Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 24

 

  БНХАУ-ын иргэн  В-ийн гомдолтой, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын

 Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчид

 холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,                                    

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Гомдлын шаардлага: “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0571 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 594 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ж.М нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0571 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, 4.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11, 2.1 дүгээр зүйлийн 2, 2.4 дүгээр зүйлийн 1.10, 4.5 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.4, 228 дугаар зүйлийн 228.3, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай БНХАУ-ын иргэн В-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 594 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.      

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. БНХАУ-ын иргэн В-н гомдолтой Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.А-д холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 594 тоот шийдвэр нь хууль бус бөгөөд илт үндэслэлгүй байх тул бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4. Хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан талаар: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ЗТХБА-ны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн зүгээс зөрчлийг шалган тогтоох зорилгоор В-йн биедээ авч явсан Е61826916 дугаартай паспорт болон 200,000 юань, 248,900 ам долларыг 2018 оны 10 сарын 12-ны өдөр прокурорын зөвшөөрөлгүйгээр, тэмдэглэл үйлдэлгүйгээр хураан авсан. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авч болох бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлахаар байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авахаар тус тус зохицуулжээ. Гэвч гаалийн улсын байцаагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын зөвшөөрлийг авахгүйгээр хураах ажиллагааг явуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн.

5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 4.2, 4.3 дугаар зүйлд зөвхөн дараах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулж болохоор тоочин заасан байдаг. Үүнд: ЗШШтХ-н 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг- Орон байранд үзлэг хийх; ЗШШтХ-н 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг-Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах; ЗШШтХ-н 4.7 дугаар зүйл- 4.7 дугаар зүйл.Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах; ЗШШтХ-н 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг- шинжилгээ хийх;  Дээрхээс үзвэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд заасан “Эд зүйл, баримт бичиг хураан авах” ажиллагаа нь хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулах ажиллагаанд үл хамаарч байгаа юм. Гэвч шүүхийн зүгээс энэ талаар дүгнэхдээ хариуцагчийн болон анхан шатны шүүхийн зөрчилтэй, хууль бус тайлбарыг улам бүр зөвтгөн Вйн паспорт болон валютыг хураан авсан үйлдлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2, 4.3 дугаар зүйлд заасан прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийх ажиллагаа мэтээр тайлбарлаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2, 4.4, 4.5 дугаар зүйлийг илт буруу хэрэглэсэн байна. Түүнчлэн гаалийн улсын байцаагчдын зүгээс В-н паспорт болон валютыг прокурорын зөвшөөрөлгүйгээр хураан авсан талаараа шүүх хуралдааны явцад өөр хоорондоо зөрчилтэй 2 өөр байдлаар тайлбарласан бөгөөд үүнийг гомдол гаргагчийн зүгээс хууль ёсны гэж үзэх нь байтугай учир зүйн /логик/ хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

6. Тодруулбал: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй хийсэн гэх асуудал дээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 3-т прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ажиллагааны талаар заасан байна. ” хэмээн В-н паспорт болон валютыг хураан авсан үйлдлээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 3-т зааснаар прокурорын зөвшөөрлөөр хийх ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мэтээр тайлбарласан. Харин Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын ахлах байцаагч Ц.Э-н шүүхэд өгсөн мэдүүлэгт “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эд зүйл” гэж заасан байгаа. Үүнийг эрх бүхий албан тушаалтан бие даан шийдвэрлэх эрхтэй. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой эд  зүйл гэж үзэн В-н валютыг хураасан” хэмээн В-н паспорт болон валютыг хураан авсан үйлдлээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн зүйлд заасан ажиллагаа мэтээр тайлбарласан байдаг.  

7. Хураан авах ажиллагааг явуулахдаа тэмдэглэл үйлдээгүй талаар: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явуулж байгаа бол тухайн ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн зэргийг тусган тэмдэглэл үйлдэх бөгөөд тус зүйлийн 1.3-т зааснаар ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулж байгаа бол зөвшөөрлийн дугаар, хүчинтэй хугацаа, 1.4-т зааснаар ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа бол үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар тусгах үүрэгтэй байна. Гэвч гаалийн улсын байцаагчийн зүгээс W-н паспорт болон валютыг 2018 оны 10 сарын 12-ны өдөр хураахдаа тэмдэглэл үйлдээгүй бөгөөд тухай ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа гэх үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар тусгасан аливаа тэмдэглэл хэрэгт цугларсан нотлох баримтад огт авагдаагүй болно. Мөн гаалийн улсын байцаагчдын зүгээс ч В-н паспорт болон валютыг ямар нэг тэмдэглэл үйлдэлгүйгээр шууд хураан авсан мөн тухайн ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулсан гэх үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар тусгасан тэмдэглэл үйлдэлгүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-р зүйлийг зөрчсөн талаараа хариу тайлбартаа болон шүүх хуралдааны явцад огт үгүйсгээгүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэхдээ “гаалийн улсын ахлах байцаагч нар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хойшлуулшгүй ажиллагаа хийж эд зүйлд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, эд зүйл, баримт бичгийг буюу зөрчилд холбогдох валют, холбогдогчийн паспортыг хураан авч тэмдэглэл үйлдсэн” хэмээн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас эрс зөрүүтэй, илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

8. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс гаалийн улсын байцаагчид хураан авах тэмдэглэл үйлдээгүйгээр W-н паспорт болон валютыг хураасан байтал анхан шатны шүүх хураан авах тэмдэглэл үйлдсэн мэтээр илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн талаар давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэхүү гомдлын шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-д заасан давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах үзэх үүргээ ноцтой зөрчсөн байна.

9. Зөрчлийн хэрэг нээхээс өмнө хууль бусаар зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулсан талаар: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11-д зааснаар гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй байх бөгөөд тус хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар байна. Гаалийн улсын байцаагч Б.Б, Э.О нар чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа буюу 2018 оны 10 сарын 12-ны өдөр Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл үйлдсэн тул Вд холбогдох зөрчлийг гаалийн улсын байцаагч Б.Б, Э.О нар шалган тогтоох бүрэн эрхтэй байсан. Гэтэл гаалийн улсын байцаагч Б.А нь 2018 оны 10 сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гаргаж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.  

10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2018 оны 10 сарын 16-нд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг Б.А, Ц.Э, Ц.Э нарт даалгасан байна. Өөрөөр хэлбэл, Б.А-д 2018 оны 10 сарын 16-ны өдрөөс өмнө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх байгаагүй юм. Гэтэл А 2018 оны 10 сарын 16-ны өдрөөс өмнө дараах ажиллагаа явуулж, ЗШШтХ-н 1.3, 1.5, 6.1-г ноцтой зөрчсөн байна. Үүнд: 2018.10.12-Эд зүйлд үзлэг хийсэн, 2018.10.12-Орчуулагч томилсон, 2018.10.12-Хураан авсан, битүүмжилсэн эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргасан, 2018.10.15-Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах санал, 2018.10.15-Гэрчийн мэдүүлэг авсан.

11. Гаалийн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1.4.-т зааснаар ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа бол үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар тусган тэмдэглэл үйлдэхээр байна. Гэтэл дээрх ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулсан талаар тэмдэглэл үйлдээгүй, тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу хойшлуулалгүй ажиллагаа явуулж байгаа үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар тэмдэглэлд тусгаагүй зэргээс үзэхэд дээрх ажиллагаа нь хойшлуулшгүй ажиллагаа биш байна. Түүнчлэн, 2018 оны 10 сарын 15-ны өдөр эрх бүхий албан тушаалтны зүгээс “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” саналыг гаргасан боловч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу 24 цагийн дотор ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлээгүй юм. Дүгнээд хэлбэл, W-н паспорт болон валютыг хураасан авсан ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2, 4.3 дугаар зүйлд заасан прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийх ажиллагаанд үл хамаарч байх бөгөөд гаалийн улсын байцаагчдын зүгээс ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар тусган тэмдэглэл үйлдээгүй, мөн прокурорын зүгээс уг ажиллагааг 24 цагийн дотор хүчинтэйд тооцох эсэх талаар шийдвэрлээгүй байна.

12. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “2018 оны 10 сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” 130 дугаар эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хүчинтэйд тооцон танилцаж гарын үсэг зурсан байна” хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 заалтыг илт буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас эрс зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн юм.

13. Шүүх олон улсын гэрээ зөрчсөн эсэх талаарх гомдлын шаардлагын талаар дүгнэхгүй орхисон талаар: Гаалийн тухай хуулийн 55.1-д зааснаар барааг гаальд мэдүүлэх журмыг гагцхүү Гаалийн тухай хуулиар зохицуулахаар байх бөгөөд дээр дурдсанчлан валют нь Гаалийн тухай хуулийн 8.1-д заасан улсын хилээр оруулах, гаргахыг хориглосон болон тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараанд үл хамаарах тул гаалийн хилийн ногоон гарцаар нэвтрэх эрхтэй бөгөөд Гаалийн тухай хуулийн 228.5-д зааснаар зорчигч барааг гаалийн хилийн ногоон гарцаар нэвтрэх хэлбэрээр мэдүүлж байгаа тохиолдолд гаалийн мэдүүлэг бичихгүй байж болохоор байна. Харин их хэмжээний валютыг улаан гарцаар нэвтрүүлэх журмыг Гаалийн тухай хуулиар бус Гаалийн ерөнхий газрын 2008 оны 7 сарын 31-ний өдрийн Журам батлах тухай 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” болон Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-аар тус тус нэмж зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл их хэмжээний валютыг ногоон гарцаар нэвтрүүлэхийг Гаалийн тухай хуулиар зөвшөөрсөн байдаг бол дээрх журмуудаар хориглосон юм.

14. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тус хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заажээ. Харин Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын тусгай хавсралт Н-д “гаалийн зөрчил” гэж гагцхүү гаалийн хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зөрчихийг завдсан үйлдлийг тус тус ойлгохоор заасан байна. Улмаар Хууль тогтоомжийн тухай хуулийн 1.1-д зааснаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг л “хууль тогтоомж” гэж ойлгохоор байна. Харин Засгийн газрын агентлагийн шийдвэр болох Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журмыг хууль тогтоомж гэж үзэхээргүй байна. Гэтэл гаалийн улсын байцаагчийн зүгээс хууль тогтоомж бус Гаалийн ерөнхий газрын 2008 оны 7 сарын 31-ний өдрийн Журам батлах тухай 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” болон Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-г үндэслэн их хэмжээний гадаад валютыг ногоон гарцаар нэвтрүүлсэн үйлдлийг зөрчил хэмээн буруутгасан юм.

15. Гэвч анхан шатны шүүхээс гаалийн улсын байцаагчид Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг тусгай хавсралт Н-д заасан заалтыг зөрчин үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан үйлдлийн талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт өгөөгүй бөгөөд энэ талаар давж заалдах гомдлын шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн л шийдвэрлэлгүй орхиж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-д заасан давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах үзэх үүргээ ноцтой зөрчсөн.

16. 0123714 тоот Шийтгэлийн хуудсаар 200,000 юань, 248,900 ам долларыг хураахаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ЗТХБА-ны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн зүгээс зөрчлийг шалган тогтоох зорилгоор В-н биедээ авч явсан Е61826916 дугаартай паспорт болон 200,000 юань, 248,900 ам долларыг 2018 оны 10 сарын 12-ны өдөр прокурорын зөвшөөрөлгүйгээр, тэмдэглэл үйлдэлгүйгээр нэг л удаа хураан авсан. Гэвч гаалийн улсын байцаагчид болон анхан шатны шүүхийн зүгээс дээрх үйлдлээ дараах байдлаар хэд хэдэн янзаар тайлбарладаг. Үүнд. зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авсан ажиллагаа /ЗШШтХ-н 4.5-н 1/, хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулж болохоор /ЗШШтХ-н 4.2-н 3/, Хураан авах албадлагын арга хэмжээ /ЗтХ-н 4.1, 4.2/, Зөрчил оногдуулж буй шийтгэл /ЗтХ-н 11.29-н 22/.

17. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс энэ талаар давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэхүү гомдлын шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-д заасан давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэх үүргээ ноцтой зөрчсөн байна.

18. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 594 тоот магадлалыг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3 дахь заалтын ноцтой зөрчсөн мөн магадлалд дурдсан үндэслэл нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гаалийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нь нотлогдоогүй, хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 594 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

19. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд тухайн маргаанд хамаарах хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.  

20. Гомдол гаргагч БНХАУ-ын иргэн В нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0123714 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “...биедээ авч явсан валютыг гаальд шалгуулахаас зайлсхийсэн аливаа үйлдэл гаргаагүй” гэж маргажээ. 

21. Маргаан бүхий  0123714 дүгээр шийтгэлийн хуудсаар, БНХАУ-ын иргэн В-г 200000 юань, 248900 ам.долларыг үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д заасныг үндэслэн, зөрчилтэй 200000 юань, 248900 ам.долларыг хурааж, зөрчилтэй валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний 109,563,664.35 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн гэж үзлээ. 

22. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх ...валют,... /-ыг/ ойлгохоор заасан, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.2-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахь хэлбэрээр мэдүүлж болно: ...55.2.4. зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр”, 55.3-т “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ”, 55.9-д “Улсын хилээр нэвтрэх зорчигч .../-ийн/ хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ” гэж, гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлэх үндэслэлүүдийг тодорхойлон заажээ. 

23. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ”, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно” гэж зааснаар зорчигч нь 15 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхээр бол гаальд заавал мэдүүлж /гаалийн мэдүүлэг бичиж/, ийнхүү мэдүүлсэн тоо, хэмжээний валютыг улсын хилээр нэвтрүүлж болохыг нарийвчлан зохицуулсан байна. 

24. Мөн, Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлд зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэх тусгай журмыг хуульчилсан, тодруулбал, мөн зүйлийн 228.1-д гаалийн байгууллага нь зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг хэрэглэж болно, 228.2-т зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгоно, 228.3-т энэ хуулийн 8.1-д заасан бараа байхгүй тохиолдолд зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч болно, 228.6-д зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эмэнд гаалийн бүрдүүлэлт хийх танхимд улаан, ногоон гарцын таних тэмдэг, тайлбар, танилцуулгыг зорчигчид харагдахаар газар байрлуулсан байна гэж тус тус заасан.

25. Түүнчлэн, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Гаалийн болон татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 2.3-т “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно...”, 6.1-д “Зорчигч гаалийн хилээр нэвтрэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг сонгож болно”, 6.3-т “Зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгоно”, 6.4-т “Дараах тохиолдолд зорчигч гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтэрнэ: ...6.5.5-д Таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чектэй” гэж тус тус зааж журамлажээ.

26. Хууль, журмын эдгээр зохицуулалтаас үзэхэд зорчигч нь гаалийн хилээр нэвтрэх гарц /улаан, ногоон гарцаас/-ыг өөрөө сонгохоор, харин 5 сая ба түүнээс дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг биедээ авч яваа бол заавал гаалийн мэдүүлэг бичиж, гаалийн хяналтын “улаан гарц”-аар нэвтрэхээр байна. Мөн Буянт-Ухаа дахь Гаалийн газар нь гаалийн бүрдүүлэлт хийх танхимд ирж буй зорчигчдод улаан, ногоон гарцын аль нэгийг сонгох замаар гаалийн байгууллагад мэдүүлэх хэлбэрийг ойлгомжтой байдлаар илэрхийлсэн таних тэмдэг, тайлбар, танилцуулгыг байршуулсан байна.

27. Гэтэл БНХАУ-ын иргэн В нь Монгол Улсын хилээр нэвтрэхдээ /2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр/ их хэмжээний буюу 200000 юань, 248900 ам.долларыг биедээ авч явсан атлаа гаалийн хяналтын улаан гарцыг сонгож, гаалийн мэдүүлэг бичээгүй, харин гаалийн ногоон гарцыг сонгон хил нэвтэрч, хууль, журмын дээрх заалтуудыг зөрчсөн, өөрөөр хэлбэл гомдол гаргагч В их хэмжээний валютыг гаальд үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн зөрчил гаргасан нь зөрчлийн хэргийн материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, гаалийн хяналт шалгалт хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

28. Иймээс маргаан бүхий шийтгэлийн хуудсаар, зөрчилтэй 200000 юань, 248900 ам.долларыг хурааж, зөрчилтэй валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний 109,563,664.35 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д “Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн бол ...зөрчилтэй валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй ...валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна. 

29. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “хураан аван ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан, ...уг ажиллагааг явуулахдаа тэмдэглэл үйлдээгүй, ...хэрэг нээхээс өмнө хууль бусаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

30. Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.7 дугаар зүйл, 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах зөвшөөрлийг прокуророос авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.2, 22.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан, дээрх тодорхой ажиллагааг явуулахад прокурорын зөвшөөрөл авахаар заасан, харин зөрчилд холбогдогчийн зөрчилтэй валютыг хураан авах ажиллагааг явуулахад прокуророос зөвшөөрөл авахыг хуулиар шаардаагүй байна. Мөн гаалийн улсын байцаагч нь ажлын байрны чиг үүргийн дагуу зөрчил гаргасан БНХАУ-ын иргэн В-н гар тээшинд үзлэг хийж, 200000 юань, 248900 ам.долларыг хурааж авсныг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”, “Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай” тэмдэглэл зэргээр баримтжуулж, холбогдох этгээдүүдээр гарын үсэг зуруулсан, мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан болох нь тогтоогдсон байна.

31. Түүнчлэн, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг үндэслэн их хэмжээний гадаад валютыг ногоон гарцаар нэвтрүүлсэн үйлдлийг зөрчил хэмээн буруутгасан юм. ...анхан шатны шүүхээс  гаалийн улсын байцаагчид Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын тусгай хавсралт Н-д заасан заалтыг зөрчин, үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан үйлдлийн талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт өгөөгүй бөгөөд энэ талаар ...давж заалдах шатны шүүх мөн л шийдвэрлэлгүй орхисон...” гэх гомдол мөн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

32. Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэж заажээ. Мөн Монгол Улсын нэгдэн орсон “Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ын I /Тодорхойлолт/ бүлгийн 1 дүгээр зүйлийн /d/-д “Дотоодын хууль тогтоомж” гэж “...Хэлэлцэн тохиролцогч тухайн талын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх хууль, журам, бусад арга хэмжээг,... хэлнэ” гэж тодорхойлсон, мөн уг конвенцийн II бүлэг /Үйлчлэх хүрээ, бүтэц/-ийн 2 дугаар зүйлд “Хэлэлцэн тохиролцогч Тал бүр ...энэхүү конвенцийн хавсралтад заасан стандарт, .../-ыг/ дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. ...” гэж, мөн тусгай хавсралт H /зөрчил/-ын I бүлэгт “...“гаалийн зөрчил” гэж гаалийн хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зөрчихийг завдсан аливаа үйлдлийг тус тус хэлнэ” гэж тус тус заасан. Эдгээрээс үзэхэд, гомдол гаргагч В-н гаалийн байгууллагад мэдүүлбэл зохих их хэмжээний валютыг гаалийн хилээр, гаалийн мэдүүлэг бичихгүйгээр нэвтрүүлсэн үйлдлийг “гаалийн зөрчил”-д тооцохоор заасан байна.

33. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн бол зөрчилтэй ...валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураахаар заасан. Энэ тохиолдолд гомдол гаргагч В нь биедээ авч явсан их хэмжээний валютаа гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул эрх бүхий албан тушаалтан хуульд зааснаар зөрчилтэй валют /гаалийн байгууллагад мэдүүлээгүй/-ыг хурааж, торгууль оногдуулсан нь хуулийн дээрх зүйл, заалтад нийцсэн, иймээс гомдол гаргагчийн “...Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь заалтад ...зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж ... гэж зааснаас үзэхэд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг бус харин түүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураахаар байгаа юм” гэсэн гомдлыг хангах боломжгүй юм. 

34. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0571 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 594 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                               Б.МӨНХТУЯА