| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2019/01425/И |
| Дугаар | 210/МА2019/01484 |
| Огноо | 2019-08-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2019/01484
| 2019 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2019/01484 |
Э.Огийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/01409 дүгээр шийдвэртэй, Э.Огийн нэхэмжлэлтэй, Э.Цд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагч Э.Ц, өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Э.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.О нь Э.Цд 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мөнгийг эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл төлөөгүй байна. Э.О зөвхөн зээлдүүлсэн 10 000 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Цгоос 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Цгоос 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Од олгон шийдвэрлэжээ.
Хариуцагч Э.Ц давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.
Би нэхэмжлэгчээс огт мөнгө зээлээгүй, уг гэрээг түүний виз-д ороход бусдаас авлагатай мэтээр харагдуулах зорилготой хийгдсэн гэрээ байдаг. Улмаар нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлснээ нотолж чадаагүй байхад шүүх мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүх надад хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй бөгөөд хэргийг эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгов.
Нэхэмжлэгч Э.О хариуцагч Э.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх уг нэхэмжлэлийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гарган улмаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг танилцуулан, хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа явуулсан нь хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасанд нийцсэн байна.
Харин хариуцагчид хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдэгдээгүйгээс түүний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Хэргийн 16 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд мэдэгдэх хуудсыг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн ажлын газрын хаягаар хүргүүлж, уг баримтыг н.Хаварцэцэг гэх этгээд хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Уг ажиллагааг хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй гэж үзнэ. Учир нь хариуцагч Э.Ц ажлын газартаа байхгүй тохиолдолд мэдэгдэх хуудсыг түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, хүлээн авсан этгээдээр гарын үсэг зуруулан, тамга тэмдгээр баталгаажуулснаар хуульд заасан шаардлага хангагдана. Гэтэл н.Хаварцэцэг гэх этгээд ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй байх тул хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн хэргийн оролцогчид хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцуулаагүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/01409 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ч.ЦЭНД