Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 08

 

Б.Г, Б.Энарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр магадлалтай, Б.Г, Б.Энарт холбогдох 1919002060110 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Эрхэмбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй,

Улаанбаатар хотын шүүхийн 1988 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б44 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 448 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Эрдэнэхамба овогт Б Г,

2. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Буд овогт Б Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г, Б.Энарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх “Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь ... машин механизм ашиглан хулгайлан авах үед байгаагүй хэдий боловч ... уг машины сэлбэгийг тээврийн хэрэгсэлгүйгээр авах боломжгүй байсан гэдгийг мэдэж байсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, уг дүгнэлтээ үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар машин механизм ашигласан хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нэг жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь хуулийн үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа болно. Машин механизм ашигласан гэж “Бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэн”-ийг ойлгоно. Гэтэл шүүгдэгч Б.Эрхэмбаяр машин механизм ашиглах санал санаачилга гаргаагүй, Б.Ганболдыг нум, тэнхлэг зөөвөрлөх үед уурхайн кемпэд хамт байгаагүй, машин механизм ашигласныг үзээгүй, хараагүй, мэдээгүй, ковш ашиглахад оролцоогүй нь яллагдагч Б.Ганболд болон Б.Эрхэмбаярын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон. Б.Эрхэмбаярын үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар хүндрүүлж зүйлчилсэн нь хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болж байна. Хэрэгт цуглуулсан дээрх бичгийн нотлох баримтууд, түүгээр тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Эрхэмбаярт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр өөрчлөн зүйлчлэх хуулийн хангалттай үндэслэл байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар машин механизм ашигласан хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нэг жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэсэн санал гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г, Б.Энарыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа уг хулгайлах гэмт хэрэгт ашигласан машин механизмыг хурааж улсын орлого болгоогүйг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эрхэмбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Г, Б.Энарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Г, Б.Энар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 19-ни өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хар алт” ХХК-ийн хашаанаас шланз машины хойд тэнхлэг, ком нум зэрэг эд зүйлсийг тус компанийн өмчлөлийн ковш механизмийг ашиглан хулгайлж,  2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г, Б.Энарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын зүгээс шүүгдэгч Б.Ганболдын бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа машин механизм ашигласан үйлдлийг Б.Эрхэмбаяр мэдээгүй, тухайн үед хамт байгаагүй байтал түүнд холбогдох хэргийг хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргажээ.

Уг гэмт хэрэг төгс үйлдэгдэж дууссан үе нь Б.Ганболдын “Чингисийн хар алт” ХХК-ийн өмчлөлийн ковш механизмийг ашиглан компанийн хашаанаас гадна гаргасан машины хойд тэнхлэг, ком нум зэрэг эд зүйлсийг Б.Золбаяраар  Б.Эрхэмбаяр авахуулсны дараахь цаг мөч бөгөөд өмнө нь дээрх эд хөрөнгийг захиран зарцуулах, худалдан борлуулах бололцоо бүрдээгүй байсан тул хулгайн гэмт хэрэг өрнөл үедээ явж байсан гэж үзнэ. Энэ тохиолдолд тухайн эд зүйлийг авахаар захиалга өгч улмаар Б.Ганболд даалгаврыг биелүүлснээ мэдэгдэж “Чингисийн хар алт” ХХК-ийн хашааны гадна бүсэд хэт том оврын ачааны автомашины хойд тэнхлэг, ком нум зэрэг хүний хүчээр даахааргүй сэлбэгийг ковш механизмийг ашиглан байрлуулснаа мэдээлэхэд хулгайн эд зүйлийг авахуулан гартаа оруулж байгаагаас түүнийг хулгайн хэргээс гадна түүний машин механизм ашигласан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнд мөн санаатай нэгдэж байгааг илэрхийлнэ.

Тодруулбал, Б.Ганболд нь машины эд ангийг компанийн хашаанаас машин механизм ашиглан гаргасан талаар Б.Эрхэмбаярт утсаар мэдэгдсэний дагуу Б.Золбаяраар авчруулахаар явуулсан үйл баримтаас дүгнэвэл Б.Эрхэмбаяр нь машины эд ангийг хууль бусаар олж авахдаа машин механизм ашигласан болохыг лавтай сайн мэдсээр байж цааш нь бусдад худалдан борлуулах байдлаар үргэлжлүүлснээр хулгайлах гэмт хэргийг туйлд нь хүргэсэн байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэнээс гадна хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэхэд сэдэлт төрүүлж, улмаар захиалсан зэрэг идэвхтэй үйлдлээрээ оролцсон нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Шүүгдэгч нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ковш нь “Чингисийн хар алт” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд тус аж ахуйн нэгжээс явуулж буй ашигт малтал олзворлох хууль ёсны үйл ажиллагаа үндсэн үйлдвэрлэлд идэвхтэй ашиглагдаж буй, дахин хулгайлах гэмт хэрэгт үйлдэхэд ашиглагдах магадлал бага учир өндөр үнэ, өөрийн өртөг бүхий хүнд даацын шанагат хутгагч экскаваторыг хураах, утсгах, улсын орлого болгох шаардлагагүй, үнийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН