Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/00260

 

2017 оны 01 сарын 18 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00260                               

                               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороолол, 67б байрны 13 тоотод оршин суух, регистр ЧГ82013011, Элстэй овогтой Пүрэвийн Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, Алтай хотхоны 27-р байрны 135 тоотод оршин суух, регистр ОЕ75092616, Элжгэн овогтой Төмөрбаатарын Очирчуулганд холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 38 680 186 төгрөг гаргуулахыг хүссэн, олох байсан орлого 45 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Т.Очирчуулганы сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, хариуцагч Т.Очирчуулган, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэхүү /үнэмлэх 2130/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.Дэлгэрмөрөн нь  Т.Очирчуулганаас 2015 оны 04-р сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах “Панорама” зочид буудлын 2 давхарт байрлах “Цаст богдын оргил” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрх болон тус баарны тоног төхөөрөмж холбогдох зүйлсийг харилцан тохиролцож 23 500 000 төрөгөөр худалдан авсан. Гэрээг бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ гэж хийсэн боловч агуулгын хувьд худалдах, худалдан авах гэрээ юм. 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг, 2, 3-р сард  5 000 000 төгрөгийн урьдчилгаа, баарны дотоод засалд 15 000 000 төгрөг, эрх шилжүүлэх гэрээний 16 000 000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. Иргэний хуулийн 243-р зүйлд зааснаар бол худалдагч биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэхийг заасан байдаг. Тус бааранд байсан, эд хогшлуудыг Т.Очирчуулган нь миний эзэмшлийн хөрөнгө хэмээн худалдсан. Гэтэл үйл ажиллагаагаа явуулж эхэлтэл баарны эд хөрөнгө бусад хүмүүсийн өмчлөлийнх байсан. Эд хөрөнгийг хүмүүс нь салган авснаар уг баарыг ажилуулахад хэцүү болсон. Энэ талаар Т.Очирчуулганд хэлж өгсөн авснаа харилцан буцааж өгье гэхээр би “байраа зараад өгнө” гэдэг. Одоо манай мөнгөөр тохижуулсан бааранд өөрөө үйл ажиллагаагаа явуулж байгаа, П.Дэлгэрмөрөнд “Цаст богдын оргил” ХХК-ийн  тамга гэрчилгээнээс өөр зүйл байхгүй. Иргэний хуулийн 253, 254, 256-р зүйлд зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Т.Очирчуулганаас 38 680 186 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

 

Хариуцагч Т.Очирчуулган шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа нь ойлгомжгүй, Баянгол дүүргийн 3-р хорооны “Панорама” зочид буудлын 2 давхарт байдаг баарыг би түрээслүүлэн ажилуулдаг байсан. 2014 оны 02-р сард ар гэрийн гарчигдлаар тус баарыг үргэлжлүүлэн түрээслүүлэх зар тавьсны дагуу П.Дэлгэрмөрөн ирж уулзаад урьдчилгаа 5 000 000 төгрөг өгөөд тэр сард нь  би тус баарыг хүлээлгэн өгсөн. “Цаст богдын оргил” ХХК-ийн эрхийг 23 500 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийсэн. П.Дэлгэрмөрөн нь 2014 оны 2-р сард баарыг авчихаад 12-р  сард нь ажилуулахгүй орхиод явсан байсан. Түрээсээ төлөөгүй, мөн хэрэглэсэн гэрэл цахилгааны мөнгө, урсгал зардлуудыг төлөөгүй байсан. “Панорама” зочид буудлын захирлын хүсэлтээр баарыг үргэлжлүүлэн ажилуулж, П.Дэлгэрмөрөнгийн төлөөгүй орхисон урсгал зардлыг төлсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

 

             Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн нь Т.Очирчуулганд холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 38 680 186 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч Т.Очирчуулган нь П.Дэлгэрмөрөнд холбогдох олох байсан орлого 45 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            П.Дэлгэрмөрөн нь 2014 оны 04-р сарын 08-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” 03 тоот гэрээг Т.Очирчуулгантай байгуулж “Цаст Богдын Оргил” ХХК-ийн эрх, 7 480 000 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцааг шилжүүлсэн авсан, гэрээний дагуу  “Цаст богдын оргил” ХХК-ний хувьцаа эзэмшигчээр П.Дэлгэрмөрөн бүртгэгдэж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /хх-5-13/

            Нэхэмжлэгч нь бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хэлцлээр шилжүүлсэн 25 500 000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардал 15 180 186 төгрөг /хх 37-48/ нийт 38 680 186 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж Иргэний хуулийн 243, 254-р зүйлд заасан худалдах, худалданг авах гэрээ нь “доголдол”-ын улмаас хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 38 680 186 төгрөг гаргуулахаар шаарджээ.  

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хэдийгээр бэлэглэлийн гэрээ байгуулсан боловч “Цаст Богдын Оргил” ХХК-ийн эрх, тус компанийн үйл ажиллагаа явуулж байсан Баянгол дүүргийн 2-р хороо, “Панорама” зочид буудлын 2 давхарт байрлах баарны тоног төхөөрөмж, эд зүйлийг 23 500 000 төрөгөөр худалдан авсан, төлбөрийг 2014 оны 1-р сарын 29-нд 1 000 000 төгрөг, 2014 оны 02-р сарын 03-нд 5 000 000 төгрөг, 2014 оны 02-р сарын 18-нд 1 500 000 төгрөг, 2014 оны 03-р сарын 15-нд 16 000 000 төгрөгөөр тус тус төлсөн, харин худалдан авсан тоног төхөөрөмж нь өөрийнх нь биш өөр хүмүүсийн байсан, хүмүүс нь тоног төхөөрөмжөө авсан нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэж тайлбарлаж маргасан байна.

 

Харин хариуцагч нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийж 23 500 000 төгрөгийг авсан талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа үндэслэл нь ойлгомжгүй, 2014 оны 2-р сард барыг хүлээн авсан, 12-р  сард нь ажилуулахгүй орхисон, П.Дэлгэрмөрөнгийн төлөөгүй байсан зардал, өр төлбөрийг нь төлсөн, өөр хүний эд зүйл байгаагүй” гэж тайлбарлажээ.

 

            Иргэний хуулийн 243-р зүйлд зааснаар худалдагч нь биед байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, харин худалдсан эд хөрөнгө нь биет байдлын болон эрхийн доголдолтой бол энэ хуулийн 253-р зүйлд зааснаар худалдагч доголдлыг арилгах, 245-р зүйлд зааснаар худалдан авагч доголдлыг арилгуулахаар шаардах, доголдолтой эд хөрөнгийг солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа шаардах, эсхүл гэрээг цуцлахаар шаардах, улмаар 256-р зүйлд зааснаар гэрээг цуцлах хэн аль нь гэрээгээ цуцлах, худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, худалдсан эд хөрөнгийн доголдолтой байдал нь гэрээг хүчин төгөлдөр байх үндэслэл болохгүй, харин гэрээг цуцлах үндэслэл болдог байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

            Хариуцагч Т.Очирчуулган нь “Цаст богдын оргил” ХХК-ийн хувьцаа болон барны тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид шилжүүлснээр олох байсан орлого 45 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгчээс шаардсан боловч шүүх хуралдааны шатанд сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 159 649 төгрөг, хариуцагч 50 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн байх тул буцаан олгох нь зүйтэй.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 256-р зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Очирчуулгантай байгуулсан 2014 оны 04-р сарын 08-ны өдрийн 03 тоот “Бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 38 680 186 төгрөг гаргуулахыг хүссэн П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар П.Дэлгэрмөрөнд холбогдох 45 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч Т.Очирчуулган татгалзсаныг баталж, хэрэгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58-р зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511 000 төгрөгөөс 351 351 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 000 төгрөгөөс 382 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 159 649 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 50 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.   

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА