Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01022

 

 

 

 

 

 

2017 04 26

1022

 
 

 

 

П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00260 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Очирчуулганд холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 38 680 186 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, хохиролд 45 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Давааням

Хариуцагч: Т.Очирчуулган

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Очирчуулганаас 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Панорама зочид буудлын 2 давхрын Цаст богдын оргил ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхтэй баарны тоног төхөөрөмж холбогдох зүйлсийг 23 500 000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээг бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ гэж хийсэн боловч агуулгын хувьд худалдах, худалдан авах гэрээ юм. Гэрээний дагуу 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг, 2, 3-р сард 5 000 000 төгрөгийн урьдчилгаа, баарны дотоод засалд 15 000 000 төгрөг зарцуулсан, эрх шилжүүлэхэд 16 000 000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. Тус бааранд байсан эд хогшлуудыг Т.Очирчуулган нь миний эзэмшлийн хөрөнгө гэж худалдсан, гэтэл бусдын өмч байсан. Эд хөрөнгийг хүмүүс нь салган авснаар баарыг ажиллуулахад хэцүү болсон. Энэ талаар Т.Очирчуулганд хэлж, өгсөн авснаа харилцан буцааж өгье гэхээр би байраа зараад өгнө гэдэг. Одоо манай мөнгөөр тохижуулсан бааранд өөрөө үйл ажиллагаагаа явуулж байгаа. П.Дэлгэрмөрөнд Цаст богдын оргил ХХК-ийн тамга гэрчилгээнээс өөр зүйл байхгүй. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Т.Очирчуулганаас 38 680 186 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Очирчуулган шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа нь ойлгомжгүй. Цаст богдын оргил ХХК-ийн эрхийг 23 500 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийсэн. П.Дэлгэрмөрөн нь 2014 оны 2 дугаар сард баарыг авчихаад 12 дугаар сард нь ажиллуулахгүй орхиод явсан. Түрээс болон хэрэглэсэн гэрэл цахилгааны мөнгө, урсгал зардлуудыг төлөөгүй байсан. Панорама зочид буудлын захирлын хүсэлтээр баарыг үргэлжлүүлэн ажиллуулж, П.Дэлгэрмөрөнгийн төлөөгүй орхисон урсгал зардлыг төлсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Очирчуулгантай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 38 680 186 төгрөг гаргуулахыг хүссэн П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар П.Дэлгэрмөрөнд холбогдох 45 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч Т.Очирчуулган татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Т.Очирчуулган нь худалдах худалдан авах гэрээ байгуулж 23 500 000 төгрөг хүлээн авсанд, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэнд маргаагүй. Мөн худалдсан гэх Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Панарома зочид буудлын 2 дугаар давхарт байрлах баарыг одоог хүртэл өөрөө ажиллуулж байгаа.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт юм. Тийм учраас гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүснэ. Нэхэмжлэгчийн хувьд худалдах худалдан авах гэрээнээс татгалзан, өгч авалцсан зүйлээ харилцан буцааж өгөх тухай хариуцагчаас шаардаж байсан ба уг шаардлагыг хариуцагч хүлээн авсан боловч биелүүлээгүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн нь хариуцагч Т.Очирчуулганд холбогдуулан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 38 680 186 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

П.Дэлгэрмөрөн нь 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээгээр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Панорама зочид буудлын 2 дугаар давхарт байрлах баарны тоног төхөөрөмж, эд зүйл, үйл ажиллагаа явуулах компанийн эрхийг Т.Очирчуулганаас 23 500 000 төгрөгөөр худалдан авсан нь зохигчдын тайлбар, гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийнг 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал нь учирсан хохирлоо шаардах, гэрээг цуцлах эрхтэй боловч доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн төлбөр, хохирлыг гаргуулна гэж шаардсан нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваанямын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ш.ОЮУНХАНД