Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01713

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б , С.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01538 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б , С.М нарын хариуцагч Ш СӨх -нд холбогдуулан гаргасан ажилгүй байсан байсан 2019 оны 04 сараас 2020 оны 03 сарыг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт тус бүр 3 980 000 төгрөг, нийт 7 960 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Б , С.М нар нь Ш СӨх -нд орцны жижүүрээр ажиллаж байсан ба гүйцэтгэх захирлын 2018 оны 09 сарын 18-ны өдрийн 31 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 29-ний өдрийн 580 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 001/ХТ2020/00053 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарыг үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 03 сарын 29-ний өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 2 391 620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч буюу ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул 2019 оны 03 сарын 29-ний өдрөөс хойш 2019 оны 04-12 сарын цалин /1 сар 340 000 төгрөг/ 2 720 000 төгрөг, 2020 оны 01-03 сарын цалин /1 сар 420 000 төгрөг/ 1 260 000 төгрөг, нийт 7 960 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч тус бүрд нь 3 980 000 төгрөгийг олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарыг Ш СӨх -ны гүйцэтгэх захирлын 2018 оны 09 сарын 18-ны өдрийн 31 дугаар тушаалаар орцны жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлсөн боловч дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу ажилд нь эгүүлэн авсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлсийг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан. Нэхэмжлэгч нар нь ажилд эгүүлэн томилсон тушаалыг гардан авсан атлаа ажлаа хийхгүй байгаа тул цалин олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш СӨх -ноос 7 640 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б д 3 820 000 төгрөг, нэхэмжлэгч С.М д 3 820 000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 320 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 142 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн тал давж заалдах гомдолдоо: Урьд талуудын хооронд үүссэн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах маргааныг гурван шатын шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзнэ. Тодруулбал, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 001/ХТ2020/00053 дугаартай тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрийг хариуцагчийн зүгээс бүрэн биелүүлж нэхэмжлэгч нарыг ажилд эгүүлэн тогтоож, олговрыг олгосон болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Б , С.М нар хариуцагч Ш СӨх -нд холбогдуулан ажилгүй байсан 2019 оны 04 сараас 2020 оны 03 сарыг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт тус бүр 3 980 000 төгрөг, нийт 7 960 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлаа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн учир нэмж олговор олгох үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарласнаар талууд харилцан маргажээ. /хх 1, 30-32/

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Д.Б , С.М нарыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ш СӨх -ны үйлчлэгч, жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт тус бүр 2 151 620 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэснийг хариуцагч Ш СӨх биелүүлж 2020 оны 03 сарын 23-ны өдөр Ажилд эгүүлэн томилох тухай гүйцэтгэх захирлын 06, 07 тоот тушаал гаргасан, олговрыг 2020 оны 04 сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тушаасан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 12-15, 16-22, 34, 35, 36/ Харин ажилгүй байсан хугацаа болон түүнд оногдох олговрын хэмжээний талаар маргасан гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн өдрөөс хойш ажилд эгүүлэн томилох өдөр хүртэлх хугацааг хамааруулан ойлгоно. Нэхэмжлэгч нарын шаардсан олговор нь цаг хугацааны хувьд шүүхийн шийдвэрлэсэн олговортой давхцахгүй буюу 2019 оны 03 сарын 29-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Б , С.М нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б , С.М нар нь 2020 оны 01 сараас олговрыг 420 000 төгрөгөөр тооцож байгаа хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэл болон тайлбартаа дурдаагүй. Анхан шатны шүүх энэ талаар тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй атлаа Шарга-12 сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 06, 07 тоот тушаалд дурдсаныг үндэслэн дээрх хугацааны олговрыг 420 000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй болжээ. Учир нь дээрх тушаалын үйлчлэл 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс эхлэн хэрэгжихээр байхад уг тушаалыг үндэслэн 2020 оны 01 сараас 03 сарын олговор тооцсон нь буруу.

 

Ажилгүй байсан хугацааны 11 сар 16 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход 320 000 төгрөг /Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 001/ХТ2020/00053 дугаар тогтоолд дурдагдсан дүн/ х 11 сар = 3 520 000 + 320 000 төгрөг : 22 х 16 /ажлын өдөр/ = 3 752 727 төгрөгийг тус бүр хариуцагчаас гаргуулах дүн гарч байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч Ш СӨх -ноос нийт 7 505 454 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б д 3 752 727 төгрөг, нэхэмжлэгч С.М д 3 752 727 төгрөгийг тус тус олгож, үлдэх 454 546 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 7,640,000... гэснийг ...7 505 454... гэж, ...3 820 000... гэснийг ... 3 752 727... гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...137 830... гэснийг ...135 037... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 сарын 29-ний өдөр төлсөн 137 190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР