Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01908

 

 

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01908

 

 

Э.Энхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01569 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Энхбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан УТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Саранцацрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Энхбаатар нь тус байгууллагад 2010 онд жижүүрээр ажилд орсон. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан боловч Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандсанаар хүчингүй болгосон.

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр номын тооллого хийгдэх үеэр ахмад ажилтан Ж.Энхтуяа, Ж.Цогзолмаа нар ажил дээр ирж бууз жигнэж өгсөн бөгөөд нэг шил архи задалахад тухайн үед байсан хүмүүс бүгд амсаад өгсөн. Гэтэл Хүний нөөц Ж.Золбоо архи уусан хүний нэр бичиж өг гэж тулгаж захиргааны дарамт үзүүлсэн. Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц.Бямбаа, О.Энхмаа нараар тайлбар бичүүлсэнийг харуулж, урьдчилан бичсэн бичиг дээр Ц.Цэрэннадмид, О.Энхмаа, Л.Шинэцэцэг нараар зуруулж авсан.

Тэнд байсан 10 хүнээс Э.Энхбаатар, Д.Энхтуяа, Э.Тайванжаргал нар ажлаас халагдаж, Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн нар гурван сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл авч, Б. Батбаяр, Ц.Цэрэннадмид, О.Энхмаа, Л.Шинэцэцэг нар ямар ч шийтгэлгүй үлдсэн болно. Хэрэв Э.Энхбаатарыг архи уусан гэж үзэж байгаа бол тэнд байсан 10 хүмүүс бүгд уусан байхад алагчилж үзээд 3 хүнийг ажлаас халж, 3 хүний цалинг бууруулах арга хэмжээ авч 4 хүнд арга хэмжээ аваагүйд гомдолтой байна.

Архи уугаагүй байхад хүний үгээр уусан гээд ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ямар нэгэн байдлаар сахилгын арга хэмжээ авахдаа захиргааны хурлаар авч хэлэлцээгүй. Ажлаас халагдахгүйн тулд хэн ч гэсэн уугаагүй хүнийг уусан гээд хэлж чадна шүү дээ. Хүн болгон өнөөдөр зээлтэй ажлаас халагдахгүйн төлөө байдаг. Захирал намайг өмнө нь маргаан үүсгээд явсан гээд халсан гэж үзэж байна.

Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимын номын тооллогыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны хооронд явуулахаар тооллогын комисс томилж тоологын ажил явагдсан.

Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дэх салбар номын санд архидалт болж байна гэсэн уншигчийн гомдол утсаар ирсэн. Гомдлын дагуу шалгалтаар очиход Хан-уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүр Э.Энхбаатар, Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Э.Тайванжаргал, Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Д.Энхтуяа, Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санч Д.Цэцэгмаа, Төв номын сангийн ном зүйч О.Долгорсүрэн, номын санд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан номын санчид болох Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар архи уусан байсан.

Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр Э.Энхбаатарыг ажлаас нь халсан, тухайн өдөр өндөр настан Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа, жижүүр Э.Энхбаатар нарын 10 хүн байсан нь үнэн.

Байгууллагын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/24 дугаартай тушаалаар Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталсан. Энэ журмаар тус байгууллагын дотоод хяналт шалгалт хийх харилцааг зохицуулсан. Байгууллага Дотоод журамд заасны дагуу хяналт шалгалт хийж ажилчиддаа зохих арга хэмжээ авсан байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч тухайн өдөр тэнд байсан хүмүүст ялгамжтай арга хэмжээ авсанд гомдож байна гэж байгаа нь ойлгомжгүй байна, өнөөдөр энэ хуралдаанаар зөвхөн Э.Энхбаатарын гомдлын талаар яригдаж байгаа гэж ойлгож байгаа.

Хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд архи хэрэглэсэн, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана гэж байгаа тул Э.Энхбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж түүнийг ажлаас нь халсан нь үндэслэлтэй. Мөн Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой дутагдал гаргасан. Иймд Э.Энхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Э.Энхбаатарыг Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т "Ажлын байранд архидан согтуурсан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар гэрээ цуцлах үндэслэл болно" гэсэн болохоос хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцоогүй, уг гэрээг цуцлах үндэслэл болно, болохгүй ч байж болохоор заасан байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй.

Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халсан 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/20 тоот тушаал шийдвэрийн 1 дэх заалтад хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гээгүй харин ч сахилгын зөрчил гаргасан тул гэснийг үндэслэсэн байхад огт тушаалд заагаагүй зохицуулалт буюу архидан согтуурах нөхцөлийг бүрдүүлсэн байгаа нь тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4хоёр зохицуулалтыг өөртөө агуулж байдаг. Тухайлбал сахилгын шийтгэл давтан гарсан буюу хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан бол гэсэн тохиолдлууд юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан хуулийн зохицуулалтыг барих шаардлагагүй зөвхөн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлах ёстой гэсэн үг юм. Харин сахилгын зөрчил давтан гаргасан тохиолдолд тус хуулийн 131.1.3-т заасныг 40.1.4-тэй давхар тушаалдаа үндэслэх ёстой.

Дээрх хуулийн зохицуулалтыг Улсын дээд шүүхийн 2012 оны зөвлөмжийн 2.4-т заасныг шүүхээс анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлээ нэрлэн заагаагүй мөн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.3-т заасныг зөрчсөн бол гэсэн үг үсэг нэг ч байхгүй байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй.

Хуулийн зөвлөх хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоогийн бичсэн зөрчлийн тодорхойлолтын он сар нь уг үйл явдал болсон өдөр биш 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр буюу үйл явдал болсноос хойш 2 хоногийн дараа байгаа бөгөөд архи ууж байсан ажилчидын архи уусан эсэхийг хэв журмын цагдаа дуудаад баталгаажилт хийлгэх боломжтой байсан. Мөн дээрх үнэн зөвийг баталгаажуулсан гээд байгаа хүмүүсээс Л.Шинэцэцэг тухайн дуудсан өдөр буюу маргааш нь байхгүй байсан тул түүний оронд номын санч Ц.Бямбаа явсан гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн утгандаа дурьдаад байхад шүүх анхаарч үзсэнгүй. Мөн гэрч нар болон нэхэмжлэгч нарын гаргаж байгаа тайлбар нэг зүйл дээр тохирдог нь хуулийн зөвлөх хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоот тухайн үйл явдал болсны дараа ямар ч байсан архи уусан байдалтай байсан гэх үед ирээгүй дараа нь буюу өрөөнөөс гарсны дараа ирсэн гэдэг нь нотлогдоно.

Мөн хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Ц.Цэрэннадмид тухайн архи уусан гэх асуудалд огт оролцоогүй ажлаа хийж байсан юм бол хэн хэн архи уусан гэх байдлыг мэдэхгүй. Мөн гэрчээр асуугдсан О.Энхмаа нь бууз жигнээд тухайн өрөөнд байгаагүй орж гарч байсан, мөн Ц.Цэрэннадмидын өрөөнд түүнтэй сууж байсан, түүнийг тус өрөөнд удалгүй гарч ирсэн гэж мэдүүлсэн боловч хэдий завандаа хэн хэн архи уусныг харсан байхав, тэрээр тэнд байсан хүмүүс бүгд архи уусан байсан бөгөөд харваас мэдэгдэж байсан гэж мэдүүлсэн нь архи уусныг тогтоох багаж төхөөрөмжийн үүрэг гүйцэтгэсэн болж байна.

Харамсалтай нь тэрээр уусан гээд байгаа боловч хэн хэн ямар хэмжээний архи уусан гэх тухай архины бүхлийг нь тодорхойлж чадсангүй. Мөн гэрчээр асуугдсан гэх зөрчлийн тухай тэмдэглэл бичсэн Батбаяр бол тухайн өрөөний эзэн буюу тус архи уусан гэх үйл явдал болсон салбарын эрхлэгч буюу хамгийн хариуцлагатай албан тушаалтан болно. Тэрээр 1 дээрх Ц.Цэрэннадмидыг ажлаа хийж байсан, О.Энхмааг бууз жигнэж байсан гэдгийг гэрчилсэн байгааг шүүхээс анхаарч үзээгүй.

Гэрч Ц.Бямбаа нэг шил архиа хоёр шил архи болгож бичиж өг гэсэн байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. Эндээс үзвэл энэхүү гурван гэрчид ямар дарамт учирсан. Мөн гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо цаг хугацааны хувьд болон хүний тоо, үйл явдал зөрж байгаа ч ганцхан Ж.Золбоод ирэхээс өмнө тухайн үйл явдал болсон гэх өрөөнөөс гарсан гэдэг нь л тохирч байгаа нь уг архи уусан гэх үйл явдал нотлогдохгүй байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй.

Нэхэмжлэгч нь жижүүр нэртэй боловч ажлын байрны тодорхойлолтонд туслах ажилтан гээд заасан байгаа бөгөөд тэрээр бусад жижүүр шиг цүнх шалгаад оруулдаггүй болно. Учир нь тухайн номын сан дохиололтой учир тухайн жижүүр хоёр номын сангийн хооронд явж ажилладаг болно. Үүнийг гэрчлүүлхээр салбарын эрхлэгч Э.Тайванжаргал, Д.Энхтуяа нарыг тус шүүхэд гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүгч гомдол гаргах эрхгүйгээр миний гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон болно.

Тухайн архи уусан гэх үйл явдалд хариуцагчийн гэрч нарын мэдүүлснээр тэтгэвэрт гарсан 2 ахмад настантай нийлээд 8 хүн байсан гэх, хэргийн материалд нотлох баримтаар өгсөн тодорхойлолтууд болон миний 5 гэрч асуулгах хүсэлтээс Ц.Бямбаа болон Ж.Энхтуяа нарыг гэрчээр асуухад тэтгэвэрт гарсан хүмүүстэй нийлээд 12 хүн байсан байхад буюу гэрч нар хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгөөд байхад хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч нарын мэдүүлгийг шүүхээс үнэлсэн байгаад гомдолтой байна.

Мөн 8 байна уу 12 байна уу ялгаагүй нэхэмжлэгч болон Э.Тайванжаргал, Д.Энхтуяа нарыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулаад Д.Цэцэгмаа, О.Долгорсүрэн, Ц.Бямбаа нарт цалингийн 20 хувийн сахилгын шийтгэл ногдуулснаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүмүүс архи ууснаа хүлээн зөвшөөрсөн тул ажлаас халаагүй гэсэн байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын дотоод дүрэм журамд үнэнээ хэлсэн бол оногдуулах сахилгын шийтгэлийг хөнгөрүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй байгааг шүүхээс анхаарч үзээгүй.

Хариуцагчаас гаргаж өгсөн баримт болох 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б/33 тоот тушаалаар баталсан 5 гишүүний 4 гишүүн нь ямар үүрэгтэй тус комисст оролцож байгаа нь тодорхой бус байна. Мөн тус журмын зааснаар хэзээ ямар сахилгын шийтгэл ногдуулах тухай санал тавьсан эсэх тухай нотлох баримт байхгүй.

Мөн нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Цэцэгмааг гэрчээр асуулган үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэхийг тодруулах гэтэл шүүгч хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Э.Энхбаатар нь хариуцагч Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирлын 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Б/23 тоот тушаалаар Э.Энхбаатарыг жижүүрээр томилон ажиллуулж байсан, захирлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, талууд маргаагүй.

 

Хариуцагч байгууллага нь тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 12.4.3, хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, ажилтныг ажил албан үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурсан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл заажээ. /хх 26 дахь тал/

 

Хариуцагч байгууллагын хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоогийн үйлдсэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Зөрчлийн тодорхойлолт /хх 37 дахь тал/, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зөрчлийн тухай тэмдэглэл /хх 38 дахь тал/, гэрч Ц.Цэрэннадмид, Б.Батбаяр нарын мэдүүлэг /хх 62-65 дахь тал/-ийг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл ажилтан Э.Энхбаатар нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байран дээр архидан согтуурсан зөрчлийг гаргасан гэж анхан шатны шүүх зөв тогтоосон, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлжээ.

 

Дээрх зөрчлийг гаргавал хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлахаар талууд тохиролцсон байна.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч Э.Энхбаатарын Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА