьж, байшингаа барьж 00-оо ухаж, Хөвсгөлөөс хотод ээжтэйгээ амьдралаа босгосон. Бэр эгч Нгийн ширхэг ч хөлс гишгэсэн мөр нь ч байхгүй. Энэ хүн бидний амьдралд орж ирсэн цагаас хойш бид хайр хүндэтгэл, эв нэгдэл арилсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгч нараас шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н эгч миний амьдрал үүсч ирсэн талаар мэдэж байгаа, хотод ирснээс хойш хайртай бүх хүмүүсээ алдсан, Х.Баттулга ах бид 2 үлдсэн. 1983 онд анх орж ирээд сонин болсон. Эд хөрөнгийн хувьд өнөөдөр өмссөн хувцас хүртэл ахынх учраас ахыгаа маш их хүндэлж, ахынхаа үгнээс гардаггүй ахдаа итгэж ирсэн. Гэтэл өнөөдөр намайг гудамжинд гаргах гэж байна. Миний ард 8 хүн байна. Энэ миний өмч, миний ариун цагаан хөдөлмөр, эцэг эхийн гал голомт, миний ээж аавын 40 гаруй жилийн амьдралын хувь заяа үүсэл хөгжил байгаа. Би үүнийг хадгалж цаашид авч явах үүрэгтэй учраас Э.Нд луйвардуулж гэр орноо өгөхгүй. Миний ард шударга үнэн байгаа. Нэхэмжлэгч юу ч зохиож хэлж болно. Ах газар зааж энэ бол чинийх гэж хэлээд та нарын бичиг баримт шилжиж ирээгүй. Гэхдээ ах нь хүрээд ирэхээр нь нэр дээр чинь болгож өгнө гэсэн. 2013 оны 11 дүгээр сард шилжиж ирсэн. Бид нар шилжээд ирлээ одоо бичиг баримтаа авъя гэхэд за болно гэж хэлээд яваад байсан, сүүлдээ 11 сард баталгаажуулж өгье гэж хэлсэн. Бид нар ахдаа итгэсээр өнөөдөр шүүхийн өмнө итгэх итгэл минь алдарч байна. Хашаа байшинд Х.Б ах хуучин юмнуудаа өгсөн. Зөвхөн 8 хүний хувь заяа амьдралаар тоглочихоод Австрали явж амьдрах зардлаа хийх гэж байна. Газрын хувьд МАХН гэж байхад ах бид нарыг салхинд гаргаад газар дээр хадаг зүүгээд явсан. Манай ах газраар элбэг байсан. Тэрбиш ахын хүүхдэд 10 сая төгрөгөөр газар худалдсан, Сэлэнгэ ахад газар худалдсан. Энэ бүх бизнес байгаа боловч надад зааж өгсөн газар дээр миний амь амьдрал явж байгаа. Би өсөж өндийсөн цагаасаа хойш ах эгчийгээ хүндэлж ирсэн. Үлдсэн ганц ахыг минь надаас салгаад авчихсан. Би Хөвсгөлд байхдаа сайн хашаа байшинтай байсан. Ах зар гэхээр нь үгэнд орж зарсан. 2000 онд хот руу ах шилжиж ирээд “ахын дүү хот руу ирэхгүй бол болохгүй, ээж ч нас өндөр болж байна, хх нь газар авсан” гэж хэлсэнд би ахдаа итгэсэн. Цаана нь маш их шахалт байгаа, газар байшин ч нэхэмжлэгч талд хамаагүй, Би итгэж ирсэн. Намайг ажилгүй гэж яриад байдаг. Би Хөвсгөл аймагт худалдагч 10 жил хийсэн, Билгүүн хувиараа аж ахуй гэдэг нь ахын бага хүүгийн нэр дээр ахын үүсгэн байгуулсан компани. Би зүгээр байдаг хүн биш бүтээлч, хүнд тусархаг чин шударга хүн. Хүн чанар байх ёстой. Ах маань мөс чанаргүй хүн байж, би хайрлаж итгээд алдааг нь хардаггүй байсан байна. Би чин сэтгэл шударгаар өөрөө барьчихаад байраа алдах гэж байгаадаа харамсаж байна, хүний амьдрал үрэгдэж байна, би хохирч байна. Дээвэр туурга гэх мэтчилэн хүний ах учраас туслалгүй яах вэ. Би хойноос байнга машины мотор оруулж, машинаар ачиж ирнэ, баглаа боодол тушаагаад маш их мөнгө гаргаж байсан, ашиг болгоныг ахдаа өгч ах эгчийгээ дээшээ гаргаж суганд нь би амьдарна гэсэн бодолтой явсан. Итгэлээ би бэр эгчээрээ тоглуулж байгаадаа харамсаж байна, ах минь ухаарах байх. Х.Б гэрчийн мэдүүлэг өгөхдөө хөдөөнөөс ирсэн хүнд хотын шилжүүлэггүй хүнд газар өгдөггүй учраас хүүгийн нэр дээр болгосон гэж ярьсан. Гэтэл Монгол улсын иргэн газар өмчлөх тухай хуульд Монгол улсын насанд хүрсэн иргэн бүрд газар өмчлүүлэх хууль байдаг. Тухайн хуулиар Хөвсгөлийн харьяат бол хотод газар эзэмшиж болно, хотын харьяат бол Хөвсгөлд газар өмчилж болно ялгаа зааг хийгээгүй. Хүнд албан тушаал, эрх мэдэл танил тал байхад бүтэхгүй ажил гэж байхгүй. Анх Хан-Уул дүүргийн 10 хорооны Засаг дарга дээр очоод энэ газрыг эзэмш талбайг нь цэвэрлэж аваад танайх гэж өгсөн, Х.Т Хөвсгөлд байсан эд хөрөнгөө борлуулаад, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хотод хашаа байшин барьсан. Байшин барихад ах нь гэр орондоо засвар хийгээд гарсан хаалга, цонх өгсөн нь үнэн. Түүнээс өөрийнхөө хөрөнгөөр банзыг худалдаж аваагүй. Хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс газар өмчлөх гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгснөөрөө бардам байгаа. Х.Б Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч байсан учраас газар зааж өгч, Б.Дөлгөөний нэр дээр газар өмчлөх гэрчилгээ авсан. Хүү нь эхдээ бэлэглэж болно. Яагаад Х.Б өөрийн нэр дээр өмчилж авдаггүй, Э.Н нэр дээр өмчилж авч байгаа юм бэ. Өрхийн тэргүүний нэр дээр бүх зүйл явдаг. Эхийгээ амьд сэрүүн байхад нь яагаад нэр дээр нь шилжүүлж өгөөгүй юм бэ. Нэхэмжлэгчийн өгсөн гэрчилгээгээр нэхэмжлэл хангагдахаар байгаа ч хэрэгт цугларсан баримт, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчээс өгсөн банзыг Баянхонгор аймгаас авсан гэсэн хуурамч баримт байдаг. Тухайн үед банз авсан Х.Ты гаргаж өгсөн баримт шарласан байдаг. Хэргийг үзэхэд хэний талд нотлох баримт давуу байгааг үндэслэж шүүхийн шийдвэр гаргах байх, 2 гэрчилгээг үндэслэж шүүхийн шийдвэр гаргахгүй байх гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Х.Тд холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс хашаа байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ хашаа байшинд Х.Тд өөрийн газартай болтлоо амьдруулсан, тэр одоо газартай болсон тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь Х.Б ах энэ газрыг зааж энэ бол чинийх, та нарын бичиг баримт шилжиж ирээгүй, ах нь хүрээд ирэхээр нь нэр дээр чинь болгож өгнө гээд өөрийн хүү Б.Дөлгөөний нэр дээр газрыг авсан, хашаа, байшинг өөрийн хөдөлмөрөөр барьсан тул миний өмч гэж маргалаа.

 

Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж, 216 а тоотод байрлах 700 м2 талбай бүхий газар, 78.5 м2 талбайтай сууцны өмчлөгчөөр 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн Б.Дөлгөөн нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өөрийн төрсөн эх Э.Нд өмчлөх эрхээ шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.Нд ийнхүү маргааны зүйл болох газар, хувийн сууцны өмчлөх эрх шилжсэнээр Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 101 дүгээр зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар уг эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан ба шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх 2 нөхцлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

 

Х.Б нь 2006 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч даргаар ажиллаж байхдаа 10 дугаар хорооны засаг дарга Д.Дашдорж руу утасдаж “өөрийн дүү Х.Тыг хөдөөнөөс авчирсан,  тус хороонд амьдруулах ёстой тул газар зааж өг” гэж хэлснээр маргаан бүхий газрыг зааж өгсөн болох нь гэрч Х.Б, Д.Дашдорж нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Тухайн хогондоо дарагдсан, зааж өгсөн газрыг хариуцагч нь цэвэрлэж, 2007 онд хашаа байшинг барьсан болох нь гэрч Д.Лхамсүрэн, Т.Энхбаяр,М.Мөнхсайхан, Т.Одбаяр, П.Одбаяр, Э.Хорвоолайдал, Л.Эрдэнэхуяг, Д.Дашдорж нарын мэдүүлгүүдээр тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримтаар хариуцагчийг өөрийн газартай болтлоо амьдруулсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу хариуцагч газартай болсон тул түүний эзэмшил хууль бус гэж шаардаж байгаа нь үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эхийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж, 216 а тоот хаягт Хөвсгөл аймгаас шилжүүлэг хийлгэсэн, тухайн хаягт 2007 оноос оршин сууж байсан байгаагаар түүний хотод оршин суух бүртгэлгүй байсан тул төрсөн ах Х.Баттулгын хүү Б.Дөлгөөний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан гэх татгалзал нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу хэргийн үйл баримтаар хариуцагчийн эзэмшил нь хууль болохыг баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэлгүй гэж дүгнэн, Э.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

 

Хариуцагч маргаан бүхий хувийн сууцыг өөрсдийн хөрөнгөөр барьсан гэдгийг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлэх шаардлагагүй гэж үзэв. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн ба хариуцагчаас өмчлөлийн талаар маргаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

Х.Тэшчулуун нь  эрх бүхий байгууллагад нь хүсэлт гаргаснаар 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж, 216в тоотод байрлах 700 м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 000492509 дугаар гэрчилгээ олгогдсон байх бөгөөд энэ нь түүнийг 216а тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгааг нотлохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ты хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж, 216 а тоотод байрлах, хашаа, байшинг албадан чөлөөлүүлэхийг хүссэн Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ